Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 509

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00509

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байрны... тоотод оршин суух, Б.Ө-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... байрны... тоотод оршин суух,  С. Н холбогдох,

нотариатийн үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч К.Ж. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батцэцэг, Б.Өбид 2000 оны 12 дугаар сарын 18-ндМББН-г үүсгэн байгуулж, гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул өөрсдийн төрсөн ах /дүү/ Батжаргалын ӨлзийбатыгМББН-ийн гүйцэтгэх захирлаар 2003 оноос томилон ажиллуулж байсан. Б.Өлзийбат нь 2017 онд нас барж нөхөрлөлийн холбогдох бичиг баримтууд буюу гэрчилгээ, дүрмийг хулгайд алдсан тул шинээр авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох материалуудыг бүрдүүлэн хүсэлт гаргасан боловч улсын бүртгэгчийн зүгээс танай нөхөрлөл гурван гишүүнтэй байна, 3 дахь гишүүний гарын үсэг байхгүй бол шинээр гэрчилгээг олгох боломжгүй талаарх хариуг амаар өгсөн тул нөхөрлөлийн бичиг баримтуудын хуулбарыг үзэхэд 2006 онд гишүүдийн төрсөн ах Батжаргалын ӨлзийбатыгМББН-ийн гишүүнээр нэмэгдсэнийг олж мэдсэн. Нөхөрлөлийн гишүүн болох Батцэцэг нь 2003 оноос хойш одоог хүртэл АНУ-д амьдарч байгаа, Өлзийсүрэн би 2004-2009 оны хооронд Канад улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд 2006 онд Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр нэмээгүй, нотариатч дээр очиж гэрээ байгуулж, гэрчлүүлээгүй болно. Б.Өлзийбатыг гишүүнээр хэзээ нэмэгдсэн талаар улсын бүртгэлийн газрын архиваас шүүж үзэхэд 2006 онд байсан. Тухайн цаг үед нөхөрлөлийн хоёр гишүүн Монгол улсад байгаагүй, ямар нэгэн байдлаар Батжаргалд итгэмжлэл олгож байгаагүй тул Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр нэмэгдсэн талаар мэдээгүй байсан. Нөхөрлөлийн бусад гишүүдэд мэдэгдэлгүйгээр өөрийгөө нөхөрлөлийн гишүүнээр нэмсэн талаарх материалуудыг нотариатч хүлээн авч гэрээг гэрчилж байгаа үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “...үйлчлүүлэгч болон түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн этгээд, хуулийн этгээд нь уг баримтыг гэрчлүүлэх эрхтэй” гэдгийг нотариатаар батлах ёстой гэх хуулийн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан нотариатч хуулийн этгээд үүсгэн байгуулах гэрээ, хуульд заасан журмын дагуу гэрчилнэ гэсэн заалтыг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт нотариатч үйлдэл хийлгэхийг хүссэн үйлчлүүлэгчийн хувийн байдлыг түүний иргэний үнэмлэхийг үндэслэн тогтооно гэсэн заалтыг зөрчсөн. Нотариатч үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээд эрх зүйн чадамжтай, итгэмжлэл төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгана. Шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагын тодорхойлолт эсхүл тухайн хүнийг таних 2 гэрчээр тодорхойлуулан тогтооно гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн. Нотариатчийн үйлдэл хуульд заасан журмын дагуу хийгдсэн эсэх, тухайн нотариатын үйлдэл хийхэд гэрээнд гарын үсэг зурсан гурван хүн байсан эсэх асуудал яригдана. Тэгэхээр Б.Батцэцэг, Өлзийсүрэн нар тухайн гэрээг гэрчлэх үйлдэл хийхэд оролцоогүй, байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн лавлагаа, Монгол улсын Гадаад харилцааны яам, Нийслэлийн Архивын газар, Улсын төв архиваас ирсэн лавлагаагаар тогтоогдож байгаа. Хариуцагч тайлбартаа  Б.Батцэцэг, Б.Өнар гэрчлэх үйл ажиллагаанд оролцоогүй, гарын үсэг зураагүй гэдгийг зөвшөөрч байгаа. Б.Өлзийсүрэнгийн аав түүнийг төлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл тухайн үед Б.Өнасанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, өөрийн эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулдаг, түүнтэй холбоотой гэрээ хэлэлцээрийг байгуулах бүрэн эрхтэй. Тэгэхээр энэ нотариатын үйлдэл хууль зөрчиж явагдсан. Нотариатаар  гэрчлэгдсэн гэрээг үндэслэн нөхөрлөлийн гишүүд өөрсдөө бүртгэл хийлгээд Б.Өлзийсүрэнгийн эд хөрөнгийн тодорхой хэсэг Б.Өлзийбатад шилжсэн үйл явц болсноор Өлзийсүрэнгийн өмчлөх эрх зөрчигдсөн. Энэ нөхөрлөлийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө болон тодорхой газрууд байдаг. Хэрэгт авагдсан баримт дээр үндэслэх юм бол Б.Өлзийсүрэнгийн зүгээс Б.Өлзийбатыг  нөхөрлөлийн гишүүнээр оролцуулах ямар нэгэн хүсэл сонирхол илэрхийлсэн тухай бичгээр ямар нэгэн баримт байхгүй учир нотариатын энэ үйлдэл хууль тогтоомж зөрчиж гарсан. Ө.Төгөлдөр гэдэг хүн гуравдагч этгээдээр татагдан оролцсон. Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Нэг жилийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 30-нд нэхэмжлэл гаргасан. Ө.Төгөлдөр нь Б.Өлзийбатын хүү мөн боловч хамт амьдардаггүй учир нэг жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг гаргана. Ингэж байж хууль ёсны өвлөгч болно. Өнөөдрийн байдлаар өвийг хүлээн аваагүй учраас хуулийн хугацаа болсон, өвийг хүлээн авахаас татгалзсан байдалтай байгаа. Тэгэхээр Ө.Төгөлдөрийн эрх ашиг сонирхол ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нотариатч гэрчилгээ олгохгүй, өв хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой ажиллагаа хийгдэхгүй байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй. Энэ нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор улсын бүртгэлд хийгдсэн хуулийн этгээдийн гишүүний өмчлөх эрх сэргэх юм. Энэ асуудал гэмт хэргийн шинжтэй буюу өмчлөх эрхийг хууль тогтоомж зөрчиж шилжүүлсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж чадаагүй. Иймд 2006 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 501 бүртгэлийн дугаартайМББН-ийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн нотариатч С.Наранцэцэгийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн нотариатч дээр 2006 оны 8 дугаар сарын 4-ний өдөр батлуулсан 501 дугаартай гэрээ нь өөрөө огноо, дугааргүй, тухайн гэрээг батлуулахад оролцсон Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг, Б.Өлзийбат нарын иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргагдсан, эдгээр иргэдийн төрсөн эцэг болох Батжаргал нь нотариатч дээр ирж батлуулаад, Батжаргал гарын үсэг зурсан байгаа. Нэхэмжлэгчийг гадаадад ажиллаж амьдарч байхад нотариатчийн үйлдэл хийгдээд байна гэж тайлбарлаад байна. Эдгээр хүмүүс зурчихсан, хүсэл сонирхлоо илэрхийлсэнийг төрсөн эцэг Батжаргал баталгаажуулаад байгаа үйлдэл нь хууль зөрчөөгүй. Б.Өлзийсүрэнгийн ямар нэгэн эрх ашгийг өнөөдрийг хүртэл зөрчөөгүй гэж үзэж байгаа. Тухайн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын бүртгэлийн газраас энэ нөхөрлөлтэй холбоотой бүхий л бичиг баримтууд ирсэн. Энэ бичиг баримтуудад нөхөрлөлийг үүсгэн байгуулахдаа Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг хоёр үүсгэн байгуулсан гэдэг боловч үүсгэн байгуулсан гэрээнд аав Батжаргалын гарын үсэг байдаг. Өөрсдийнх нь гарын үсэг байхгүй, Батжаргал гарын үсэг зураад явж байсан. Түүнчлэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартайМББН-ийн гишүүдийн хурлын протоколоор Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг нарын зүгээс Батжаргалыг зөвлөх эрхтэйгээр оролцуулаад Б.ӨлзийбатыгМББН-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулах шийдвэр 2003 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан байгаа юм. Үүнээс өмнө 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Б.Батцэцэг, Б.Өнараас Б.Өлзийбатыг гишүүнээр нэмж шинэчилсэн бүртгэл хийлгэхийг даалгах тухай тогтоол байгаа. Энэ тогтоолтой уялдуулан үүсгэн байгуулах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр 2006 онд өөрийнх нь төрсөн эцэг Батжаргал нотариатч дээр ирж батлуулсан. Өнөөдөр Б.Өлзийсүрэнгийн эрх ашиг зөрчигдсөн гэж ярьдаг боловч нөгөө гишүүн Б.Батцэцэг нь энэ талаар огт дурддаггүй. Өөрөөр хэлбэл энэ хүний эрх ашиг зөрчигдөөгүй гэж бид үзэж байгаа. Үнэхээр зөрчигдсөн бол 2 гишүүн нь хоёулаа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахгүй байгаа. Тэгэхээр Б.Батцэцэг гэдэг иргэний эрх ашиг зөрчигдөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, Б.Өэрх ашиг нь хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийн нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтгүй, өөрөөр хэлбэл Б.Батцэцэгийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Түүнчлэн хил, хамгаалах ерөнхий газраас ирж байгаа бичиг баримтуудаас харахад Батцэцэг нэхэмжлэл гаргаагүй байхад түүний нэрээр хаяглан, түүнтэй холбоотой мэдээ мэдээллүүд хавсаргагдаж ирж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тухайн нөхөрлөлийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Б.Өлзийбат 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, үүнээс хойш өвтэй холбоотой асуудал яригдаж, өөрийнх нь төрсөн хүү өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Ө.Төгөлдөр өвийн асуудлаа ярьж эхэлсэн. Өвийн асуудал дөнгөж яригдаад эхлэхэд Б.Өлзийсүрэнгийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс шалтгаалан Төгөлдөр өвийнхөө асуудлыг нээлгэж чадаагүй байгаа. Энд ах, дүү гурван хүний үйлдэл, өөрийнх нь төрсөн эцэг Батжаргалын үйлдэл бий. Учир нь энэ нөхөрлөлийг үүсгэн байгуулаад, зөвлөх эрхтэйгээр хурлын протоколд бичигдээд явсан ажиллагаанд Батжаргал оролцож байсан. Эдгээр хүмүүсийн хүсэл сонирхол байсан учир холбогдох баримтуудыг үндэслээ нотариатч үйлдэл хийсэн байгаа. Нотариатчийн үйлдэл хийхэд хуучин иргэний үнэмлэх дээр гарын үсэг зурагддаг байсан. Үүсгэн байгуулах гэрээнд зурсан гарын үсэгний хэлбэр хэмжээ, иргэний үнэмлэх дээрх зурагдсан гарын үсгийн хэлбэр хэмжээтэй ижил байсан, аав нь өөрөө ирсэн учир нотариатч үүнийг баталсан. Өөрөөр хэлбэл хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Иргэний үнэмлэх дээрх гарын үсэг зурдаг байсан шалтгаан нь энэ байдлыг нотлох үүднээс хийгдэж байсан ажиллагаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн нөхөрлөлийн нэг гишүүн Б.Батцэцэгийн эрх ашиг зөрчигдөөд байгаа, зөрчигдөхгүй байгаа нь тодорхойгүй байна. Энэ асуудал тодорхой байж энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш явагдана. Төгөлдөр аавтайгаа хамт амьдардаггүй гэх утгаар өвөөс татгалзаж байгаа биш. Энэ хүн өв авах эрхтэй учир тухайн шүүхэд гуравдагч этгээдээр оролцож эхэлсэн. Өв авах хүсэлтээ нэг жилийн хойно өвийн асуудал нээгдэх үеэр яригдахаас өмнө энэ маргаан гарч өвөө авч чадахгүй байдалтай байгаа. Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн тухайн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тогтоолд гишүүн нэмж элсүүлэх, дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, нөхөрлөлийг шинэчлэн бүртгүүлэх гэдэгт Б.Өлзийбатыг тус нөхөрлөлийн үүсгэн байгуулах гишүүнээр 2006 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нэмж оруулсугай гэж заасан тул уг тогтоол хэрэгжсэн болох нь улсын бүртгэлийн газрын архиваас ирүүлсэн бичгийн нотлох баримтаар хангалттай харагдаж байгаа. 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн асуудал яригдаад 2006 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Өөрсдөө заавал очиж батлуулах шаардлагагүй гэж бодож байна. Учир нь тухайн гэрээнд өөрсдийнх нь гарын үсэг байсан, өөрсдийнх нь хүсэл сонирхол байсан, гурван гишүүний иргэний үнэмлэх байсан, иргэний үнэмлэх дээрх гарын үсэгтэй нийцсэн учраас нотариатч баталсан. Үүнд Өлзийбат өөрөө ирээгүй, оролцоогүй, зөвхөн эдгээр гурван иргэний төрсөн эцэг болох Батжаргал ирж баталгаажуулсан учир Өлзийсүрэнгийн эрх зөрчигдөөгүй. Б.Батцэцэгийг төлөөлөх эрхгүй учраас түүний эрх зөрчигдсөн талаар  ярихгүй байна. Үндсэндээ энэ нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд гаргасан нэхэмжлэл учраас нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Б. Ө нь миний аав бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барсан учир түүний өв эд хөрөнгийг миний бие өвлөх эрхтэй гэж үздэг. Гэтэл аавын хувьцаа эзэмшдэг нөхөрлөлийн бүртгэлээс түүний нэрийг хасуулахаар нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа нь миний эрхийг хөндсөн асуудал болно гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Өнь 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөрМББНөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээг баталсан нотариатч С.Н үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/. 

 

Нэхэмжлэгч Б.Ө өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр итгэмжлэлээр Б.Н гурван жилийн хугацаагаар, хариуцагч С.Н өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэлээр С.Т нэг жилийн хугацаагаар тус тус олгосон байна /хх-4, 16/.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/08741 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ө.Т оролцуулсан /хх-20/ бөгөөд гуравдагч этгээдээр оролцож байгаа Ө.Т нь өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр П.Энхболдод /хх-93-95/ олгосон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцох боломжгүй тухай хүсэлтийг шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргаснаар /хх-137/ Ө.Т нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл дэх нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн итгэмжлэлээр С.Түвшинтөгсөд нэг жилийн хугацаагаар олгосон байна /хх-151-152/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юу шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч талМББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 онд нотариатаар батлуулахад нөхөрлөлийг үүсгэн байгуулсан Батцэцэг, Өлзийсүрэн нараас Батжаргалд итгэмжлэл олгоогүй бөгөөд тухайн цаг хугацаанд нөхөрлөлийн гишүүд Монгол улсад байгаагүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн үйлдэл гэж нотариатч С.Наранэцэгт холбогдуулж, түүний 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрчилж 501 дугаарт бүртгэгдсэнМББН-н үүсгэн байгуулах гэрээг баталсан үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч нотариатын үйлдлийг хуульд заасан журмын дагуу хийсэн, тухайн нөхөрлөлийн гурван гишүүн ирээгүй ч тэдгээрийн бичиг баримт дээрх гарын үсэг зурсан байдлыг харгалзан тэдгээр гишүүдийн эцэг болох Батжаргалын хүсэлтээр нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн гэж тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Батжаргалын Өлзийсүрэн, Батцэцэг нар бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг байгуулахаар 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж байгуулсан гэрээг 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн, татварын албанд 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь, нөхөрлөлий нэрийгМгэж нэрлэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн хурлын протокол /хх-72/, баланс /хх-73/, нөхөрлөл байгуулах тухай гэрээ /хх-68-71/, улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт /хх-69/, 21138 дугаартай оноосон нэрийн зөвшөөрөл /хх-66/ зэрэг баримтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Дээрх нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Батжаргалын Өлзийсүрэн нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гарч, Замын-Үүд авто замын боомтоор 2009 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улсын хилээр орсон болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2-5А/5556 дугаартай албан бичиг /хх-31/,

Батжаргалын Батцэцэг нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2-5А/5557 дугаартай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбараар тус тус тогтоогдож байна /хх-32/.

 

Түүнчлэн Гадаад харилцааны яамны консулын газрын 10/7328 дугаартай албан бичигт “...иргэн Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг нар нь гадаадад байх хугацаандаа Консулын газраар дамжуулан иргэн С.Б итгэмжлэл олгож байсан эсэх талаар ГХЯ-ны гадаад харилцааны төв архив, Вашингтон дахь ЭСЯ болон Оттава дахь ЭСЯ-наас лавлахад архивт нь холбогдох нотариатын үйлдлийн тухай баримт байхгүй...” гэх /хх-116/,

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 04/06 дугаартай албан бичигт “тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хан-Уул дүүргийн тойргийн 144 тамганы дугаартай нотариатч С.Наранцэцэгийн 2005, 2006 оны итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийг шүүн үзэхэд Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг нар нь С.Батжаргалд итгэмжлэл олгосон тухай баримт хадгалагдаагүй байх тул лавлагаа, хуулбар олгох боломжгүй” гэх /хх-128/,

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 04/32 дугаартай албан бичигт “тус архивын сан хөмрөгт Монгол улсаас гадаад улсад суух Консулын газрын баримт хадгалагдаагүй тул лавлагаа, хуулбар олгох боломжгүй” гэх /хх-147/,

Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 03/100 дугаартай “...архивын сан хөмрөгт гадаад харилцааны яамны Консулын газар, 2005-2006 оны нотариатын баримт шилжиж ирээгүй...” гэх /хх-148/,

Б.Ө нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барсан тухай ... дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-86/,

Б.Өлзийбат нь М ББНөхөрлөлийн дарга, хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлийн санд бүртгэлтэй байна гэх 002957681 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын лавлагаа /хх-150/ зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан.

 

МББНөхөрлөлийн гишүүд болох Б.Өулсад алба хашиж байгаа, Батцэцэг нь сургуульд сурч байгаа учраас нөхөрлөлийн өдөр тутмын ажлыг удирдах боломжгүй тул гишүүдийн гаргасан саналын дагуу Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гүйцэтгэх захиралаар 2003 оны 10 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулах тухай 3 дугаартай тогтоол 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарч гишүүд Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг гэж гарын үсэг зураад С.Батжаргал зөвлөх эрхтэй оролцов гэжээ /хх-62/.

 

Дээрх тогтоолын үндсэн дээр “М” ББН нь 2003-11-21-нд татварын ерөнхий газарт нөхөрлөлийн гүйцэтгэх захиралаар Б.Өлзийбатыг томилсон тул аж ахуйн нэгжийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаж /хх-63/, Б.Өлзийбатад нөхөрлөлийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах, гадаад, дотоодын болон банк санхүү, татварын байгууллагад харьцах, нөхөрлөлийн санхүү, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхийг олгосон нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэр 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарч /хх-64/, 2165198 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нөхөрлөлийн даргаар Өлзийбатыг томилсон бүртгэл хийгдсэн байна /хх-57, 36/.

 

Гэтэл Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газраас гэрээ-299-592, 2006-05-25-9-18 гэж бичигдсэн бүртгэлийн дэвтрийн 8 дугаар сарын 14-ний өдрийн 501 дугаартай Самсан Батжаргал, Хан-Уул дүүрэг, 1х 120.000, 17-25 тоот гээд үйлдлийн агуулга гэдэгт “М” ББН-н үүсгэн байгуулах гэрээ гээд мөнгөний тасалбар №210/5000 гээд гарын үсэг зурсан бүртгэлийн хуулбар /хх-39-40/,

огноо дугааргүй М ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээнд үүсгэн байгуулагчид гэж Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг, Б.Өлзийбат гэсэн нэрс бичигдэж гарын үсэг зурсныг 144 дугаартай нотариатч 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн хуулбар /хх-33-34/,

2165198 регистрийн дугаартай, М ББН улсын бүртгэлийн гэрчилгээнд 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нөхөрлөлийн даргаар Б.Өлзийбатыг томилсныг бүртгэсэн бүртгэлийн хуулбар /хх-35-36/ зэрэг баримтын хуулбарыг ирүүлсэн байна.

 

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас Үндэсний татварын албаны гишүүнээр Өлзийбатыг нэмж, нөхөрлөлийн гишүүн 3 болсныг бүртгэсэн тухай хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийн хуулбар /хх-44/,

М ББНөхөрлөлийн гишүүдийн 2003-05-03-ны өдрийн 01 дугаартай “...Өлзийбатыг нөхөрлөлийн үүсгэн байгуулагч гишүүнээр нэмж оруулах” тухай хурлын протокол, тогтоолын хуулбар /хх-48, 46/,

ҮТЕГ-ын харьяа улсын бүртгэлийн албанд ...Өлзийбатыг тус нөхөрлөлийн үүсгэн байгуулагчаар нэмж оруулсан тул өөрчлөлтийг шинэчлэн бүртгэх тухай захирал Б.Өлзийбат гэж гарын үсэг зурсан 2006-08-14-ний өдрийн 14 дугаартай албан бичгийн хуулбар /хх-47/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Дээрх бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч С.Н“М” ББНөхөрлөлийн үүсгэн байгуулах тухай огноо дугааргүй, Б.Өлзийсүрэн, Б.Батцэцэг, Б.Өлзийбат гэж гарын үсэг зурсан гэрээг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хх-33-34, 40/.

 

Тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлэх үйлдэл хийлгэсэн этгээд нь С.Батжаргал байх бөгөөд “М” ББНөхөрлөлийн үүсгэн байгуулагч гишүүнээр Батжаргалын Өлзийбатыг нэмэх тухай нөхөрлөлийн тогтоол 2003 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байхад нөхөрлөлийн гишүүн болох Б.Батцэцэг 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан болох нь эрх бүхий байгууллагын тодорхойлолт, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна /хх-2, 32, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Нэхэмжлэгч Б.Өнь М ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нотариатаар батлуулах цаг хугацаанд Монгол улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч тал нөхөрлөлд гишүүнээр Б.Өлзийбатыг нэмэх тухай 2003 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай Өлзийбатыг нөхөрлөлийн гүйцэтгэх захиралаар томилох тухай хурлын протокол, 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай гүйцэтгэх захирал Өлзийбатыг томилсонтой холбогдуулан аж ахуйн нэгжийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар үйлдэгдсэн тогтоол, албан бичгийн талаар үгүйсгэж маргаагүй /хх-31, 36, 46, 47, 48/.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дээрх тогтоол, протокол, албан бичиг зэргийг хүчин төгөлдөр бус гэж үзэн, үр дагаварыг арилгуулахаар бус зөвхөн огноо, дугааргүй “М” ББНөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ гэх баримтыг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахад чиглэсэн, хариуцагчаар тухайн үйлдэл хийсэн нотариатчийг татсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

Маргааны үйл баримт болох “М” ББНөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдэл нь 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн байх тул тухайн үед дагаж мөрдөж байсан 1997 онд батлагдсан Нотариатын тухай хуулийг баримталсан, уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн иргэн, хуулийн этгээд нь уг бичиг баримтыг гэрчлүүлэх эрхтэй гэдгээ нотолно”, 26 дугаар зүйлд “нотариатч хуулийн этгээд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг хуульд заасан журмын дагуу гэрчилнэ” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “...үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээд эрх зүйн чадамжтай, итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгана. Шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ...тогтоож болно” гэж заасан байна.

 

Түүнчлэн Нөхөрлөлийн тухай /1995/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д "үүсгэн байгуулах гэрээ" гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцлийг хэлнэ” гэж, 2.2-т "үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ /төсөл/, дүрмийг хэлнэ” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн дээр байгуулна” гэж, 20.2-т гэрээнд нөхөрлөлийн оноосон нэр, ... гэрээ байгуулсан он, сар, өдөр ...заавал тусгана” гэж заасан байхад нотариатчийн 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрчилсэн “М” ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ нь огноо, дугааргүй байнаа /хх-33-34/.

 

Нотариатч нь “М” ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг гэрчлэхдээ тухайн гэрээнд заасвал тусгахаар хуульчилсан хэлбэрийн шаардлагыг шалгахаас гадна тухайн бичиг баримтыг С.Батжаргал гэрчлүүлэх эрхтэй болохыг, түүнд үүсгэн байгуулагч нараас итгэмжлэл зохих ёсоор олгосон эсэхийг шалгах ёстой байтал дээрх шаардлагыг хангаагүй, дээрх нөхөрлөлийн гишүүн биш, төлөөлөх эрхгүй этгээд болох С.Батжаргалын хүсэлтээр нөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг гэрчилсэн байна.

 

Мөн “М” ББНөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг Өлзийсүрэн, Батцэцэг нарын гишүүд байгуулж гэрээг 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан байхад энэ талаарх бүхий байгууллагын тодорхойлолт аваагүй, шалгаагүй хийсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Учир нь нэр давхардсан ББНөхөрлөл үүсгэн байгуулах хоёр гэрээ улсын бүртгэлд авагдсан байх бөгөөд 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр батлуулсан гэрээнд нөхөрлөлд гишүүн нэмээгүй, шинээр нөхөрлөл байгуулах, гишүүд нь Ө, Б, Ө гэж тусгасан гэрээ болно /хх-33-34/.

 

Мөн 2003 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай Мон-Элч ББНөхөрлөлийн гишүүдийн хурлын тогтоолд 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нөхөрлөлийн гишүүнээр Өлзийбатыг нэмэхээр тусгасан байгаа нь цаг хугацааны хувьд илт зөрүүтэй, 2006 онд нөхөрлөлд гишүүн нэмэх асуудлыг нөхөрлөлийн гишүүд 2003 оны 05 дугаар сард шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй /хх-46, 48/.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч С.Ннь 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг гэрчлэхэд Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байх тулМББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр баталсан үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгч Б.Өнь 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын хилээр гарч, 2009 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улсын хилээр орсон болох нь эрх бүхий байгууллагын бүртгэлээр тогтоогдож, нөхөрлөлийн үйл ажиллагааг төрсөн дүү Өлзийбат эрхэлж байсан тул тухайн ажиллагаанд оролцдоггүй, ашгаа авч байгаад нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Өлзийбатыг нас барсны дараа нөхөрлөлийн гишүүн нэмэгдсэн талаар мэдсэн гэж тайлбарласан.

 

Нөхөрлөл нь жил бүр ашиг, алдагдлаа тодорхойлж, гишүүдэд ногдох ашиг, алдагдал нь тэдгээрээс нөхөрлөлд оруулсан хөрөнгөтэй хувь тэнцүү байхаар гэрээнд тусгасан, нэхэмжлэгч Б.Өнөхөрлөлийн даргаар ажиллаж байсан Өлзийбатыг нас барах хүртэлх хугацаанд ашиг авч байсныг нэхэмжлэгч тал тайлбарлаж маргаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Б.Ө2009 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад ирсэн түүнээс хойш нөхөрлөлөөс ашиг авч байхдаа энэ талаар мэдэх боломжтой, эсхүл мэдсэн гэж үзвэл, нөхөрлөлийн гишүүн нэмэгдсэн нотариатийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл бүхий шаардлагыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан байх тул эрхээ зөрчигдсөн талаарх гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна /хх-31, 1/.

 

Түүнчлэн “М” ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 онд баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нь тухайн нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө тэдгээрийн түрээсийн төлбөр зэрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэгч тал тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг тус тус баримтлан “М” ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргууланнэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдахжурмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Д.Я