Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар  202/МА2022/00011    

 

  

 

 

                                                                                                                                                                 

 

Ц.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2022/00230 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: А овогт Ц-ын Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Д-ын П-д холбогдох,

 

Тээврийн хөлс 110,000 юань буюу 48,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Т миний бие нь Замын-Үүд сумын иргэн Д.Пын компанийнх нь ачааг тохиролцож нэг машиныг нь 55,000 /тавин таван мянга/-н юаниар ачаа барааг нь ачихаар болж 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотоос 4 машин ачааг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хооронд ачсан, уг ачааг ачихдаа Д.П нь “манай компанийн ачаанууд байгаа юм, энэ ачаанууд миний өөрийн ачаанууд байгаа юм” гэснээр ачихаар болсон. 35-** ӨМҮ улсын дугаартай норд бенц маркийн машин Тэс алиминум ХХК-ийн ачаа болох шил ачсан тээврийн зардлыг авсан. 57-** УБТ улсын дугаартай норд бенц маркийн машин-Арена компьютерс ХХК-ийн хөргөгчнүүд ачсан тээврийн зардлыг авсан. Харин 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 56-** УНО улсын дугаартай норд бенц маркийн машин-55,000 юаниар ачсан дугуй, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50-41 УНВ улсын дугаартай норд бенц маркийн машин-55,000 юаниар ачсан тоног төхөөрөмж, нийт 4 машиныг 220,000 /хоёр зуун дөчин мянга/ юаниар ачихаар тохирч ачсан уг ачаануудыг манай машины жолооч Ж.Нямбаяр нь ганцаараа 4 машины дунд ачиж буулгахад нь явсан юм. Уг Замын-Үүд сумын Д.Пыг нь уг 4 машинаас 35-** ӨМҮ, 57-** УБТ дугаартай машинуудад ачуулсан машинуудын тээврийн зардал болох 110,000 юанийг авсан. Харин 56-** УНО, 50-** УНВ дугаартай машинуудад ачааны тээврийн төлбөр болох нийт 110,000 юань буюу 48,650,000 төгрөгийн тээврийн зардлыг аваагүй байгаа тул шүүхийн журмаар албадан гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Д.П нь надтай уулзахдаа уг ачааг ачсан компаниудын төлөөлөгч гэж өөрөө ажилладаггүй компани болон хувь хүмүүсийн ачааг миний, манай компанийн ачаа байгаа юм гэж надад итгүүлэн 4 машиныг авч, БНХАУ-ын Эрээн хот руу гаргасан хойно урд байгаа ачаа ачуулах хүмүүс болон 4 машинд ачаагаа ачуулсан компаниудад миний 4 машин байгаа юм гэж итгүүлэн тээврийн зардлыг өөртөө авсан, ингэж авахдаа олон хүний дансаар бага багаар шилжүүлэн авсан байсан.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр Замын-Үүд суманд ирж 4 машинаа очерт оруулсан байдаг. П нь ирж 4 машиныг нь гуйж авсан байдаг. Тухайн үед нэг машиныг 55,000 юаниар тооцож авсан юм байна лээ. Урагшаа 4 машиныг нь авч явж ачаа ачуулсан. 35-** ӨМҮ, 57-** УБТ дугаартай машинд ачсан ачааны зардлыг авсан юм. Харин 56-** УНО дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан дугуй, 50-** УНВ дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан тоног төхөөрөмжийн ачааны тээвэрлэлтийн хөлс болох 110,000 юанийг аваагүй юм. 110,000 юанийг монгол мөнгөөр тооцон 48,675,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 56-** УНО, 50-** УНВ дугаартай тээврийн хэрэгслүүдэд бараагаа ачуулсан компаниудад нь тээврийн зардлаа төлснөө гэрчийн мэдүүлгээр гэрчилсэн байгаа” гэжээ.

 

Хариуцагч Д.П анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Тийн гаргасан нэхэмжлэл болох тээврийн зардал 110,000 юань буюу 48,675,000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж тус мөнгийг төлөхгүй болохоо мэдэгдэж байна.” гэжээ.

 

Хариуцагч Д.П анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надаас нэхэмжилж байгаа 48 сая төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Т нь анх Замын-Үүдэд ирэхдээ 2 машинтай ирсэн юм. Манай авга ахаар дамжуулан надтай танилцсан. Тухайн 2 машиныг нь би ачаанд оруулж өгсөн. Дараа нь дахин машин гаргах болоход 4 машинтай болоод ирсэн байсан. Ттэй би ямар нэгэн хөлс мөнгөний асуудал ерөөсөө яриагүй. Т нь 4 машинаа ачаанд оруулаад өг гэж хэлсэн. Би хятад талын хүмүүст машин олж өгөх үүрэг хүлээгээд Тийн 4 машиныг нь оруулсан. Тэгтэл 2 машины урт нь ачаа ачихад тэнцээд, нөгөө 2 машин нь жижиг байна гэж гологдсон юм байна лээ. Арина гэх компани надад хамааралтай үүний ачааны төлбөрийг би өгсөн. Харин Б нь өөрийн ачааны төлбөрийг хятадтай тохирч надад шилжүүлснийг нь би Тид өгсөн. Машиныг урагшаа гараагүй байхад Т мөнгөний хэрэг гараад байна гэж гуйхаар нь би Арина компани руу яриад машины жолооч урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гээд байна гэж хэлж компаниас зөвшөөрсний үндсэн дээр 57-** УБТ дугаартай машины урьдчилгаанд 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Ттэй мөнгө төгрөг өгнө гэж огт тохироогүй. 57-** УБТ дугаартай тээврийн хэрэгсэлд Арина компани ачаа ачигдаад бусад 3 машинд нь Новетек гэх компани ачаа ачигдсан уг компани төлөөлөгч нь Б юм. Манай компаниар дамжуулж надтай Б нь холбогдож тээврийн хөлсөө надаар дамжуулж Тид өгч байсан. Би Тийн машиныг зуучилсан юм. Гэхдээ Ттэй хөлс тохирч байсан зүйл байхгүй. Иймд би хөлс мөнгө төлөх үүрэг байхгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Ц.Тийн нэхэмжлэлтэй Д.Пт холбогдох тээврийн хөлс 110,000 юань буюу 48,675,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Д.Пт өөрийн эзэмшлийн 35-** ӨМҮ улсын дугаартай норд бенц маркийн, 57-** УНТ улсын дугаартай норд бенц маркийн 56-** УНО улсын дугаартай норд бенц маркийн, 50-** УНВ улсын дугаартай норд бенц маркийн 4 машиныг /нэг машиныг нь 55,000 юань/ буюу нийт 220,000 юаниар хөлслүүлсэн. Ингээд 35-** ӨМҮ, 57-** УБТ дугаартай машинуудыг хөлсөлсөн төлбөрийг авсан, харин 56-** УНО, 50-** УНВ дугаартай машинуудын төлбөр болох 110,000 /нэг зуун арван мянга/ юань буюу 48,675,000 төгрөгийн төлбөрийг хөлслөгч Д.П өгөөгүй, хариуцагч Д.П нь Ц.Ттэй уулзахдаа уг ачааг ачсан компаниудын төлөөлөгч гэж өөрөө ажилладаггүй компани болон хувь хүмүүсийн ачааг миний ачаа байгаа юм гэж итгүүлэн 4 машиныг хөлслөн авч, БНХАУ-ын Эрээн хот руу гаргасан хойно урд байгаа ачаа ачуулах хятадуудад миний 4 машин байгаа юм гэж итгүүлэн тээврийн зардлыг өөртөө авсан, харин нэхэмжлэгчид төлөх хөлсийг өгөөгүй тул үүнийг гаргуулахаар шүүхэд хандсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож илт нэг талыг барьж шийдвэрлэсэн учир үүнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэртээ хэргийг дүгнэхдээ зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ хийгдсэн байна гэж дүгнэсэн атлаа зохигчид нь хоорондоо хөлсөө тохиролцоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед тээвэрлэлтийн үнэ хөлс хэд байсныг, хариуцагч Д.П нь тухайн компанийн төлөөлөгч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж тухайн ачаа барааг ачсан компаниудыг гэрчээр асуулгасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах гэсэн заалтын дагуу тухайн үеийн тээврийн хөлс төлбөр хэд байсан нь нотлуулсан. Хариуцагчийн зүгээс хэлж байгаа эд хөрөнгө хөлслөхдөө хөлс мөнгө өгөх талаар тохироогүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хөлсөлсөн эд хөрөнгийнхөө хөлсийг төлөх үүрэгтэй юм. Үүнийг шүүх харгалзан үзэлгүй, гэрчээр мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэлгүй хэргийн нөхцөл байдлыг гуйвуулан хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч Д.П нь шүүхэд мэдүүлэхдээ тус 4 машинд хэн гэдэг нь хэдэн төгрөгөөр бараа ачиж байгааг би мэдэхгүй, надад хамааралгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрч О.Б-ын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгддэг гэрч мэдүүлэхдээ /мөнгө өгсөн хүнээ хайж яваад жолооч Тийн хамт Замын-Үүдийн пүүн дээр Птай очиж уулзсан очоод чи тэр хүний мөнгө төгрөгийг нь өгөөч би ачаагаа авмаар байна гэж хэлэхэд П жолоочид хандаж ачаагаа очоод буулгаж бай, би мөнгийг чинь араас нь шилжүүлье гэж хэлсэн/ гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зохигчдын гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байна гэсэнтэй нийцээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Д.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх зохих хуулийн хүрээнд шийдэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд үүнтэй санал нийлж байгаа. Энэ нь нотлогдохгүй байгаа. Яагаад гэхээр энэ нэхэмжлээд байгаа 48,650,000 төгрөг нь зүгээр нэг амандаа орсон дүнгээ л хэлээд байгаа. Тэр хүлээн авч байгаа тал нь намайг танихгүй, урд байгаа Хятадууд нь ч намайг танихгүй. Ачаа хүлээн авч байгаа Монгол талын хүмүүс нь Хятад руу л мөнгөө өгсөн байдаг. Миний дансаар орж ирсэн мөнгө байхгүй. Миний үүрэг бол зөвхөн Т гэдэг хүний тээврийг гуйж аваад Хятад руу зуучилж л өгсөн. Тухайн үед би Мон Ложистик компанийн хилийн төлөөлөгчөөр ажилладаг байсан. Одоо ажлаа хийхгүй байна л даа. Тухайн компани нь олон харилцагч компанитай өөрийн гэсэн агенттай компани учраас тухайн хүлээн авч байгаа Монгол талын компаниуд намайг таних албагүй. Би машиныг нь л зуучилж өгсөн. Тэр дээр би үнэ хөлс тохироогүй, зохих ёсны 110,000 юань авсан, 55,000 юаниар тохирсон гэж байна. Би үнэ тохироогүй, яагаад гэхээр хилийн нөхцөл байдал үнэ ханшийн савлагаа их, тогтсон ханш байхгүй байсан. Энд зөвхөн ам дамжсан ярианууд л явагддаг. Тэгэхээр би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хэдээр тохирсон гэсэн албан гэрээ байхгүй, зөвхөн машиныг зуучилж өгөөд 62,000,000 төгрөгийг Т гэдэг хүнд өгсөн байдаг. Энэ бүгд надад дансныхаа хуулгаар байна. Нэмээд 48,650,000 төгрөг гэхээр үндсэндээ тавхан км газар 100 гаран сая төгрөгт тээвэр хийнэ гэхээр амьдралд нийцэхгүй байна. Тухайн үед 55,000 юань байсан гэдгийг хэн ч нотлохгүй энэ зүгээр ам дамжсан яриа. Тэр үнэ ханш, тээврийн хөлсийг зөвхөн Хятадууд л өгдөг. Би зүгээр зуучилж өгсөн.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баас гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2022/00230 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баас шүүхэд “... Д.Пын компанийнх нь ачааг нэг машиныг 55.000.0 юаниар ачихаар болж 2021 оны 09 дүгээр сарын 10-19-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотоос 4 машин ачааг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хооронд ачсан, ... 35-**ӨМҮ дугаарын, 57-** УБТ дугаарын автомашинд ачсан тээврийн зардлуудыг авсан, ... харин 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ачсан 56-** УНО машинд дугуй ачсан,  ... 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50-** УНВ машинд тоног төхөөрөмж ачсан тээврийн зардлууд болох 110.000.0 юань буюу 48.675.000 төгрөгийн хөлсийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 35-** ӨМҮ, 57-93 УБТ, 56-* УНО, 50-** УНВ зэрэг улсын дугаартай Норд бенз маркийн 4 автомашинуудын жолоочоор ажилласан Ж.Н /хх 27-28, 138/, энэ автомашинуудад БНХАУ-ын Эрээн хотоос ачаа ачсан компаниудын төлөөлөгч нар болох “” ХХК-ын ерөнхий менежер Т.А /хх 86-87/, “W” ХХК-ны тээврийн менежер Г.А /хх 96-99/,  Дорнод аймгийн “Ш” ХХК-ны ачааг хариуцаж явуулдаг О.Б /хх 105-106/ нарыг гэрчээр асуулгасан тухай мэдүүлгүүд, 35-** ӨМҮ, 57-** УБТ, 56-** УНО, 50-** УНВ зэрэг улсын дугаартай Норд бенз маркийн 4 автомашинуудын өмчлөл эзэмшлийн талаарх гэрч О ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У-ийн мэдүүлэг /хх 124/, 2021 оны 09 дүгээр сарын 20, 23-нд нийт 37.000.000 төгрөгийг Д.Паас авсан тухай Ц.Тийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 141-142/ зэрэгт үндэслэсэн бол,

 

хариуцагч Д.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... би олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ны төлөөлөгчөөр ажилладаг ба манай компаниар үйлчлүүлдэг компаниудын ачааг ачих зорилгоор Ц.Тийн 4 автомашиныг гуйж ачаа ачсан нь үнэн,  гэхдээ би эдгээр 4 автомашиныг ашигласны хөлсийг багцлаад бүгдийг төлсөн тул одоо төлөх төлбөргүй” гэх агуулга бүхий үндэслэлээр маргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай татгалзлаа БНХАУ-ын Эрээн боомтоос Улаанбаатар хот хүртэл ачаа тээвэрлэлтийн үнийн дээд хязгаарыг 10.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй тухай Замын-Үүд боомтын зөвлөл жолооч Ж.Н нарын хооронд байгуулсан “Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ” /хх 51-74/,  ачаа тээвэрлэлтийн үнийн хөөрөгдөл гаргуулахгүй байх тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ны 42 тоот “Албан шаардлага” /хх 76/ зэрэгт үндэслэсэн.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Д.П нар нь 2021 оны  07 дүгээр сард амаар харилцан тохиролцож Оргилуун хайрхан ХХК-ийн өмчлөлийн 35-** ӨМҮ, 57-** УБТ, 56-** УНО, 50-** УНВ зэрэг улсын дугаартай Норд бенз маркийн 4 автомашинуудыг Д.П нь БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны Эрээн хот руу гаргаж ачаа тээвэрлэн Монгол Улсын Замын-Үүд боомтод оруулж ирсний дараа Ц.Тид хөлс төлөхөөр тохиролцсоны дагуу уг 4 автомашинаар нийт 6 удаагийн тээвэрлэлт явуулсан буюу үүнээс 7 сард 2 удаа, 9 сард 4 удаа тээвэрлэлт хийж хөлсөнд нь тодорхой хэмжээний төлбөр төлсөн тухай үйл баримт тогтоогджээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /үүнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх57, 65, 72, гэрч Б.У-ийн мэдүүлэг /хх 124/ / дээрх тээврийн хэрэгслүүд нь О ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон байх боловч нэхэмжлэгч Ц.Тийн эзэмшилд байж тэрээр бусдад хөлслүүлж байсан талаар зохигчид маргаагүй ба О ХХК-ийн гүйцэтгэх захирал гэрч Б.У нь уг тээврийн хэрэгслүүд нь Ц.Тийн хувийн өмчлөлийнх боловч нүүрс тээвэрлэлт хийх зорилгоор компанийн нэр дээр бүртгүүлсэн талаар мэдүүлжээ.

 

            Анхан шатны шүүх “ ...зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэхдээ нэг машинд 55.000 юанийн хөлс төлнө гэсэн тохиролцоо нь тогтоогдсонгүй”  гэсэн агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байна.

 

Хэргийг хянан хэлэлцвэл: 1. Нэхэмжлэгч Ц.Т нь 35-** ӨМҮ, 57-** УБТ, 56-** УНО, 50-** УНВ зэрэг улсын дугаартай Норд бенз маркийн 4 автомашиныг хариуцагч Д.Пт БНХАУ-ын Эрээн боомтоос Монгол Улсын Замын-Үүд боомт хүртэл улс хоорондын ачаа тээвэрлэлт хийхэд нь зориулж ашиглуулах, хариуд нь хариуцагч Д.П хөлс төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Д.П нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ амаар байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д нийцсэн.

           

Зохигчдын тайлбараас үзэхэд тэд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тогтоогдсон байх боловч тэдний тайлбараас үзэхэд эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслүүдийг ашигласны хөлсний хэмжээг тодорхой үнээр тохироогүй, энэ талаарх тохиролцоог тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын-Үүд боомтод ачааг тээвэрлэн ирсний дараа хөлсийг тухайн үеийн ханшаар тооцон төлөхөөр байжээ гэж үзэхээр байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа гэрчүүдийн мэдүүлгээр ачаа тээвэрлүүлсэн этгээдүүд болох  “А” ХХК,  “W” ХХК,  “Ш” ХХК-ийн төлөөлөгч нар нь тээвэрлэлтийн зардалд  БНХАУ-ын мөнгөн дэвсгэртээр буюу нийтдээ 75000-55000 юань төлсөн нь тогтоогдсон боловч энэ нь нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Д.П нарын хооронд энэ хэмжээгээр эд хөрөнгө хөлслөх гэрээний үнэ буюу хөлсийг тохирсон гэж үзэх үндэслэлгүй ба   БНХАУ-аас Монгол улс руу импортлохоор бэлтгэсэн тэдний ачааг тээвэрлэсэн харилцаа нь Д.П болон тус компаниудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлүүлэгчийн хөлс төлөх үүрэгт хамааралтай үйл баримт гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.П нь дээрх этгээдүүдтэй Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулж, ийнхүү гэрээний үүргээ гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Ц.Тийн тээврийн хэрэгслийг ашиглаж, үүндээ хөлс төлөхөөр үүрэг хүлээсэн байх тул дээрх 75000-55000 юань гэсэн хэмжээг эд хөрөнгө хөлслөх гэрээний нийт үнэ, хөлсний хэмжээ гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тодруулбал хэрэгт гэрчээр асуугдсан “А” ХХК-ийн ерөнхий менежер Т.А-ээс  “ ... 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос хөргөгчүүдийг 57-** УБТ дугаартай машинд ачсан, ... тэр үед ачаа ачих машин бага байсан, тухайн үед би зах зээлийнх нь ханш болох 75.000 юаниар бараагаа тээвэрлүүлсэн,  манай компани БНХАУ-ын Эрээн хотын тээвэр зохион байгуулж буй компанийн 1159012********** тоот данс руу манай компанийн ХААН банкны 511******** тоот данснаас төлбөрөө 2021 оны 09-р сарын 24-ний өдөр шилжүүлсэн болно” /хх 86-87/ гэж,

 

“W” ХХК-ийн тээврийн менежер Г.А-ээс “ ...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд суманд оруулж ирсэн хүнд даацын 12 ширхэг дугуйг 56-** УНО дугаартай машинд ачсан, тээврийн зардалд 55.000 юань төлсөн,  ...эхний ээлжинд 25.000 юанийг БНХАУ-ын Эрээн хотод төлсөн, ачаагаа авах үедээ 30.000 юанийг төлсөн“ /хх 96-97/ гэж,

 

Дорнод аймагт байх “Ш” ХХК-ийн ачаа хариуцан явуулагч О.Б-аас “ ...2021 оны  09 сарын 15-нд ачааг авах гээд очиход ачаа олдохгүй байсан, 88107468 гэсэн утастай хүнтэй холбогдсон, наад хүн л мэдээд байсан, Эрээн дээр 40.000 юанийн тооцоо хийгээд Замын-Үүдэд орж ирээд ачаагаа буулгахаас өмнө 15.000 юанийг /Гөлчгий/ гэх хүний данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр тоног төхөөрөмжийг 50-** УНВ дугаартай машинд ачсан. ... 40.000 юанийг 88107468 гэсэн утастай хүнээс данс авсан, Монголд орж ирээд хил дээр бүрдүүлэлтээ хийчихээд надаас 15.000 юанийг Монгол төгрөгөөр тооцож 88107468 гэсэн дугаараас данс өгч, дансаар шилжүүлэн авсан  ... 88107468  утастай хүний өгсөн данс нь Эрээн талын төлөөлөгч Өвөр монгол хүний данс байсан,  ...П нь жолооч Тийг таньдаг, би болохоор хятад талаас мөнгө шилжүүлсэн хүнтэй л холбогдсон, миний хувьд ачааны төлөөлөгч байгаа юм, ачаагаа буулгах гэж явж байгаад л Пыг олж уулзсан. Хамгийн сүүлд жолооч Тийн хамт пүүн дээр очсон, П пүүн дээр байсан, очоод Пт хүний мөнгө төгрөг шилжүүл, би ачаагаа авмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд П нь жолоочид хандан ачаагаа очоод буулгаж бай төлбөр тооцоог би араас нь хийнэ гэж хэлсэн, тэгээд би ачаагаа авсан” /хх 105-106/ гэж тус тус мэдүүлцгээжээ.

 

Эдгээр мэдүүлгүүдийг шинжлэн судалж үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 13-нд “W” ХХК 56-** УНО дугаартай Норд бенз автомашинд хүнд даацын 12 ш дугуйг 55.000 юаниар, Дорнод аймагт байх “Ш” ХХК ачаагаа 50-41 УНВ дугаартай Норд бенз автомашинд тээвэрлэж 55.000 юанийн хөлс төлсөн нь тус тус тогтоогдсон боловч эдгээр нь нэхэмжлэгч Ц.Тид төлөх хөлс байсан гэдгийг нотлоогүй буюу дээрх этгээдүүд тээвэрлэлтийн гэрээг нэхэмжлэгч Ц.Ттэй хийгээгүй, мөн энэхүү 55000 юань гэсэн хэмжээ нь зөвхөн эд хөрөнгө хөлслөх гэрээний тухайн үеийн ханш гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Энэ нь ачаа тээвэрлэсэн компаниуд тээврийн хөлсний заримыг  БНХАУ-ын Эрээн боомтод Хятад улс дахь банкны харилцах дансаар хийсэн буюу ийнхүү төлбөр гадаад улсад хийгдсэний дараа ачаа бараа Монгол Улсын Замын-Үүд боомтод нэвтэрч байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүд болон  “А” ХХК-ийн төлөөлөгч А-ээс гаргаж өгсөн /хх-ийн 90/, “Ш” ХХК-ны ачаа хариуцагч О.Б-аас гаргаж өгсөн /хх-ийн 110-111/ баримтуудаар нотлогдсон зэргээс үзэхэд дээрх 55000 юань нь нийт тээвэрлэлтийн зардлын үнэ байх бөгөөд энэ дүнгээс зохих хэсгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх байжээ.

 

                2. Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баас Ц.Тийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 09 дүгээр сарын 23-нд 7.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-нд 30.000.000 төгрөг, нийт 37.000.000 төгрөгийг 5378050829 данснаас “пүүжээ” гэсэн утгаар орлогоор шилжүүлсэн тухай баримт /хх 141-142/-ыг гаргаж өгсөн ба зохигчдын тайлбараар үүн дээр нэмж 18000000 төгрөгийг өгч хариуцагч Д.П нь нэхэмжлэгчид эд хөрөнгө хөлслөх гэрээний үнэд нийт 55000000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна.

 

                Зохигчид уг 55000000 төгрөгийн талаар нэхэмжлэгч Ц.Тийн хувьд 9 сард нийт 4 машинаар  4 удаа улс хооронд тээвэрлэлт хийж үүний 2 удаагийн буюу 35-** ӨМҮ, 57-** УБТ дугаартай тээврийн хэрэгслийг ашиглуулсны хөлсөнд авсан төлбөр гэж, харин хариуцагч Д.П нь 9 сард тээвэрлэлт хийсэн 4 машинд нийтэд нь төлсөн төлбөр гэж маргажээ.

 

                Дээрх баримтуудаар зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний үнийг тээврийн хэрэгсэл тус бүрээр төлж, энэ хэмжээгээр хөлсийг тохирсон гэж дүгнэх үндэслэлгүйн гадна  дээрх 55000000 төгрөгийг зөвхөн 35-** ӨМҮ дугаарын, 57-93 УБТ дугаарын тээврийн хэрэгслийн хөлсөнд төлсөн төлбөр гэж үзэх нөхцөл байдал мөн тогтоогдсонгүй.

 

                Тодруулбал хариуцагчаас төлбөр төлсөн цаг хугацааг авч үзвэл төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш төлсөн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт дурдсанаар болон гэрчүүдийн мэдүүлгээр 56-** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр,  50-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тээвэрлэлт хийгдсэн болох нь тогтоогдсон тул уг 55000000 төгрөгийг зөвхөн 35-** ӨМҮ, 57-** УБТ дугаартай тээврийн хэрэгслийг ашигласны төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

                Мөн хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд үнийн дүнгийн хувьд нийт 62000000 төгрөгийг төлсөн гэх боловч энэхүү тайлбараа нотлоогүй ба хэрэгт авагдсан  бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

                3. Хариуцагч Д.Паас гаргаж өгсөн БНХАУ-ын Эрээн боомтоос Улаанбаатар хот хүртэл ачаа тээвэрлэлтийн үнийн дээд хязгаарыг 10.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй тухай Замын-Үүд боомтын зөвлөл жолооч Ж.Н нарын хооронд байгуулсан “Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ” /хх 51-74/,  ачаа тээвэрлэлтийн үнийн хөөрөгдөл гаргуулахгүй байх тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ны 42 тоот “Албан шаардлага” зэрэг нь талуудын хооронд байгуулсан гэрээнд хамааралтай гэж үзэхээргүй байна.

               

                Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэх ба ингэхдээ талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.

 

                Хэрэгт авагдсан “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 1.2-т гэрээний зорилгыг КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа улс хоорондын ачаа тээврийн үнийн хөөрөгдлийг бууруулах,түүнд хяналт тавих  гэж тодорхойлж, 4.2.7-д БНХАУ-ын Эрээн боомтоос Улаанбаатар хот хүртэл ачаа тээвэрлэлтийн үнийн дээд хязгаарыг 10.000.000 /арван сая/ төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж тээвэрлэгчийн үүргийг заасан боловч энэхүү үнийн хязгаарлалт нь зөвхөн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид хамааралтай гэж үзэх үндэслэлгүй юм.

 

                Учир нь жолооч Ж.Н нэхэмжлэгч Ц.Ттэй тохиролцсоноор хөлсөөр ажиллаж байсан боловч тээвэрлэгч гэдэгт улс хоорондын ачаа тээвэрлэлт хийдэг жолоочоос гадна энд ачааг хүлээн авагч болон илгээгч улсуудын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанаас хамаарч тэдгээр нь тээвэрлэгчийн үүрэг хүлээх, мөн тээвэрлэлтийн гэрээний үнэ тогтоогддог байна.

 

                Иймээс Замын-Үүд боомтын зөвлөл жолооч Ж.Н нарын хооронд байгуулсан “Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ”-гээр Ц.Т, Д.П нарын хооронд байгуулагдсан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний үнийг тодорхойлох боломжгүй байх тул уг гэрээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлээгүй болно.   

 

                Дээрх бүгдийг дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Д.П нар нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар байгуулсан байх ба энд зааснаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ ашиглуулсны  хөлсийг шаардах эрхтэй, хариуцагч хөлсийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагчтай тохирсон гэх хөлсний хэмжээний талаарх тайлбараа нотолж чадаагүй тул хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хариуцагчаас төлсөн нийт 55000000 төгрөгөөр хариуцагчийг хөлс төлөх гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэв.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.2-т заасан зохигч, оролцогч мэтгэлцэх, нотлох дараалал ёсоор нэхэмжлэгч эхэлж нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү нотолж чадаагүй болно.

 

                Түүнчлэн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд флаш дискинд хуулбарласан бичлэгт үзлэг хийлгүүлэх, шүүх хуралдаанд шинжлэн судлах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаанд шинжлэн судалсан боловч шүүхийн энэхүү ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан “... үзлэг хийх...” , 51 дүгээр зүйлийн 51.2, 51.5-д заасан “ ... үзлэг ...хийх ...-д тэмдэглэл үйлдэнэ.” “Тэмдэглэлд ... ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ.” гэсэнд нийцээгүйгээс бичлэгт ямар мэдээлэл хадгалагдаж байсан, тэр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй болсон байна.

 

                Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь энэ талаар шүүхэд гаргасан хүсэлтдээ бичлэг нь өвөрмонгол Пт мөнгө өгсөн, цагдаагийн байгууллагын гадаа хийсэн бичлэг гэсэн байх ба нэхэмжлэгч талаас бичлэгээр хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдал тодруулах тогтоох зорилготойгоо тодорхой дурдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан энэ талаарх зохигчдын тайлбараас үзэхэд тэдний маргаж байгаа үйл баримт буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний үнэ болох хөлсний хэмжээг энэхүү бичлэг нотлох байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

                Улмаар анхан шатны шүүхийн үзлэг хийх журмыг зөрчсөн энэхүү алдаа нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хассан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний зөрчил биш байх тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

                Иймд эдгээр үндэслэлүүд, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баас гаргасан “... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын давж заалдсан гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгчээс гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2022/00230 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       А.САЙНТӨГС