Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
Хэргийн индекс | 184/2017/00067/И |
Дугаар | 184/ШШ2017/01454 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2017/01454
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2017/01454
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овгийн Энхээгийн Төгөлдөр /Чингэлтэй дүүргйин 2-р хороо, 2-р 40 мянгат, 26-р байрны 28 тоотод/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Эм Жи Эл Кей Ар” ХХК /Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 04-12 тоот хаягт байрлах/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 38,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, гэрч М.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Төгөлдөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Эм Жи Эл Кэй Ар” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл миний мэдлийн Стэзер маркийн өөрөө буулгагч 06-39 УБТ, 06-35 УБТ дугаарын машинуудыг 2015 оны 11 сарын 24-нөөс 2016 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх 2 сар 8 хоногийн хугацаанд 1 машиныг 1 сарын 8,000,000 төгрөг буюу нийт 2 машины ажлын хөлс 36,000,000 төгрөг, машиныг 2016 оны 02 сарын 15-наас 2016 оны 02 сарын 19-нийг хүртэл 3 хоног саатуулсан төлбөр 1,600,000 төгрөгийг Э.Төгөлдөр надад төлөх.
Мөн “Багануур” ХК-ийн технологийн автомашин ашиглалтын хэсэгт 2 машин 2 сар 8 хоног ажилласан ба 2016 оны 01 сарын 15-наас 2016 оны 02 сарын 15-ныг дуустал 06-35 УБТ улсын дугаартай машиныг Багануур дулааны станц ТӨК-д тус тус нүүрс тээвэрлүүлэхээр давхар ажиллуулсан байна.
Үүний 15 хоногийн машин ажиллуулсан төлбөр болох 4,000,000 төгрөг буюу нийт 41,600,000 төгрөгийг өгөх ёстойгоос өнөөдрийг хүртэл тус компанийн захирал Б.Алтангэрэл нь 1,900,000 төгрөг, 1,240,000 төгрөгийн сэлбэгийн тооцооноос өөр тооцоо хийлгүй хохирсоор байна.
Би өөрийн 2 машинаа холбогдох бичиг баримтад тулгуурлан уурхайн захиргаанаас 2016 оны 02 дугаар сарын 19-нд авсан.
Иймд хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-аас 38,450,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд манай компанид холбогдуулан иргэн Э.Төгөлдөрийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцсан бөгөөд нэхэмжилж буй нэхэмжлэлийн үнийн дүн болоод нэхэмжлэгч болох Э.Төгөлдөрийг танихгүй бидний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Э.Төгөлдөр нь н.Шинэбаяр гэдэг хүнтэй хийсэн гэрээ хэлцэл огт байхгүй. н.Болдбаатар гэдэг хүн надтай ирж гэрээ хийсэн. Эдгээр зардлууд нь н.Болдбаатар мөнгө байхгүй машины эвдрэлийг чи хариуцаад дараа нь манай тооцооноос хасчих гэж бид тохиролцож байсан. Манай ажил дууссан байхад нэхэмжлэгч нь нэг өдөр залгаж гэрээ хиймээр байна гэж хэлэхэд би манай ажил дууссан учраас манайх ямар нэгэн гэрээ хийхгүй гэж хариулсан. Би н.Болдбаатартай өдөрт 25 рейс хийхээр тохиролцож гэрээ хийсэн. Энэ Э.Төгөлдөр гэдэг хүн надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Төгөлдөр нь хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-д холбогдуулан 38,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “хариуцагчтай гэрээ байгуулаагүй”, шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаж, харин нэхэмжлэгч нь автомашинуудыг бусдад ашиглуулж, орлого олох, орлогоо бүрэн захиран зарцуулах эрхийг “Мотор сервис” ХХК-аас олгосон тул орлогоороо хохирч байгаа этгээд нь Э.Төгөлдөр учраас шаардах эрхтэй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Э.Төгөлдөрт “Мотор сервис” ХХК-ийн нэр дээр байгаа Стэер /STYER/ маркийн өөрөө буулгагч 0639УБТ, 0635УБТ улсын дугаартай автомашиныг хариуцаж, ашиглалтын зардлаа бүрэн хариуцаж, захиран зарцуулах, бусдад түрээслүүлэх, олсон орлогыг захиран зарцуулах зөвшөөрлийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хоёр жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байна /хх-7 дугаар хуудас/. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Мотор сервис” ХХК-иас өмнөх итгэмжлэлээр олгогдсон орлого олох, орлогоо захиран зарцуулах эрхээ зөрчигдсөн асуудлаар өөрийгөө /Э.Төгөлдөр/ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодорхойлсон байна /хх-85 дугаар хуудас/
Энэ итгэмжлэлийг үндэслэн Э.Төгөлдөр нь 0639УБТ, 0635УБТ улсын дугаартай автомашиныг жолооч М.Болдбаатарт хариуцуулан өгч, Багануур дүүрэгт ажиллуулахаар явуулжээ. Гэрч М.Болдбаатар нь Э.Төгөлдөрийн зөвшөөрлөөр “Эм Жи Эл Кей Ар” ХХК-тай харилцан тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжилж авсан 0639УБТ, 0635УБТ улсын дугаартай автомашиныг сарын хөлс /30 хоногт/-ийг 8,000,000 төгрөгөөр тохиролцсоны дагуу “Эм Жи Эл Кей Ар” ХХК-ийн нэрийн өмнөөс “Багануур” ХК, “Багануур дулааны станц” ТӨХК-д ачаа тээврийн ажил гүйцэтгэсэн байна.
Хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК-ийн төлөөлөгч Б.Алтангэрэл нь харин би М.Болдбаатартай өдөрт 25 рэйс хийхээр тохиролцож гэрээ хийсэн, 30 хоногийн 8,000,000 төгрөгөөр /нэг хоногт 266,666 төгрөг/ тохирсон нь үнэн, манайх Э.Төгөлдөртэй гэрээ хийгээгүй, түүнийг танихгүй гэж маргаж байна.
М.Болдбаатар нь Э.Төгөлдөрийн 2 автомашиныг хариуцан ажилласан жолооч бөгөөд түүний зөвшөөрлөөр хэлцэл байгуулсан нь “Эм Жи Эл Кей Ар” ХХК болон Э.Төгөлдөрийн хооронд хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.
Хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК нь Багануур ХК-тай байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлт хийхэд зориулж нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн Стэер маркийн өөрөө буулгагч 06-39УТБ, 06-35 УБТ дугаартай автомашинуудыг 4 жолоочийн хамт 30 хоногийн хугацаатай хөлслөн авч, өөрийн компанийн хийж гүйцэтгэх ажилд ашиглахаар, Э.Төгөлдөр нь дээрх автомашинуудыг “Эм Жи Эл Кей Ар” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, ашиглуулсны хөлсөнд 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноор талууд хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх хэсэгт амаар хийх хэлцлийн хувьд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хийсэн гэж үзэхээр заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ бодитоор хэрэгжсэн, хариуцагчаас гэрээнд заасан машин тус бүр нь 1 сарын /30 хоногт/ 8,000,000 төгрөгөөр автомашиныг хөлслөх гэсэн нөхцлийн дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл нийт 2 сар 8 хоног автомашиныг хөлсөлж ажиллуулсан тул 1 машиныг тохиролцсон 8,000,000 төгрөгөөр тооцож, 36,000,000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааанд 06-35УБТ автомашиныг “Багануур дулааны станц” ТӨХК-д ажиллуулсан, дээрх өдөрт тооцогдоогүй 15 хоногийн буюу 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 15-ны өдрийг дуусталх хугацааны хөлс 4,000,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 16-нээс 19-ний өдрийг хүртэл автомашиныг гараашаас гаргах зөвшөөрөл өгөхгүй саатуулсны 1,600,000 төгрөг, нийт 41,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс сэлбэг хэрэгслийн зардалд 1,900,000 төгрөг, 1,250,000 төгрөгийг зарцуулсныг хасч, үлдсэн 38,450,000 төгрөгийг “Эм Жи Эл Кей Ар” ХХК нь төлөх үүрэг хүлээсэн гэж шаарджээ.
Хариуцагч талаас Э.Төгөлдөрийн жолооч нарыг буулгасан зочид буудалд 50,000 төгрөг, хоолны материалын мөнгө 98,830; 94,050; 106,000; 87,400; 55,500; сэлбэг хэрэгслийн төлбөрт 66,000; 1,015,000; 2,145,000; 33,000; 1,199,000; 43,000; 35,200; 125,000 төгрөг зарцуулсан, “Багануур” ХК-аас авсан албан бичгээр HOWO-10 нь 20.13 хоног, HOWO-12 нь 33.40 хоног гэсэн тооцоог ирүүлснээр машинууд нь нийт 55.53 хоног ажилласан, мөн Болдбаатарт 1,900,000 төгрөг, 650,000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1,000,000 төгрөг, бусад жолооч нарт 1,500,000 төгрөг төлсөн учраас одоо төлөх төлбөр байхгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч өөрийн тайлбар болон татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Э.Төгөлдөр нь 06-39УБТ /гарашийн дугаар 10/ автомашиныг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл нийт 68 хоног, 06-35УБТ /гарашийн дугаар 12/ автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэл 53 хоног “Багануур” ХК-д, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ныг дуустал 30 хоногийн хугацаанд “Багануур дулааны станц” ТӨХК-д ажилласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигч нарын тайлбараар тогтоогдож байна /хх-8-р хуудас/.
Нэхэмжлэгч нь 06-39УТБ, 06-35 УБТ дугаартай автомашинуудыг “2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машин тус бүр нь нийт 68 хоногийн хугацаанд ажилласан” гэж, хариуцагч нь “...”Багануур” ХК-ийн гаргаж өгсөн баримтаар HOWO-10 /06-39УТБ улсын дугаартай/ нь 20.13 хоног, HOWO-12 /06-35 УБТ улсын дугаартай/ нь 33.40 хоног, 2 машин нийтдээ 55,53 хоног ажилласан” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан “Багануур” ХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Эм Жи Эл Кей Ар” ХХК-ийн 1115 дугаартай албан бичгийн 02/642 хариу бичгээр 10 дугаартай автосамсвол 1006,7 рейс, 12 дугаартай автосамсвол нь 1670,2 рейс, нийт 2676,9 рейс хийсэн, хоногт 50 рейсээр тооцож гаргасан гэж тодорхойлжээ. /хх-86,87 дугаар хуудас/
Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтад дурдсан нийт 2676,9 рейсийг хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбараар хэлцлээр хоногт 25 рейсээр тохиролцсон болох нь нотлогдож байх учир рейсийн талуудын тохиролцсон хоногт 25 рейсийн тоонд хувааж ажилласан хоногийг гаргахад хоёр машин “Багануур” ХК-д нийт 107 хоног ажилласан байна.
Үүнийг гэрч Болдбаатарын нийт ажилласан /68 хоног х 2 машин/ 136 хоногоос нэг машин эвдэрсэн 10 хоног, нөгөө машин эвдрэлийг 20 хоног, нийт 30 хоногоор тооцоход болно гэсэн тайлбар, нэхэмжлэгч талын нийт 30 хоногийг сул зогссон гэж хасахад татгалзах зүйлгүй гэх тайлбараар 106 хоног “Багануур” ХК-д ажилласан гэж тооцогдож байна.
Иймд хариуцагч талын гаргасан баримтаар “Багануур” ХК-д нийт 107 хоног ажилласан тооцоо гарч байгаа хэдий боловч, нэхэмжлэгч тал ажилласан хоногоо 106 хоногоор тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байх тул ажилласан хоногийг нийт 106 хоногоор тооцох нь зүйтэй.
Хариуцагч нь 06-35УБТ автомашиныг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд “Багануур дулааны станц” ТӨК-д нүүрс тээвэрлүүлэхээр ажиллуулснаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал 15 хоногийн хөлсийг нэхэмжилж байгааг харгалзан машин хөлслүүлсний 15 хоногийн төлбөрт 4,000,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна /хх-8 дугаар хуудас/.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК нь хөлслөх гэрээ дуусгавар болсон буюу ажил дууссан 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид автомашинуудыг хүлээлгэн өгөөгүй, эд хөрөнгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хожимдуулсан 3 хоногийн хугацааны төлбөрт /2 автомашин х 3 хоног х 266,667 төгрөг/ нийт 1,600,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн мэдэлд шилжүүлсэн хоёр автомашиныг хөлслөхөөр жолооч М.Болдбаатартай нь тохиролцсон энэхүү төлбөр нь ажил гүйцэтгэсэн эсэхээс үл хамаарах байдлаар тооцогдсон байх үндэслэлтэй байх хэдий ч нэхэмжлэгч нь эвдэрч сул зогссон хоног, жолооч нарын хоолны зардал, сэлбэг засварын зардлыг суутган тооцохыг зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт “Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлсүүлэгчид төлөх хөлсийг бууруулна” гэж заажээ.
Учир нь тээвэрлэлтийн явцад автомашинд эвдрэл гарсан, сэлбэг авахад тээвэрлүүлэгч зардал гаргасан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
“Эм Жи Эл Кей Ар” ХХК нь 2 автомашиныг нийт 106 хоног ашигласан байх тул ашиглалт буурсан хэмжээгээр буюу ашиглаагүй 30 хоногийн төлбөр буюу 8,000,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас 125,000 төгрөг, 35,200 төгрөгийн баримт нь санхүүгийн тамга тэмдэг, гарын үсэггүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн 1,199,000 төгрөгийн 2 ширхэг дугуйг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан буюу гэрээ дууссанаас хойш авсан, мөн шүүх хуралдааны явцад Э.Төгөлдөрийн автомашинд аваагүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул тооцоонд оруулах үндэслэлгүй байна.
Хариуцагч талаас шүүх хурлын үеэр гаргаж өгсөн Жолооч Болдбаатарын зардлын тооцоо, Болдбаатарын сэлбэг гэх баримтад Б.Алтангэрэл гарын үсэг зурсан боловч зөвшөөрсөн Болдбаатар гэж гарын үсэг зураагүй, талууд баталгаажуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /хх-93,94 хуудас/. Мөн хариуцагчийн гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаас 650,000 төгрөгийг Г.Батгэрэлд, 900,000 төгрөгийг Б.Нармандахад шилжүүлсэн байх тул энэ хэрэгт хамааралгүй байна гэж дүгнэв.
Баримтаар нотлогдож буй сэлбэгийг зардалд 72,600 төгрөг, 1,015,000 төгрөг, 2,145,000 төгрөг, 33,000 төгрөг, нийт 3,265,600 төгрөгийг зарцуулсныг гэрчийн тайлбар, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байх ба үүнээс нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн урьдчилан тооцоо хийсэнд хүлээн зөвшөөрч хассан сэлбэгийн зардалд (1,900,000 төгрөг + 1,250,000 төгрөг) нийт 3,150,000 төгрөг зарцуулсныг хасахад сэлбэгийн зардлыг үлдэгдэл тооцоо нийт 115,600 төгрөг болж байна.
Жолооч М.Болдбаатар нь сэлбэг авахаар Б.Алтангэрэлээс 1,900,000 төгрөг авснаас 1,350,000 төгрөгөөр сэлбэг худалдаж авч, үлдэгдэл 550,000 төгрөгийг бэлнээр өөрөө тос масло, тамхи бусад зүйлд зарцуулснаа хүлээн зөвшөөрч, зохигчид энэ талаар хүлээн зөвшөөрч байх тул бэлнээр зарцуулсан 550,000 төгрөгийг хөлснөөс суутган тооцвол зохино /хх-89 дүгээр хуудас/.
Хариуцагч талаас гаргаж өгсөн 98,830 төгрөг, 94050 төгрөг, 106,000 төгрөг, 87,400 төгрөг, 55,500 төгрөгийн, нийт 386,280 төгрөгийн хүнсний ногоо авсан баримтыг гэрч Болдбаатар тайлбарлахдаа энэ зөвхөн миний идсэн хоолны баримт биш, бүх жолооч нарын хоол хүнсний түүхий эдийг худалдаж авсан баримт гэж тайлбарлаж байх хэдий ч, шүүх хурхалдааны явцад гэрч нэг жолоочид 150,000 төгрөгөөр сарын хоолны мөнгийг суутган тооцохоор Алтангэрэлтэй тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, ингэж төлбөр төлөхийг нэхэмжлэгч татгалзахгүй гэж байх тул хариуцагч талтай тохиролцсон нэг жолооч сард 150,000 төгрөг буюу нэг хоногт 5000 төгрөгөөр тооцож хоолны мөнгийг хасна гэж тохиролцсоны дагуу 68 хоног х 5000 төгрөг х 4 жолооч =1,360,000 төгрөгийг хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК-аас Э.Төгөлдөрийн жолооч нарт зарцуулсан гэж тооцов.
2015 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Э.Төгөлдөрийн явуулсан жолооч нарт зочид буудал авч, хонуулсан гэх үндэслэлээр 50,000 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хөлслөгч нь гэрээгээр хүлээсэн автомашиныг аваад тээврийн үйлчилгээ эрхэлсэн, хөлслүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлөх үүрэгтэй тул хариуцагч нь түрээсийн төлбөр 40,000,000 төгрөг, 3 хоног саатуулсны 1,600,000 төгрөг, нийт 41,600,000 төгрөгөөс сэлбэг хэрэгсэлд төлсөнд урьдчилан тооцож хассан 3,150,000 төгрөгийг хасч, нэхэмжилсэн 38,450,000 төгрөгөөс хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК-аас урьдчилөн төлсөн сэлбэгийн зардлын үлдэгдэл 115,600 төгрөг, зочид буудлын 50,000 төгрөг, бэлнээр Болдбаатарын зарцуулсан 550,000 төгрөг, жолооч нарын хоолны зардал 1,360,000 төгрөг, сул зогсолтын /30 хоног/ 8,000,000 төгрөгийг хасч, үлдсэн 28,374,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын 38,450,000 төгрөгийн шаардлагаас 28,374,400 /хорин найман сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,075,600 /арван сая далан таван мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн төлөөлөгч Алтангэрэл нь гэрч Болдбаатарт 1,000,000 төгрөг, жолооч Үнэнбат, Ганбат нарт нийт 1,500,000 төгрөг төлсөн тул төлбөрөөс хасч тооцох ёстой гэж маргаж байна. Эд хөрөнгө хөлслөх хэлцлээр 2 автомашиныг түүнийг хариуцан ажиллах 4 жолоочийн хамт явуулсан хэдий ч автомашин хөлслөх гэрээгээр жолооч нарын хөлсийг хөлслөн авагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул жолооч нарын ажлын хөлсийг хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК-аас шаардах эрхгүй, “Эм Жи Эл Кей Ар” ХХК нь төлөх үүрэг хүлээгээгүй байна. Харин Э.Төгөлдөр нь жолооч нартайгаа хөлсөөр ажиллах хэлцэл байгуулан, хөлсийг сарын 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болохыг гэрчийн мэдүүлэг, зохигч талуудын тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нь гуравдагч этгээдэд буюу жолооч нарт өгсөн мөнгөө жолооч нараас жич шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК-д 28,374,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10,075,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Эм Жи Эл Кей Ар” ХХК-аас 299,822 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Төгөлдөрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН