Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/01034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ОСНААУГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэг болох 38,667,536 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 38,667,536 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч “Г” ХХК нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Манай компани 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ОСНААУГ ОНӨААТҮГ-тай “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ”-г байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу “Г” ХХК нь 222 м.куб цэвэр усан сан, 4500 кВт-ын 2 иж бүрдэл хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжийн тоноглол, 3500 кВт, 4500 кВт-ын халаалтын 2 иж бүрдлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдан авагч тал болох ОСНААУГ ОНӨААТҮГ нийлүүлсэн барааны үнэд 769,119,800 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээсэн.

Гэрээний 3.1 болон 6.1 дэх заалтуудын дагуу нийт төлбөрийн 5% буюу 38,455,990 төгрөгийг нийлүүлсэн бараа материалын чанарын баталгаа болгож, гэрээний зүйлийг хүлээлцсэнээс хойш 1 жилийн хугацаанд худалдан авагч тал барьцаалан, уг хугацаа дууссанаар манай компанид төлөхөөр болсон.

2015.08.05-ны өдөр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон Төрийн орон сууцны корпораци, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гурван талт ажил гүйцэтгэх гэрээ байгуулсантай холбоотой энэхүү гэрээг байгуулсан байдаг.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар тухайн гурван талт гэрээнд туслан гүйцэтгэгчээр орсон байдаг. Тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын дагуу барилгын стандартад заасны дагуу ажил гүйцэтгэх тухайн шаардлагад нийцсэн материалыг гүйцэтгэгчид хүргүүлэх үүрэг хүлээн оролцсон.

“Г” ХХК гэрээнд заасан гэрээний зүйлийг зохих цаг хугацаандаа бүрэн хүлээлгэн өгсөн боловч, гэрээний дагуу шилжүүлсэн тоног төхөөрөмжийг ашиглан, Буянт-Ухаа 2 хорооллын усан сан, халаалтын угсралтын ажлыг гүйцэтгэж буй байгууллагын ажлыг улсын комисс хүлээн авч шалгах хугацаа хойшилсонтой холбоотойгоор нийлүүлсэн тоног төхөөрөмжийн чанарын баталгааны үлдэгдэл төлбөр төлөх хугацаа хойшилсон. Тодруулбал 2016 оны 2 дугаар сарын 24-ны өдөр анх удаа ажлыг хүлээлцэхээр гэрээний талууд ажилласан боловч, ажлын гүйцэтгэл дутуу үндэслэлээр хойшилсоор, 2016 ондоо багтааж хүлээлцэж авсан байдаг.

Энэхүү шалтгааны улмаас манай нийлүүлсэн барааг хүлээн авсан хугацаанаас хойших 1 жил нь 2018 онд дууссан боловч, ОСНААУГ ОНӨААТҮГ-аас улсаас үлдэгдэл санхүүжилт нь манайд орж ирээгүй байна гэж тайлбар хэлж өнөөдрийг хүртэл манайд төлөх 38,455,990 төгрөг болон өмнөх төлбөрийн үлдэгдэл 211,546 төгрөг нийт 38,667,536 төгрөгийг төлөөгүй байна. ОСНААУГ ОНӨААТҮГ нь үлдэгдэл 38,667,536 төгрөгийн өр төлбөрөө баталгаажуулж, жил болгон тооцооны үлдэгдлийн баталгаа хамтран үйлдэж ирсэн. Тухайлбал хамгийн сүүлийн байдлаар буюу 2021 оны хагас жил болон 3-р улирлын байдлаар тус тус тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн.

Энэ нэхэмжлэл маань үндэслэлтэй гэдгийг харуулсан баримт хэрэгт авагдсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци 2-ын 2021.12.31-ний байдлаар гэрээтэй хамаатай 41,981.794 төгрөгийн авлагатай гэдэг нь харагдаж байна. Энэ дүн бидний нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээтэй дүйцэж байгаа. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулсан учраас энэ мөнгийг бид Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь үлдэгдэл санхүүжилтээ Үндэсний бүтээн байгуулалтын корпорациас шаардаж авахад боломжтой харагдаж байна.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ОСНААУГ ОНӨААТҮГ-тай “ХУД-ийн 2-р хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 38,667,536 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэв.

 

2.Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай байгууллага нь “Г” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр ус усан сан, Ус дулаан дамжуулах-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ” байгуулсан боловч 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн хооронд “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-г байгуулан Ус дулаан дамжуулах төв-11-ийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн мэдэлд өгсөн бөгөөд тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллыг Ус дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулан шийдвэр гаргасан юм.

Ус дулаан дамжуулах төв-11-д нийлүүлсэн тоноглол нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т биш “Жи Эй Би Өү Ти” ХХК-д нийлүүлэгдсэн бөгөөд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр ус усан сан, Ус дулаан дамжуулах-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээний захиалагч байсан байна.

Иймд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон Жи Эй Би Өү Ти” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй ба 38,667,536 төгрөгийг захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар  2015.08.20-ны өдөр Гурван бухат ХХК-тай гэрээ хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа аж ахуйн үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн нэр дээр төрийн болон орон нутгийн өмчийн захиалагчаар орж явдаг. Энд бусдад бараа бүтээгдэхүүн худалдаж авах тухай яригдаж байгаа. Бусдын хөрөнгөөр бусдад бараа материал худалдан авч байгаа асуудал яригдаж байгаа. 08 дугаар зүйлд худалдан авах харилцааны журмыг сонгох гэж байдаг.

Журмын 8.1 дээр Засгийн газраас баталсан бараа, ажил үйлчилгээний үнийн босго үнийг тогтоож өгдөг. 2015 онд 10 сая төгрөгөөс дээш бараа бүтээгдэхүүнд тендер зарлах ёстой байдаг атал Гурван бухат ХХК-ийг шууд сонгоод гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийхдээ Гурван бухат ХХК-иас өөрөө бүтээгдэхүүнийг Нийслэл дээр 769,119,800 төгрөгийн тоног төхөөрөмжийг авч байгаа талаар гэрээ хийсэн байдаг. Гэрээг үндэслээд цааш Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар туслан гүйцэтгэгчээр, захиалагч нь Төрийн орон сууцны корпорацтай гэрээ хийгдсэн. Төрийн орон сууцны корпораци тухайн бүтээгдэхүүнийг авсан байна гэж байхгүй, манайх мэдэхгүй, мэддэг газар нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар. Барааг нь цааш нь дамжуулж аваад санхүүг нь өгөх гэж байгаа газар нь мэдэхгүй, санхүү гаргахгүй гэж байгаа юм чинь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар энэ санхүүг гаргах боломжгүй.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Төрийн орон сууцны корпорациас мөнгөө авахад болно гэдэг тайлбар хэлж байх шиг байна. Төрийн орон сууцны корпораци Орон сууцны удирдах газарт энэ мөнгийг мэдэхгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хууль зөрчиж хийсэн хэлцэл байна гэж үзэж байна” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.09.13-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2021.08.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн 2-р хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-ийн 11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжийн тоноглол нийлүүлэх гэрээ, 2021.01.01-2021.09.30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021.01.01-2021.06.30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019.01.01-2019.12.31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2018.01.01-2018.12.31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтуудыг гаргаж өгсөн,

 

            4.Хариуцагчаас 2021.10.11-ний өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.01-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2016.09.16-ны өдрийн 25 дугаар хөрөнгө бүртгэн авах тухай тогтоол, түүний хавсралт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.21-ний өдрийн 183/ШШ2022/00417 дугаар шийдвэр баримтуудыг гаргаж өгсөн,  

 

            5.Зохигчдын хүсэлтээр Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн 2022.03.15-ны өдрийн 1/210 дугаар албан бичиг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт баригдах 5 давхар 50 айлын орон сууц, 5 давхар 30 айлын 1 орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2015.07 сарын 2015/02-09 дугаартай гэрээ, 2016.05 сарын 2015/209/а/ 2015/02-09 тоот гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн 2022.04.12-ны өдрийн 2/11 дугаар албан бичиг, 2015.08.05-ны өдрийн 2015/02-09 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2015.08.10-ны өдрийн А/102 дугаартай ажил хариуцан ажиллах ажилтан томилох тухай тушаал, “Буянт-Ухаа 2” хорооллын УДДТ-11-ийн тоног төхөөрөмж угсралтын өргөтгөлийн ажил гүйцэтгэх график, “Буянт-Ухаа 2” хорооллын УДДТ-11-ийн материал татан авах график, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016.02.02-ны өдрийн 62/2016 дугаар акт, Дулааны зангилгаа, ус халаагчийг угсарсан 2015.09.29-ний өдрийн №УДДТ-1 акт, Тооцооны үлдэгдлийн баталгаа 2021.01.01-2021.12.31-ний өдрийг дуустал хугацааны баталгаа баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

           

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүхийн журмаар Гурван бухат ХХК-ийн худалдаа хөгжлийн банкин дахь 499235425 тоот дансны хуулга, Гурван бухат ХХК-ийн Капитал банкин дахь 2002016271 тоот дансны хуулга, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2015.08.19-ний өдрийн 1279 дугаар албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2016.11.08-ны өдрийн 9/1384 дугаар албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар захиалгаар Буянт-Ухаа 2 хорооллын УДД 11-р төвийн нийт 17000 квт-ын дулаан ачаалал бүхий тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлт, угсралтын ажлын чанарын тодорхойлолт шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдуулан “Гэрээний үүрэг болох 38,667,536 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ байгуулж, ОСНААУГ ОНӨААТҮГ нийлүүлсэн барааны үнэ 769,119,800 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээж, нийт төлбөрийн 5% буюу 38,455,990 төгрөгийг нийлүүлсэн бараа хүлээлцсэнээс хойш 1 жилийн хугацаанд худалдан авагч тал төлөх үүрэгтэй, 2018 онд хугацаа дууссан боловч, хариуцагч үлдэгдэл санхүүжилт орж ирээгүй үндэслэлээр үлдэгдэл 38,667,536 төгрөгийг төлөөгүй, өр төлбөртөө талаар жил болгон тооцооны үлдэгдлийн баталгаа хамтран үйлдэж байсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Ус дулаан дамжуулах төв-11-д нийлүүлсэн тоноглол нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т биш “Жи Эй Би Өү Ти” ХХК-д нийлүүлэгдсэн бөгөөд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр ус усан сан, Ус дулаан дамжуулах-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээний захиалагч байсан байна.

38,667,536 төгрөгийг захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас гаргуулах үндэслэлтэй,

Гэрээ хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа аж ахуйн үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн буюу 2015 онд 10 сая төгрөгөөс дээш бараа бүтээгдэхүүнд тендер зарлах ёстой байдаг.

Гэрээ хийхдээ Гурван бухат ХХК-иас өөрөө бүтээгдэхүүнийг Нийслэл дээр 769,119,800 төгрөгийн тоног төхөөрөмжийг авч байгаа талаар гэрээ хийсэн байдаг. Гэрээг үндэслээд цааш Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар туслан гүйцэтгэгчээр, захиалагч нь Төрийн орон сууцны корпорацитай гэрээ хийгдсэн.

Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хууль зөрчиж хийсэн хэлцэл, мөн тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй, хэрэв Төрийн орон сууцны корпораци үлдэгдэл мөнгөө өгчих юм бол өгчихнө гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой, бусдаар гүйцэтгүүлсэн гэх гэх тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            “Г” ХХК болон ОСНААУГ ОНӨААТҮГ-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх” гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээгээр худалдагч тал “Г” ХХК 222 м.куб цэвэр усан сан, 4500 квт-ын 2 иж бүрдэл хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжийн тоноглол, 3500 квт-ын халаалтын 2 иж бүрдлийн тоног төхөөрөмжийг холбогдох баримт бичгийн хамт гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн хугацаанд нийлүүлэх, худалдан авагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ гэрээний үнэ 769,119,800 төгрөг /НӨАТ тооцсон/-ийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Дээрх төлбөрийг төлөхдөө гэрээний 3.1-д зааснаар гэрээ хийгдсэн өдөрт үнийн дүнгийн 37 хувь буюу 284,574,326 төгрөг, УДДТ-ийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 50 хувь болоход үнийн дүнгийн 35 хувь буюу 269,191,930 төгрөг, нийлүүлэлтийн ажил дуусахад 23 хувь буюу 176,897,554 төгрөг, бараа материалын чанарын баталгааны 5 хувь буюу 38,455,990 төгрөгийг хуанлийн 365 хоногийн дараа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх” гэрээ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх гэрээний төлбөрт хариуцагч ОСНААУГ-аас 730,452,264 төгрөгийг нэхэмжлэгч Гурван бухат ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк, Капитал банк дахь дансны хуулгаар тогтоогдохоос гадна зохигч талууд энэ талаар маргаагүй.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

            Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Захиалагч Төрийн орон сууцны корпораци ХХК, ерөнхий гүйцэтгэгч Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ХХК, туслан гүйцэтгэгчээр ОСНААУГ нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2015/2-09 дугаартай “Ажил гүйцэтгэх гурван талт гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Буянт-Ухаа 2 хорооллын УДДТ-11-ийн өргөтгөлийн барилгын дулаан механикийн ажил болон цэвэр ус, галын нөөцийн сав, ахуйн болон галын усны насосын иж бүрэн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраар дамжуулан гүйцэтгүүлэх, захиалагч нь туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилд нийт 1,005,719,081 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ байгуулагджээ.

 

Дээрх гэрээний дагуу ОСНААУГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А/102 дугаар тушаалаар ажил хариуцан ажиллах ажилтан томилж, тухайн гэрээний дагуу ажил гүйцэтгэх график болон Буянт Ухаа 2 хорооллын УДДТ-11-ийн материал татан авах тухай графикийн дагуу тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдохоос гадна хариуцагч тал уг гэрээнд туслан гүйцэтгэгчээр оролцохдоо үндсэн чиг үүргээс гадна тусгай зөвшөөрлийн хүрээнд оролцсон талаар тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь ОСНААУГ-д гурван талт гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 41,981,794 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ОСНААУГ нь өөрийн үндсэн чиг үүргээс гадна тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Төрийн орон сууцны корпораци ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг ажил гүйцэтгэх гэрээний тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч “Г” ХХК-иас худалдан авч Буянт-Ухаа 2 хорооллын УДДТ-11-ийн өргөтгөлийн барилгын дулаан механикийн ажил болон цэвэр ус, галын нөөцийн сав, ахуйн болон галын усны насосын иж бүрэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгсөн болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 62/2016 дугаартай актаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа аж ахуйн үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй, тендер зарлагдаагүй, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж тайлбарлах боловч зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-иас худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө тоног төхөөрөмжийн үнэ саналыг авч байсан, мөн Үндэсний бүтээн байгуулалтын корпорациас мөнгө дансанд орсон тохиолдолд санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой талаар албан бичиг хүргүүлж байсан ба нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хувьд чанарын шаардлага хангасан талаар ОСНААУГ-ын ерөнхий инженер тодорхойлолт гаргаж байсан, хариуцагч ОСНААУГ-ын зүгээс тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг өөрийн данснаас шилжүүлж байсан, 38,667,536 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй талаар удаа дараагийн тооцооны баталгаа гаргаж өгч байсан зэрэг байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хувьд худалдах-худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байна. 

 

Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Гэрээний 3.1 дэх заалтаар гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөл, гэрээний хугацааг тус тус тохиролцсоны дагуу хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь худалдагч “Г” ХХК-д тоног төхөөрөмжийн үнэд 769,119,800 төгрөг төлөхөөс 730,452,264 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Гурван бухат ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулга, Капитал банк дахь дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд харин 38,667,536 төгрөг төлөгдөөгүй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаануудаар нотлогджээ.

 

            Хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй тайлбараа баримтаар бүрэн нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-иас гэрээний үлдэгдэл төлбөр болох 38,667,536 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 38,667,536 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 351,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС