Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01413

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01413

 

 

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01036 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ЭА ХХК, Ц.Н- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 79,778,168.77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ЭА ХХК, Ц.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №ЗГ1201/181130 тоот зээлийн гэрээ, №ЗБГ1201/181130, №ЗБГ/1201/181204 тоот зээлийн барьцааны гэрээг УБХБ ХХК-тай байгуулж 65,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.90 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар удаа дараа түүнд мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Зээлдэгч ЭА ХХК нь үндсэн зээлээс төлөгдсөн дүн 9,028,037.48 төгрөг, хүүнээс төлөгдсөн дүн 15,986,970.83 төгрөг нийт 25,015,008.31 төгрөгийг төлсөн байна.

ЭА ХХК, Ц.Н- нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд, үндсэн зээл 55,971,962.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 22,963,996.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 819,209.35 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 23,000 төгрөг, нийт 79,778,168.77 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗБГ1201/181130, №ЗБГ/1201/181204 тоот зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан. Үүнд,

1.Ү-1423000122 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Харзтай суурин, 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж 4 тоот 48 м.кв, 64 м.кв мансардтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.Г-1423000509 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Харзтай суурин, 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж 4 тоот нэгж талбарын дугаар 18696307335409 гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар,

3.Ү-1423000286 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр харзтай суурин 5 дугаар хэсэг 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбай бүхий амрагчийн сууцны зориулалттай,

4.Ү-1423000287 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр харзтай суурин 5 дугаар хэсэг 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбай бүхий амрагчийн сууцны зориулалттай хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ЭА ХХК-ийн тайлбарын агуулга:

Манай компани нь сувиллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бизнесийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон тул худалдаа хөгжлийн банктай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №1201/1811130 тоот зээлийн гэрээ болон №ЗБГ/1201/181204 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж 65,000,000 төгрөгийг сарын 1.90 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Дээрх зээлийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд эргэн төлөлтөөс үндсэн зээлэнд 9,028,037 төгрөг, хүүгийн төлбөрт 15,986,970 төгрөг буюу нийт 25,015,008 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан. Гэвч 2020 оны намраас буюу Ковид-19 өвчний улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд сувиллын үйл ажиллагаа явагдаагүй, орлогогүй болж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах бөгөөд зээл болон хүүгийн төлбөрт дээрх хугацаанд нийт 108,348,210 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Ковид-19 өвчний улмаас орлогогүй болж үйл ажиллагаа зогсоход манай компани нь банкинд хандан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх талаар хүсэлт өгч байсан бөгөөд хүсэлтийн дагуу хойшлуулсан эсэх талаар бичгээр хариу өгөөгүй тул бид банкны зүгээс эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж байна гэж ойлгосон.

Бүх нийтийн хөл хорионы улмаас төлж чадаагүй 20 сарын хугацааны төлбөл зохих төлбөр нь 40,000,000 төгрөг байна. Дээрх төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу бүх нийтийн хөл хорио тавьснаас үүдэн үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас банкны гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зээлээ хуваарийн дагуу сар бүр төлж дуусгах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн, мөн 225.4.2-т энэ хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал гэж тус тус заажээ.

Мөн дээрх зээлийн төлбөр тасалдсан 20 сарын хугацааны төлөлтийг хойшлуулж өгөхийг хүссэн өргөдлийг банкинд өгсөөр байхад хариу өгөөгүй нь надад зөвшөөрсөн гэж ойлголтыг өгсөн тул өргөдөл өгснөөс хойших хугацааны хүүг болон алдангийг зөвшөөрөхгүй.

Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж үзэж байна. Учир нь банк дээрх тасалдсан хугацааг хойшлуулах боломжгүй талаарх хариугаа албан ёсоор өгсөн бол бидний зүгээс дээрх хугацааны төлбөрийг нөхөх байсан.

Иймд бид зээлээ хуваарийн дагуу төлж байгаа, тасалдсан 20 сарын хугацааны төлөлт нь үүргийг ялимгүй зөрчсөнөөс гадна хойшлуулж хүсэлтээ гаргасан, цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлээ гэрээгээр тохирсон хугацаанд нь хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Н- тайлбар гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ЭА ХХК, Ц.Н- нараас /хувь тэнцүүлэн/ 79,778,168.77 /далан есөн сая долоон зуун далан найман мянга нэг зуун жаран найман/ төгрөг, /далан долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, ХХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭА ХХК, Ц.Н- нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000286 дугаарт бүртгэгдсэн Ц.Н-ын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000287 дугаарт бүртгэгдсэн Ц.Н-ын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 51 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000122 дугаарт бүртгэгдсэн Ц.Н-ын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот 48 м.кв, 64 м.кв мансардтай, үйлчилгээний зориулалттай,

Эрхийн улсын бүртгэлийн Г-1423000509 дугаарт бүртгэгдсэн Ц.Н-ын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Харзтай суурин 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 4 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18696307335409 дугаар бүхий 5,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,040.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭА ХХК, Ц.Н- нараас 627,040.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Ц.Н- давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Бид дээрх зээлийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд эргэн төлөлтөөс үндсэн зээлэнд 9,028,037 төгрөг, хүүгийн төлбөрт 15,986,970 төгрөг буюу нийт 25,015,008 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан билээ. Гэвч 2020 оны намраас буюу “Ковид-19” өвчний улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд сувиллын үйл ажиллагаа явагдаагүй тул хугацаанд нь төлж чадаагүй.

Гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах бөгөөд зээл болон хүүгийн төлбөрт дээрх хугацаанд нийт 108,348,210 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл Ковид-19 өвчний улмаас компани орлогогүй болж үйл ажиллагаа зогсоход бидний зүгээс банканд хандан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх талаар хүсэлт өгч байсан бөгөөд хүсэлтийн дагуу хойшлуулсан, эсхүл хойшлуулаагүй талаар бичгээр хариу өгөөгүй тул бид банкны зүгээс эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан гэж ойлгосон тул үүнээс хойшхи хугацааны хүүг болон алдангийг зөвшөөрөхгүй.

Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэж үзэж байна. Учир нь банк дээрх тасалдсан хугацааг хойшлуулах боломжгүй талаарх хариугаа албан ёсоор өгсөн бол бидний зүгээс дээрх хугацааны төлбөрийг нөхөх байсан.

Гэтэл шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй, ЭА ХХК болон надаас 79,778,168.77 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд нь хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлттэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь, ЭА ХХК, Ц.Н- нараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийн хуваарийг зөрчсөн гэж үзэж, үндсэн зээлд 55,971,962.52 төгрөг, зээлийн хүүд 22,963,996.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 819,209.35 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан зардалд 23,000 төгрөг, нийт 79,778,168.77 төгрөгийг нэхэмжилж, гэрээний үүргийг барьцааны гэрээнд заагдсан хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагч нараас “Ковид-19 өвчний улмаас орлогогүй болж үйл ажиллагаа зогсоход банкинд хандан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх талаар хүсэлт өгч байсан бөгөөд хүсэлтийн дагуу хойшлуулсан эсэх талаар бичгээр хариу өгөөгүй тул, бид банкны зүгээс эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж байна гэж ойлгосон ба дээрх төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу бүх нийтийн хөл хорио тавьснаас үүдэн үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас банкны гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зээлээ хуваарийн дагуу сар бүр төлж дуусгах хүсэлтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсгийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. ЭА ХХК, Ц.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ1201/181130 тоот зээлийн гэрээ, ЗБГ1201/181130, ЗБГ/1201/181204 тоот зээлийн барьцааны гэрээг УБХБ ХХК-тай байгуулж 65,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.90 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан байх ба зээлдэгч ЭА ХХК нь үндсэн зээлд 9,028,037.48 төгрөг, хүүнд 15,986,970.83 төгрөг, нийт 25,015,008.31 төгрөгийг төлсөн тухайд маргаангүй байна.

 

5. Хариуцагч нараас банкинд хандан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх талаар хүсэлт өгч байсан бөгөөд хүсэлтийн дагуу хойшлуулсан эсэх талаар бичгээр хариу өгөөгүй гэх ба энэ талаар банкны зүгээс зээлийг заавал хойшлуулах үүрэггүй гэж үзэх ба ХХБ ХХК-аас гэрээний үүргээ шаардаж зээлээ төлөхийг сануулж 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл өгч байсан болох нь тогтоогдсон байна.

 

6. Хариуцагч нар нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, ХХБ ХХК-аас зээлээ төлөхийг сануулж 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлж байсан ч ямар нэгэн үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

7. Хариуцагч ЭА ХХК, Ц.Н- нар нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул уг зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

            8. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргасан байх тул тогтоох хэсгийн 1 дэх заалтанд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “452 дугаар зүйлийн 452.2” гэснийг “452 дугаар зүйлийн 452.1” гэж өөрчлөн, “хувь тэнцүүлэн” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,861 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ