Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2022/01118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: СЗХ

 

Хариуцагч: СЗХ-ны ажлын албанд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “1.5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал болох 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,877,184 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЗХны ажлын албаны дарга Т.Жамбаажамцын тушаалуудаар 2 удаа хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар Улсын дээд шүүхийн 2019.05.06-ны өдрийн №138 тогтоолоор шийдвэрлэсний дагуу СЗХны Ажлын албаны даргын 2019.07.30-ны өдрийн огноотой №191 тушаалаар эгүүлэн ажилдаа томилогдож ажиллаж байна.

2019 оноос доорх асуудлуудыг шийдвэрлүүлэхийг Ажлын албаны дарга Т.Жамбаажамцад удаа дараа хандахад Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас төсөв санхүү тааруу байгаа тул хүлээж бай, шийдэж өгнөө хэмээсээр өнөөдрийг хүрсэн. СЗХнд хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй тул өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар дамжуулан удаа дараа доорх асуудлуудыг хариуцагчаар шийдвэрлүүлэх гэтэл хариуцагч холбогдох ажиллагаануудад оролцдоггүй, албан ёсоор хариу ирүүлдэггүй байсан бөгөөд хамгийн сүүлдээ татгалзсан.

Шүүхийн шийдвэрээр 2019.08.07-нд ажилд томилогдож ажилласнаас хойш 2019 он дуустал ажилласан боловч 2019 оны тайлант жилд би ээлжийн амралтаа эдлээгүй. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралтаа эдлэх хүсэлтээ СЗХны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг нарт удаа дараа уламжилсан боловч ажлын ачаалал их байгаа тул амраах боломжгүй гэж тэд тайлбарладаг байсан бөгөөд өдийг хүртэл намайг нөхөж биеэр ч амралтыг маань эдлүүлээгүй, мөн холбогдох хуулийн дагуу мөнгөн урамшуулал надад олгохгүй, хохироож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4, 99.1, 110.1, 110.2-т зохицуулсан.

Улсын дээд шүүх ажилд эгүүлэн тогтоож, томилох шийдвэрийг 2019.05.06-ны өдрийн №138 тогтоолоор баталгаажуулж, СЗХны ажлын албаны дарга 2019 оны 08 дугаар сарын 07-наас эхлүүлэн СЗХны Ажлын албаны даргын 2019.07.30-ны өдрийн огноотой №191 тушаалыг үндэслэн ажиллуулж эхэлсэн.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад түүнийг биелүүлэхгүй, ажлын байран дээр ажиллуулахгүй байсан нийт 3 сарын хугацаанд би ажил, албан тушаалын цалингаа хөлсөө авч чадахгүй хохирсоор л байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч надад Улсын дээд шүүхийн №138 тогтоол гарсан 2019.05.06-ны өдрөөс хариуцагч ажилд эгүүлэн томилж 2019.08.07-нд ажиллуулах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,877,194.24 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой.

Иргэний тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.4.3, 9.4.9-т гэж зохицуулсан. Мөн Иргэний тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 гэж зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь миний 2019 оны тайлант жилд хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтыг маань эдлүүлээгүйгээс үүдэлтэй, мөн хариуцагчийн шүүхийн шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс надад учирсан хохирлыг минь өнөөдрийг хүртэл барагдуулаагүйгээс болж би өнөөдөр шүүхэд хандахад хүрч улмаар шүүх дээр өөрийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээх, учирсан хохирлоо барагдуулахын тулд зайлшгүй мэргэжлийн өмгөөлөгч хөлслөхөөс өөр арга зам надад байгаагүй.

2019 оны тайлант жилийн ээлжийн амралтаа би биеэр эдэлж чадаагүй учраас 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг нөхөж надад олгохыг СЗХны ажлын албанд даалгах. Өөрөөр хэлбэл 1.5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал болох 1,938,597 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж надад олгох, тус олговроос шимтгэл тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох.

Холбогдох хуулиудын зохицуулалтын дагуу ажил, албан тушаалд минь ажиллуулаагүй хугацаа буюу 2019.05.06-ны өдрөөс 2019.08.07-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацааны цалин хөлс болох 3,877,194 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж надад олгох, энэ хугацаанд харгалзах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус олговроос зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгч тусална уу.

Монгол улсын иргэн нь хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй болох нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т тус тус зохицуулагдсан байдаг.

Миний бие хууль, эрх зүйн чиглэлийн мэргэжил, мэдлэг чадвар байхгүй учир өөрийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо сэргээж, учирсан хохирлоо нөхөн барагдуулах буюу холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд уламжилж мэргэжлийн өмгөөлөгчөөр хууль ёсны эрх ашгаа төлөөлүүлж хамгаалуулахаас өөр арга надад байгаагүй. Өөрөөр хэлбэл өмгөөллийн хөлс нь нэхэмжлэгч надаас гарч байгаа бодитой зардал мөн бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг цаг тухай бүрт нь биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх эрхээр хангаж байсан бол би шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийгээ шийдвэрлүүлэхийн тулд бусдаас хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч авч, хөлс төлөх шаардлагагүй байсан.

Өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж, учирсан хохирлоо гаргуулж авахын тулд хөлсөлсөн өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгохыг шүүхэд даалгаж өгнө үү.

1,938,5971 төгрөг амралт эдлээгүй олговор, 3 сар ажиллуулаагүй цалин хөлс 3,877,194 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000, нийт 8,815,791 төгрөгийн олговрыг СЗХны ажлын албанаас гаргуулж, ээлжийн амралт эдлээгүй олговор, 3 сар ажиллуулаагүй цалингийн олговроос шимтгэл тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож өгнө үү.” гэв.

 

2.Хариуцагч СЗХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвацэрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хэрэг нь Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаар татаж буй СЗХны дарга Д.Баярсайхан нь нэхэмжлэгчтэй холбоотой аливаа шийдвэр гаргах чиг үүрэг хэрэгжүүлдэггүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад заасан асуудалтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул хариуцагч биш байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад дурдсанаас үзвэл СЗХны Ажлын албаны даргын 2018.05.04-ний өдрийн 76 дугаар тушаалтай холбоотой байх бөгөөд УИХ-ийн 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан “СЗХны дүрэм”-ийн 4.5, 4.5.4-т заасны дагуу СЗХны Ажлын албаны даргын эрхлэх асуудлын хүрээнд байна.

СЗХны албан хаагчид нь СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд нэхэмжлэгч Б.Т нь төрийн захиргааны албан тушаалтан юм.

Төрийн албан хаагчийн хөдөлмөртэй холбоотой гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн 45, 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу томилохгүй байгаа төрийн албан хаагчийн маргааныг төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх маргаан байна.

Мөн төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэсэн, шийдвэрлээгүйгээс үл хамаарч нэхэмжлэгчийг чөлөөлсөн СЗХны Ажлын албаны даргын 2018.05.04-ны өдрийн 76 дугаар тушаалыг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2019.05.06-ны өдрийн тогтоол гарснаас хойш хугацаанд томилохгүй байсан эс үйлдэхүйд гомдол гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3-т тус тус заасан зохицуулалтын Б.Тийг томилохгүй байсан үйлдэл болон ээлжийн амралт олгохгүй байсан гэсэн эс үйлдэхүйг хууль бус байсан уу үгүй юу гэдгийг тогтоосны үндсэн дээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой байна. Хууль зүйн хувьд ч Захиргааны байгууллагын албан тушаалтны захирамжилсан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу тус маргааны харьяалал нь захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гол агуулгыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасны дагуу өмгөөлөгчийн хөлс, ээлжийн амралтын олговрын асуудлыг асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

3.Хариуцагч СЗХны ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвацэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СЗХны албан хаагчид нь СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд нэхэмжлэгч Б.Т нь төрийн захиргааны албан тушаалтан юм.

Төрийн албан хаагчийн хөдөлмөртэй холбоотой гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн 45, 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу томилохгүй байсан хугацааны цалин хөлсний маргааныг төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх зохицуулалттай байх бөгөөд хэргийн материалаас үзвэл төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлээгүй байна.

Мөн төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэсэн, шийдвэрлээгүйгээс  үл хамаарч нэхэмжлэгчийг чөлөөлсөн СЗХны Ажлын албаны даргын 2018.05.04-ний өдрийн 76 дугаар тушаалыг шийдвэрлэсэн УДШ-ийн 2019.05.06-ны өдрийн тогтоол гарснаас хойш хугацаанд томилохгүй байсан эс үйлдэхүйд гомдол гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3-т тус тус заасан зохицуулалтын Б.Тийг томилохгүй байсан үйлдэл болон ээлжийн амралт олгохгүй байсан гэсэн эс үйлдэхүйг хууль бус байсан уу үгүй юу гэдгийг тогтоосны үндсэн дээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Хууль зүйн хувьд ч Захиргааны байгууллагын албан тушаалтны захирамжилсан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу тус маргааны харьяалал нь захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гол агуулгыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасны дагуу өмгөөлөгчийн хөлс, ээлжийн амралтын олговрын асуудлыг асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, эвлэрүүлэн зуучлалд улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, СЗХны Б.Тд хүргүүлсэн шуудан, СЗХны ээлжийн амралт олгох мэдэгдэл, Санхүүгийн зохицуулах ажлын албанд гаргасан өргөдөл, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх хуралдааны 2019.05.06-ны өдрийн 138 дугаар тогтоол, 2019.02.21-ний Г/19/017 эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Тгийн Хаан банкны дансны хуулга, Хас банкны төлбөрийн баримт, Б.Тгийн Голомт банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.21-ний өдрийн 182/ШЗ2021/05577 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.02-ны өдрийн 182/ШТ2021/00135 дугаар тогтоол гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас 2022.02.08-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018.08.28-ны өдрийн 182/ШШ2018/01630 дугаар шийдвэр, 2022.03.17-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар гаргаж өгсөн.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Т нь СЗХ, СЗХны ажлын албанд холбогдуулан “1.5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал болох 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,877,184 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Шүүхийн шийдвэрээр 2019.08.07-нд ажилд томилогдож ажилласнаас хойш 2019 он дуустал ажилласан боловч 2019 оны тайлант жилд би ээлжийн амралтаа эдлээгүй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад түүнийг биелүүлэхгүй, ажлын байранд ажиллуулахгүй байсан нийт 3 сарын хугацаанд ажил, албан тушаалын цалингаа хөлсөө авч чадахгүй хохирсон.

Иймд хариуцагч ажилд эгүүлэн томилж ажиллуулах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,877,194.24 төгрөгийг, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой.

Учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүйгээс болж шүүхэд хандахад хүрч улмаар шүүх дээр өөрийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээх, учирсан хохирлоо барагдуулахын тулд зайлшгүй мэргэжлийн өмгөөлөгч хөлслөхөөс өөр арга зам надад байгаагүй,

ээлжийн амралт эдлээгүй олговор, 3 сар ажиллуулаагүй цалингийн олговроос шимтгэл тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:

Тус хэрэг нь Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна. СЗХны дарга Д.Баярсайхан нь нэхэмжлэгчтэй холбоотой аливаа шийдвэр гаргах чиг үүрэг хэрэгжүүлдэггүй тул хариуцагч биш.

76 дугаар тушаалтай холбоотой байх бөгөөд Ажлын албаны даргын эрхлэх асуудлын хүрээнд байна.

Б.Т нь төрийн захиргааны албан тушаалтан, Төрийн албан хаагчийн хөдөлмөртэй холбоотой гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн 45, 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх маргаан байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтын дагуу Б.Тг томилохгүй байсан үйлдэл болон ээлжийн амралт олгохгүй байсан гэсэн эс үйлдэхүйг хууль бус байсан уу үгүй юу гэдгийг тогтоосны үндсэн дээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасны дагуу өмгөөлөгчийн хөлс, ээлжийн амралтын олговрын асуудлыг асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч СЗХны ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 тоот тушаалаар Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0141 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тгийн” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч дээрх магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 0747 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0141 дугаар магадлалыг өөрчилж, Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг СЗХны ажлын албаны даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна.

 

Шүүх Б.Тг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж, урьд эрхэлж байсан СЗХны Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба харин нэхэмжлэгч Б.Тгийн хүсэл зориг нь ажлаа үргэлжлүүлэн хийх биш, тодорхой хугацааны чөлөө авах хүсэлтэй байсан учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг СЗХны ажлын албаны даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн ба шүүхийн дээрх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Ажил олгогч СЗХны ажлын албаны дарга нь нэхэмжлэгч Б.Тг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр захирамжаар шүүхийн тогтоолыг биелүүлж, Б.Тг Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилсон болох нь СЗХны ажлын албаны даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тушаалаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшуулал, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахтай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, ердийн харьяаллын шүүхийн маргаанд хамаарахаар байна.

 

Учир нь нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах, хариуцагч нь захиргааны байгууллага хэдий ч захиргааны хэргийн шүүхээр ажилд эгүүлэн тогтоолгох маргааныг шийдвэрлүүлсэн байх ба нэхэмжлэгчийн хувьд дээрх захиргааны шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны цалин хөлс, урамшууллыг гаргуулах үр дагаврыг шаарджээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Тгийн хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэсний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Б.Тийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч СЗХны ажлын албанаас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд  заасан учир ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй гэх Б.Т мөнгөн урамшууллыг хариуцагч СЗХны ажлын албанаас шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан жил бүр хуульд заасан хугацаагаар амарч, энэхүү амралтаа биеэр эдлэхийг ээлжийн амралт гэх бөгөөд энэ хугацаанд ажил эрхлээгүй ч ажил олгогчоос ажилтанд олговор олгосноор алдагдсан эрч хүчээ нөхөх бодит боломжийг ажилтанд олгодог.

 

Хөдөлмөрийн /1999 оны/ тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т “ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж зохицуулжээ.

 

Ажилтанд олгох ээлжийн амралтын олговор нь ажиллаж байх үед авдаг цалин хөлстэй хамт олгогдохгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн ажилтанд мөн энэ хугацаанд хамаарах ээлжийн амралтын олговрыг давхардуулан олгох үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Т ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойших ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж заасан байх тул  ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Нэхэмжлэгч Б.Тг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 138 дугаар тогтоол гарсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш түүнийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй боловч тэрээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж шүүх гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлээ гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2021/05577 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Хөдөлмөрийн маргаан таслах байгууллага гэсэн ойлголтод хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүх хамаарахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан байх ба мөн хуулийн 129.1 дэх  хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд аль алинд нь хамааралтай байна.

 

Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан байхад нэхэмжлэгч Б.Т нь ажил олгогчийн ажилд томилох тухай тушаал гарснаас хойш буюу уг тушаалыг гардан авч ажлаа гүйцэтгэж эхэлснээс хойш 1 жил 10 сарын дараа шүүхэд хандсан нь гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

 

Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээн тогтоож болох боловч Б.Т нь 3 сарын дотор шүүхэд хандаж чадаагүй шалтгаан нь удирдах ажилтнууддаа шийдвэрлүүлэх өргөдөл, гомдол гаргаж байсан, төсөв, санхүү муу байна, түр хүлээж байгаач, эсхүл албан тушаалд дэвшүүлнэ гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй, уг байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд харьяаллын шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг, мөн хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан зэргийг ойлгох бөгөөд харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх  шалтгаанаар хэтрүүлснээ баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлах боловч баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь бусдаас хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх нь зохигчийн эрхийн асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн эрхийн дагуу эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авч “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн мөнгийг зайлшгүй гарах зардалд хамааруулан үзэх боломжгүй байх тул өмгөөлөгчийн зардалд 3,000,000 төгрөгийг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэгч Б.Тгийн “СЗХ, СЗХны ажлын албанд холбогдуулан “1.5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал болох 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,877,184 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч СЗХны ажлын албаны дарга нь СЗХны дүрмийн 4.5.4-т зааснаар ажлын албаны ажилтнуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилд томилох, чөлөөлөх, тэдгээрт цалин, урамшуулал олгох шийдвэр гаргах эрхтэй этгээд байх бөгөөд СЗХ буюу дарга Н.Баярсайхан, нэхэмжлэгч Б.Т нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх ба хариуцагч СЗХ /дарга Н.Баярсайхан/-ны хувьд хөдөлмөрийн харилцааны оролцогч буюу ажил олгогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Тгийн хариуцагч СЗХнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч СЗХ, СЗХны ажлын албанд холбогдох, “СЗХ, СЗХны ажлын албанд холбогдуулан “1.5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал болох 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,877,184 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС