Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00181 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Т-, Д.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 42 853 099 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Ө

Хариуцагч Д.Б-ын өмгөөлөгч Ө.Д

Хариуцагч Д.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б-, Д.Т- нар нь “Х” ХХК-иас 2017 оны 5 сарын 17-ны өдөр 25 000 00 төгрөг зээлсэн. 2017 оны 6 сарын 02-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулан, нэмж 2 500 000 төгрөг зээлэхээр тохирсон боловч 2 900 000 төгрөг, Д.Б- дахин 3 000 000 төгрөг зээлж, нийт 30 900 000 төгрөг болсон. Гэрээний хугацаа 2017 оны 11 сард дууссан боловч зээлдэгч нар үндсэн зээл, хүүгээ төлөөгүй. Үүнээс хойш 2018 оны 2 сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн, үүний 10 000 000 төгрөгийг үндсэн зээлд, 10 000 000 төгрөгийг хүүд тооцсон. 2019 оны 1 сард Д.Б- дахин хүсэлт гаргаж, 7 440 000 төгрөгийг нэмж зээлээд 28 651 000 төгрөг болсон. Хоёр дахь нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн гэрээгээ сунгасан. Одоо үндсэн зээл 28 651 000 төгрөг, зээлийн хүү 5 069 774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 325 төгрөг, нийт 42 853 099 төгрөгийг Д.Б-, Д.Т- нараас нэхэмжилж байна. Барьцааны гэрээний дагуу Д.Б-ын зуслангийн газар, Д.Т-гийн авто зогсоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Т- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-, Д.Т- нар нь тус тусдаа зээл авсан. 2017 оны 5 сарын 05-ны өдөр Д.Б-, Д.Т- нар 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэй зээлсэн. Д.Т- нь энэ зээлээс 2018 оны 2 сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 сарын 05-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхний ээлжид үндсэн зээл, хүү гэсэн дарааллаар төлөгдөх учиртай. Иймд 25 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг төлсөнд тооцож 5 000 000 төгрөгт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор 18 000 000 орчим төгрөг болно. Д.Б- 9 500 000 төгрөг зээлсэн учраас өөрөө хариуцна. 2017 оны 6 сарын 02-ны өдрийн гэрээнд Д.Б- гарын үсэг зурсан. Д.Т-д 2 500 000 төгрөг зээлэх хүсэл зориг байгаагүй. Талуудын хооронд нэмэлт гэрээ хийж байгаа бол 2017 оны 5 сарын 05-ны өдрийн үндсэн гэрээний нэгэн адилаар байгуулах ёстой. Д.Т- бас гарын үсэг зурсан байх ёстой. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч Д.Б-д 2 900 000 төгрөг зээлүүлсэн гэдэг боловч 2 500 000 төгрөгийн гэрээ байдаг. 400 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана. 3 000 000 төгрөгийн хувьд Д.Б-д хамааралтай, хүү тооцох боломжгүй. 7 440 000 төгрөгийн зээлийн асуудлыг шүүх шийдсэн, энэ хэрэгтэй холбоогүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаар нийт 30 880 000 төгрөгийн зээл байдаг, үүнээс Д.Т- 20 000 000 төгрөгийг төлсөн. Иймд Д.Т-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ асуудал яригдахгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 5 сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээл авснаа талууд хүлээн зөвшөөрч байгаа. 2018 оны 2 сарын 21-ний өдөр Д.Т- 20 000 000 төгрөг төлсөн учраас үлдэх хэсгийг Д.Б- төлөхийг хүлээн зөвшөөрдөг. 2017 оны 6 сард нэмэлтээр 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Харин 2 900 000 төгрөг авсан баримт байхгүй. 2017 оны 6 сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөгийг Д.Б- нэмж авсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана. Манай талаас хуульд заасан журмын дагуу хүү тооцож нийт 26 964 137 төгрөгийг нэхэмжлэгч талд төлнө. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт төлбөр төлөх дарааллыг тогтоосон. Зээлийн үүргийн гүйцэтгэл төлөх хугацаа болсон өрийг төлөхөд мөнгө нь хүрэлцэхгүй бол эхлээд үндсэн зээл, эцэст нь хүүг нь төлнө гэж тодорхой хуульчилсан байна. Зээлээс 2018 оны 2 сард төлсөн 20 000 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж, нэмэлт гэрээний үүрэг 7 500 000 төгрөгөөс хүү тооцох ёстой. Эхний үндсэн зээлийн гэрээний хувьд 18 130 466 төгрөгийн, нэмэлт 2 500 000 төгрөгийн гэрээгээр тооцохоор 5 134 670 төгрөгийн хүү тооцогдоно. Дээр нь 3 000 000 төгрөгийг гэрээ байгуулахгүйгээр авсныг Д.Б- хүлээн зөвшөөрдөг. Нийт 26 964 137 төгрөгийг хариуцагч Д.Б- төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Т-, Д.Б- нараас 27 049 454 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-аас 3 400 000 төгрөг тус тус гаргуулж, “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 12 403 645 төгрөгийн нэхэмжлэл, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-, Д.Б- нараас 293 197 төгрөг, Д.Б-аас 69 350 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Хариуцагч Д.Т-гийн хувьд нэмэлт гэрээний асуудлыг анхнаасаа мэдээгүй бөгөөд анх шүүхэд тайлбар гаргахдаа Д.Б-ын тайлбарын дагуу л нэмэлт гэрээ байгуулсан гэж ойлгож тайлбар өгсөн. Гэтэл 2017 оны 5 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнээс тусдаа, уг зээлийн гэрээний дагуу зээлсэн 25 000 000 төгрөгөөс гадна дахин 2 500 000 төгрөг зээлсэн асуудал байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтын үзсэнээр (нэхэмжлэгч уг нэмэлт гэрээг шүүх хуралдааны өмнө өгсөн) өмгөөлөгчөөрөө дамжуулж өмнөх тайлбараа өөрчилж, уг нэмэлт гэрээний асуудлыг надад ямар ч хамааралгүй гэдгийг шүүхэд илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр хариуцагч Д.Т- намайг анхнаасаа мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн, маргаагүй гэж үзэж байгаа нь буруу юм. Миний бие Д.Т- нь өөрт хамааралгүй Д.Б- болон “Х” ХХК-ийн хооронд хийгдсэн зээл болох 2 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд уг нэмэлт зээлийн асуудлыг мэдэж байсан бол гэрээнд гарын үсэг зурах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2017 оны 6 сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу Д.Т- надаас 2 957 919 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг өөрчилж, уг дунг хариуцагч Д.Б-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Д.Т- миний бие нэхэмжлэгч “Хатан суудал  инвсст ББСБ” ХХК-тай 2017 оны 5 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээг Д.Б- нэгэн адил байгуулсан бөгөөд Д.Б- нь үндсэн зээлдэгч бол миний бие хамтран зээлдэгч юм. Энэхүү зээлийг Д.Б- ашигласан бөгөөд уг зээлийг авснаас хойш Д.Б- бид хоёрын гэр бүлийн харилцаа дуусгавар болж, өнөөдрийн байдлаар миний бие 2 хүүхдээ өөр дээрээ авч амьдарч байна. Түүнчлэн, миний бие уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж 2018 оны 2 сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөгийг өөрийн данснаас төлсөн. Ийнхүү миний бие зээлийн төлөлтөөс өөрт ногдох хэсгийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийн асуудлыг Д.Б- хариуцаж төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр, уг тайлбарыг хариуцагч Д.Б- ч нэгэн адил хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг Д.Б- төлж, Д.Т- намайг зээл төлсөн учир хасах асуудлыг шүүхэд илэрхийлсэн боловч үүнийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Иймд уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ миний бие өөрт ногдох хэсгийг биелүүлсэн гэж үзэж надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Д.Б-ын хувьд: зээлдэгч нар үндсэн зээл 7 500 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 10 953 719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 190 734 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүү 5 337 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 067 500 төгрөг, нийт 27 049 454 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна гэжээ. 2017 оны 5 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаас харахад сарын 863 014 төгрөгийн хүү төлөхөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 6 сар учир 5 178 084 төгрөг нь зээлийн гэрээний хугацаанд бодогдсон хүүгийн дүн байна. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаанд бодогдох хүүг 10 495 800 төгрөг хэмээн үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь буруу юм. Түүнчлэн, 2017 оны 5 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас харахад үндсэн зээлийг гэрээний хугацааны эцэст төлөхөөр байгаа. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаанд бодогдсон 10 953 719 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү 2 190 734 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн төлөлт төлөх хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн суурь зарчмыг зөрчиж буй үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээс тооцооллын алдаа гаргаж илүү бодсон 7 508 450 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Т-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б-д холбогдох хэсгээс 7 508 450 төгрөгт холбогдох хэсгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.Т-, Д.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 42 853 099 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ17/28 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х” ХХК нь 25 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, хариуцагч Д.Т-, Д.Б- нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад  заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь 2017 оны 5 сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөг, 5 сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг хариуцагч Д.Т-, Д.Б- нарт шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, банкны гүйлгээний баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-6, 12-16-р тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “Х” ХХК нь 2017 оны 6 сарын 02-ны өдөр хариуцагч Д.Б-тай нэмэлт зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 500 000 төгрөгийг 2017 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр 2017 оны 5 сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ-17/28 дугаартай зээлийн гэрээний бусад нөхцөл хүчин төгөлдөр үйлчилэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь 2017 оны 6 сарын 02-ны өдөр бодитоор 2 900 000 төгрөгийг хариуцагч Д.Б-д хүлээлгэн өгчээ. /хх-ийн 17, 70-р тал/

 

Мөн хариуцагч Д.Б- нь 2017 оны 6 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “Х” ХХК-д 3 000 000 төгрөг нэмж зээлэх хүсэлт гаргаснаар, нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр 3 000 000 төгрөгийг мөн өдөр хариуцагч Д.Б-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 13, 18, 61-р тал/

 

            Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч талуудын байгуулсан өөр гэрээний агуулгыг зөв тодорхойлоогүй, тухайн маргаанд хамааралтай эрх зүйн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн тооцооллыг буруу хийж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

                        Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч “Х” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Д.Б-, Д.Т- нараас шаардах эрхтэй юм. 

           

            Хариуцагч Д.Т-, Д.Б- нар нь 2018 оны 2 сарын 21-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд уг хугацаанаас хойш гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан тул үндсэн зээл 25 000 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 20 000 000 төгрөгийг хасвал 5 000 000 төгрөг болно. /хх-ийн 34-р тал/ 

 

            Иймд 2017 оны 5 сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүргийг тооцвол үндсэн зээл 25 000 000₮, зээлийн хүү 8 341 656₮ /25 000 000 төгрөгийн сарын хүү нь 875 000₮ х 9 сар = 7 875 000₮, хоногийн хүү 29 166 х 16 хоног = 466 656₮, 7 875 000₮ + 466 656₮ = 8 341 656₮ хүү/,  

            2018 оны 02 сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх зээлийн гэрээний үүргийг тооцвол үндсэн зээл 5 000 000₮, зээлийн хүү 3 558 330₮, нэмэгдүүлсэн хүү 1 329 997₮, /5 000 000 төгрөгийн сарын хүү нь 175 000₮ х 20 сар = 3 500 000₮, хоногийн хүү 5 833 х 10 хоног = 58 330₮, 3 500 000₮ + 58 330₮ = 3 558 330₮/, 5 000 000₮ + 8 341 656₮ + 3 558 330₮ + 1 329 997₮ = 18 229 983 төгрөгийг хариуцагч Д.Т-, Д.Б- нараас гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч Д.Б-ын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2017 оны 6 сарын 02-ны өдөр хариуцагч Д.Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцвол үндсэн зээл 2 500 000₮, хүү 2 534 564₮, нэмэгдүүлсэн хүү 419 412₮, /2 500 000 төгрөгийн сарын хүү нь 87 500₮ х 28 сар = 2 450 000₮, хоногийн хүү 2 916 х 29 хоног = 84 564₮, 2 450 000₮ + 84 564₮ = 2 534 564₮/, 2 500 000₮ + 2 534 564₮ + 419 412₮ = 5 453 976 төгрөг, мөн зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр авсан 3 400 000 төгрөгийг нэмээд нийт 8 853 976 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 769 140 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин зохигчид 2017 оны 5 сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.Т-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр хд-г94 дүгээр байр, зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14.4 м.кв авто зогсоол, хариуцагч Д.Б-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 253 м.кв газрыг барьцаалсан боловч уг гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 7, 9-р тал/

 

Хариуцагч Д.Т- давж заалдах гомдолдоо 2018 оны 02 сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг төлж, зээлийн төлөлтөөс өөрт ногдох хэсгийг бүрэн төлсөн тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байх тул хариуцагч Д.Т-г зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагч Д.Т-гийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00181 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Т-, Д.Б- нараас 18 229 983 төгрөг, Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 8 853 976 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 769 140 төгрөгийн шаардлага болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “... 293 197 ...” гэснийг “249 099” гэж, “... 69 350 ...” гэснийг “156 613” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                     

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                                Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ