Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/01075

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/01075

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 дугаар хороолол, *******,*******,*******/-д холбогдох

15,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******" ХХК нь Ц.Уранзаяатай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр нь Ц.Уранзаяа нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, метр квадрат талбай бүхий 16 тоот хаягт байрлах орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ц.Уранзаяа нь Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцны үнийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл Ц.Уранзаяа нь орон сууцны үнээс 44 600 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 10 400 000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. 2019 оны 04 дүгээр сард компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л ямар ч үр дүн гаргаагүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна. Худалдан авагч Ц.Уранзаяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өдийг хүртэл 2 жил 10 сар хүртлэх хугацаанд зөрчөөд байна. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл компаниас худалдан авсан орон сууцанд нийт 1300 хоног буюу 43 сар, 10 хоног амьдарч байна. Компани худалдан авагчид итгээд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд одоо худалдсан орон сууцны өмчлөх эрх түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан болно. Ц.Уранзаяа нь орон сууцны үнийн үлдэгдэл 10 400 000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй юм. Мөн худалдан авагч нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэлгүй үлдэгдэл төлбөрийг 165 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 2.6, Иргэний хуулийн 232.6-д тус тус заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувь буюу өдрийн 52 000 төгрөгөөр нийт 8 580 000 төгрөг төлөх үүрэг хүлээж байна. Харин Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэний дагуу Ц.Уранзаяа нь компанийн өмнө 5 200 000 төгрөг төлөх үүргийг хүлээж байгаа болно.

Иймд орон сууцны үнэ төлөх гэрээний үүрэгт 10 400 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 5 200 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөгийг Ц.Уранзаяагаас гаргуулж компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Уранзаяа шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Уранзаяа би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 057 дугаар гэрээ байгуулан Хөүп таун ХХК-наас 40 метр квадрат талбайтай орон сууцыг авсан. Тухайн үед уг орон сууц нь хуучин өмнө нь хүн амьдарч байсан орон сууц байсан хэдий ч асуудал үүсгэлгүйгээр гэрээ хийж 55 000 000 төгрөгний урьдчилгаа болох 16 500 000 төгрөг төлж эхэлсэн. Эхлээд 3 сая төгрөг бэлнээр тушаах нөхцөлтэй байсан учир эхнэрийн цалингийн зээл дээр нэмж зээл аваад 3 000 000 төгрөг хийн цааш нь сар бүр 800 000 төгрөгийг цалингаас төлж байсан. 7 сарын туршид 800 000 төгрөг төлөөд ГОК-оос 8 000 000 төгрөгний хөнгөлөлт орж ирснээр урьдчилгаа 30 хувь бүрдсэн. Байрны гэрээ хийх үед компаний зүгээс 8 хувийн зээлд манай орон сууц хамрагдах боломжтой гэж байсан учир хөөцөлдөж хэд хэдэн банкаар орж үзсэн ч 8 хувийн зээл гаргахгүй байсан. Тухайн үед ХАС, Голомт, ХХБ-уудын зээлийн мэргэжилтнүүдтэй уулзаж 8 хувийн зээл гаргах боломжгүй байгаа гэсэн хариу сонсож байсан. Хүү У.Хас-Эрдэнэ оюутан, эхнэр бас сурч байсан учир цаашид сар бүр мөнгө хийх боломжгүй байсан. Мөн эхнэрийн чөлөөтэй байх хугацаанд зуны 3 сард цалингийн зээл болох 881 500 төгрөгийг би цалингаасаа төлдөг. Ийнхүү 8 хувийн зээл хаагдсан, 7 дугаар хороолол Дэнж, Говил байрны ордерыг банк барьцаалахгүй байсан учир 2018 оны 01 дүгээр сард өөрөө цалингийн зээл авч, 20 000 000 төгрөг төлсөн. 2019 онд дахин зээл хөөцөлдөж үзэхээр шийдэж Богд банкинд хандсан боловч эхнэр бид хоёрын цалингийн зээлийн нийлбэр тэдний зээлийн нөхцлийг хангаагүй. 2020 онд дахин оролдлого хийж зээл хөөцөлдөж ХХБанкинд хандан цалингийн зээл нэмэн авч 8 000 000 төгрөгийг гаргуулан авч болох хамгийн дээд хэмжээ нь байсан. Нийт 46 500 000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар бид бүхийг л боломжийг ашиглан байрны мөнгөө төлж ирсэн учир алданги төлөхгүй.Учир нь ипотекийн 8 хувийн зээл хаагдсан болон чанаргүй орон сууц гэсэн шалтгаанаар банкууд 7 дугаар хорооллын орон сууцыг барьцаанд авдаггүйд бид буруугүй. Харин ч бид нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой. Учир нь

1.Анх урд нь хүн амьдарч байсан, хуучин байр байсан.

2.Сантехникийн зарим эд анги нь хэдийн эвдэрч, алчуур хатаагч, уян душ зэргийг сольсон, мөн одоогийн байдлаар 5 удаа сантехникч дуудаж үйлчилгээ хийлгэсэн, дуу чимээний хамгаалалт муу учир дээд, доод айлын яриа сонсогддог. Ус их алддаг учир обой, замаск нь ховхорч унаад байгаа. Шинээр обой сольсон боловч, дээд айл ус алдсан учир дахиад ховхорч унасан. Гадаад орчин тохижоогүй, бохир. Энэ хугацаанд хүүгийн болон эхнэрийн сургалтын төлбөр төлөхийн хажуугаар гэрт байгаа бүхий л боломжоо ашиглан орон сууцны төлбөрөө барагдуулах гэж хичээж ирсэн үнэн байдлыг харгалзан алданги тооцуулах бус үлдэгдэл болох 8 000 000 төгрөгийг сар бүр 400 000 төгрөгийг төлж байхаар шийдэж өгнө үү. учир нь яг одоогийн байдлаар эхнэр цалингийн зээлийн эргэн төлөлт 881 500 төгрөг, би 1 204 297 төгрөг нийт 2 085 797 төгрөгийг сар бүр төлж эхнэр докторын сургалтаасаа төлбөр төлж чадахгүй шалтгаанаар чөлөө аваад байна. Иймд иргэн би алданги тооцуулах биш, дарамтаасаа хөнгөлж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******" ХХК нь орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 10 400 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 5 200 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөгийг хариуцагч Ц.Уранзаяагаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч *******" ХХК нь хариуцагч Ц.Уранзаяатай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байх ба дээрх гэрээ хүчин төгөлдөр байна.

Энэхүү гэрээгээр нь Ц.Уранзаяа нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, метр квадрат талбай бүхий 16 тоот хаягт байрлах орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Хариуцагч нь Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцны үнийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан байх ба Ц.Уранзаяа нь орон сууцны үнээс 44 600 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 10 400 000 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан байх боловч үр дүн гараагүй, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зөрчжээ.

Нэхэмжлэгч орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ба орон сууцны өмчлөх эрх түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Хариуцагч нь орон сууцны үнийн үлдэгдэл 10 400 000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна. Ийнхүү худалдан авагч нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул гэрээний 2.6, Иргэний хуулийн 232.6-д тус тус заасны дагуу алданги төлөх үндэстэй байна.

Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч нь 5 200 000 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Иймд орон сууцны үнэ төлөх гэрээний үүрэгт 10 400 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 5 200 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байх бөгөөд нэхэмжлэгч алдангийг 1.0 сая төгрөгөөр бууруулж хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2 500 000 төгрөгийг төлсөн байх тул нийт үнийн дүнгээс 3 500 000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 12 100 000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ц.Уранзаяагаас 12 100 000 төгрөг гаргуулан ХөүпТаун ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,050 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Уранзаяагаас 208,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөүп таун ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН