Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01439

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01118 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С , С ны Ажлын алба нарт холбогдох, мөнгөн урамшуулал 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,877,194 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Т миний бие одоо С ны Зах зээлийн судалгаа хөгжлийн газар мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд С ны Ажлын албаны даргын тушаалаар 2 удаа хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 0000 тогтоол гарч С ны Ажлын албаны даргын 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 0000 тушаалаар эгүүлэн ажилдаа томилогдон ажиллаж байна. 2019 оноос доорх асуудлуудыг шийдвэрлүүлэхийг Ажлын албаны дарга Т.Ж ад удаа дараа хандахад Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас төсөв санхүү тааруу байгаа тул хүлээж бай, шийдэж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. С нд хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй тул өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар дамжуулан удаа дараа доорх асуудлуудыг хариуцагчаар шийдвэрлүүлэх гэтэл хариуцагч холбогдох ажиллагаанд оролцохгүй, хариу ирүүлэхгүй байсаар татгалзсан. Шүүхийн шийдвэрээр 2019 оны 08 сарын 07-ны өдөр ажилд томилогдож, 2019 он дуустал ажилласан боловч 2019 оны тайлант жилд ээлжийн амралтаа эдлээгүй. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралтаа эдлэх хүсэлтээ С ны Ажлын албаны дарга Т.Ж , Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б нарт удаа дараа уламжилсан боловч ажлын ачаалал их байгаа тул амраах боломжгүй гэж тайлбарласан бөгөөд өдийг хүртэл намайг нөхөж биеэр амралтыг маань эдлүүлээгүй. Мөн холбогдох хуулийн дагуу мөнгөн урамшуулал олгохгүй хохироож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4, 99 дүгээр зүйлийн 99.1, 110 дугаар зүйлийн 110.1, 110.2 дахь хэсэгт энэ талаар зохицуулсан. Улсын Дээд шүүх ажилд эгүүлэн тогтоож, томилох шийдвэрийг 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 0000 тогтоолоор баталгаажуулж, С ны ажлын албаны дарга 2019 оны 08 сарын 07-ны өдрөөс эхлүүлэн С ны Ажлын албаны даргын 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 0000 тушаалыг үндэслэн ажиллуулж эхэлсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад түүнийг биелүүлэхгүй, ажлын байранд ажиллуулахгүй байсаар нийт 3 сарын хугацаанд ажил, албан тушаалын цалин хөлсөө авч чадахгүй хохирсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус энэ талаар заасан. Иймд Улсын Дээд шүүхийн 0000 тогтоол гарсан 2019 оны 05 сарын 06-ны өдрөөс ажилд эгүүлэн томилж ажиллуулсан 2019 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,877,194 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой. Иргэний хуулийн 9 дүгээр зүйл 9.4.3, 9.4.9-д энэ талаар зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны тайлант жилд хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтыг эдлүүлээгүй, мөн шүүхийн шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул шүүхэд хандахад хүрч улмаар өөрийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээх, учирсан хохирлоо барагдуулахын тулд зайлшгүй мэргэжлийн өмгөөлөгч хөлслөхөөс өөр арга зам байгаагүй. 2019 оны тайлант жилийн ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй учраас 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг нөхөж олгохыг С ны Ажлын албанд даалгаж, тус олговроос шимтгэл тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож өгнө үү. Иймд мөнгөн урамшуулал 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,877,194 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Хариуцагчаар татагдсан С ны дарга Д.Б нь нэхэмжлэгчтэй холбоотой аливаа шийдвэр гаргах чиг үүрэг хэрэгжүүлдэггүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад заасан асуудалтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул хариуцагч биш байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад дурдсанаас үзвэл С ны Ажлын албаны даргын 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалтай холбоотой байх бөгөөд Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан С ны дүрмийн 4.5, 4.5.4-т заасны дагуу С ны Ажлын албаны даргын эрхлэх асуудлын хүрээнд байна. С ны албан хаагчид нь С ны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд нэхэмжлэгч Б.Т нь төрийн захиргааны албан тушаалтан юм. Төрийн албан хаагчийн хөдөлмөртэй холбоотой гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн 45, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу томилохгүй байгаа төрийн албан хаагчийн маргааныг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх маргаан байна. Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэсэн, шийдвэрлээгүйгээс үл хамаарч нэхэмжлэгчийг чөлөөлсөн С ны Ажлын албаны даргын 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 сарын 06-ны өдрийн тогтоол гарснаас хойшхи хугацаанд томилохгүй байсан эс үйлдэхүйд гомдол гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтын дагуу Б.Т г томилохгүй байсан үйлдэл болон ээлжийн амралт олгохгүй байсан гэх эс үйлдэхүйг хууль бус байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хууль зүйн хувьд захиргааны байгууллагын албан тушаалтны захирамжилсан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С , С ны Ажлын албанд холбогдох, 1.5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал болох 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,877,184 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Т гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.а. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаар удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлэж өгөхийг хүсэхэд С ны Ажлын албаны дарга ...чиний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулж, зөрчиж, чамайг яагаад ч хохироохгүй, хэрвээ хууль зөрчвөл Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 106 дугаар зүйлд зохицуулсны дагуу би өөрөө ажлаас халагдах учраас ямар ч байсан чиний эдгээр шаардлагуудыг биелүүлж өгнө... гэж удаа дараа хойшлуулж ирснийг анхан шатны шүүх Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан байхад нэхэмжлэгч Б. Тэмүүжин нь ажил олгогчийн ажилд томилох тухай тушаал гарснаас хойш буюу уг тушаалыг гардан авч ажлаа гүйцэтгэж эхэлснээс хойш 1 жил 10 сарын дараа шүүхэд хандсан нь гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гомдол, тайлбаруудад үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй.

4.б. Шүүх ...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээн тогтоож болох боловч Б.Т нь 3 сарын дотор шүүхэд хандаж чадаагүй шалтгаан нь удирдах ажилтнууддаа шийдвэрлүүлэх өргөдөл, гомдол гаргаж байсан, төсөв санхүү муу байна, түр хүлээж байгаач, эсхүл албан тушаалд дэвшүүлнэ гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй, уг байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд харьяаллын шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй... гэж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан С ны Ажлын албаны даргад 2019 оны 12 сард гаргасан өргөдөлд ...Б.Т миний 2019 ээлжийн амралтыг эдлүүлээгүй байгаа тул мөнгөн олговор олгож өгнө үү, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин олговор, урамшууллыг маань нөхөн олгож өгнө үү гэж дурдагдсан. Мөн удаа дараа нэхэмжлэлд дурдагдсан гомдлын асуудлаар ажил олгогчид өргөдөл, гомдол, хүсэлт гаргахад ...шийдвэрлэж өгнө, түр хойшлуулчаач, хүлээж байгаач, КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай давхцаад төсөв санхүү хэцүү байна манай урсгал дансыг сангийн яаман дээр хаацан байгаа... гэх зэргээр асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хойшлуулсаар байгаад шүүхэд гомдол гаргахын өмнө тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрлэх ажиллагаа хийлгэхэд хариуцагчийн зүгээс ...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлнэ... гэж сонсох хүртэл эрхээ зөрчигдсөнийг мэдээгүй явж ирсэн. Эдгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд ...удирдах ажилтнууддаа шийдвэрлүүлэх өргөдөл, гомдол гаргаж байсан, төсөв санхүү муу байна, түр хүлээж байгаач, эсхүл албан тушаалд дэвшүүлнэ гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй, уг байдал нь нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд харьяаллын шүүхэд гаргаагүй гэх шүүхийн үндэслэлийг няцааж байгаа юм.

4.в. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 219.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 219.3 дахь хэсэгт Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно" гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан. С ны ажлын албаны дарга нь нэхэмжлэгчийн хэвийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн хуулийн дагуу нийгмийн баталгааг маань чөлөөтэй эдлүүлж, цалин хөлсөө авч, ээлжийн амралтаа эдлэх боломж өгч ажлуулж, Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийн дагуу шийдвэрлэх олон боломжууд байсаар атал урьдын адил өш хонзонгийн сэдлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олголгүй, үндэслэлгүйгээр ээлжийн амралтын олговрыг олгоогүйд туйлын гомдолтой явдаг.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа зарим үндэслэлгүй мэдээлэл гаргасан. Байнга таны асуудлыг шийднэ гэсэн зүйл яригдаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс С нд ажилд эгүүлэн томилсонтой холбоотойгоор Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ гэх агуулгаар гомдол гаргаж байгаа боловч давж заалдах гомдол гаргасны дараа нэмж тайлбар өгөхдөө Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлүүдийг зааж өгсөн нь 2 салаа утгатай гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл, нэмж гаргасан тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Гэтэл сонсох ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны шийдвэр гаргах буюу захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, гэрээтэй холбоотой захиргааны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжтой. Захиргааны албан тушаалтан захиргааны акт гаргахдаа энэ ажиллагаануудыг хийсэнгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. С хоёр сар хагасын дараа томилсноос болоод хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа учраас шүүхэд гомдол гаргахтай холбоотойгоор өмгөөлөгч хөлсөлж 3,000,000 төгрөгийн зардал гаргасан тухай тайлбар гаргасан. Өмнөх хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд өмгөөлөгч хөлсөлсөнтэй холбоотой зардал гэж 2 төрлөөр тайлбарладаг. Шүүхэд өөр, өөр байдлаар тодорхойлж байгаа болохоор гомдол үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С , С ны Ажлын албанд холбогдуулан мөнгөн урамшуулал 1,938,597 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,877,194 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 8,815,791 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2019 онд ээлжийн амралтаа биечлэн эдлээгүй, амралтыг нөхөн эдлүүлээгүй, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2019 оны 05 сарын 06-ны өдөр гарсан байтал ажил олгогч 2019 оны 07 сарын 30-ны өдөр ажилд томилсон тушаал гаргасан, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авсан... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч татгалзлын үндэслэлээ ...тус маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3.   Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүйтэй холбоотой мөнгөн урамшуулал, ажилгүй байсан хугацааны олговрын талаарх маргаан нь хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаан тул Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Энэ талаарх хариуцагч талын тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

4.   Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 79 дүгээр зүйлийн 79.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажилтан ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүйтэй холбоотой мөнгөн урамшуулал, мөн ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй боловч уг шаардлагаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан байх учиртай.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх гурван сарын хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Тодруулбал:

4.а. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Т г С ны Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний /хх 15-17/ дагуу С ны Ажлын албаны даргын 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 191 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Т г Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр томилсон байна. /хх 11/

Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой шаардлагыг нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацааны дотор буюу 2019 оны 10 сарын 30-ны өдөр гаргах ёстой байжээ.

4.б. Нэхэмжлэгч нь 2019 онд ээлжийн амралтаа эдэлж чадаагүйтэй холбоотой мөнгөн урамшуулал шаардаж байгаа тохиолдолд өмнө дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 03 сарын 31-ний өдрийн дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай.

4.в. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох шаардлагыг 2021 оны 10 сарын 18-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд /хх 7, 8-9/, 2022 оны 01 сарын 18-ны өдөр шүүхэд /хх 1-4/ тус тус гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх гурван сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

4.г. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан ...ажлын албаны даргад мөнгөн урамшуулал, ажилгүй байсан хугацааны олговрын асуудлаар удаа дараа хандаж, шаардаж байсан... гэх нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүйгээс гадна ажилтны дээрх шаардлагыг ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн хариу өгч байсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

5.   Өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Т гээс өмгөөлөгчид нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны төлбөрийн баримт, Голомт банк дахь дансны хуулга зэргээр нотлогдож байх боловч хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамааралтай, мөн өмгөөллийн үйлчилгээний үнийн дүнг үйлчлүүлэгч, өмгөөлөгч нар харилцан тохиролцон тогтоож байгаа тохиолдолд уг зардлыг бодит зардал гэж үзэх боломжгүй, улмаар холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР