Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 441

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03428 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д холбогдох

 

Гэм хорын хохиролд нийт 5 415 700 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ө.Т-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила зочид буудлын замын урд 65-88 УБҮ улсын дугаартай “Тоёота камри” маркийн автомашин урсгал сөрж, миний 87-13 УНИ улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашиныг мөргөж, осол гаргасан. Тэр автомашинаас 3 залуу их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч ирсэн ба тухайн үед цагдаа дуудаж шалгуулсан. Гэм хорын хохирол 5 415 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Тухайн үед тээврийн хэрэгслийг ачсан  зардал 185 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 175 700 төгрөг, автомашины оношлогоо 35 000 төгрөг, автомашины засварын зардал 3 500 700 төгрөг болсон. Тэр үед Ө.Т-ын эхнэр жирэмсэн байсан бөгөөд ослоос болж автомашингүй байснаас шалтгаалан тодорхой хэмжээний хохирол гарсан. Иймд нийт 5 415 700 төгрөгийг Б.Д-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 8 сарын 05-ны өдөр зам тээврийн осол гаргасан гэх 65-88 УБҮ улсын дугаартай “Тоёота камри” маркийн автомашины эзэмшигч нь Ч.Булган буюу миний аав юм. Уг автомашиныг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Ц.Оюунчимэгийн гэрчилсэн 2019 оны 8 сарын 02-ны өдрийн №1472 бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “... тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн гөлөх үүрэгтэй” гэж заажээ. Тиймээс энэ хуулийн зохицуулалтаар зам тээврийн осол гаргасан автомашины эзэмшигч учирсан хохирлыг хариуцахаар хуульчилсан байна. Миний аав Ч.Булган нь 87-13 УНИ улсын дугаартай автомашины цаап 1 ширхэг, 170 000 төгрөг, гар 1 ширхэг 60 000 төгрөг, өндгөн тулгуур 1 ширхэг 45 000 төгрөг, цахилгаан помп 1 ширхэг 110 000 төгрөг, антифрийз 1 ширхэг, 60 000 төгрөг, амортизатор урд 1 ширхэг, 65 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 15 000 төгрөг гээд нийт 471 000 төгрөгийн шинэ сэлбэг худалдан авч бүгдийг нь сольж засч өгсөн байдаг. Эвдэрсэн гэх эд ангиудыг нь шинээр сольж, засч өгсөн байхад дахин илүү үнийн дүнг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн автомашин олон жилийн эдэлгээтэй хуучин автомашин тэрээр зам тээврийн осол гарсныг далимдуулан үнэлгээний компанитай үгсэн хуйвалдаж, өөртөө ашигтай байхаар хэт өндөр үнэлгээ хийлгэсэн байгаа нь илт байна. Өөрөөр хэлбэл тухайн автомашины өнөөгийн зах зээлийн дундаж ханш 5 415 700 төгрөг орчим байгаа ба нэхэмжлэгч Ө.Т- нь бүхэл бүтэн автомашин худалдаж авах үнийн дүнг нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.Д-өөс 3 165 700 төгрөг гаргуулж, Ө.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 250 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 601 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-өөс 65 601 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Т-т олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ө.Т- нь УНИ 87-13 улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашиныг 2019 оны 8 сарын 25-ны өдөр буюу осол гарсан өдрөөс хойш 20 хоногийн дараа иргэн н.Ганхуягаас худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан байдаг. Тус худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдаж авсан талаарх заалт байдаг. Хэдийгээр Ө.Т- нь осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан хэдий ч түүнд шаардах эрх хуулиар үүсээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэр гаргасан. Ослын улмаас гарсан эвдрэлийг тухайн үед Б.Д-ий аав Ч.Булган шинэ сэлбэг авч засвар үйлчилгээ хийлгэж хохирлыг барагдуулсан байдаг. Үүнээс хойш Ө.Т- нь иргэн н.Ганхуягаас биет байдлын болон эрхийн доголдолгүй автомашин худалдаж авсан нь тэдний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байгаа юм. Дээрх хуулийн зохицуулалтаар Ө.Т- нь нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх түүнд үүсээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглаж байсан ... эзэмшигч, өмчлөгч нарын хооронд маргаан гараагүй байна, энэ тохиолдолд Ө.Т- өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ...” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх Ө.Т- нь автомашины осол гарснаас хойш худалдаж авсан нотлох баримт байсаар байтал буруу тайлбар, дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. УБҮ 65-88 улсын дугаартай автомашиныг иргэн Ч.Булган эзэмшдэг болох нь түүний худалдаж авсан гэрээгээр нотлогддог. Тодруулбал уг автомашиныг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Ц.Оюунчимэгийн гэрчилсэн 2019 оны 8 сарын 02-ны өдрийн №1472 бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан байдаг юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “... тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар зам тээврийн осол гаргасан автомашины эзэмшигч Ч.Булган учирсан хохирлыг хариуцахаар байна. Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтууд нь шууд нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байдаг, гэтэл шүүх үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Ч.Булган нь 87-13 УНИ улсын дугаартай автомашины эвдрэлтэй холбоотой үнэлгээний дагуу цаап 1 ширхэг 170 000 төгрөг, гар 1 ширхэг 60 000 төгрөг, өндгөн тулгуур 1 ширхэг 45 000 төгрөг, цахилгаан помп 1 ширхэг 110 000 төгрөг, антифрийз 60 000 төгрөг, амортизатор урд 1 ширхэг 65 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 15 000 төгрөг гээд нийт 471 000 төгрөгийн шинэ сэлбэг худалдан авч бүгдийг нь сольж засаж өгсөн байдаг. Гэтэл хэрэгт эргэлзээтэй, өөр үнэлгээ хийлгэсэн гэх баримт гаргаж өгснийг шүүх үнэлж шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Т- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 5 415 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Д- нь 2019 оны 8 сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Континенталь” зочид буудлын баруун хойд уулзварт 65-88 УБҮ улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч Ө.Т-ын жолоодож явсан 87-13 УНИ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас болон зөрчлийн материалд авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 63-106-р тал/

 

Зам тээврийн осол гарах үед 87-13 УНИ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн О.Ганхуягийн өмчлөлд байсан бөгөөд нэхэмжлэгч Ө.Т- нь 2019 оны 8 сарын 25-ны өдөр О.Ганхуягтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан байна. Мөн хариуцагч Б.Д-ий аав Ч.Булган нь 2019 оны 8 сарын 02-ны өдөр М.Цэвээнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 65-88 УБҮ улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 26, 41-р тал/

 

Хэдийгээр хавтаст хэрэгт “Ухаа шүрт консалтинг” ХХК, “Дельта авто сервис” ХХК-ийн үнэлгээ, дүгнэлт байгаа боловч төлбөр, үнэлгээ, оношлогооны хөлс, сэлбэгийн үнэ зэргээс дүгнэвэл зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ө.Т-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3 440 700 төгрөгийн бодит хохирол учирсан гэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. /хх-ийн 8-16, 33-34-р тал/ 

 

Харин анхан шатны шүүх дээрх хохирлын дүнг нэгтгэн дүгнэхдээ тооцооллын алдаа гаргасан байх бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ө.Т-ын гаргасан зардал болох сэлбэг, тэнхлэг тохиргооны зардал 1 605 000 төгрөг, “Шаргын нуур” ХХК авто засварын газраар засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр 1 500 000 төгрөг, автомашины ачилтын төлбөр 125 000 төгрөг, оношлогооны төлбөр 35 000 төгрөг, үнэлгээний хөлс 175 700 төгрөг, нийт 3 440 700 төгрөгөөс хариуцагч Б.Д-ий төлсөн 450 000 төгрөгийг хасч, нийт 2 990 700 төгрөгийг хариуцагч Б.Д-өөс гаргуулан, нэхэмжлэгч Ө.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 425 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хор арилгах үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт хамааралгүй болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүх эргэлзээтэй үнэлгээний баримтыг үнэлсэн, нэхэмжлэгч Ө.Т-т шаардах эрх хуулиар үүсээгүй, тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Булган хохирлыг хариуцна гэх боловч нэхэмжлэгч Ө.Т- нь осол гарах үед 87-13 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд хариуцагч Б.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тэрээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд юм. Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргасан төлбөр, үнэлгээ, оношлогооны хөлс, сэлбэгийн үнэ зэрэг баримтуудыг хариуцагч нь баримтаар няцааж чадаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

           

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 499-р зүйлийн 499.1 ...” гэснийг хасч, “... 3 165 700 /гурван сая нэг зуун жаран таван мянга долоон/ ...” гэснийг “2 990 700” гэж, “... 2 250 000 ...” гэснийг “2 425 000” гэж,

2 дахь заалтын “ ... 65 601 ...” гэснийг “62 801” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 601 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                         

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                             

                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                               Г.ДАВААДОРЖ