Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03428

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03428

Улаанбаатар хот

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ч.Батчимэг, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р байр, ...тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., Чонос овогт Ө...ы Т..ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийн ....-р курсийн оюутан, регистр .....Б. овогт Б...ы Д.д холбогдох гэм хорын хохиролд 5 415 700 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Т..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж., хариуцагчийн өмгөөлөгч Д.Т.../үнэмлэх 0651/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д. нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 05-ны шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ш... зочид буудлын замын урд УБҮ ... дугаартай Camry маркийн автомашин урсгал сөрж, миний УНИ ... дугаартай Toyota Prius 20 маркийн автомашиныг мөргөж, осол гаргасан. Тэр машинаас 3 залуу их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч ирсэн ба тухайн үед цагдаа дуудаж шалгуулсан. Гэм хорын хохирол 5 415 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Тухайн үед тээврийн хэрэгслийг ачсан  зардал 185 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 175 700 төгрөг, автомашины оношлогоо 35 000 төгрөг, автомашины засварын зардал 3 500 700 төгрөг болсон. Тэр үед Ө.Т...ын эхнэр жирэмсэн байсан бөгөөд ослоос болж машингүй байснаас шалтгаалан тодорхой хэмжээний хохирол гарсан. Эдгээр зардлууд нийлээд нийт 5 415 700 төгрөгийг Б.Д...өөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. УБҮ ... дугаартай автомашины эзэмшигч нь Б.Д...ий эцэг Ч.Б.. юм. Хан-Уул дүүргийн нотариатчаар гэрчлүүлж 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ч.Б... худалдаж авсан байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар...эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол тээврийн хэрэгслийн эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Иймд Б.Д...өөс шаардах нь үндэслэлгүй. Ч.Б... нь осол гарсныг шалгаж байх үед УНИ ... дугаартай Приус 20 маркийн автомашины цаап 1ш 170 000 төгрөг, гар 1ш 60 000 төгрөг, цахилгаан помп 1ш 110 000 төгрөг, антифрийз 60 000 төгрөг, амортизатор урд 1ш 65 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 15 000 төгрөг гээд нийт 471 000 төгрөгийн сэлбэгийг авч сольж өгсөн байгаа. Эвдэрсэн гэх эд ангиудыг сольж, засч өгсөн байхад илүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн автомашин 2007-2008 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний хувьд 10 гаруй жил болчихсон, хуучин автомашин байгаа. Зам тээврийн осол гарсны улмаас үнэлгээ хийлгэхдээ хуучирсан эд ангиудаа илүү үнэлүүлж, нэмэгдүүлсэн байна. Мөн өөрт ашигтай байдлаар нөхөж авсан баримт гэж үзэж байна. Приус машины зах зээлийн үнэ 6-7 сая орчим төгрөг, одоо үнэ нь буурсан байхад бараг шинэ автомашины үнэ нэхэмжилсэн. Д... ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд 12 ширхэг гэмтэл илэрсэн гэсэн байхад өөр компанийн үнэлгээгээр 14 ширхэг гэж гарсан. Автомашины эзэмшигч  н.Г... нь Д.. ХХК-иар үнэлгээ, оношилгоо хийлгэсэн байна. Вьетнам авто засварын баримтад Шаргын нуур компани, үйлчилгээний хуудаст гараар 1 500 000 төгрөг гэж зурсан, мөргөлдсөн автомашины засварын гэмтлийг хариуцахгүй гэсэн тухайн компанийн анхааруулга, санамж байх ба тухайн авто засварын газраар будаг хийлгэсэн гэж ойлгогдохоор байна. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ө.Т.., Г... нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ө.Т...ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Осол болсноос хойш Ө.Т...ын нэр дээр шилжүүлсэн гэрээний 4 дүгээр зүйлд ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдаж авсан гэсэн байна. Засвар хийгдсэний дараа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл авсан нь харагдаж байгаа. Нөгөө талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь эргэлзээтэй, үнэлэх боломжгүй, мөн гэрээтэй холбоотойгоор Ө.Т... нь шаардах эрхтэй этгээд мөн эсэх асуудал яригдах нөхцөл байдал үүсч байна. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гарах үед автомашины эзэмшигч нь Г... байсан ба тухайн үед осол болсноос шалтгаалсан гэм хорын хохирол гэж үзвэл нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл Ө.Т... эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдаж авсан мөртлөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор итгэмжлэл өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Т.. нь Б.Д..д холбогдох гэм хор учруулсны хохиролд 5 415 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 165 700 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Ө.Т...ыг нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Б.Д... хариуцагч биш гэж маргаж, үндэслэлээ ..... УНИ дугаартай машиныг 2019 оны 8-р сарын 25-ны өдөр Ө.Т..., О.Г... нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ө.Тамирын нэр дээр шилжүүлсэн, УБҮ 65-88 дугаартай автомашины эзэмшигч нь Б.Дөлгөөний эцэг Ч.Булган, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ч.Б... худалдаж авсан...гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Ө.Т..., О.Г... нар нь 2019 оны 8-р сарын 25-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн /хх 41/, Б.Д...ий эцэг Ч.Б... нь М.Ц...тэй 2019 оны 8-р сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн /хх 81/ боловч Авто тээврийн тухай хуулийн 17-р зүйлийн 171.1-д заасан...хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор ...автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байжээ.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглаж байсан, хариуцагч Б.Д... эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон талаар маргаагүй, өөрөөр хэлбэл, худалдагч, худалдан авагч нарын хооронд эзэмшигч, өмчлөгч нарын талаар маргаан гараагүй байна. Энэ тохиолдолд Ө.Т... өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, Б.Д... бусдад учруулсан гэм хор учруулсны хохирлыг арилгах үүрэгтэй гэж дүгнэлээ.  

 

Б.Д... нь 2019 оны 8-р сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн орчим УБҮ ... дугаартай Toyota Camry маркийн машин жолоодон Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... зочид буудлын баруун хойд уулзварт явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/ жолоочид дараах зүйлийг хориглоно ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчиж, Ө.Т...ын жолоодож явсан Тоyота Prius маркийн ... УНИ дугаарын, Ш.С...ын жолоодож явсан  Тоyота Prius маркийн ... УБЧ дугаарын авто машиныг  тус тус мөргөж осол гаргасан буруутай болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн бүдүүвч зураг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, зөрчлийн материалаар /хх 63-106/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Б.Д...д зөрчил гаргасан гэм буруутай үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулинд зааснаар 400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 400 000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч шийтгэл ногдуулжээ.

 

Ослын улмаас Ө.Т...ын машинд учирсан хохирлыг Ухаа шүрт ХХК үнэлэхдээ 5 020 000 төгрөгөөр үнэлсэн /хх 11-15/, Д... ХХК автомашины эд ангиудад учирсан эвдрэл гэмтлийн дүгнэлт гаргасан /хх 16/ байна.

 

Дээрх дүгнэлтэд тусгагдсан 12 төрлийн эд ангийг солих шаардлагатай, сольсны дараа тэнхлэг тохиргоо, гэрлийн тохиргоо хийлгэх шаардлагатайг тусгасан байх ба нэхэмжлэгч сэлбэг, тэнхлэг тохиргооны зардалд 1 605 000 төгрөг, ш... ХХК-ний авто засварын газраар засвар үйлчилгээ хийлгэхэд 1 500 000 төгрөг, автомашины ачилтын төлбөрт 125 000 төгрөг, оношлогоо хийлгэхэд 35 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 175 700 төгрөг нийт 3 615 700 төгрөгийн бодит зардал гаргаж хохирсон /хх 8-10, 33-34/ байна. Харин үүнээс хариуцагч 450 000 төгрөгийн төлсөн байх тул хасч тооцож 3 165 700 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

2019 оны 8-р сарын 3-ны өдрийн 60 000 төгрөгийн ачилтын төлбөрийн баримт нь осол гарахаас өмнөх хугацаанд хамаарах тул хохиролд оруулан тооцоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б...ы Д...өөс 3 165 700 /гурван сая нэг зуун жаран таван мянга долоон/ төгрөг гаргуулж Ө.ы Т...т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2 250 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 601 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Д.өөс 65 601 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Т.т олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                           

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА

                             ШҮҮГЧИД                                         Ч.БАТЧИМЭГ

                                                                                       М.МӨНХТӨР