Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01432

 

 

 

 

 

 

 

 

2022 08 01 210/МА2022/01432

 

 

ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01034 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГБ ХХК-ийн хариуцагч ОСНААУГ /цаашид ОСНААУГ гэнэ/ ОНӨААТҮГ-т холбогдох гэрээний үүрэгт 38,667,536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ОСНААУГ ОНӨААТҮГ-тай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ГБ ХХК нь 222 м.куб цэвэр усан сан, 4500 кВт-ын 2 иж бүрдэл хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжийн тоноглол, 3500 кВт, 4500 кВт-ын халаалтын 2 иж бүрдлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдан авагч тал болох ОСНААУГ ОНӨААТҮГ-т нийлүүлсэн барааны үнэд 769,119,800 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээсэн. Гэрээний 3.1 болон 6.1 дэх заалтуудын дагуу нийт төлбөрийн 5% буюу 38,455,990 төгрөгийг нийлүүлсэн бараа материалын чанарын баталгаа болгож, гэрээний зүйлийг хүлээлцсэнээс хойш 1 жилийн хугацаанд худалдан авагч тал барьцаалан, уг хугацаа дууссанаар манай компанид төлөхөөр болсон. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон Төрийн орон сууцны корпораци, ОСНААУГ ОНӨААТҮГ гурван талт ажил гүйцэтгэх гэрээ байгуулсантай холбоотой энэхүү гэрээг байгуулсан байдаг. ОСНААУГ ОНӨААТҮГ тухайн гурван талт гэрээнд туслан гүйцэтгэгчээр орсон байдаг. Тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын дагуу барилгын стандартад заасны дагуу ажил гүйцэтгэх тухайн шаардлагад нийцсэн материалыг гүйцэтгэгчид хүргүүлэх үүрэг хүлээн оролцсон. ГБ ХХК гэрээнд заасан гэрээний зүйлийг зохих цаг хугацаандаа бүрэн хүлээлгэн өгсөн боловч, гэрээний дагуу шилжүүлсэн тоног төхөөрөмжийг ашиглан, Буянт-Ухаа 2 хорооллын усан сан, халаалтын угсралтын ажлыг гүйцэтгэж буй байгууллагын ажлыг улсын комисс хүлээн авч шалгах хугацаа хойшилсонтой холбоотойгоор нийлүүлсэн тоног төхөөрөмжийн чанарын баталгааны үлдэгдэл төлбөр төлөх хугацаа хойшилсон. Энэхүү шалтгааны улмаас манай нийлүүлсэн барааг хүлээн авсан хугацаанаас хойших 1 жил нь 2018 онд дууссан боловч, ОСНААУГ ОНӨААТҮГ-аас улсаас үлдэгдэл санхүүжилт нь манайд орж ирээгүй байна гэж тайлбар хэлж өнөөдрийг хүртэл манайд төлөх 38,455,990 төгрөг болон өмнөх төлбөрийн үлдэгдэл 211,546 төгрөг нийт 38,667,536 төгрөгийг төлөөгүй байна. ОСНААУГ ОНӨААТҮГ нь үлдэгдэл 38,667,536 төгрөгийн өр төлбөрөө баталгаажуулж, жил болгон тооцооны үлдэгдлийн баталгааг хамтран үйлдэж ирсэн. ОСНААУГ ОНӨААТҮГ, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци 2-ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээтэй хамаатай 41,981,794 төгрөгийн авлагатай гэдэг нь харагдаж байна. Энэ дүн бидний нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээтэй дүйцэж байгаа.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ОСНААУГ ОНӨААТҮГ-тай ХУД-ийн 2-р хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 38,667,536 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай байгууллага нь ГБ ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр ус усан сан, Ус дулаан дамжуулах-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ байгуулсан боловч 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хооронд ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг байгуулан Ус дулаан дамжуулах төв-11-ийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Жи Эй Би Өү Ти ХХК-ийн мэдэлд өгсөн бөгөөд тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллыг Ус дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулан шийдвэр гаргасан юм. Ус дулаан дамжуулах төв-11-д нийлүүлсэн тоноглол нь ОСНААУГ ОНӨААТҮГ-т биш Жи Эй Би Өү Ти ХХК-д нийлүүлэгдсэн бөгөөд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр ус усан сан, Ус дулаан дамжуулах-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээний захиалагч байсан байна.

Иймд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон Жи Эй Би Өү Ти ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй ба 38,667,536 төгрөгийг захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 38,667,536 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 351,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч талаас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон Жи Эй Би Өү Ти ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй. Иймд ГБ ХХК-ийн 769,119,800 төгрөгөөр нийлүүлсэн тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангасан эсэх, нийлүүлсэн хугацаанаас хойш 1 жилийн дараа Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Ус дулаан дамжуулах төв-11-ийг барилга болон нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хамтаар 220,432,543 төгрөгийн үнэлгээ хийсэн нь эргэлзээтэй, нийлүүлсэн бараа нь чанарын талаар тодорхой биш байтал хариуцагчийн тухайн тоног төхөөрөмжийг одоо эзэмшиж байгаа байгууллагыг оролцуулах хүсэлтийг хангахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, Жи Эй Би Өү Ти ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь талууд харилцан тохиролцсон гэрээний дагуу үүссэн төлбөр тооцоогоо жил болгон тооцож баталгаажуулдаг байсан тул гуравдагч этгээдийг оролцуулах шаардлагагүй. Мөн хэрэгт тухайн барааг хүлээлцсэн Улсын комиссын акт, тоног төхөөрөмж хэвийн ажиллагаатай талаар баримт авагдсан. Бидний хувьд гэрээ байгуулсан байгууллагаас үлдэгдэл төлбөрөө авна. ОСНААУГ ОНӨААТҮГ зөвхөн гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэгч байсан. Гэтэл өөрсдийн гүйцэтгэсэн гэрээний үр дүн нь манай байгууллагын өмчлөлд ирээгүй гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Учир нь ОСНААУГ ОНӨААТҮГ нь ажил гүйцэтгэгч юм. Бидний зүгээс тухай ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 38,667,536 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ГБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ОСНААУГ ОНӨААТҮГ-тай халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ байгуулж, барааны үнэ 769,119,800 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд нийт төлбөрийн 5% буюу 38,455,990 төгрөгийг нийлүүлсэн бараа хүлээлцсэнээс хойш 1 жилийн хугацаанд худалдан авагч тал төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч үлдэгдэл санхүүжилт орж ирээгүй гэх үндэслэлээр үлдэгдэл 38,667,536 төгрөгийг төлөөгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Ус дулаан дамжуулах төв-11-д нийлүүлсэн тоноглол нь ОСНААУГ ОНӨААТҮГ-т биш Жи Эй Би Өү Ти ХХК-д нийлүүлэгдсэн, манайх хариуцах үндэслэлгүй, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас гаргуулах үндэслэлтэй гэж тус тус тайлбарлажээ. /хх 1-2, 21/

 

3. Нэхэмжлэгч ГБ ХХК болон хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, бараа материал нийлүүлэх гэрээ зэргээр тогтоогдсон. /хх 1-2, 7-12, 21/

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах хүлээдэг.

 

5. Нэхэмжлэгч ГБ ХХК нь 222 м.куб цэвэр усан сан, 4500 квт-ын 2 иж бүрдэл хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжийн тоноглол, 3500 квт-ын халаалтын 2 иж бүрдлийн тоног төхөөрөмжийг холбогдох баримт бичгийн хамт гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн хугацаанд нийлүүлэх, худалдан авагч ОСНААУГ ОНӨААТҮГ гэрээний үнэ 769,119,800 төгрөг /НӨАТ тооцсон/-ийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 730,452,264 төгрөгийг нэхэмжлэгч ГБ ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк ХХК, Капитал банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх 61-64, 81-90/

Харин бараа материалын чанарын баталгааны 5 хувь буюу 38,455,990 төгрөг нь маргааны зүйл болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан бараа материал нийлүүлэх гэрээний 3.1-т бараа материалын чанарын баталгааны 5 хувь болох 38,455,990 төгрөгийг хуанлийн 365 хоногийн дараа өгөхөөр харилцан тохиролцсон байна. Иймд хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас гэрээний үлдэгдэл төлбөр болох 38,667,536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хэргийн 138 дугаар талд авагдсан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2015/2-09 дугаар ажил гүйцэтгэх гурван талт гэрээгээр захиалагч Төрийн орон сууцны корпораци ХХК, ерөнхий гүйцэтгэгч Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ХХК, туслан гүйцэтгэгч ОСНААУГ ОНӨААТҮГ-ын хооронд Буянт-Ухаа 2 хорооллын УДДТ-11-ийн өргөтгөлийн барилгын дулаан механикийн ажил болон цэвэр ус, галын нөөцийн сав, ахуйн болон галын усны насосын иж бүрэн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий ОСНААУГ ОНӨААТҮГ-аар дамжуулан гүйцэтгүүлэх, захиалагч нь туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилд нийт 1,005,719,081 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний дагуу ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/102 дугаар тушаалаар тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ гүйцэтгэсэн бөгөөд Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь ОСНААУГ ОНӨААТҮГ-т гурван талт гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 41,981,794 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон. /хх 138-153/

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын цэвэр усан сан, УДДТ-11-ийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийн тоноглол нийлүүлэх гэрээг ОСНААУГ ОНӨААТҮГ ГБ ХХК-тай байгуулсан байх ба худалдан авагч тал болох ОСНААУГ ОНӨААТҮГ нь гэрээний үнэ 769,119,800 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Жи Эй Би Өү Ти ХХК болон Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын хооронд байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээгээр УДДТ-11-ийг Жи Эй Би Өү Ти ХХК-д хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нь тухайн тоног төхөөрөмжийг одоо эзэмшиж байгаа гэх үндэслэлээр Жи Эй Би Өү Ти ХХК-ийг болон Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2021/11530 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Дээрх гэрээний үндсэн дээр УДДТ-11-ийг Жи Эй Би Өү Ти ХХК-д хүлээлгэн өгсөн хэдий ч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар ОСНААУГ ОНӨААТҮГ-ын ГБ ХХК-д төлөх 38,455,990 төгрөгийг төлөх өр Жи Эй Би Өү Ти ХХК-д шилжсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл бусдын эзэмшилд шилжсэн гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн хүлээсэн үнэ төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН