Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01051

 

 

 

 

 

 

2022 05 30 210/МА2022/01051

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00583 дугаар шийдвэртэй,

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 90,285,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г ХХК нь Э ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Э ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2,210 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч Г ХХК нь гэрээний үнэ 380,000,000 төгрөгийн 200,000,000 төгрөгт нь Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр /17011/, Зайсангийн гудамж 15 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 94.8 м.кв талбай бүхий орон сууц, 12.5 м.кв талбайтай авто зогсоолыг шилжүүлэхээр тохирсон.

Гэрээний дагуу Г ХХК-иас 200,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто зогсоолыг шилжүүлсэн, харин худалдагч Э ХХК нь 132,290,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлж, үлдэх 60,190,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлээгүй. Үлдэгдэл бетон зуурмагийг нийлүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймээс Г ХХК нь худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үлдэх бетон зуурмагийн үнэ болох 60,190,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн гэрээнд зааснаар бетон зуурмаг нийлүүлээгүй тул алданги 30,095,000 төгрөг, нийт 90,285,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э ХХК нь Г ХХК-д гэрээний дагуу 132,290,000 төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн 778 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн нь үнэн. Гэрээ байгуулах үед 200,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэхээр тохирч, уг үнийн дүнд орон сууц, авто зогсоол авсан. Гэрээ байгуулсны дараагаар уг орон сууцны үнийг 135,000,000 төгрөг байхаар Г ХХК-тай тохирсон. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 60,190,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,095,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 609,375 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 458,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатын шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т зааснаар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоологдож 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон ч гэсэн гэрээний үүрэг биелэгдээгүй учраас нэхэмжлэгч тухайн үед шаардлага хүргүүлсэн тул тухайн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь зөв. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Грийн ресурс констракшн ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 90,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Г ХХК нь Э ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Г ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр /17011/, Зайсангийн гудамж 15 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 94.8 м.кв талбай бүхий орон сууц, 12.5 м.кв талбайтай авто зогсоолын хамт 200,000,000 төгрөгийн төлбөрт тооцон Б.Адъяасүрэнд шилжүүлсэн, Э ХХК нь 1.м.куб бетон зуурмагийг 162,000 төгрөгөөр тооцон 1,176 м.куб бетон зуурмагийг графикийн дагуу шилжүүлэхээр тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

3.2. Дээрх гэрээний дагуу Г ХХК нь 94.8 м.кв талбай бүхий орон сууц болон 12.5 м.кв талбай бүхий автозогсоолыг 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, Э ХХК нь 132,290,000 төгрөгийн үнэ бүхий 778 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн, 60,190,000 төгрөгийн үнэ бүхий 398 м.куб бетон зуурмагийг Г ХХК-д нийлүүлээгүй талаар талууд маргаагүй.

 

3.3. Хариуцагч Э ХХК нь 60,190,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлэх үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан гэрээг цуцлах үндэслэл болжээ.

 

3.4. Талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний 3.1 дэх хэсэгт ...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ гэж, 3.2-т ...гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгаж болно гэж заасан ба Г ХХК нь 2018 оны 08 дугаар зүйлийн 07-ны өдөр 18/298 тоот албан бичгээр нийлүүлээгүй 398 м.кв бетоныг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх хугацаа тогтоосон, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан урьдчилан сануулах нөхцөл хангагдсан тул гэрээг цуцлах эрхтэй.

 

3.5. Хариуцагчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг гэрээний үүрэг биелүүлээгүй гэх боловч гэрээний дагуу үнийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байх ба шүүх хуралдаан хүртэл хугацаанд хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.

 

3.6. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалснаар өмнөх гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдаагүй тул гүйцэтгээгүй үүрэг болох 397 м.кв бетоны төлбөрийг хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид буцаах үүрэгтэй. Харин талууд арилжааны гэрээний дагуу төлбөрийг биет эд хөрөнгөөр гүйцэтгэсэн учир уг эд хөрөнгийг биет байдлаар буцаах боломжгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар мөнгөн хөрөнгөөр нөхөж төлнө. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

3.7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс тооцсоныг буруутгах боломжгүй гэж дүгнэнэ.

 

Г ХХК нь 2018 оны 08 дугаар зүйлийн 07-ны өдөр 18/298 тоот албан бичгээр нийлүүлээгүй 398 м.кв бетоныг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх хугацаа тогтоосон, уг хугацааны дотор хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тул мөн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох юм. Энэ талаарх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА