Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2020/01369

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2020/01369

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч, Л.Ариунцэцэг, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, *******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол багийн *******,*******/-т холбогдох

Гэм хорын хохирол 10,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч ******* /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч *******од хүчиндүүлсэн. Биеийн болон сэтгэл санааны асар их хохирол амссаны улмаас бие муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад шүүх хурал болж би очиж чадаагүй. Энэ хүний надад учруулсан хохирол, доромжлолд 1 жилийн ял бодож байна. Иймд ял шийтгэлийг нь нэмүүлэх хүсэлтэй байна. Уг хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх шаардлагатай байна. Тухайн хэргээс болж нөхөр *******гаас салж, 2 хүүхдийн хамт өрх толгойлон нийтийн байранд амьдарч байна. Хэрэг болсон өдөр нэг сартай жирэмсэн байсан. *******од хүчиндүүлснээс болж хүүхэд дутуу төрөхийг завдсан. Эх нялхаст 3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Төрөхдөө сэтгэл санааны маш их хямралтай байсан учраас хүндрэлтэй төрж маш их цус алдсан. Хүндрэлтэй төрсөн болохоор биеийн байдал муу, хүүхэд нялх байсан болохоор нэхэмжлэл бичиж, хөөцөлдөж чадахгүй удлаа. Миний бие 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрж одоо гайгүй болж байна. Одоо СХД-ийн 23-р хороо Хангайн 27-19 тоотод Баярмагнай овогтой Хүслэн, Баярмагнай овогтой Эрдэнэжаргал гэх 2 охиныхоо хамт нийтийн байр түрээслэн амьдарч байна. Байрны түрээс сард 180,000 төгрөг төлдөг. Тухайн хэргээс болж нөхөр салсан. 2 охин минь одоо эцэггүй, би сэтгэл санааны гүн хямралд орсон. Цаашид 2 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд хэцүү байна. Иймд нийтийн байранд 2019 оны 12 сараас 2020 оны 12 сар дуустал 1 сард 180,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөг, сэтгэл санаа бие махбодын зардал 5,000,000 төгрөг, миний болон 2 хүүхдийн хувцас, хоол хүнсний зардалд зарцуулсан 3,000,000 төгрөг, нийт 10,160,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж миний нэхэмжлэлийн дагуу цаг хугацаанд нь шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-р зүйлчлэгдэж 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хохирогч ******* нь хэрэг болсны дараахан над руу залгаж миний бие болон сэтгэл санаа хэцүү байна, надад мөнгө хэрэгтэй байна, чи олж өгч чадах уу гэхэд нь би олохыг бодъё гэхэд маргааш 500,000 төгрөгийг олоод өг гэсэн. Би цувуулаад 500,000 төгрөг өгсөн. Харин дараа нь надаас мөнгө асуухад нь би чадахгүй гэсэн. Тэгэхэд хохирогч ******* найз нь хоол ундгүй болчихоод, байрны мөнгө тулаад хэцүү байна. Чи надад мөнгө зээлчих, би дараа нь өгнө өө гэсэн. Би тэр үед *******г өрөвдөөд хүнээс мөнгө зээлж олоод өгсөн. Дараа нь цувуулаад нийтдээ 2,500,000 төгрөгийг өгсөн байсан. Үүнээс 500,000 төгрөгийг би сэтгэлээрээ өгсөн юм. Харин үлдсэн 2,000,000 төгрөгийг надаас зээлсэн. ******* нь над руу залгахдаа найз нь хэцүү байна гэж эедэгээр харилцаж миний гэнэн цайлган сэтгэлийг ашиглаж 2,000,000 төгрөг зээлчихээд зээлснээ өгөхгүй, нэмж мөнгө нэхэж байгаад би гомдолтой байна. Хохирогч ******* надаас нэхэмжилж байгаа байр, хоол, сэтгэл санааны хохирол, хувцас хунар гээд энэ бүх зүйлтэй санал нийлэхгүй байна. Хүн хохирсон ч хохироогүй ч идэж уух, өмсөж зүүх, амьдрах орчин, хувцас хунар, зайлшгүй хэрэгцээтэй байдаг болохоор санал нийлэхгүй байна. Би хийсэн хэрэгтээ зохих ял авч, одоо хорих 437 дугаар хорих ангид хоригдож байна. Иймд *******гийн надаас зээлсэн 2,000,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан гэм хорын хохирол 10,160,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоотод хохирогч *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Ийнхүү хариуцагчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн өдөр нэхэмжлэгч нь 1 сартай жирэмсэн байсан гэж тайлбарласан бөгөөд, 2, охин Б.Эрдэнэжаргал нь эцэг *******гаар овоглож Иргэний улсын бүртгэлийн 1116001081 дугаарт бүртгүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид хүчиндүүлсэний улмаас хүүхдүүдийн эцэг болох ******* нь тусдаа амьдрах болж 2 хүүхдээ орхиж явсан, ээж, аав, ах дүү нартайгаа муудалцан, элдэв муу муухайгаар хэлүүлж ээж, аав, ах дүү нартаа ямар ч нэр хүндгүй болсон, хүүхдээ дутуу төрүүлэхийг завдсан, эх нялхаст 3 удаа хэвтэж эмчлүүлсэн, төрөхдөө сэтгэл санааны маш их хямралтай байсны улмаас хүндрэлтэй төрсөн зэргээр сэтгэл санаа бие махбодийн зовлон зүдгүүр шаналалыг амсаж, нэр хүнд нь гутаан доромжлогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

Түүнчлэн энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нь ээж, аавтайгаа хамт байх боломжгүй болж аргагүйн эрхэнд өөр газар руу буюу Улаанбаатар хотод очиж 1 сарын 180,000 төгрөгийн нийтийн орон сууц хөлслөн амьдрах болсноор байрны хөлс төлөх, 2 хүүхдээ тэжээж тэтгэх, хооллох хувцаслах зэрэг үүрэг дан ганц өөрт нь оногдож амьдралын хувьд хүнд нөхцөл байдалд орсон, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй болсон байна.

Дээрхи байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч ******* нь хүүхдүүдийн эцэг болох *******гаас тусдаа амьдрах болсон, амьдралын наад захын хэрэгцээгээ хангах орлогогүй, Улаанбаатар хотод очиж 1 сарын 180,000 төгрөгний нийтийн орон сууц хөлслөн амьдрах болсон байдлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шууд дүгнэх боломжгүй, учирсан гэдэг нь нотлогдохгүй байх бөгөөд, 2 хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг нь хүүхдүүдийн эцэг болох *******д байна. Хэдийгээр гэмт хэргийн улмаас хамтран амьдрах боломжгүй болсон ч үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймд нийтийн байранд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөр 2,1260,000 төгрөг, 2 хүүхдийн хувцас, хоол хүнсний хэрэглээний зардалд 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин сэтгэл санааны хохирлын хувьд, нэхэмжлэгч нь хариуцагчид хүчиндүүлсэний улмаас хүүхдүүдийн эцэг болох *******гаас тусдаа амьдарч, хүүхдээ төрүүлэхдээ сэтгэл санааны хямралын улмаас хүндрэлтэй төрсөн, сэтгэл санаа бие махбодийн зовлон зүдгүүр шаналалыг амсаж, нэр хүнд нь гутаан доромжлогдсон байх тул сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 320,000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг 420,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар буюу гэмт хэрэг гарсан үеэс нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэлх нэг жилээр тооцож нийт 4,840,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх хуралдаанд хариуцагч, иргэдийн төлөөлөгчийг онлайнаар оролцуулсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1.,-д заасныг баримтлан *******оос гэм хорын хохиролд 4,840,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 92,390 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА