Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/01036

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э-А” ХХК

 

Хариуцагч: Ц.Н нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 79,778,168.77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагч “Эрүүл агаар” ХХК-ийн төлөөлөгч П.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

/Хариуцагч Ц.Нын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №ЗГ1201/181130 тоот “Зээлийн гэрээ” болон №ЗБГ1201/181130, №ЗБГ/1201/181204 тоот “Зээлийн барьцааны гэрээ” зэргийг “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулж 65,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.90 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар удаа дараа түүнд мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Зээлдэгч “Эрүүл-Агаар ХХК нь үндсэн зээлээс төлөгдсөн дүн 9,028,037.48 төгрөг, хүүнээс төлөгдсөн дүн 15,986,970.83 төгрөг нийт 25,015,008.31 төгрөгийг төлсөн байна.

Хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд: Үндсэн зээл 55,971,962.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 22,963,996.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 819,209.35 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 23,000 төгрөг.

Хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нараас талуудын хооронд байгуулагдсан №ЗГ1201/181130 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд нийт 79,778,168.77 төгрөгийг, худалдаа хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗБГ1201/181130, №ЗБГ/1201/181204 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан.

1.Ү-1423000122 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг Харзтай суурин, 5-р хэсэг, 1-р гудамж 4 тоот 48 м.кв, 64 м.кв мансардтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.Г-1423000509 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг Харзтай суурин, 5-р хэсэг, 1-р гудамж 4 тоот нэгж талбарын дугаар 18696307335409 гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар,

3.Ү-1423000286 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Өгөөмөр харзтай суурин 5-р хэсэг 1-р гудамж, 4 тоот 51 м.кв талбай бүхий амрагчийн сууцны зориулалттай,

4.Ү-1423000287 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Өгөөмөр харзтай суурин 5-р хэсэг 1-р гудамж, 4 тоот 51 м.кв талбай бүхий амрагчийн сууцны зориулалттай хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байхаар шүүгчийн захирамжид тусгуулах гэв.

 

2.Хариуцагч “Э-А” ХХК-ийн төлөөлөгч П.Золбоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь сувиллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бизнесийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон тул Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №1201/1811130 тоот Зээлийн гэрээ болон №ЗБГ/1201/181204 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж 65,000,000 төгрөгийг сарын 1.90 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Дээрх зээлийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд эргэн төлөлтөөс үндсэн зээлэнд 9,028,037 төгрөг, хүүгийн төлбөрт 15,986,970 төгрөг буюу нийт 25,015,008 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан билээ. Гэвч 2020 оны намраас буюу Ковид-19 өвчний улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд сувиллын үйл ажиллагаа явагдаагүй, орлогогүй болж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн.

Гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах бөгөөд зээл болон хүүгийн төлбөрт дээрх хугацаанд нийт 108,348,210 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

Ковид-19 өвчний улмаас орлогогүй болж үйл ажиллагаа зогсоход манай компани нь банкинд хандан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх талаар хүсэлт өгч байсан бөгөөд хүсэлтийн дагуу хойшлуулсан, эсхүл хойшлуулаагүй талаар бичгээр хариу өгөөгүй тул бид банкны зүгээс эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж байна гэж ойлгосон.

Цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тавьж хүнсний салбараас бусад олон бизнес дампуурч алдагдал хүлээж банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, зээлдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг банк мэдсээр байж ийнхүү тасалдсан хугацааны төлөлтийг хийгээгүй үндэслэлээр гэрээг цуцалж байгаад гомдолтой байна.

Бүх нийтийн хөл хорионы улмаас төлж чадаагүй 20 сарын хугацааны төлбөл зохих төлбөр нь 40 орчим сая төгрөг төгрөг байна. Дээрх төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу бүх нийтийн хөл хорио тавьснаас үүдэн үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас банкны гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зээлээ хуваарийн дагуу сар бүр төлж дуусгах хүсэлтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-д “Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй” гээд 225.4.1-д “үүргийг ялимгүй зөрчсөн”, мөн 225.4.2-д энэ хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, миний бие бүх нийтийн хөл хорионоос өмнө болон хөл хорионоос хойш үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, зөвхөн хөл хорионы улмаас 20 сарын хугацааны төлөлтийг хийж чадаагүй байгаа нь зээлийн гэрээний 60 сарын хугацаатай харьцуулахад, мөн нийт эргэн төлөх төлөлтийн үнийн дүнтэй харьцуулахад үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна.

Мөн дээрх зээлийн төлбөр тасалдсан 20 сарын хугацааны төлөлтийг хойшлуулж өгөхийг хүссэн өргөдлийг банкинд өгсөөр байхад хариу өгөөгүй нь надад зөвшөөрсөн гэж ойлголтыг өгсөн тул өргөдөл өгснөөс хойших хугацааны хүүг болон алдангийг зөвшөөрөхгүй.

Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна. Учир нь банк дээрх тасалдсан хугацааг хойшлуулах боломжгүй талаарх хариугаа албан ёсоор өгсөн бол бидний зүгээс дээрх хугацааны төлбөрийг нөхөх байсан.

Иймд бид зээлээ хуваарийн дагуу төлж байгаа, тасалдсан 20 сарын хугацааны төлөлт нь үүргийг ялимгүй зөрчсөнөөс гадна хойшлуулж хүсэлтээ гаргасан, цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлээ гэрээгээр тохирсон хугацаанд нь хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Монголын Нотариатчидын танхимын мөнгөний тасалбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, 2021.11.17-ний өдрийн итгэмжлэл, 2018.12.04-ний өдрийн №ЗБГ1201/181204 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2018.11.30-ны өдрийн №ЗБГ1201/181130 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2018.11.30-ны өдрийн №ЗГ1201/181130 тоот Зээлийн гэрээ, Ү-1423000122 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-1423000509 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-1423000287 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-1423000286 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, №41-58933 барьцаалбар, №41-58932 барьцаалбар, №41-58991 барьцаалбар, 2021.07.24-ний 6/6202 мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрүүл-Агаар ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2021.02.08-ны 3/930 дугаартай итгэмжлэл, 201.11.24-ний5/10125 дугаартай итгэмжлэл, 2022.01.07-ны 5/151 итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.09.09-ны 6/8053 дугаартай албан бичиг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, хариу тайлбар, 2021.09.09-ний №20 дугаартай Эрүүл-Агаар ХХК-ийн албан бичиг, шуудан хүргүүлсэн талаарх баримт, 2021.07.08-ны Эрүүл-Агаар ХХК-ийн албан бичиг, шуудан хүргүүлсэн талаарх баримт, 2021.04.28-ны өдрийн Эрүүл-Агаар ХХК-ийн албан бичиг, шуудан хүргүүлсэн талаарх баримт, 2021.03.15-ны Эрүүл-Агаар ХХК-ийн албан бичиг, 2020.08.13-ны ЭХ/11 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах энгийн гэрээ, 2021.09.09-ний №20 дугаартай Эрүүл агаар ХХК-ийн албан бичиг гаргаж өгсөн.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь “Э-А” ХХК, Н.Ц нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 79,778,168.77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар удаа дараа түүнд мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Манай компани нь сувиллын үйл ажиллагаа явуулдаг, зээлийн эргэн төлөлтөөс нийт 25,015,008 төгрөгийг төлсөн.

Ковид-19 өвчний улмаас үйл ажиллагаа явагдаагүй, орлогогүй болж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн.

зээлдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг мэдсээр байж тасалдсан хугацааны төлөлтийг хийгээгүй үндэслэлээр гэрээг цуцалж байгаад гомдолтой байна.

зөвхөн хөл хорионы улмаас 20 сарын хугацааны төлөлтийг хийж чадаагүй, мөн нийт эргэн төлөх төлөлтийн үнийн дүнтэй харьцуулахад үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна.

зээлийн төлбөр хойшлуулж өгөхийг хүссэн өргөдлийг банканд өгсөөр байхад хариу өгөөгүй нь надад зөвшөөрсөн гэж ойлголтыг өгсөн тул өргөдөл өгснөөс хойших хугацааны хүүг болон алдангийг зөвшөөрөхгүй.

Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д заасан үзэх үндэслэл болно, зээлээ гэрээгээр тохирсон хугацаанд нь хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлтэй гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

“Улаанбаатар хотын банк” ХХК, хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №ЗГ1201/181130 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нар 65,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н.Цын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1423000286, Ү-1423000287 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоотод байршилтай, 51 м.кв, 51 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, Н.Цын өмчлөлийн Г-1423000509 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг 1 дүгээр гудамжны 4 тоотод байршилтай, нэгж талбарын 18696307335409 дугаар бүхий 5000 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Цын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1423000122  дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоотод байршилтай, 48 м.кв, 64 м.кв талбайтай, мансардтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ1201/1811130 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ЗБГ1201/181204 дугаар Зээлийн барьцааны гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №ЗБГ1201/181130 дугаар Зээлийн барьцааны гэрээ, Иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т тус тус заасны дагуу Улаанбаатар хотын банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг “ХХБ” ХХК-д шилжүүлэн нэгтгэснийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийг улсын бүртгэлээс хассан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6/8053 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд энэ талаар маргаагүй байна.

 

            2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ1201/181130 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗБГ1201/181130 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗБГ1201/181204 дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр “Улаанбаатар хотын банк” ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, “Э-А” ХХК, Н.Ц нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талууд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 65,000,000 төгрөгийг зээлдүүлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-иас хариуцагч “Э-А” ХХК-д шилжсэн болон зээлдүүлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоож, “ХХБ” ХХК-д нэгтгэсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ “Улаанбаатар хотын банк” ХХК буюу “ХХБ” ХХК биелүүлсэн учир зээлдэгч “Э-А” ХХК, Н.Ц нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 9,028,037.48 төгрөг, зээлийн хүүд 15,973,052 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,918.83 төгрөг, нийт 25,015,008.31 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд зохигч талууд төлөгдсөн үнийн дүнд маргаагүй.

 

Хариуцагч “Э-А” ХХК-ийн төлөөлөгч П.Золбоо нь нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, зээлийн төлөлт хийх хугацааг хойшлуулах хүсэлт өгөхөд хариу өгөөгүй нь зөвшөөрсөн гэж ойлголтыг өгсөн учир өргөдөл өгснөөс хойших хугацааны хүүг болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 4.2-т зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний зээлдэгч тал нь “Э-А” ХХК, Н.Ц нар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах боловч, хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “ХХБ” ХХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.-ийн 1, 8.2 дахь заалттай нийцжээ.

 

Хариуцагч нар нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, “ХХБ” ХХК нь зээлээ төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэл 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг нэг талын санаачилгаар өөрөө цуцалж, үүргийг шаардаж байх тул шүүх дахин цуцлах шаардлагагүй юм.

 

“ХХБ” ХХК нь “Э-А” ХХК, Н.Ц нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа зээлийн гэрээний 4.2-т заасан зээлийн төлбөрийг хугацаанд төлөх үүргийг зөрчсөн, 8.1-ийн 1-д заасан зээлийн төлбөр. Энэхүү гэрээний дагуу, зээлийн хуваарьт төлбөрийн хугацаанд зээлийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, түүнд бодогдох хүүг болон шимтгэл хураамжийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэгч талын гэрээг цуцалсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 629 хоног хэтрүүлж төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлийг заасан байх бөгөөд хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нар 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх бөгөөд уг үүргийн зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд нийт 108,348,210.38 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэх зээл, хүүгийн төлбөр 41,446,142.35 төгрөгийг нийт үүрэгтэй харьцуулахад 38 хувь байна. Энэ  тохиолдолд гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцжээ.

 

Үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй болохыг хуульд заасан бөгөөд хариуцагч нараас 2020 оны 02 дугаар сар хүртэл зээлийн төлбөрт 25,015,008.31 төгрөгийг “ХХБ” ХХК-д хариуцагчийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт тооцсон ба дээрх төлөлтийг хасаж тооцвол хариуцагчийн биелүүлээгүй үүргийн хэмжээ ялимгүй гэж үзэх үндэслэлгүй тул гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа нь урт хугацаатай үүргийн харилцаанд хамаарах гэрээ тул энэ төрлийн гэрээг цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулжээ.

 

Энэ зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болдог ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Түүнчлэн, урт хугацаатай гэрээг цуцлах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоох, үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй болохыг мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан. Нэхэмжлэгчийн зүгээс үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон, үүргээ гүйцэтгэхгүй бол гэрээг цуцлах талаар зээлдэгч нарт мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлж, гэрээнээс татгалзсан тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.

 

Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхтэй ба гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагч нарт мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож  байна.

 

Иймд хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нараас үндсэн зээлийн үлдэгдэл 55,971,962.52 төгрөг, зээлийн хүү 22,963,996.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 819,209.35 төгрөг, нийт 79,755,168.77 төгрөг /хувь тэнцүүлэн/-ийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нотариатын зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагч “Э-А” ХХК болон Н.Ц нараас нотариатын төлбөр 23,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000286 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000287 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000122 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 48 м.кв, 64 м.кв мансардтай, үйлчилгээний зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Г-1423000509 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18696307335409 дугаар бүхий  5,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Н.Цд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагч Н.Цын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нараас /хувь тэнцүүлэн/ 79,778,168.77 /далан есөн сая долоон зуун далан найман мянга нэг зуун жаран найман/ төгрөг, /далан долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, ”ХХБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000286 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000287 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000122 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 48 м.кв, 64 м.кв мансардтай, үйлчилгээний зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Г-1423000509 дугаарт бүртгэгдсэн Н.Цын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18696307335409 дугаар бүхий  5,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,040.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э-А” ХХК, Н.Ц нараас 627,040.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС