Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 21

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй,

                             хариуцагч Б.Год холбогдох

                                         иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/01369 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Год холбогдох

 

 “Гэм хорын хохирол 10.160.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Гын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э /онлайнаар/, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Год хүчиндүүлсэн. Биеийн болон сэтгэл санааны асар их хохирол амссаны улмаас бие муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад шүүх хурал болж би очиж чадаагүй. Энэ хүний надад учруулсан хохирол, доромжлолд 1 жилийн ял бодож байна. Иймд ял шийтгэлийг нь нэмүүлэх хүсэлтэй байна. Уг хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх шаардлагатай байна. Тухайн хэргээс болж нөхөр Д.Бгаас салж, 2 хүүхдийн хамт өрх толгойлон нийтийн байранд амьдарч байна. Хэрэг болсон өдөр нэг сартай жирэмсэн байсан. Б.Год хүчиндүүлснээс болж хүүхэд дутуу төрөхийг завдсан. Эх нялхаст3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Төрөхдөө сэтгэл санааны маш их хямралтай байсан учраас хүндрэлтэй төрж маш их цус алдсан. Хүндрэлтэй төрсөн болохоор биеийн байдал муу, хүүхэд нялх байсан болохоор нэхэмжлэл бичиж, хөөцөлдөж чадахгүй удлаа. Миний бие 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрж одоо гайгүй болж байна. Одоо СХД-ийн 23-р хороо Хангайн 27-19 тоотод Баярмагнай овогтой Хүслэн, Баярмагнай овогтой Эрдэнэжаргал гэх 2 охиныхоо хамт нийтийн байр түрээслэн амьдарч байна. Байрны түрээс сард 180.000 төгрөг төлдөг. Тухайн хэргээс болж нөхөр салсан. 2 охин минь одоо эцэггүй, би сэтгэл санааны гүн хямралд орсон. Цаашид 2 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд хэцүү байна. Иймд нийтийн байранд 2019 оны 12 сараас 2020 оны 12 сар дуустал 1 сард 180.000 төгрөг, нийт 2.160.000 төгрөг, сэтгэл санаа бие махбодын зардал 5.000.000 төгрөг, миний болон 2 хүүхдийн хувцас, хоол хүнсний зардалд зарцуулсан 3.000.000 төгрөг, нийт 10.160.000 төгрөгийг хариуцагч Б.Гоос гаргуулж миний нэхэмжлэлийн дагуу цаг хугацаанд нь шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Г би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-р зүйлчлэгдэж 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хохирогч Б.Э нь хэрэг болсны дараахан над руу залгаж миний бие болон сэтгэл санаа хэцүү байна, надад мөнгө хэрэгтэй байна, чи олж өгч чадах уу гэхэд нь би олохыг бодъё гэхэд маргааш 500.000 төгрөгийг олоод өг гэсэн. Би цувуулаад 500.000 төгрөг өгсөн. Харин дараа нь надаас мөнгө асуухад нь би чадахгүй гэсэн.

Тэгэхэд хохирогч Б.Э найз нь хоол ундгүй болчхоод, байрны мөнгө тулаад хэцүү байна. Чи надад мөнгө зээлчих, би дараа нь өгнө өө гэсэн. Би тэр үед Б.Эг өрөвдөөд хүнээс мөнгө зээлж олоод өгсөн. Дараа нь цувуулаад нийтдээ 2.500.000 төгрөгийг өгсөн байсан. Үүнээс 500.000 төгрөгийг би сэтгэлээрээ өгсөн юм. Харин үлдсэн 2.000.000 төгрөгийг надаас зээлсэн. Б.Э нь над руу залгахдаа найз нь хэцүү байна гэж эелдгээр харилцаж миний гэнэн цайлган сэтгэлийг ашиглаж 2.000.000 төгрөг зээлчхээд зээлснээ өгөхгүй, нэмж мөнгө нэхэж байгаад би гомдолтой байна.

Хохирогч Б.Э надаас нэхэмжилж байгаа байр, хоол, сэтгэл санааны хохирол, хувцас хунар гээд энэ бүх зүйлтэй санал нийлэхгүй байна. Хүн хохирсон ч хохироогүй ч идэж уух, өмсөж зүүх, амьдрах орчин, хувцас хунар, зайлшгүй хэрэгцээтэй байдаг болохоор санал нийлэхгүй байна. Би хийсэн хэрэгтээ зохих ял авч, одоо хорих 437 дугаар хорих ангид хоригдож байна. Иймд Б.Эгийн надаас зээлсэн 2.000.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/01369 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1.,-д заасныг баримтлан Б.Гоос гэм хорын хохиролд 4.840.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас 92.390 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Тус 142/ШШ2020/01369 дугаар бүхий анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.Эг “Д.Бгаас салж тусдаа амьдарч хүүхдээ төрүүлэхдээ сэтгэл санааны хямралын улмаас хүндрэлтэй төрсөн, сэтгэл санаа бие махбодын зовлон зүдүүр амсаж, нэр хүнд нь гутаан доромжлогдсон байх тул” гэж тодорхойлон нэхэмжлэгч Б.Эгийн сэтгэл санааны хохирлыг хариуцагч Б.Г надаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрт: 1. Д.Б Б.Э нар нь албан ёсны гэр бүл эсэх, гэрлэлтийн баталгааг тодорхойлолгүй тэдний тусдаа амьдарч байгааг онцлон авч үзсэн. 2. Б.Э нь хүндрэлтэй төрсөн гэх эмнэлгийн эмч, албаны тодорхойлолт үгүй. 3. Б.Э нь сэтгэл санаа болон бие махбодын зовлон зүдгүүр амссан гэх холбогдох байгууллага мэргэжилтний тодорхойлолт тайлбар үгүй. 4. Б.Эгийн нэр хүнд нь гутаан доромжлогдсон гэх эрх зүйн заалт, баримт дүгнэлтгүй. 5. Сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод түвшингээр барагдуулна гэх эрх зүйн заалтыг дурдаагүй. 6. Мөн хариуцагч Б.Г би нэхэмжлэгч Б.Эгийн өөрийн хүсэлт, гуйлтаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш цувуулан нийт 2.500.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлснийг нэхэмжлэгч Б.Эгаас тодруулалгүй орхигдуулж, нэмж 4.840.000 төгрөгийг Б.Г надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан, холбогдох баримт, эрх зүйн үндэслэлийг баримтлаагүй, хуулийн болон шүүхийн шийдвэрийг ашиглаж хялбар аргаар орлого, мөнгө олох гэсэн Б.Эгийн санааг дэмжсэн шийдвэр болсон гэж хариуцагч Б.Г би үзэж гомдолтой байна.

 Иймд Галсантогтох миний давж заалдаж буй энэхүү гомдлыг хүлээж авч анхан шатны шүүхийн 142/ШШ2020/01369 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Гоос гэм хорын хохиролд 10.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 5-р гудамжны 5 тоотод хохирогч Б.Эг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 12.1.-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр нь нэхэмжлэгч Б.Э нь 1 сартай жирэмсэн байсан, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охиноо төрүүлсэн, хүүхдийн эцэг болох Д.Б нь хүчиндүүлсний дараагаас тусдаа амьдрах болж 2 хүүхдээ орхиж явсан, аав ээжтэйгээ амьдар боломжгүй болж Улаанбаатар хот явж 1 сарын 180.000 төгрөгөөр нийтийн байр хөлслөн амьдарч байгаа, хэргийн улмаас ийм нөхцөл байдал үүсэж амьдралын хүнд байдалд орсон, эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй болсон, сэтгэл санааны хямралаас болж хүндрэлтэй төрсөн, нөхрөөсөө тусдаа амьдрах болж, сэтгэл санаа бие махбодын зовлон зүдгүүр шаналал амсаж, нэр хүнд бие махбод гутаан доромжлогдож хохирсон гэсэн тайлбар гаргаж, хариуцагч Б.Гоос гэм хорын улмаас учирсан хохирол, сэтгэл санааны хохиролд 10.160.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж хийсэн хэрэгтээ зохих ял шийтгэлээ авч эдэлсэн Б.Э надаас байр, хоол, хувцас хунар зэрэг хүний зайлшгүй хэрэгцээт зүйлийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, мөнгө хэрэгтэй байна гэхэд нь 2.500.000 төгрөг хүнээс зээлж өгч байсан гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Эгийн хүүхдүүдийн эцэг Д.Бгаас тусдаа амьдарч байгаа, амьдралын наад захын хэрэглээгээ хангах орлогогүй, Улаанбаатар хотод байр хөлслөн амьдарч байгаа нь гэм хороос учирсан хохирол гэж дүгнэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэгчийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцжээ.

Харин сэтгэл санааны хохирлын хувьд нөхрөөсөө тусдаа амьдарч, хүүхдээ төрүүлэхдээ сэтгэл санааны хямралын улмаас хүндрэлтэй төрсөн, сэтгэл санаа бие махбодын зовлон шаналал амсаж, гутаан доромжлогдсон гэсэн дүгнэлт хийн сэтгэл санааны хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 4.840.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 230 дугаар зүйл, 497 дугаар зүйлд нийцсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүнээс буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг заасан. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй боловч татгалзал тайлбараа нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч Б.Гын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/01369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Гын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Б.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ