Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 888

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00690 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч М.Тулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/204 тоот шийдвэртэй нэгж талбарын 178026/0061 дугаар бүхий орон сууцны зориулалттай 5 000 м.кв га газрыг манай компани эзэмшдэг. Гэтэл “М” ХХК нь зөвшөөрөлгүй, дур мэдэн манай эзэмшлийн газарт дулааны шугам, худаг татаж байрлуулсан тул дулааны шугам, худгийг нүүлгэж, манай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Буянт ухаа спорт ордны баруун талд байрлах, нэгж талбарын 178026/0061 дугаарт бүртгэгдсэн, 000305783 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 5 000 м.кв талбай бүхий газрыг хариуцагч “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Тус шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг “2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 09:30 минутад эхэлнэ, мягмар гаригт болно” гэж зөрүүтэй мэдэгдсэнээс болж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, мөн шаардлагатай нотлох баримтууд гарган өгч чадаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжилж буй зүйл нь зохих шатны байгууллагаас зөвшөөрөл авсан хууль ёсны үйл ажиллагаа байдаг. Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа спортын ордны баруун талд байрлах орон сууцны хорооллын зориулалттай 5000 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр дулааны шугам, худаг татсан, ... манай газраас 5-8 метр орчим дотогш орсон ...” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд маргааны үйл баримттай холбогдуулан нотлох баримт гарган мэтгэлцэх, улмаар уг  харилцааг зохицуулсан хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох бөгөөд шүүх нэхэмжлэлийг тодруулж, чиглүүлэх ажиллагаа явуулах нь хараат бус, хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй юм. 

            Зохигдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл “А” ХХК-ийн эзэмшлийн газарт ямар шугам, хоолой татсанаас эрх нь зөрчигдсөн, зөрчлийг ямар хэмжээгээр арилгуулах шаардлага гаргаж буй нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хэвлэмэл зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас үнэлэх боломжгүй байна.

             Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, “... шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болно гэж утсаар мэдэгдсэн атлаа өмнөх өдөр нь буюу 25-ны өдөр хийсэн ...” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарладаг. 

            Хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад шүүх хуралдаан болох огноог 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэж тэмдэглэсэн байгаа хэдий ч хэргийн оролцогч маргаж буй тохиолдолд анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мэдэгдэх боломжгүй тохиолдолд утсаар мэдэгдэх хуульд заасан ажиллагааны дарааллыг зөрчсөн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шидйвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД