Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/01035

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/01035

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХЗҮХ-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Х.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А,

Гэрч С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

...Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийн дагуу өөрийн шууд удирдлага дор ажилладаг зарим ажилтны албан үүргийн хэрэгжилтийн явцад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга нь төрийн албаны ТҮ-11 ангилалд багтах бөгөөд хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулж, санхүүгийн үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих үүрэг хүлээх ч санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг шалгах, нярав, нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт шууд оролцох, өөрөө материал бүрдүүлэлтэд оролцох эрх үүрэг байхгүй, энэ нь төрийн албаны ТҮ-8 ангиллын Ахлах нягтлан бодогчийн чиг үүрэгт хамаарч байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэн ба ийнхүү сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчлүүдийг гаргасан албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч нь ямар ч хариуцлага хүлээлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас гарсан.

2/ Хагас жилийн тайланг Хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрсөн тухайд: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Г нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилчдын тайланг цаг тухайд нь гүйцэтгүүлж авсан. Маргаан бүхий тушаалд дурдсан хагас жилийн тайлан нь санхүүгийн тайлан байх бөгөөд энэ тайланг гаргах нь Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээгээр үлээсэн үүрэгт үл хамаарна.

3/ Сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авсан тухайд: Т.Г нь танхим түрээсэлж, төлбөр багасгаж, хувийн дансандаа авсан нэг ч тохиолдол байхгүй бөгөөд энэхүү тушаалын агуулгад дурдсан зөрчлийг ХЗҮХгийн нярав гаргасан билээ.

Гэтэл тухайн ажилтын дур мэдэн хийсэн хэрэгт хяналт тавиагүй гэх үндэслэлээр  буруутгаж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцлага хүлээх ёстой этгээд буюу нягтлан нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ мөн өөрийн санаачилгаа цуцалж ажлаасаа гарсан байна.

Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үйл ажиллагааны чиглэл үл хамаарах, өөрийн хийгээгүй зөрчлүүдэд буруутгасан дээрх тушаалыг үндэслэлтэй гэж үзвэл сарын цалингаас тооцогдоод зогсохгүй хүрээлэнгийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэлтэй хугацаанд шагнал урамшуулалд хамрагдах боломжгүй болох, хувийн хэрэгт сахилгын шийтгэлтэй хэмээн тэмдэглэгдэх гэх зэргээр эрх зүйн байдлыг дордуулж байна. Дээр дурдсанчлан уг тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэн тул хуульд заасан хугацааны дотор ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээр дурдсан зөрчлүүд Т.Гыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байх тул ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаас татгалзаж байна. Үндсэн цалин тухайн үед 1,302,922 төгрөг байсан. Суутгасан цалин нь 5 хувь буюу 65,000 төгрөгийг гаргуулъя” гэв.

 

2.Хариуцагч ХЗҮХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Гтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.3-т “Гүйцэтгэх үндсэн үүрэг: Энэхүү гэрээний 1.1-д дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.” гэж заасан бөгөөд ажилтан нь мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар “Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биечлэн гүйцэтгэх”, 3.2.11-т “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан ЗУХ-ийн даргын албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг нарийн мөрдөж, ажиллах” үүргийг тус тус хүлээсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт батлагдсан.          

Уг албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтыг “Хүрээлэнгийн өдөр тутмын ажлыг хариуцан зохион байгуулах, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах арга хэмжээг авах” гэж тодорхойлсон бөгөөд тус зорилтын хүрээнд албан тушаалтны гүйцэтгэх чиг үүргийн 2-т “Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтын байдалд хууль тогтоомжийн дагуу хяналт тавих, зохион байгуулалт арга хэмжээ авсан байх”, 7-д “Төсвийн шууд захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд ... хяналт тавих”, 8-д “Байгууллагын санхүү, төсвийн тайланг хянах, хугацаанд нь гаргаж өгөх ажлыг зохион байгуулах”, 11-т “Бусад байгууллагатай байгуулах бүх төрлийн гэрээнд хяналт тавих”,  3 дугаар зорилтын хүрээнд албан тушаалтны гүйцэтгэх чиг үүргийн 5-т “Хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих” гэж тус тус тодорхойлсон.

Тус чиг үүргийг 3ахиргаа, удирдлагын хэлтсийн дарга хариуцан гүйцэтгэх, хянах хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд уг албан тушаалтны шууд харьяалан удирдуулах албан тушаалтанд ахлах нягтлан бодогч болон нярав багтдаг.

Т.Г нь түүний албан тушаалын тодорхойлолтод заасан дээрх чиг үүргийг нарийн мөрдөж, ажиллах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Улмаар хүрээлэнгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэлт туйлын хангалтгүй, хагас жилийн тайланг хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрч байгаа, сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан болохыг ХЗҮХгийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдож, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Дээрх илэрсэн зөрчлийг гаргахгүй байхад хяналт тавих, хариуцан гүйцэтгэх чиг үүрэгтэй албан тушаалтанд хариуцлага ногдуулж ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарсан болно. Маргаан бүхий тушаал гарах болсон үндэслэлийг дэлгэрүүлэн тайлбарлавал:

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ХЗҮХгийн 2017- 2020 оны үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийсэн.

Тус хяналт шалгалтаар төсөв, санхүүгийн чиглэлээр “...2019 оны I улирлын болон 06 дугаар сард төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэл хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт, 11 дүгээр сард тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, 6, 12 дугаар сард цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг хуулийн хугацаа хоцроон шивсэн, хагас жилийн тайлан оруулаагүй, 2020 онд 02, 10 дугаар сард төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт, 2, 3, 10 дугаар сард тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, 2, 10 дугаар сард цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг хугацаа хоцроосон байна...”, “...2017-2020 оны мөнгөн кассын орлогын ордер болон мөнгө хүссэн өргөдөлд захирал огт гарын үсэг зурдаггүй, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан...” зэрэг зөрчил гаргасан гэж дүгнэн хариуцсан ажилдаа хариуцлага алдсан удирдах албан тушаалтны хууль журам мөрдөөгүй, төсөв буруу захиран зарцуулсан асуудлыг нотлох баримтын хамт холбогдох байгууллагаар шалгуулах санал, зөвлөмжийг гаргасан.

Үүний дагуу ХЗҮХ-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/30 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны хяналт шалгалтын ажлын хэсгийн тэмдэглэл, тайланд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгасан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах, зөвлөмжид нэрлэгдсэн зөрчилд холбогдох албан хаагчдад ногдуулах хариуцлагын талаар үндэслэл бүхий саналын хамтаар танилцуулахыг даалгасан.

ХЗҮХ-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс ХЗҮХгийн сүүлийн 6 сард хийгдсэн санхүүгийн анхан шатны баримт бичигт үзлэг хийсэн. Үзлэгээр “...кассын анхан шатны баримт бичгийн бүрдүүлэлтийг үзэхэд зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зарлагын баримтад гарын үсэг зурагдаагүй зарлага хийдэг, тэмдэг дарж баталгаажуулаагүй зөрчил олон тоогоор давтагдаж байв. Мөн бэлэн мөнгөний гүйлгээний журам зөрчигддөг, түрээсийн гэрээний заалт зөрчин түрээсийн үнэлгээг дур мэдэн бууруулж танхим түрээслүүлсэн, түрээслэгчээс мөнгийг байгууллагын бус хувийн дансаар шилжүүлэн авсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн...” байна.

Илэрсэн зөрчилтэй холбоотойгоор ХЗҮХгийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2021 оны 10 дугаар сарын 14- ний өдөр “Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын мөрөөр ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал” гаргасан.

Уг саналд “Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул, кассын анхан шатны баримтуудыг зохих журмын дагуу бүрдүүлэх явдал нэн хангалтгүй байгаа нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу эдгээр ажил үүргийн гүйцэтгэхэд шууд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч Д.Дэлгэрмаа, нэгжийн шууд удирдах албан тушаалтан болох Т.Г нарын хариуцлагатай холбоотой гэж үзэж байна. Иймд ...Т.Гад цалингаас суутгах хэлбэрийн шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэсэн.

Дээрх ажлын хэсэгт нэхэмжлэгч Т.Г гишүүн байсан бөгөөд ажлын хэсгийн гаргасан саналд гарын үсэг зурсан. ХЗҮХгийн санхүүгийн үйл ажиллагаанд тус зөрчлүүд гарсан тухайд маргахгүй, хүлээн зөвшөөрсөн болох нь ажлын хэсгийн санал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхой байна.

Хөдөлмөрийн гэрээний 4.3-т “Энэхүү гэрээний 3.2.11-т заасан чиг үүргийг ...зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1,-т “Ажил олгогч... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ...сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” гэсний дагуу ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2,-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан тул дээрх маргаан бүхий тушаалын 1 дэх заалтаар нэг сарын үндсэн цалингаас 5 хувиар суутгах буюу бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.        

Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 29-т “сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Т.Гад ХЗҮХгийн захирлын 201 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/96 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын 1 дэх заалтаар “Тус хүрээлэнгийн Захиргаа, удирдлагын дарга Т.Г нь Захиргааны зөвлөлийн ээлжит хурлыг тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулах болон хүрээлэнгийн 2021 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн тайлагнах ажлыг хангахын тулд зохих нэгж, хэсгүүдээс ажлынх нь тайланг гаргуулан авч нэгтгэх талаар Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тус тус биелүүлээгүй эс үйлдлээр сахилгын зөрчил гаргасан тул түүнд сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл” ногдуулсан байсан.

ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19- ний өдрийн Б/132 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг түүний гаргасан зөрчил, гэм бурууг харгалзан нэг сарын үндсэн цалингаас 5 хүртэл хувиар бууруулахаар тогтоосон нь Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан 1 дэх зорилтын хүрээнд гүйцэтгэх 2, 7, 8, 11, 3 дахь зорилтын хүрээнд гүйцэтгэх 5-т заасан чиг үүрэгт хяналт тавих, хариуцан гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж үзэхээр байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэв.

 

   3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХЗҮХгийн 2021.10.19-ний өдрийн Б/132 дугаар захирлын тушаал, 2021.11.22-ны өдрийн итгэмжлэл, 2021.01.04-ний өдрийн 01/034 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2021.12.07-ны итгэмжлэл, 2021.12.14-ний өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020.10.02-ны өдрийн Б/51 дүгээр тушаал, 2019.01.17-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020.09.10-ны өдрийн А/158 дугаар тушаал, ХЗҮХгийн дүрэм, тушаалын хавсралт, ХЗҮХгийн Хөдөлмөрийн дотоод журам, ХЗҮХгийн захирлын 2021.09.03-ны өдрийн А/30 дугаар тушаал, 2021.10.14-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын мөрөөр “Ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал”, ХЗҮХгийн захирлын 201.06.25-ны өдрийн Б/96 дугаар тушаал, 2021.09.27-ны өдрийн ХЗҮХ ажлын хэсгийн хяналт шалгалтын тэмдэглэл, тайлан, 2021.09.27-ны өдрийн Санхүүгийн анхан шатны баримт бичгийн бүрдүүлэлтэд хийсэн шалгалтын тухай танилцуулга, албан тушаалын тодорхойлолт, ХЗҮХгийн захирлын 2021.09.30-ны өдрийн Б/123 дугаар тушаал, ХЗҮХгийн захирлын 2021.10.21-ны өдрийн Б/134 дугаар тушаал, ХЗҮХгийн захиргаа, удирдлагын хэлтсийн нярав Б.Бадамжав, ахлах нягтлан бодогч Д.Дэлгэрмаа нарын 2021 оны 1 сарын улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, ХЗҮХгийн захиргаа, удирдлагын ахлах нягтлан бодогч Д.Дэлгэрмаагийн 2021 оны 1 сарын гүйцэтгэлийн тайлан, ХЗҮХгийн захирлын 2021.03.19-ний өдрийн Б/040 дугаар захирлын тушаал, 2021.09.08-ны ХЗҮХгийн үүрэг даалгавар өгсөн тухай хурлын тэмдэглэл, Тоаст мастер монголиа тооцооны баримт, Нярав Б.Бадамжавын тайлбар, Б.Бадамжавын тайлбар, ХЗҮХгийн нярав Б.Бадамжавын сейфэнд байгаа бэлэн мөнгийг тоолж авах ажлын хэсэг, 2021 оны хасаг жилийн санхүүгийн тайлан гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчийн хүсэлтээр ХЗҮХгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тэмдэглэл, тайлан баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Т.Г нь ХЗҮХд холбогдуулан “ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаас татгалзаж, захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулахыг шаардлагын тухайд суутгасан цалин 65,000 төгрөг гаргуулах гэж тодруулжээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг шалгах, нярав, нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт шууд оролцох, өөрөө материал бүрдүүлэлтэд оролцох эрх үүрэг байхгүй.

...өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилчдын тайланг цаг тухайд нь гүйцэтгүүлж авсан, хагас жилийн тайлан нь санхүүгийн тайлан байх бөгөөд энэ тайланг гаргах нь Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт үл хамаарна.

Танхим түрээсэлж, төлбөр багасгаж, хувийн дансандаа авсан нэг ч тохиолдол байхгүй бөгөөд энэхүү тушаалын агуулгад дурдсан зөрчлийг ХЗҮХгийн нярав гаргасан билээ.

Гэтэл тухайн ажилтын дур мэдэн хийсэн хэрэгт хяналт тавиагүй гэх үндэслэлээр  буруутгаж сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.11-т заасан үүргийг хүлээсэн боловч албан тушаалын тодорхойлолтод үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.

Ажлын хэсгээс сүүлийн 6 сард хийгдсэн санхүүгийн анхан шатны баримт бичигт үзлэг хийж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан ажлын хэсгийн саналаар  санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул, кассын анхан шатны баримтуудыг зохих журмын дагуу бүрдүүлэх явдал нэн хангалтгүй байгаа нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нэгжийн шууд удирдах албан тушаалтан Т.Гад цалингаас суутгах шийтгэл ногдуулах санал гаргасан.

Ажлын хэсгийн гишүүн Т.Г дээрх саналд гарын үсэг зурсан, хяналт тавих, хариуцан гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон сахилгын арга хэмжээ авсан гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Т.Г нь ХЗҮХгийн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаанд ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалаар Т.Гад нэг сарын үндсэн цалингаас 5 хувиар суутгах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан ХЗҮХгийн захирлын 2021.10.19-ний өдрийн Б/132 дугаар тушаал, 2021.01.04-ний өдрийн №01/034 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

            ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалаар ХЗҮХгийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

            Ажил олгогч нь Т.Гад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ “...Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Г нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийн дагуу өөрийн шууд удирдлага дор ажилладаг зарим ажилтны албан үүргийн хэрэгжилтийн явцад хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс тус хүрээлэнгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэлт туйлын хангалтгүй, улмаар хагас жилийн тайланг хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрч байгаа, сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан тул нэг сарын үндсэн цалингаас 5 хувиар суутгах сахилгын шийтгэлийг ногдуулсугай” гэж дурджээ.

 

Түүнчлэн, ХЗҮХгийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Т.Гад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлийг заасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Гын хувьд уг сахилгын шийтгэл ногдуулсан талаар маргаагүй бөгөөд, уг тушаалд гомдол гаргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу шүүхэд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасантай нийцэх ёстой.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д “Сахилгын шийтгэлийг захирлын шийдвэр /тушаал/-ээр ногдуулж тухайн албан хаагчид энэ тухай мэдэгдэнэ” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т “Гүйцэтгэх үндсэн үүрэг: энэхүү гэрээний 1.1.-д дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ”, 3.2.2-т “Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биечлэн гүйцэтгэх”, 3.2.11-д Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан ЗХУ-ийн даргын албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг нарийн мөрдөж, ажиллах үүрэгтэй”, 4.3-т “Энэхүү гэрээний 3.2.11-д заасан чиг үүргийг 2 удаа хэрэгжүүлээгүй, зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус зохицуулжээ.

 

Албан тушаалын тодорхойлолтод хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг хариуцан зохион байгуулж, төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн үйл ажиллагаанд захиргааны хяналт тавьж, хүрээлэнгийн захиралд дэмжлэг үзүүлэх, Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтын байдалд хууль тогтоомжийн дагуу хяналт тавих, зохион байгуулалт арга хэмжээ авсан байх, Төсвийн шууд захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, Байгууллагын санхүү, төсвийн тайланг хянах, хугацаанд нь гаргаж өгөх ажлыг зохион байгуулах, Бусад байгууллагатай байгуулах бүх төрлийн гэрээнд хяналт тавих гэж тус тус тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолтод зааснаар Б.Галбадрах нь байгууллагын өдөр тутмын дотоод ажлыг хариуцан зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих, Байгууллагын санхүү, төсвийн тайланг хянах, хугацаанд нь гаргаж өгөх ажлыг зохион байгуулах, Бусад байгууллагатай байгуулах бүх төрлийн гэрээнд хяналт тавих үүргийг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Гад нэг сарын үндсэн цалингаас 5 хувиар суутгах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийн дагуу өөрийн шууд удирдлага дор ажилладаг зарим ажилтны албан үүргийн хэрэгжилтийн явцад хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс тус хүрээлэнгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэлт туйлын хангалтгүй, улмаар хагас жилийн тайланг хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрсөн байгаа, сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан талаар дурджээ.

 

            ХЗҮХгийн захирлын 2021 оны 09 дүгээр арын 03-ны өдрийн А/30 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн саналаар санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул, кассын анхан шатны баримтуудыг зохих журмын дагуу бүрдүүлэх ажиллагаа хангалтгүй байгаа тогтоогдож, нярав Б.Бадамжавын хувьд түрээсийн төлбөрийг дур мэдэн бууруулсан, түрээсийн мөнгийг хувийн дансаар шилжүүлсэн авсан зэрэг ноцтой зөрчлийг ирүүлсэн ба ажил үүргийг гүйцэтгэхэд шууд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч Д.Дэлгэрмаа, нэгжийн шууд удирдах албан тушаалтан Т.Г нарын хариуцлагатай холбоотой гэж үзэж Т.Гад сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

 

Уг ажлын хэсэгт Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Г гишүүнээр оролцож, тухайн саналд гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй.

 

Т.Г хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг хариуцан зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс нярав Б.Бадамжав сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг хувийн дансаар шилжүүлсэн авсан зөрчил гарсан ажлын хэсгийн санал болон ХЗҮХгийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг тэмдэглэлд сургалтын танхим түрээслэхэд шууд хяналт тавьж, хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг нэхэмжлэгч Т.Гын хувьд хүлээн зөвшөөрч байсан болох нь нотлогджээ. 

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Т.Г хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтод заасны дагуу хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдож байна.

 

Ажил олгогч нэхэмжлэгч Т.Гад ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийн дагуу өөрийн шууд удирдлага дор ажилладаг зарим ажилтны албан үүргийн хэрэгжилтийн явцад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх сахилгын зөрчлийг хуульд заасан хугацаанд илрүүлж, сахилгын хариуцлагыг хуульд заасан хугацаанд тооцжээ.

 

Т.Гыг зөрчил гаргасан үндэслэлээр түүнд сахилгын арга хэмжээ авсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн, хариуцагч ХЗҮХд холбогдуулан “Хууль зүйн үндэсний  хүрээлэнгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалин 65,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Б.Галбадрахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХЗҮХд холбогдох “ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалин 65,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Гад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС