Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

 

 

Г.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00566 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СБДТХ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-, Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн СБДТХ-т орон тооны бус байцаагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж хариуцсан хороонуудынхаа төлөвлөгөө гүйцэтгэлийг биелүүлэн ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуулийн мэргэжилтэн Б.Д- уулзаад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлж байгаа ямар нэгэн санал хүсэлт байна уу гэж асуусны дагуу миний бие 4 сартай жирэмсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байгаагаа тус өдөр СБДТХ-т өргөдөл гаргаж өгсөн. Тус өргөдлийн хариуг бичгээр мэдэгдээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуулийн мэргэжилтэн Б.Д-тэй уулзахад дарга орон тоо байхгүй байна гэсэн бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж өгч болох талаар хэлсэн. Захиргааны тасгийн дарга Д.Н 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өрөөндөө дуудан уулзсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхийг дахин санал болгосон ба тус хүсэлтийг хүлээн аваагүй. Тус өдрийн үдээс хойш хуулийн мэргэжилтэн Г.О-гаас миний тушаал гарсан талаар асуухад арай гараагүй одоо удахгүй гаргалаа гэж хэлсэн. Миний бие миний ажлаас чөлөөлөгдөх тушаал 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр гарна биз дээ гэж асуухад үгүй ээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гаргана гэж хэлсэн. Би яагаад тэгэж байгаа вэ, би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тушаалаа авах гэж байна шдээ гэж хэлэхэд та нарын хөдөлмөрийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тийм учраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гарна гэж хэлсэн. Тэгээд би өнөөдөр гарч байгаа тушаалынхаа дугаарыг өнөөдөртөө авдаггүй юм уу гэж асуухад үгүй 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гарна гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөгдөх тушаалаа миний бие 2 байцаагчийн хамт гурвуулаа авсан бөгөөд түүний нэг нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн бид нарын тушаал бүгд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой хүлээлгэн өгсөн. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/112 дугаартай Г.С-гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг хүчингүй болгох. Миний бие одоо 5 сартай жирэмсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн аж ахуй нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасны дагуу СБДТХ-т эгүүлэн томилуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Д-, Г.О- нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С- нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-ны Б/14 дугаартай тушаалаар Татвар хураалтын тасгийн Хүн амын хэсэгт орон тооны бус байцаагчаар ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажлаас чөлөөлөгдсөний тухайд, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дах хэсэг, Татварын Ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3214 дугаар чиглэл өгөх тухай албан бичиг, Нийслэлийн Татварын газрын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1261 дугаар чиглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Орон тооны бус байцаагч нар нь Татварын Ерөнхий газраас биш тухайн дүүргийн төсвөөс санхүүжиж цалин нь олгогддог боловч татварын албаны үндсэн ажил болох орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан гэрээт ажилтнууд юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дах хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх гэсэн заалтад орон тооны бус байцаагчид хамаарсан ба үүнтэй холбоотойгоор дээд газраас буюу Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газраас үндсэн ажлын байранд татварын албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах орон тоо гэрээт ажилтанд байхгүй болсон тул чөлөөлөх талаар чиглэл ирүүлснээр ажлаас чөлөөлсөн. Мөн дээрх тогтоол гарсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн хэлтсээс Орон тооны бус байцаагчдын цалингийн санхүүжилтийг олгохгүй болсон тул цалин өгөх эх үүсвэргүй болсон. Тушаал гарахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийгдсэн сонсох ажиллагааны явцад Г.С-д энэ талаар тайлбарлахад Сонсох ажиллагааны саналаа бичгээр гаргаж өгнө гээд бичгээр өгсөн ба ажиллуулах нөхцөл боломж нь хууль эрх зүйн хүрээнд боломжгүй байгааг хэлсэн болно. Иймд ажлын байр болон цалингийн санхүүжилт байхгүйн улмаас Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн Г.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Г.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.С-гийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэж, хэрэгт авагдсан баримтуудыг бодитой үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Би ажлаас хууль бусаар чөлөөлөгдөх үед 4 сартай жирэмсэн байсан ба одоо 8 сартай жирэмсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан нь жирэмсэн ажилтныг хамгаалсан эрх зүйн зохицуулалт бөгөөд зөвхөн 40.1.4, 40.1.5-д заасан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан тодорхой зохицуулалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т дээрх жирэмсэн эмэгтэйг хамгаалсан заалтад хамаарахаар байна. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус юм. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон мэдэгдлийг миний бие хүлээн аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ”. Энэ талаар миний бие шүүх хуралд тухайн мэдэгдлийг хүлээн аваагүй тухайгаа тайлбарласан боловч шүүх үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн. Мөн миний бие Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/112 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө дээрх тушаал боловсрогдоогүй байсан. Тушаалаа хэзээ авч болох талаар хүний нөөцийн мэргэжилтэн Г.О-гаас асуухад одоо удахгүй гарна гэж хэлээд тус өдрийн орой 17 цаг 45 минутын орчим тушаал гарсан тухай утсаар мэдэгдэж тушаалаа авахаар ортол 7 хоногийн өмнөх дугаар буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ийн дугаартай гарч ирсэн нь хууль бус болохыг шүүх хуралд мөн мэдэгдсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргасан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. Энэ хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10/3883 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан. Гэвч Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10-3883 дугаартай нийслэлийн дүүргүүдэд ирүүлсэн чиглэлд “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ..... орон тооны бус байцаагч нарын ажлын байрыг хэвээр хадгална. Хуульд заасны дагуу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа  албан хаагчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх зэрэг хүндрэлтэй асуудал гарч болзошгүй тул санхүүжилтын эх үүсвэрийн асуудлыг дүүргийн Засаг даргатай тохиролцон шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй” гэж тусгасан байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна. Мөн дээрх чиглэлийн дагуу СБДТХ- жирэмсэн албан хаагчдынхаа ажлын байрыг хэвээр хадгалах, Сүхбаатар дүүргийн Засаг даргатай тохиролцон шийдвэрлэх ямар нэг үйл ажиллагаа хийгээгүйг шүүх үнэлээгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч СБДТХ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа сарын цалин 496 912 төгрөг, ажилгүй байсан хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, нийт 1 670 730 төгрөг гэж тодруулсан байна. Харин хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 29-30, 59 дүгээр тал ар/

 

            Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дах хэсэг, Татварын Ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3214 дугаар чиглэл өгөх тухай албан бичиг, Нийслэлийн Татварын газрын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1261 дугаар чиглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дах хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх гэсэн заалтад орон тооны бус байцаагчид хамаарсан ба үүнтэй холбоотойгоор дээд газраас буюу Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газраас үндсэн ажлын байранд татварын албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах орон тоо гэрээт ажилтанд байхгүй болсон тул чөлөөлөх талаар чиглэл ирүүлснээр ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г.С-г Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Татвар хураалтын тасгийн Хүн амын хэсэгт орон тооны бус байцаагчаар томилж, улмаар 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/112 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдож байна./хэргийн 10-11 дүгээр тал

           

            Харин ажил олгогч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, хэлтсийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байх боловч хэрэгт тухайн байгууллагад орон тооны бус байцаагчийн ажлын байр урьд нь хэд байсан, одоо хэд болгож өөрчилсөн, байхгүй болсон эсэх талаарх дээд шатны байгууллагын тушаал шийдвэр эрхийн акт авагдаагүйгээс хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн атлаа, түүнийг орон тооны бус байцаагчийн ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тохиолдолд дээрх үйл баримтыг бүрэн тодруулж байж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

 

            Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                       

                                       ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                            С.ЭНХТӨР