Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Өгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Нт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Т

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек

Хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Батцэцэгийн хамт “Мон-Элч” ББН-г үүсгэн байгуулж, тус нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул өөрийн төрсөн дүү Б.Өлзийбатыг 2003 онд “Мон-Элч” ББН-ийн гүйцэтгэх захирлаар томилсон.

Б.Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барж, нөхөрлөлийн холбогдох бичиг баримт олдохгүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад тус нөхөрлөл 3 гишүүнтэй, 2006 онд Б.Өлзийбат нэмэгдсэн хариу өгсөн.

Б.Батцэцэг нь 2003 оноос хойш одоог хүртэл АНУ-д, би 2004 оноос 2009 оны хооронд Канад Улсад амьдарч байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, Гадаад харилцааны яам, Архивын газар, Улсын төв архиваас ирсэн лавлагаагаар тогтоогдож байгаа учраас Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр нэмээгүй, түүнчлэн С.Батжаргалд төлөөлөх эрх олгоогүй. Иймд нотариатч 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн нөхөрлөлийн гэрээг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 24, 26, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Тус гэрчлэгдсэн гэрээг үндэслэн нөхөрлөлийн гишүүдэд бүртгэл хийлгэн, миний эд хөрөнгийн тодорхой хэсэг Б.Өлзийбатад шилжснээр өмчлөх эрх зөрчигдсөн.

Ө.Т нь Б.Өлзийбатын хүү мөн боловч хамт амьдардаггүй, өнөөдрийн байдлаар өвийг хүлээн аваагүй учраас хуулийн хугацаа болсон, өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх тул түүний эрх ашиг сонирхол ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй.

Нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор улсын бүртгэлд хийгдсэн хуулийн этгээдийн гишүүний өмчлөх эрх сэргэх юм. Өмчлөх эрхийг хууль тогтоомж зөрчиж шилжүүлсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж чадаагүй. Иймд 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 501 бүртгэлийн дугаартай “Мон-Элч” ББН-ийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчлүүлсэн 501 дугаартай гэрээ нь огноо, дугааргүй, тухайн гэрээг гэрчлүүлэхэд оролцсон Б.Ө, Б.Батцэцэг, Б.Өлзийбат нарын иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргагдсан, эдгээр иргэдийн төрсөн эцэг С.Батжаргалын хүсэлтээр нотариатч гэрчилж, гарын үсэг зурсан байдаг.

Эдгээр хүмүүс гарын үсэг зурж, хүсэл сонирхлоо илэрхийлснийг төрсөн эцэг С.Батжаргал баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Б.Өгийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, 2003 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.Батцэцэг, Б.Ө нараас Б.Өлзийбатыг гишүүнээр нэмж шинэчилсэн бүртгэл хийлгэхийг даалгах тухай тогтоол хэрэгт авагдсан.

Өвийн асуудал яригдаж эхлэхэд Б.Ө шүүхэд нэхэмжлэл гаргаснаас болж Ө.Т өвийн асуудлыг нээлгэж чадаагүй байна. Түүнчлэн Б.Батцэцэгийн эрх ашиг зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй. Ө.Т аавтайгаа хамт амьдардаггүй гэх утгаар өвөөс татгалзаж байгаа биш. Энэ хүн өв авах эрхтэй учир тухайн шүүхэд гуравдагч этгээдээр оролцож эхэлсэн.

Хэргийн 46 дугаар хуудсанд 2003 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тогтоолд гишүүн нэмж элсүүлэх, дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, нөхөрлөлийг шинэчлэн бүртгүүлэн, Б.Өлзийбатыг тус нөхөрлөлийн үүсгэн байгуулах гишүүнээр оруулсан тогтоол хэрэгжсэн болох нь улсын бүртгэлийн газрын архиваас ирүүлсэн бичгийн нотлох баримтаар хангалттай харагдаж байна. Мөн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав Б.Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан учир түүний эд хөрөнгийг би өвлөх эрхтэй. Гэтэл аавын хувьцаа эзэмшдэг нөхөрлөлийн бүртгэлээс түүний нэрийг хасч, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилж буй нь миний эрх, ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, 1997 оны Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Мон-Элч” ББН-ийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьж, нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Шүүх Б.Өг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Учир нь Б.Өгийн ямар эрх, ашиг нь зөрчигдөж байгаа, нөгөө гишүүн болох Б.Батцэцэгийн эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэх, улмаар хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь тодорхойгүй байгааг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл, Б.Батцэцэг нь гадаад улсад амьдардаг гэх боловч төрийн байгууллагуудаас түүний нэрээр цугларсан баримтуудыг хэн ямар итгэмжлэл, эрхийн хүрээнд цуглуулсан нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад түүнийг үнэлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, шүүх Б.Өлзийбатыг тус нөхөрлөлийн гишүүнээр нэмсэн талаарх баримт болон Ө.Тийн эрх ашиг хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгч Б.Өлзийбатыг нас барснаас хойш нөхөрлөлийн холбогдох бичиг баримт алдагдсан гэж тайлбарладаг боловч үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан зүйл байхгүй, энэ талаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч С.Нт холбогдуулан 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Мон-Элч” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг /цаашид ББН гэх/ үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн гэж маргажээ.

Б.Ө, Б.Батцэцэг нар хамтран 2000 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Мон-Элч” ББН-ийг үүсгэн байгуулж, тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар дүү Б.Өлзийбат нь томилогдон 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Мон-Элч” ББН-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийдвэр, мөн өдрийн хурлын тэмдэглэл, ББН байгуулах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 58, 63, 65, 69-72 дахь тал/

Иргэн С.Батжаргал нь “Мон-Элч” ББН-ийн үүсгэн байгуулагч Б.Ө, Б.Батцэцэг, гүйцэтгэх захирал Б.Өлзийбат нарын эцэг байх бөгөөд тэрээр тус нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээг нотариатч С.Нээр 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд нөхөрлөлийн үүсгэн байгуулагч гишүүний тоог нэмж бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Мон-Элч” ББН үүсгэн байгуулах гэрээ, нотариатчийн бүртгэлийн дэвтэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Мон-Элч” ББН-ийн 2003 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тогтоол, 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх 34-35, 41, 44, 47, 79 дэх тал/  Талууд уг үйл баримттай холбогдуулан нотариатч С.Нийн 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн тус нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн үйлдэл Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ө шүүхэд хандсан нь 1997 оны Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 3-т нийцэж байна. Иймээс хариуцагчийн “...Б.Өгийн эрх нь зөрчигдөөгүй, зөрчигдсөн бол Б.Батцэцэг гомдол гаргах байсан” гэх тайлбар үндэслэлгүй.

1997 оны Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “...Нотариатч нь үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн чадамжтай, итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгана”, 32 дугаар зүйлийн 1.4-д үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй байвал нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25а/5556, 25а/5557 дугаар албан бичгүүдээр хариуцагч С.Нийг “Мон-Элч” ББН-ийн үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн цаг хугацаанд буюу 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагч Б.Батцэцэг нь АНУ-д, нэхэмжлэгч Б.Ө нь Канад Улсад амьдарч байсан нь нотлогдож байна. /хх 32-33 дахь тал/ Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Ө, Б.Батцэцэг нар эцэг С.Батжаргалд тус нөхөрлөлийг төлөөлөх эрх олгоогүй болох нь Гадаад харилцааны яамны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10/7328 дугаар албан бичиг, Архивын газрын 2019 оны 04/32 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдсон. /хх 116, 146 дахь тал/

Иймд хариуцагч С.Н нь “Мон-Элч” ББН-ийг С.Батжаргал төлөөлөх эрхтэй эсэхийг шалгалгүйгээр нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчилсэн үйлдэл нь 1997 оны Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1.4-д заасан журмыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуул зүйн үндэслэлтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Тийн өмгөөлөгч нь “гуравдагч этгээдээс С.Түвшинтөгсөд олгосон итгэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг шүүх шалгаагүй” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарладаг.

Хэргийн баримтаас үзвэл энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар нас барагч Б.Өлзийбатын хүү Ө.Т оролцсон бөгөөд, тэрээр П.Энхболдод олгосон итгэмжлэлээсээ татгалзан С.Түвшинтөгсөд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл олгожээ. /хх 147 дахь тал/ Уг итгэмжлэлээр “Мон-Элч” ББН-д холбоотой иргэний хэрэгт өөрийг нь төлөөлж оролцох эрхийг олгосон байгаа нь зохигчдын маргааны зүйлд хамааралтай байна. Иймээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, гуравдагч этдээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

                                                                                                  Ч.ЦЭНД