Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00583

 

 

 

 

 

        2022 оны 03 сарын 07 өдөр

              Дугаар 183/ШШ2022/00583

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.К ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Э.Ч ХХК-д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 90.285.000 төгрөгийг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Алтангэрэл.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.К ХХК нь Э.Ч ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 90.285.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Талууд гэрээ байгуулан, худалдагч Э.Ч ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 200.000.000 төгрөгийн үнэ бүхий 1176 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч Г.К ХХК нь гэрээний үнийн дүн 200.000.000 төгрөгт Хан-Уул дүүрэг, 01 дүгээр  хороо, Үйлдвэр /17011/, Зайсангийн гудамж 15 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 94.8 м.кв талбай бүхий орон сууц, 12.5 м.кв талбайтай авто зогсоолыг шилжүүлэхээр тохирсон. Уг гэрээний дагуу худалдан авагч Г.К ХХК-иас 200.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто зогсоолыг шилжүүлсэн, харин худалдагч Э.Ч ХХК нь 132.290.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлж, үлдэх 60.190.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлээгүй. Үлдэгдэл бетон зуурмагийг нийлүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нийлүүлэхгүй байна. Иймээс Г.К ХХК нь худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үлдэх бетон зуурмагийн үнэ болох 60.190.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн гэрээнд зааснаар бетон зуурмаг нийлүүлээгүй тул алданги 30.095.000 төгрөг, нийт 90.285.000 төгрөгийг Э.Ч ХХК-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Ч ХХК нь Г.К ХХК-д гэрээний дагуу 132.290.000 төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн 778 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн нь үнэн. Гэрээ байгуулах үед 200 сая төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэхээр тохирч, уг үнийн дүнд орон сууц, авто зогсоол авсан. Гэсэн хэдий боловч гэрээ байгуулсны дараагаар уг орон сууцны үнийг 135 сая төгрөг байхаар Г.К ХХК-тай тохирсон. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс Э.Ч ХХК, Г.К ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18/298 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, хариуцагчаас Хан-уул дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэр, зайсангийн гудамж 15 дугаар байр, 09 тоотод байршилтай, 91.8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай 05 тоот автомашины зогсоолын 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр Арилжааны гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Г.К ХХК-д шаардлага хүргүүлэх тухай баримтуудыг гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ч ХХК нь гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн орон сууц, авто зогсоолын үнийн зөрүү, алдангид 90.285.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: гэрээний дагуу худалдан авагч Г.К ХХК-иас 200.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто зогсоолыг шилжүүлсэн, харин худалдагч Э.Ч ХХК нь 200.000.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуураг нийлүүлэхээс 132.290.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн. Үлдэх 60.190.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлээгүй тул гэрээг цуцалж, үлдэх бетон зуурмагийн үнэ болох 60.190.000 төгрөгийг буцаан гаргуулж,  алдангид 30.095.000 төгрөг, нийт 90.285.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Гэрээ байгуулсны дараагаар орон сууц, авто зогсоолын үнэлгээг 135.000.000 төгрөг байхаар Э.Ч ХХК, Г.К ХХК тохирсон. Мөн уг гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э.Ч ХХК, Г.К ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18/298 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Хан-уул дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэр, зайсангийн гудамж 15 дугаар байр, 09 тоотод байршилтай, 94.8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай 05 тоот автомашины зогсоолын 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр Арилжааны гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Г.К ХХК-д шаардлага хүргүүлэх тухай нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Э.Ч ХХК нь 200.000.000 төгрөгийн үнэ бүхий 1176 м.куб бетон зуурмагийг 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор Г.К ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Г.К ХХК нь 200.000.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж 15 дугаар байр, 09 тоотод байршилтай, 94.8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай 05 тоот автомашины зогсоолыг Э.Ч ХХК-ийн өмчлөлд харилцан шилжүүлэхээр талууд тохиролцож, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 04 дүгээр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан хүчин төгөлдөр “Арилжааны гэрээ”-г байгуулсан байна гэж дүгнэв.

Уг гэрээний дагуу Г.К ХХК нь 200.000.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж 15 дугаар байр, 09 тоотод байршилтай, 94.8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай 05 тоот автомашины зогсоолыг 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Э.Ч ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, Э.Ч ХХК нь 132.290.000 төгрөгийн үнэ бүхий 778 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, 60.190.000 төгрөгийн үнэ бүхий 398 м.куб бетон зуурмагийг одоог хүртэл хугацаанд Г.К ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй талаар талууд маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 205.2.2-т зааснаар нэхэмжлэгч Г.К ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний “...нийлүүлэгч тал нь захиалагчид 398 м.куб бетоныг 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор нийлүүлнэ” гэсэн хэсгээс татгалзаж, тухайн үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн орон сууц, авто зогсоолыг үүргийн гүйцэтгэлийн шинж чанараас шалтгаалан, мөн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал бусдын өмчлөлд шилжүүлсэн тул орон сууц, авто зогсоолын үнэ 200.000.000 төгрөгөөс гүйцэтгэсэн үүрэг болох /778 м.куб бетон зуурмагийн үнэ 132.290.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 398 м.куб бетон зуурмагийн 60.190.000 төгрөг/-ийг хариуцагч Э.Ч ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.К ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Харин нэхэмжлэгч тал 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний “...нийлүүлэгч тал нь захиалагчид 398 м.куб бетоныг 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор нийлүүлнэ” гэсэн хэсгээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбогдуулан алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхдээ “...гэрээ байгуулсны дараагаар орон сууц, авто зогсоолын үнэлгээг 135.000.000 төгрөг байхаар талууд тохиролцсон” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

4. Нэхэмжлэгч Г.К ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр “Арилжааны гэрээ”-ний 2.6-д “...бетон зуурмагийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нийлүүлнэ” гэсэн заалт, Г.К ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18/298 дугаар “Эморсконстракшн чөлөөт бүс ХХК-д шаардлага хүргүүлэх” тухай албан бичигт “...398 м.куб бетоныг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлнэ үү” гэсэн баримтыг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байна.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.К ХХК-ийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах эрх 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үүссэн ба энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусна гэж дүгнэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ч ХХК-иас 60.190.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.095.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 609.375 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 458.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ч ХХК-иас 60.190.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.095.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 609.375 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Ч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 458.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД