Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2020/00127

 

 

Хөүптаун ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/001075 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

15.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов. М.Мэндбаяр /М.Ганзориг нар онлайнаар оролцоно/

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөүптаун" ХХК нь *******тай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр нь ******* нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, 7-р дугаар байрны 4 давхрын 40 метр квадрат талбай бүхий 16 тоот хаягт байрлах орон сууцыг 55.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ******* нь Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцны үнийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл ******* нь орон сууцны үнээс 44 600 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 10 400 000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. 2019 оны 04 дүгээр сард компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л ямар ч үр дүн гаргаагүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна. Худалдан авагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өдийг хүртэл 2 жил 10 сар хүртэлх хугацаанд зөрчөөд байна. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл компаниас худалдан авсан орон сууцанд нийт 1300 хоног буюу 43 сар, 10 хоног амьдарч байна. Компани худалдан авагчид итгээд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд одоо худалдсан орон сууцны өмчлөх эрх түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан болно. ******* нь орон сууцны үнийн үлдэгдэл 10.400.000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй юм. Мөн худалдан авагч нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэлгүй үлдэгдэл төлбөрийг 165 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 2.6, Иргэний хуулийн 232.6-д тус тус заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувь буюу өдрийн 52 000 төгрөгөөр нийт 8.580.000 төгрөг төлөх үүрэг хүлээж байна. Харин Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу ******* нь компанийн өмнө 5 200 000 төгрөг төлөх үүргийг хүлээж байгаа болно.

Иймд орон сууцны үнэ төлөх гэрээний үүрэгт 10 400 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 5 200 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөгийг *******гаас гаргуулж компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ******* би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 057 дугаар гэрээ байгуулан ******* ХХК-аас 40 метр квадрат талбайтай орон сууцыг авсан. Тухайн үед уг орон сууц нь хуучин өмнө нь хүн амьдарч байсан орон сууц байсан хэдий ч асуудал үүсгэлгүйгээр гэрээ хийж 55 000 000 төгрөгийн урьдчилгаа болох 16 500 000 төгрөг төлж эхэлсэн. Эхлээд 3 сая төгрөг бэлнээр тушаах нөхцөлтэй байсан учир эхнэрийн цалингийн зээл дээр нэмж зээл аваад 3 000 000 төгрөг хийн цааш нь сар бүр 800 000 төгрөгийг цалингаас төлж байсан. 7 сарын туршид 800 000 төгрөг төлөөд ГОК-оос 8 000 000 төгрөгийн хөнгөлөлт орж ирснээр урьдчилгаа 30 хувь бүрдсэн. Байрны гэрээ хийх үед компанийн зүгээс 8 хувийн зээлд манай орон сууц хамрагдах боломжтой гэж байсан учир хөөцөлдөж хэд хэдэн банкаар орж үзсэн ч 8 хувийн зээл гаргахгүй байсан. Тухайн үед ХАС, Голомт, ХХБ-уудын зээлийн мэргэжилтнүүдтэй уулзаж 8 хувийн зээл гаргах боломжгүй байгаа гэсэн хариу сонсож байсан. Хүү У.Хас-Эрдэнэ оюутан, эхнэр бас сурч байсан учир цаашид сар бүр мөнгө хийх боломжгүй байсан. Мөн эхнэрийн чөлөөтэй байх хугацаанд зуны 3 сард цалингийн зээл болох 881 500 төгрөгийг би цалингаасаа төлдөг. Ийнхүү 8 хувийн зээл хаагдсан, 7 дугаар хороолол Дэнж, Говил байрны ордерыг банк барьцаалахгүй байсан учир 2018 оны 01 дүгээр сард өөрөө цалингийн зээл авч, 20 000 000 төгрөг төлсөн. 2019 онд дахин зээл хөөцөлдөж үзэхээр шийдэж Богд банканд хандсан боловч эхнэр бид хоёрын цалингийн зээлийн нийлбэр тэдний зээлийн нөхцөлийг хангаагүй. 2020 онд дахин оролдлого хийж зээл хөөцөлдөж ХХБанканд хандан цалингийн зээл нэмэн авч 8 000 000 төгрөгийг гаргуулан авч болох хамгийн дээд хэмжээ нь байсан. Нийт 46 500 000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар бид бүхийг л боломжийг ашиглан байрны мөнгөө төлж ирсэн учир алданги төлөхгүй.Учир нь ипотекийн 8 хувийн зээл хаагдсан болон чанаргүй орон сууц гэсэн шалтгаанаар банкнууд 7 дугаар хорооллын орон сууцыг барьцаанд авдаггүйд бид буруугүй. Харин ч бид нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой. Учир нь

1.Анх урд нь хүн амьдарч байсан, хуучин байр байсан.

2.Сантехникийн зарим эд анги нь хэдийн эвдэрч, алчуур хатаагч, уян душ зэргийг сольсон, мөн одоогийн байдлаар 5 удаа сантехникч дуудаж үйлчилгээ хийлгэсэн, дуу чимээний хамгаалалт муу учир дээд, доод айлын яриа сонсогддог. Ус их алддаг учир обой, замаск нь ховхорч унаад байгаа. Шинээр обой сольсон боловч, дээд айл ус алдсан учир дахиад ховхорч унасан. Гадаад орчин тохижоогүй, бохир. Энэ хугацаанд хүүгийн болон эхнэрийн сургалтын төлбөр төлөхийн хажуугаар гэрт байгаа бүхий л боломжоо ашиглан орон сууцны төлбөрөө барагдуулах гэж хичээж ирсэн үнэн байдлыг харгалзан алданги тооцуулах бус үлдэгдэл болох 8 000 000 төгрөгийг сар бүр 400 000 төгрөгийг төлж байхаар шийдэж өгнө үү. учир нь яг одоогийн байдлаар эхнэр цалингийн зээлийн эргэн төлөлт 881 500 төгрөг, би 1 204 297 төгрөг нийт 2 085 797 төгрөгийг сар бүр төлж эхнэр докторын сургалтаасаа төлбөр төлж чадахгүй шалтгаанаар чөлөө аваад байна. Иймд иргэн би алданги тооцуулах биш, дарамтаасаа хөнгөлж өгөхийг хүсэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/01075 дугаар шийдвэрээр:

Хариуцагч *******гаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан 12.100.000 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 050 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 208 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/01075 дугаартай шийдвэрээр 12 100 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Хариуцагч ******* би дээрх мөнгөнөөс алданги гэж 4 200 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анх тус орон сууцыг би захиалж бариулаагүй, орон сууц барихад хөрөнгө оруулаагүй. Баригдаад дууссан, урьд нь хүн амьдарч байсан байх гэмээр ус алдаж шал нь ховхорсон, обой нь салж хууларсан байрыг зээлээр худалдаж авсан юм. Гэрээ байгуулах үед Хэрэв байрны мөнгийг төлөхгүй хугацаа хэтэрвэл байраа буцааж аваад төлөх ёстой мөнгөнөөс тухайн амьдарч байсан хугацааны хохирол тооцон суутгаж авна шүү гэж ******* ХХК тайлбарлаж өгсөн.

Өөрөөр хэлбэл би байраа буцаахаар гэрээ цуцалсан тохиолдолд алданги буюу хохирол тооцох юм байна гэж ойлгосон. Тодруулбал тус гэрээний 2.6-д худалдан авагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг /хавсралт-1/-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаандаа төлөөгүйгээс гэрээ цуцлагдах тохиолдолд гэрээний хугацаанд төлбөл зохих дүнгээс хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 %-иар алданги тооцож худалдагч талд төлнө гэсэн байгаа юм. Түүнээс биш мөнгө төлөхгүй хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж бид тохироогүй, гэрээ цуцалбал алданги гэж тооцож хохирол барагдуулна гэж тохирсон. Гэтэл шүүх ******* ХХК компани гэрээ цуцлах санал тавьж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж годмол гаргаж байна. Түүнчлэн, шүүгч хэт эг талыг барьсан, одоо ч би байрны эрхийн бичгээ аваагүй байхад авсан мэтээр нэхэмжлэгч бичсэн байгаач нягтлаагүй, дутуу дулимаг судалсан, буруу шийдвэр гаргасан хурал болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр, алданги болох 4 200 000 төгрөгийг хассан өөрчлөлт оруулан өгч энгийн амьдарч байгаа Монгол хүний үнэн байдлыг ойлгон дэмжинэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан байрны үлдэгдэл төлбөр -10.400.000 төгрөг, алданги -5.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч ...гэрээнд заасан алдангийг төлөхгүй, байрны үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн тайлбарлан маргажээ.

Хариуцагч *******, ******* ХХК-аас Баян-Өндөр сум Цагаанчулуут багт байрлалтай, 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 40м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр худалдан авч байрны төлбөрт нийт 44.600.000 төгрөг төлсөн ба талууд энэ талаар маргаагүй байна.

Хэдийгээр талуудын хооронд Орон сууц захилга, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан ч гэрээний гол нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах- худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч *******гийн нэр дээр уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ хуульд заасны дагуу олгогдсон хэдий ч байрны төлбөрийг заасан хугацаандаа төлөөгүйгээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн байдал, нэхэмжлэгч алдангиас 1 сая төгрөг хасаж тооцохыг зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2.500.000 төгрөг төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас байрны төлбөр, алданги нийт -12.100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Учир нь хариуцагч *******гийн худалдан авсан байр чанар муутай баригдсанаас болж орон сууцандаа засвар үйлчилгээ хийж зардал гаргадаг, банк зээлийн барьцаанд авдаггүй тул алдангийг төлөх боломжгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүх нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэсэн нь зөв байна.

Иймд хариуцагч *******гийн гаргасан ....Алданги болох 4.200.000 төгрөгийг хассан өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/01075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ