Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2022/00230

 

    

 

 

2022 оны 05 дугаар сарын 20 өдөр

                Дугаар 137/ШШ2022/00230

                           Замын-Үүд сум

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо ... тоотод оршин суух, ... овогт Ц.Т /РД: ..., утас .../-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... овогт Э.Б /РД: ..., утас: .../

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын Борхойн баг ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... овогт Д.П /РД: ..., утас .../-д холбогдох

Тээврийн зардал 110,000 юань буюу 48,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Д.П нар оролцов.                                               

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Т миний бие нь Замын-Үүд сумын иргэн Д.П-ын компанийнх нь ачааг тохиролцож нэг машиныг нь 55,000 /тавин таван мянга/-н юаниар ачаа барааг нь ачихаар болж 2021 оны 09-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотоос 4 машин ачааг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хооронд ачсан, уг ачааг ачихдаа Д.П нь манай компанийн ачаанууд байгаа юм. Энэ ачаанууд миний өөрийн ачаанууд байгаа юм гэснээр ачихаар болсон. - ... ӨМҮ улсын дугаартай норд бенц маркийн машин- ... ХХК-ийн ачаа болох шил ачсан тээврийн зардалыг авсан. - ... УБТ улсын дугаартай норд бенц маркийн машин- ... ХХК-ийн хөргөгчнүүд ачсан тээврийн зардлыг авсан. Харин 2021 оны 09-р сарын 13-ны өдөр ... УНО улсын дугаартай норд бенц маркийн машин 55,000 юаниар ачсан дугуй, 2021 оны 09-р сарын 15-ны өдөр ... УНВ улсын дугаартай норд бенц маркийн машин 55,000 юаниар ачсан тоног төхөөрөмж нийт 4 машиныг 220,000 юаниар ачихаар тохирч ачсан уг ачаануудыг манай машины жолооч Ж.Н нь ганцаараа 4 машины дунд ачиж буулгахад нь явсан юм. Уг Замын-Үүд сумын иргэн Д.П-ыг нь уг 4 машинаас ... ӨМҮ, ... УБТ дугаартай машинуудад ачуулсан машинуудын тээврийн зардал болох 110,000 юанийг авсан. Харин ... УНО, ... УНВ дугаартай машинуудад ачааны тээврийн төлбөр болох нийт 110,000 юань буюу 48,675,000 төгрөгийн тээврийн зардлыг аваагүй байгаа тул шүүхийн журмаар албадан гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Д.П нь надтай уулзахдаа уг ачааг ачсан компаниудын төлөөлөгч гэж өөрөө ажилладаггүй компани болон хувь хүмүүсийн ачааг миний, манай компанийн ачаа байгаа юм гэж надад итгүүлэн 4 машиныг авч, БНХАУ-ын Эрээн хот руу гаргасан хойно урд байгаа ачаа ачуулах хүмүүс болон 4 машинд ачаагаа ачуулсан компаниудад миний 4 машин байгаа юм гэж итгүүлэн тээврийн зардлыг өөртөө авсан, ингэж авахдаа олон хүний дансаар бага багаар шилжүүлэн авсан байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т нь 2021 оны 09 сарын эхээр Замын-Үүд суманд ирж 4 машинаа очерт оруулсан байдаг. П нь ирж 4 машиныг нь гуйж авсан байдаг. Тухайн үед нэг машиныг 55,000 юаниар тооцон авсан юм байна лээ. Урагшаа 4 машиныг нь авч явж ачаа ачуулсан. ... ӨМҮ, ... УБТ дугаартай машинд ачсан ачааны зардлыг авсан юм. Харин ... УНО дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан дугуй, ... УНВ дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан тоног төхөөрөмжийн ачааны тээвэрлэлтийн хөлс болох 110,000 юанийг аваагүй юм. 110,000 юанийг монгол мөнгөөр тооцон 48,675,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... УНО, ... УНВ дугаартай тээврийн хэрэгслүүдэд бараагаа ачуулсан компаниуд нь тээврийн зардлаа төлснөө гэрчийн мэдүүлгээр гэрчилсэн байгаа гэв.

Хариуцагч Д.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Т-ийн гаргасан нэхэмжлэл болох тээврийн зардал 110,000 юань буюу 48,675,000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж тус мөнгийг төлөхгүй болохоо мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаас нэхэмжилж байгаа 48 сая төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Т нь анх Замын-Үүдэд ирэхдээ 2 машинтай ирсэн юм. Манай авга ахаар дамжуулан надтай танилцсан. Тухайн 2 машиныг нь би ачаанд оруулж өгсөн. Дараа нь дахин машин гаргах болоход 4 машинтай болоод ирсэн байсан. Т-тэй би ямар нэгэн хөлс мөнгөний асуудал ерөөсөө яриагүй. Т нь 4 машинаа ачаанд оруулаад өг гэж хэлсэн. Би хятад талын хүмүүст машин олж өгөх үүрэг хүлээгээд Т-ийн 4 машиныг нь оруулсан. Тэгтэл 2 машины урт нь ачаа ачихад тэнцээд, нөгөө 2 машин нь жижиг байна гэж гологдсон юм байна лээ. ... гэх компани надад хамааралтай үүний ачааны төлбөрийг би өгсөн. Харин Б нь өөрийн ачааны төлбөрийг хятадтай тохирч надад шилжүүлснийг нь би Т-д өгсөн. Т-д нийт би 4 машины зардал гэж 55,000,000 төгрөгийг өгсөн. Машиныг урагшаа гараагүй байхад Т мөнгөний хэрэг гараад байна гэж гуйхаар нь би ... компани руу яриад машины жолооч урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гээд байна гэж хэлж компаниас зөвшөөрсний үндсэн дээр ... УБТ дугаартай машины урьдчилгаанд 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Т-тэй мөнгө төгрөг өгнө гэж огт тохироогүй. ... УБТ дугаартай тээврийн хэрэгсэлд ... компани ачаа ачигдаад бусад 3 машинд нь Новетек гэх компани ачаа ачигдсан уг компани төлөөлөгч нь Б юм. Манай компаниар дамжуулж надтай Б нь холбогдож тээврийн хөлсөө надаар дамжуулж Т-д өгч байсан. Би Т-ийн машиныг зуучилсан юм. Гэхдээ Т-тэй хөлс тохирч байсан зүйл байхгүй. Иймд би хөлс мөнгө төлөх үүрэг байхгүй гэж үзэж байна гэв.          

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь Д.П-аас тээврийн хөлс 110,000 юань буюу 48,675,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.П нь ямар нэгэн хөлс тохироогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Д.П-тай түүний компани ачааг өөрийн эзэмшлийн 4 ачааны машинд БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл ачихаар харилцан тохиролцож ачсан боловч тээврийн зардлаа өгөөгүй гэж маргасан.

Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Д.П нь бусдын ачааг БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сум хүртэл ачиж оруулах зорилгоор нэхэмжлэгч Ц.Т-ийн эзэмшлийн 4 тээврийн хэрэгслийг хөлслөн тээвэрлэлт хийсэн үйл баримт тогтоогдсон. Учир нь нэхэмжлэгч Ц.Т-ийн тээврийн хэрэгслүүдэд ачигдсан ачаанууд нь хариуцагч Д.П-ынх биш болох нь зохигчдын мэдүүлгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгө болох тээврийн хэрэгслүүдийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад түр хугацаагаар шилжүүлж, тээвэрлэлт хийсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “эд хөрөнгө хөлслөх” эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь нэг машиныг 55,000 юаний хөлс авахаар тохиролцож 2021 оны 09-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотоос 4 машин ачааг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хооронд ачиж тээвэрлэлтийг хийсэн гэх боловч нэг машинд 55,000 юань өгч авалцахаар тохиролцон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

2021 оны 09-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 19-ний өдрүүдэд буюу нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх хугацаанд БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сум хүртэл тээврийн хэрэгслийн ачаа бараа тээвэрлэх тээвэрлэлтийн хөлс нь 55,000-75,000 юанийн хооронд хэлбэлзэж байсныг гэрч нар нотолдог. Гэрч Ж.Н “Ц.Т,  Д.П нарын хооронд тохирсон тохиролцоог бол сайн мэдэхгүй байна. Тухайн үед байсан ачаа тээврийн хөлсийг хэдэн төгрөг байсныг мэдэж байна. 55,000-75,000 юанийн хооронд хэлбэлзэж байсан. Бусдаар хувь хүмүүс хоорондоо яаж тохиролцож байсныг мэдэхгүй байна. 4 машины ачаа тээврийн зардалд хэдэн юань өгөхөөр тохиролцож байсныг сайн мэдэхгүй байна. ямар ч байсан тухайн өдрийн ханшаар явуулж өгнө гэж ярьж байсан. ...энэ хоёр хүн нь тээврийн хөлсөн дээрээ тохирч чадахгүй байгаа юм байгаа юм байна гэж ойлгож байгаа. Д.П нь тухайн үеийн тээврийн хөлсний хамгийн өндөр ханшаар таны машинуудыг явуулж, компанидаа байнга ажилтай байлгана гэж хэлж авч байсан. Тэр хоёр хүн хоорондоо яг хэдэн төгрөгөөр тохирч байсныг нарийн мэдэхгүй байна.”/хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг, гэрч Т.А-ийн “2021 оны 09 сарын 15-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сум руу ... ХХК-ийн цахилгаан барааг ... УБТ дугаартай машинд ачиж орж ирсэн. Тэр үед ачаа ачих машин бага байсан. Тухайн үед би зах зээлийнх нь ханш болох 75,000 юаниар бараагаа тээвэрлүүлсэн. Манай компани БНХАУ-ын Эрээн хотын тээвэр зохин байгуулж буй компанийн ... тоот данс руу манай компанийн Хаан банкны ... тоот данснаас төлбөрөө 2021 оны 09 сарын 24-ний өдөр шилжүүлсэн болно.” /хх-ийн 86-87 /гэх мэдүүлэг, гэрч Г.А-ийн “Тухайн өдөр ... УНО дугаартай машинд хүнд даацын 12 ширхэг дугуйг ачсан. Эхний ээлжид 25,000 юанийг БНХАУ-ын Эрээн хотод төлсөн. Ачаагаа авах үедээ 30,000 юанийг төлсөн. 25,000 юанийг хятад талд төлсөн. Ачаагаа хүлээж авах үедээ манай компани 30,000 юанийг төлсөн.” /хх-ийн 96-97/ гэх мэдүүлэг, гэрч О.Б-ын “Дорнод аймгийн ... ачааг нь хариуцаж явуулдаг юм. 2021 оны 09 сарын 15-нд ачааг нь авах гээд  очиход ачаа нь олдохгүй байсан. ...Эрээн дээр 40,000 юанийн тооцоо хийгээд Замын-Үүдэд орж ирээд ачаагаа буулгахаас өмнө 15,000 юанийг “...” гэх хүний данс руу шилжүүлсэн. ...Тоног төхөөрөмжийг ... УНВ дугаартай машинд ачсан.” /хх-ийн 105-106/ гэх мэдүүлэг зэргээр тээврийн зардлын ханшийг нотолсон болно. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр хариуцагч Д.П нь нэхэмжлэгч Ц.Т-д нэг машины тээврийн хөлсөнд 55,000 юанийг өгөх байсныг нотолж байгаа баримт болж чадахгүй байна, харин тээвэрлэлтийн үнэ хөлсийг тодорхойлсон үйл баримт  гэж шүүх үзсэн.

Хариуцагч Д.П нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талд 4 машины хөлсөнд нийт 55,000,000 төгрөгийг цувуулж өгсөн  гэдгийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт урьдчилж өгсөн гэх 18,000,000 төгрөгийн гаалийн бүрдүүлэлтэд авсан, 7,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг тус тус авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нотлох баримтаар тооцуулахаар гаргаж өгсөн флаш дискт бичигдсэн бичлэгээс үзэхэд хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн бичлэг болох, хэн хэний хооронд болсон яриа болох нь тодорхойгүй, түүнчлэн уг бичлэгт маргааны зүйл болох 4 машины тээврийн хөлсний талаар огт дурдагдаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг флаш дискт “Ц.Т, Д.П нарын хооронд цагдаагийн байгууллагын гадаа болсон маргааныг гэрч Ж.Н өөрийн гар утсан дээр нууцаар бичсэн бичлэг” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт болж чадахгүй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ. Хуулиар хүлээсэн энэ үүргээ нэхэмжлэгч Ц.Т хэрэгжүүлж чадаагүй болно.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.            

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Ц.Т-ийн нэхэмжлэлтэй Д.П-вт холбогдох тээврийн хөлс 110,000 юань буюу 48,675,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.Б