Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй   

 

Иргэдийн төлөөлөгч Л.Энхтуяа  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Улсын яллагч Б.Жавхлантуяа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Хохирогч М.Оюунчимэг

Гэрч  П.Энхбат  

Шүүгдэгч Х.Дайриймаа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Хишигсүрэнгийн Дайриймаад холбогдох эрүүгийн 201714000136 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.Боржигон овгийн Хишигсүрэнгийн Дайриймаа, Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, хүүхэд дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ГЭ87040506,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Х.Дайриймаа нь 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн Гэр хорооллын 5-40 тоотод оршин суух П.Энхбатын гэрт хамтран амьдрагч Э.Цэнд-Аюуштай маргалдсаны улмаас цээжин тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд: 1. Хохирогч  М.Оюунчимэгийн “2017 оны 02 сарын 27-ны шинийн нэгний өглөө хүү маань ирж золгоогүй. Гэтэл үүрээр буюу 05 цагийн үед хадам ээж, хадам ах хоёр нь манайд орж ирснээ “алив босоорой болохоо байчих шиг боллоо Дайриймаа ирж хэллээ. Цэнд-Аюуш үхчихлээ гэнэ” гэж хэлэхээр нь сандраад шууд босч нөхрийн хамтаар ирсэн хүмүүстэй хүүгийнхээ гэр рүү нь яваад очтол Дайриймаа надад нэг цаас үзүүлэхээр нь ямар учиртай юм би үзэхгүй байна чи уншаад өгөөч гэхэд уншиж өгөлгүйгээр халаасандаа хийчихсэн. Намайг гэр рүү нь явж орох үед талийгаач хүү маань гэрийн зүүн талын орны дэргэд газар хэвтчихсэн дээгүүр нь хөнжил бүтээчихсэн байсан. Би ч тухайн үед айгаад ойртож хараагүй. Тэгээд би Дайриймаагаас юу болсон талаар асуухад “бид хоёр хоорондоо маргалдсан гэтэл хутга аваад өөрийгөө шаачихсан” гэж хэлсэн. Тэр үед Дайриймаа согтолт гайгүй байсан ч архи уусан шинжтэй байсан. Биднийг гаднаас гэрт нь яваад ороход Дайриймаагаас гадна Энхбат гэж хадам ах нь байсан”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас /

 

2. Гэрч П.Энхбатын “2017 оны 02 сарын 27-ны өдрийн орой би гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Эхний тогшилтонд хаалга тайлж өгөөгүй. Дараа нь хаалга тогшоод Энхбат ахаа хаалгаа гэж эмэгтэй хүн дуугарсан. Хаалга онгойлгож өгөхөд Дайриймаа, Цэнд-Аюуш хоёр хэрүүл маргаан хийсэн байдалтай орж ирсэн. Хэрүүл маргаан хийж байгаад Цэнд-Аюуш гал тогооны шүүгээнээс хар өнгийн бариултай хутга гаргаж ирээд зүрхэн тушаанаа барьчихаад би шаана би зайлаад өгье гээд байсан. Дайриймаа наадахыг чинь харахгүй гээд тамхи асаагаад гараад явсан. Тэгсэн чинь Цэнд-Аюуш хутгаа гал тогтооны шүүгээн дээр тавиад чи хаашаа явах гэж байгаа юм бэ гээд гарсан. Би тэр хоёрыг гараад явсан хойгуур нь би хар өнгийн иштэй хутгыг шургуулганд хийсэн. Удалгүй 30 орчим минут хэрэлдэж байгаад хэрүүл хийсээр орж ирсэн. Тэгээд би хэвтэж байсан чинь Дайриймаа намайг дуудсан. Өндийгөөд босоод ирсэн чинь Дайриймаа би шар өнгийн иштэй хутга аваад хатгачихсан шүү хүнд битгий хэлээрэй би айгаад байна, яах вэ яах вэ гээд байсан. Дайриймаа намайг дуудаад ахаа босооч амьсгал хураачихлаа гээд байхаар нь өндийгөөд боссон чинь Дайриймаа би шар иштэй хутга аваад хатгачихаад эргүүлээд хийчихлээ. Битгий хүнд хэлээрэй. Мэдэхгүйгээрээ байгаарай гэж хэлсэн. Шар өнгийн иштэй хутга гал тогооны шүүгээний баруун талын шургуулганд байсан юм. Дайриймаа өөрөө л би шар өнгийн иштэй хутга аваад хатгачихсан тэгээд буцаагаад хийсэн гэж хэлсэн шүү дээ. Талийгаач юм хэлж чадахгүй айхавтар орилсон. Ай гээд орилсон. Тэр дуу гарах үед Дайриймаа талийгаачийн хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19/

 

            3. Гэрч А.Тэлмэнгийн “Би эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Дэнжийн 8-10 тоотод оршин суудаг юм. Өчигдөр орой 00-01 цагийн орчим миний танил Цэнд-Аюуш Дайриймаа гэж эмэгтэйгийн хамт манай гэрт ирсэн. Тэр хоёрыг ирэхэд би гэртээ өөрийн найз Ариунзол, эхнэр Эрдэнэцэцэг, хүү Тэргэл нарын хамт орж ирсэн. Цэнд-Аюуш тэр хоёр манайд орж ирээд удаагүй байхад нь би найз Ариунзолын хамт гэрээсээ гарч яваад найз Отгонбатын гэрт очиж ээжтэй нь золгоод удаагүй эргэж ирсэн. Эргээд ирэхэд Дайриймаа, Цэнд-Аюуш хоёр яваагүй манай гэрт байсан. Тэр хоёр манайд салат идээд манай гэрт байсан 0.75 граммын Ерөөл архийг хувааж уугаад гараад явсан. Явахдаа Дайриймаа явахгүй гээд байсан чинь манай эхнэр унтаж амрах хэрэгтэй байна гэж хэлээд бараг хөөх шахуу юм болж байж явуулсан. Дайриймааг нөхөр Цэнд-Аюуш нь чирээд аваад явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр манай гэрт байхдаа хэрүүл маргаан хийгээгүй. Э.Цэнд-Аюуш даруухан даа, харин Дайриймаа архи уугаад Цэнд-Аюуштай маргалдсан үедээ өөрийнхөө гарыг хутгаар зүсээд байдаг. Архи уусан үедээ Дайриймаа жоохон ширүүн болчихдог юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас/

 

4. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон фото зураг. /хх-ийн 2-11-р хуудас/

 

5. Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийн “1.Талийгаачийн биед цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын үзүүр, баруун хацар, баруун чихний омог, баруун чихний дор зөөлөн эдэд 10 тооны цус хуралт, хүзүү, цээжинд 7 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Хатгагдаж зүсэгдсэн шарх болон шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 7 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ, зөөлөн эдэд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. ...8.Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий дэх цус, зүрх чихэгдэлт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 49-51-р хуудас/

 

            6. Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2606 дугаартай дүгнэлтийн “Саарал өнгийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо хүний цус байна. Уг цус нь талийгаач Э.Цэнд-Аюушийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 79-р хуудас/

           

            7. Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2608 дугаартай дүгнэлтийн “Талийгаач Э.Цэнд-Аюушийн өмсөж байсан гэх ноосон цамц, дотуур жинсэн өмд, дотоож, хүрэн өнгийн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь талийгаач Э.Цэнд-Аюушийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 84-р хуудас/

 

            8. Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2609 дугаартай дүгнэлтийн “Х.Дайриймаагийн өмсөж байсан гэх хөндлөн судалтай цамц дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь талийгаач Э.Цэнд-Аюушийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 олкусын аллелиар тохирч байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 89-р хуудас/

 

9. Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1458 дугаартай дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ноосон цамцанд зүсэгдэлт ханзралт, гогодолт гарсан, цэнхэр жинсэн өмдөнд товчны бэхэлгээний нүх гарсан байна. ...Зүсэгдэлт хурц ир, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, харин бусад ханзралт, гогодолт, товчны бэхэлгээний нүх хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 112-113-р хуудас/

 

 

            10. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 202-р хуудас /

 

            11. Гэрч П.Энхбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зураг. /хх-ийн 227-230-р хуудас /

 

12. Амь хохирогчийн бичсэн гэх нэг хуудас бичигт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтад үзлэг хийж хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 234-р хуудас / болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Дайриймаа мэдүүлэхдээ “Би талийгаачийг хутгалаагүй, тэр өөрийгөө хутгалсан. Талийгаач амьддаа надаас салахгүй амиа хорлоно гэдэг байсан” гэв.

 

Хохирогч М.Оюунчимэг мэдүүлэхдээ “Талийгаач хүү маань өөрийгөө хутгална гэж байхгүй. Хэргийн газрыг цагдаа ирэхээс өмнө сайтар цэвэрлэсэн байсан. Бид одоог хүртэл нэг их юм ярихгүй тэвчээртэй байгаа. Оршуулгын зардал нийт 5000 000 сая төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Гэрч П.Энхбат мэдүүлэхдээ “Цагдаа нар намайг янз бүрээр айлгаж дарамталж зааж өгч мэдүүлэг авсан. Дайриймаа талийгаачийг хутгалчихлаа гэж хэлээгүй юм” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруутай болох нь гэрч П.Энхбатын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал дүгнэлтдээ “ Дайриймааг буруутай гэж үзэж байгаа нотлох баримт болох гэрч Энхбатын мэдүүлэг нь хоорондоо маш их зөрүүтэй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Анх өгсөн тайлбар, сэжигтэн яллагдагчар өгсөн мэдүүлэг, гэрчээр өгсөн мэдүүлэг, одоо шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байна. Дайриймааг гэм буруутай гэх өөр нотлох баримт байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Х.Дайриймаа нь 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн Гэр хорооллын 5-40 тоотод хамтран амьдрагч Э.Цэнд-Аюуштай маргалдсаны улмаас цээжин тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч Х.Дайриймаа нь амь хохирогчийг хутгалчихлаа гэж хэлсэн талаар гэрч П.Энхбат мэдүүлсэн байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлгээ үгүйсгэсэн. Мөн түүний мэдүүлгүүд нь үнэлэх боломжгүй, эргэлзээ бүхий зөрүүтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь үйл баримтыг тогтоох боломжгүй, шууд бус нотлох баримтууд байх тул шүүгдэгч Х.Дайриймаад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэсэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т зааснаар 201714000136 тоот хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, эд мөрийн баримт болох шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн шалны алчуур 1 ширхэг, яллагдагч Х.Дайриймаа, гэрч П.Энхбат нараас харьцуулах шинжилгээнд дээж болгон авсан үс, хумсны дээжүүд, жорлонгоос хураан авсан гэрээслэл гэх бичигтэй 1 хуудас дэвтрийн цаас, талийгаач Э.Цэнд-Аюушийн өмсөж байсан хувцас болон гурвалжин захтай бугын зураг бүхий ногоон өнгийн ноосон цамц, хөндлөн судалтай саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн жинсэн өмд, “Calvin Кlein” гэсэн бичигтэй дотоож, хөх цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, хагас түрийтэй, үдээстэй хүрэн өнгийн гутал 1 хос, яллагдагч Х.Дайриймаагийн өмсөж явсан хувцаснууд болох Адидас гэсэн бичигтэй саарал өнгийн ноосон өмд, цагаан өнгийн маралын хэсэг, хар өнгийн ноосон өмд, хөндлөн хөх, хар, цагаан өнгийн судалтай ноосон цамц, түрийтэй хар өнгийн гутал, ягаан цоохор өнгийн ноосон оймс нэг хос, гэрч П.Энхбатын гэрчийн мэдүүлэг өгөх үеийн бичлэг хийсэн СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, энэ хэрэгт бүтүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Дайриймаа нь 153 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Хишигсүрэнгийн Дайриймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.  

            2.Шүүгдэгч Х.Дайриймаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч М.Оюунчимэгийн нэхэмжилсэн 5000 000 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэлгүй орхисугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т зааснаар 201714000136 тоот хэргийг Орхон аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримт болох шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн шалны алчуур 1 ширхэг, яллагдагч Х.Дайриймаа, гэрч П.Энхбат нараас харьцуулах шинжилгээнд дээж болгон авсан үс, хумсны дээжүүд, жорлонгоос хураан авсан гэрээслэл гэх бичигтэй 1 хуудас дэвтрийн цаас, талийгаач Э.Цэнд-Аюушийн өмсөж байсан хувцас болон гурвалжин захтай бугын зураг бүхий ногоон өнгийн ноосон цамц, хөндлөн судалтай саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн жинсэн өмд, “Calvin Кlein” гэсэн бичигтэй дотоож, хөх цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, хагас түрийтэй, үдээстэй хүрэн өнгийн гутал 1 хос, яллагдагч Х.Дайриймаагийн өмсөж явсан хувцаснууд болох Адидас гэсэн бичигтэй саарал өнгийн ноосон өмд, цагаан өнгийн маралын хэсэг, хар өнгийн ноосон өмд, хөндлөн хөх, хар, цагаан өнгийн судалтай ноосон цамц, түрийтэй хар өнгийн гутал, ягаан цоохор өнгийн ноосон оймс нэг хос, гэрч П.Энхбатын гэрчийн мэдүүлэг өгөх үеийн бичлэг хийсэн СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлсүгэй.

6.Энэ хэрэгт бүтүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Дайриймаа нь 153 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдасугай.

7.Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС

                            

ШҮҮГЧИД                                        Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ