Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01412

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01412

 

 

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01035 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХЗҮХ-д холбогдох,

ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1. Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийн дагуу өөрийн шууд удирдлага дор ажилладаг зарим ажилтны албан үүргийн хэрэгжилтийн явцад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга нь төрийн албаны ТҮ-11 ангилалд багтах бөгөөд хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулж, санхүүгийн үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих үүрэг хүлээх ч санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг шалгах, нярав, нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт шууд оролцох, өөрөө материал бүрдүүлэлтэд оролцох эрх үүрэг байхгүй, энэ нь төрийн албаны ТҮ-8 ангиллын ахлах нягтлан бодогчийн чиг үүрэгт хамаарч байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэн ба ийнхүү сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчлүүдийг гаргасан албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч нь ямар ч хариуцлага хүлээлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас гарсан.

2. Хагас жилийн тайланг хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрсөн тухайд: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Г- нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилчдын тайланг цаг тухайд нь гүйцэтгүүлж авсан. Маргаан бүхий тушаалд дурдсан хагас жилийн тайлан нь санхүүгийн тайлан байх бөгөөд энэ тайланг гаргах нь Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээгээр үлээсэн үүрэгт үл хамаарна.

3. Сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авсан тухайд: Т.Г- нь танхим түрээсэлж, төлбөр багасгаж, хувийн дансандаа авсан нэг ч тохиолдол байхгүй бөгөөд энэхүү тушаалын агуулгад дурдсан зөрчлийг ХЗҮХ-гийн нярав гаргасан.

Гэтэл тухайн ажилтын дур мэдэн хийсэн хэрэгт хяналт тавиагүй гэх үндэслэлээр буруутгаж сахилгын шийтгэл ногдуулжээ. Хариуцлага хүлээх ёстой этгээд буюу нягтлан нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ мөн өөрийн санаачилгаа цуцалж ажлаасаа гарсан.

Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үйл ажиллагааны чиглэл үл хамаарах, өөрийн хийгээгүй зөрчлүүдэд буруутгасан дээрх тушаалыг үндэслэлтэй гэж үзвэл сарын цалингаас тооцогдоод зогсохгүй хүрээлэнгийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэлтэй хугацаанд шагнал урамшуулалд хамрагдах боломжгүй болох, хувийн хэрэгт сахилгын шийтгэлтэй хэмээн тэмдэглэгдэх гэх зэргээр эрх зүйн байдлыг дордуулж байна. Дээр дурдсанчлан уг тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэн тул хуульд заасан хугацааны дотор ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээр дурдсан зөрчлүүд Т.Г-ыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байх тул ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаас татгалзаж байна. Үндсэн цалин тухайн үед 1,302,922 төгрөг байсан. Суутгасан цалин нь 5 хувь буюу 65,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

Т.Г- нь түүний албан тушаалын тодорхойлолтод заасан дээрх чиг үүргийг нарийн мөрдөж, ажиллах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Улмаар хүрээлэнгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэлт туйлын хангалтгүй, хагас жилийн тайланг хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрч байгаа, сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан болохыг ХЗҮХ-гийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдож, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Дээрх илэрсэн зөрчлийг гаргахгүй байхад хяналт тавих, хариуцан гүйцэтгэх чиг үүрэгтэй албан тушаалтанд хариуцлага ногдуулж ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ХЗҮХ-гийн 2017-2020 оны үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийсэн.

Тус хяналт шалгалтаар төсөв, санхүүгийн чиглэлээр ...2019 оны 1 дүгээр улирлын болон 06 дугаар сард төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэл хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт, 11 дүгээр сард тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, 6, 12 дугаар сард цалингийн зардлаас бусад 5,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг хуулийн хугацаа хоцроон шивсэн, хагас жилийн тайлан оруулаагүй, 2020 онд 02, 10 дугаар сард төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт, 2, 3, 10 дугаар сард тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, 2, 10 дугаар сард цалингийн зардлаас бусад 5,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг хугацаа хоцроосон байна. 2017-2020 оны мөнгөн кассын орлогын ордер болон мөнгө хүссэн өргөдөлд захирал огт гарын үсэг зурдаггүй, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан... зэрэг зөрчил гаргасан гэж дүгнэн хариуцсан ажилдаа хариуцлага алдсан удирдах албан тушаалтны хууль журам мөрдөөгүй, төсөв буруу захиран зарцуулсан асуудлыг нотлох баримтын хамт холбогдох байгууллагаар шалгуулах санал, зөвлөмжийг гаргасан.

Үүний дагуу ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/30 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны хяналт шалгалтын ажлын хэсгийн тэмдэглэл, тайланд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгасан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах, зөвлөмжид нэрлэгдсэн зөрчилд холбогдох албан хаагчдад ногдуулах хариуцлагын талаар үндэслэл бүхий саналын хамтаар танилцуулахыг даалгасан.

ХЗҮХ-гийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс ХЗҮХ-гийн сүүлийн 6 сард хийгдсэн санхүүгийн анхан шатны баримт бичигт үзлэг хийсэн. Үзлэгээр ...кассын анхан шатны баримт бичгийн бүрдүүлэлтийг үзэхэд зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зарлагын баримтад гарын үсэг зурагдаагүй зарлага хийдэг, тэмдэг дарж баталгаажуулаагүй зөрчил олон тоогоор давтагдаж байв. Мөн бэлэн мөнгөний гүйлгээний журам зөрчигддөг, түрээсийн гэрээний заалт зөрчин түрээсийн үнэлгээг дур мэдэн бууруулж танхим түрээслүүлсэн, түрээслэгчээс мөнгийг байгууллагын бус хувийн дансаар шилжүүлэн авсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн.

Илэрсэн зөрчилтэй холбоотойгоор ХЗҮХ-гийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын мөрөөр ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал гаргасан.

Уг саналд Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул, кассын анхан шатны баримтуудыг зохих журмын дагуу бүрдүүлэх явдал нэн хангалтгүй байгаа нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу эдгээр ажил үүргийн гүйцэтгэхэд шууд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч Д.Дэлгэрмаа, нэгжийн шууд удирдах албан тушаалтан болох Т.Г- нарын хариуцлагатай холбоотой гэж үзэж байна. Иймд Т.Г-ад цалингаас суутгах хэлбэрийн шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Дээрх ажлын хэсэгт нэхэмжлэгч Т.Г- гишүүн байсан бөгөөд ажлын хэсгийн гаргасан саналд гарын үсэг зурсан. ХЗҮХ-гийн санхүүгийн үйл ажиллагаанд тус зөрчлүүд гарсан тухайд маргахгүй, хүлээн зөвшөөрсөн болох нь ажлын хэсгийн санал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхой байна.

Хөдөлмөрийн гэрээний 4.3-т энэхүү гэрээний 3.2.11-т заасан чиг үүргийг ...зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан тул дээрх маргаан бүхий тушаалын 1 дэх заалтаар нэг сарын үндсэн цалингаас 5 хувиар суутгах буюу бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг түүний гаргасан зөрчил, гэм бурууг харгалзан нэг сарын үндсэн цалингаас 5 хүртэл хувиар бууруулахаар тогтоосон нь Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан 1 дэх зорилтын хүрээнд гүйцэтгэх 2, 7, 8, 11, 3 дахь зорилтын хүрээнд гүйцэтгэх 5-т заасан чиг үүрэгт хяналт тавих, хариуцан гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж үзэхээр байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХЗҮХ-д холбогдох ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалин 65,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Галбадрахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Галбадрах нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Галбадрахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс зөрчил гарсан гэж дүгнэж байгаа нь үндсэн зөрчил нь нэхэмжлэгч этгээдийн үйлдэл биш болохыг тогтоож байна. Сургалтын танхим түрээслэхэд шууд хяналт тавьж, хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг нэхэмжлэгч Т.Г-ын хувьд хүлээн зөвшөөрсөн удаа байхгүй. Үүнийг нотолж байгаа гэх нэхэмжлэгчийн гарын үсэгтэй тэмдэглэл нь хэзээ үйлдэгдсэн нь шүүхээр бүрэн тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч тэмдэглэлд гарын үсэг зурахдаа өөрт нь сахилгын шийтгэл оногдуулахыг зөвшөөрч зураагүй гэдгийг шүүх хуралдааны явцад төлөөлөгч илэрхийлсээр байсан.

Гэтэл шүүхээс ...хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс ... зөрчил гарсан, ...сургалтын танхим түрээслэхэд шууд хяналт тавьж, хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг нэхэмжлэгч Т.Г-ын хувьд хүлээн зөвшөөрч байсан... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад зааснаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга нь төрийн албаны ТҮ-11 ангилалд багтах бөгөөд хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулж, санхүүгийн үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих үүрэг хүлээх ч санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг шалгах, нярав, нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт шууд оролцох, өөрөө материал бүрдүүлэлтэд оролцох эрх үүрэг байхгүй, энэ нь төрийн албаны ТҮ-8 ангиллын ахлах нягтлан бодогчийн чиг үүрэгт хамаарч байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэн ба ийнхүү сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчлүүдийг гаргасан албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч нь ямар ч хариуцлага хүлээлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас гарсан.

Мөн хагас жилийн тайланг хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрсөн тухайд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Г- нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилчдын ажлын тайланг цаг тухайд нь гүйцэтгүүлж авсан. Маргаан бүхий тушаалд дурдсан хагас жилийн тайлан нь санхүүгийн тайлан байх бөгөөд энэ тайланг гаргах нь Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт үл хамаарахгүй болно.

Түүнчлэн, сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж түрээсийн мөнгийг бууруулсан, түрээслэгчийн мөнгийг өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авсан үйлдэл байхгүй бөгөөд Т.Г- нь танхим түрээсэлж, төлбөр багасгаж, хувийн дансандаа авсан нэг ч тохиолдол байхгүй бөгөөд энэхүү тушаалын агуулгад дурдсан зөрчлийг ХЗҮХ-гийн нярав гаргасан. Гэтэл тухайн ажилтны дур мэдэн хийсэн хэрэгт хяналт тавиагүй гэх үндэслэлээр буруутгаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж шийдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн гэрээ болон ХЗҮХ-гийн дүрэм, журам, төрийн албаны зөвлөлийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт албан тушаалын чиг үүргийг заасан байгаа бөгөөд Т.Г- нь өөрийн өнөөдөр хийгээгүй чиг үүрэг, удирдах нэр бүхий 2 албан тушаалтны гаргасан зөрчил, өөрөө хяналт тавиагүй эдгээр зөрчлүүд нь ажлын хэсгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Г- нь ХЗҮХ-гийн удирдлагын хэлтсийн даргын үйл ажиллагааны чиглэлд үл хамаарах, өөрийн хийгээгүй зөрчлүүдэд үндэслэлгүйгээр буруутгагдсан гэж үзэж ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, шийтгэлийн улмаас суутгасан цалин 65,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч ХЗҮХ- нь нэхэмжлэгч Т.Г-ыг хөдөлмөрийн гэрээний болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хариуцсан ажилтнууддаа хяналт тавих үүргээ биелүүлээгүй тул гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын арга хэмжээ авсан гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Г- нь хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасанчлан байгууллагын өдөр тутмын дотоод ажлыг хариуцан зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагын санхүү, төсвийн тайланг хянах, хугацаанд гаргаж өгөх ажлыг зохион байгуулах, бусад байгууллагатай байгуулах бүх төрлийн гэрээнд хяналт тавих үүргийг хүлээсэн байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Т.Г- ажил үүргийн дагуу өөрийн шууд удирдлага дор ажилладаг нярав, нягтлан бодогчийн ажил үүргийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс тус хүрээлэнгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэлт хангалтгүй, улмаар хагас жилийн тайланг хугацаанд нь гаргалгүй 3 сар өнгөрсөн, сургалтын танхимыг бусдад түрээслэхдээ холбогдох журам зөрчин дур мэдэж, түрээсийн мөнгийг бууруулсан, нярав түрээсийн хөлсийг хувийн дансаараа шилжүүлэн авсан зэрэг зөрчлүүд гаргасан нь 2021 оны 06 сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 сарын 02-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ХЗҮХ-гийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тэмдэглэл, тайлан, ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/30 тоот ажлын хэсэг байгуулах тухай тушаал, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын мөрөөр ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал, ХЗҮХ-гийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/034 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХЗҮХ-гийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Г-ад ХЗҮХ-гийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/132 тоот тушаалаар ногдуулсан нэг сарын үндсэн цалингийн 5 хувиар суутгах тухай сахилгын шийтгэл нь түүний гаргасан дээрх зөрчилд тохирсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Т.Г-ын давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ