Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/00121

 

 

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр

          Дугаар 183/ШШ2022/00121

                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Бизъяа овогтой, Намжилсүрэнгийн Мэндсайханы нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: ШӨТ ХХК-д холбогдох,

Хариуцагч: ЭТЭ ХХК-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай.

            Хариуцагч ЭТЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай.

            Хариуцагч ШӨТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны талбайн зөрүү үнэ 13.483.729 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч ШӨТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагч ШӨТ ХХК-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч: ЭТЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мнь ШӨТ ХХК, ЭТЭ ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.Мминий бие ШӨТ ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г байгуулахдаа ШӨТ ХХК болон ЭТЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн АГГ-19/06 дугаар бүхий “Заслын ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г үндэслэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Виллбайа хотхоны 136 айлын орон сууцны Б блокийн 2 дугаар орцны 65 тоот 46.10 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.518.438 төгрөгөөр тооцож, нийт 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Миний бие гэрээний дагуу уг орон сууцын төлбөр болох 70.000.000 төгрөгийг ШӨТ ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Гэтэл уг орон сууц нь өөр хүнд шилжсэн болохыг ЭТЭ ХХК-иас олж мэдсэн. Ингээд ШӨТ ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээнд заасан нийт үнийн дүнд тооцон тус орон сууцны 54.98 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Н.Мд шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу ЭТЭ ХХК-д энэ талаар мэдэгдэж, уг компаниас хүлээн зөвшөөрч, уг орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч ч уг орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл ШӨТ ХХК болон “Эн Ти Эм" ХХК-ийн хоорондын өр, авлага байгаа гэх асуудлаас болж уг орон сууцны гэрчилгээг өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлж өгөхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд вилла” хотхоны Б блок 2 дугаар орц, 1 давхарт байрлах 63 тоот, 54.98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 Хариуцагч ШӨТ ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ЭТЭ ХХК-тай “Ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээний дагуу уг компаниас 120.956.000 төгрөгийн ажлын хөлсийг эд хөрөнгө буюу бартераар авахаар болсон. “Шинэ өнгө төрх“ ХХК-иас уг бартерын орон сууцыг зарж борлуулах шаардлагын үүднээс Н.Мтай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн барилгын В блокийн  2 дугаар орцны 65 тоот 46.10 м.кв талбайтай орон сууцыг 70.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 70.000.000 төгрөгийг авсан. Харин ажлын гүйцэтгэлээс хамаарч 65 тоот орон сууцыг өгөх боломжгүй болсон тул уг орон сууцны 63 тоот 54.98 м.кв талбайтай байрыг өгөхөөр талууд 2020 оны 4 дүгээр сард тохиролцсон. ЭТЭ ХХК-ийн хувьд уг орон сууцыг манай компанийн  ажлын гүйцэтгэлд авах ёстой бартерын байр гэдгийг мэдэж байгаа ба иргэн Н.Мтухайн байранд жил гаруй амьдарч байгааг ч тодорхой мэдэж байгаа билээ. Н.Муг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч ЭТЭ ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Мнь уг орон сууцны өмчлөх эрх олж аваагүй этгээдтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсанд ЭТЭ ХХК-д хамааралгүй. ШӨТ ХХК нь ЭТЭ ХХК-ийн өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 63 тоот орон сууцыг Н.Мд шилжүүлж өгөх боломжгүй. ШӨТ ХХК-ийн 2020 он 4 дүгээр сарын 10-н өдрийн 04/07 дугаар албан бичгийг үндэслэн Н.М63 тоот 54.98 м.кв талбайтай байрыг хүлээлгэн өгсөн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ЭТЭ ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ЭТЭ ХХК болон ШӨТ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20/09 дүгээр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу ШӨТ ХХК нь 44.669.200 төгрөгийн үнэ бүхий элс, тоосго нийлүүлэх, ЭТЭ ХХК нь төлбөрт нь 120.956.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богд Вилла, 1204 дүгээр байр, 63 тоотод байрлах, 54.98 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэх, /орон сууцны зөрүү төлбөр 76.286.800 төгрөгийг ШӨТ ХХК нь графикийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлнө” гэж тохирсон. Гэтэл ШӨТ ХХК нь уг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болно. Мөн уг орон сууцны өмчлөх эрх нь ЭТЭ ХХК-д байхад ШӨТ ХХК нь уг орон сууцыг бусдад худалдсан, ЭТЭ ХХК болон Н.Мхооронд гэрээ, хэлцэл байгуулагдаагүй тул Н.Мхууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богд Вилла, 1204 дүгээр байр, 63 тоотод байрлах, 54.98 м.кв талбайтай орон сууцыг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: ШӨТ ХХК-иас “...төлбөр бүрэн төлөгдсөн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богд Вилла, 1204 дүгээр байр, 63 тоот орон сууцыг Н.Мд шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичгийг ЭТЭ ХХК-д хүргүүлсний дагуу Н.Мд уг орон сууцыг ЭТЭ ХХК-иас хүлээлгэн өгсөн. Хэрэв төлбөрийн үлдэгдэлтэй, уг орон сууцыг ШӨТ ХХК-иас Н.Мд шилжүүлэх эрхгүй байсан бол тухайн үед ЭТЭ ХХК-иас Н.Мд мэдэгдэх ёстой байсан.  Тухайн үед ЭТЭ ХХК нь уг орон сууцыг ШӨТ ХХК-иас Н.Мд худалдаж байгааг мэдэж байсан атлаа одоо ШӨТ ХХК нь уг орон сууцыг захиран зарцуулах, худалдах эрхгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч ШӨТ ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан “орон сууцны талбайн зөрүү үнэ 13.483.729 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ЭТЭ ХХК, ШӨТ ХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19/09 дугаар “Заслын ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г үндэслэн Н.Мнь ШӨТ ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Вилла хотхоны 136 айлын орон сууцны Б блокийн 2 дугаар орцны 65 тоот 46.10 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.518.438 төгрөгөөр тооцож, нийт 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэтэл тухайн орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй болсон тул энэ талаар Н.Мд мэдэгдэж, тухайн байрны 63 тоот, 54.98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохирч, нэмэлт гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгч нь 70.000.000 төгрөгийг төлсөн тул талбайн зөрүү болох 8.88 м.кв талбайг 1.518.438 төгрөгөөр тооцож 13.483.729 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Н.Мби ЭТЭ ХХК, ШӨТ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Вилла хотхоны 136 айлын орон сууцны Б блокийн 2 дугаар орцны 65 тоот 46.10 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.518.438 төгрөгөөр тооцож, нийт 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар ШӨТ ХХК-тай гэрээ худалдан авахаар тохиролцсон. Гэтэл ШӨТ ХХК-иас 65 тоотын 46.10 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй болсон тул тухайн байрны 63 тоотын 54.98 талбайтай орон сууцыг 70.000.000 төгрөгийн үнийн дүнд тооцон авах санал гаргасныг бид хүлээн зөвшөөрч нэмэлт гэрээ байгуулсан. Ингээд байрны төлбөр бүрэн төлөгдсөн тул шилжүүлж өгөхийг ЭТЭ ХХК-д мэдэгдсэний дагуу тухайн орон сууцанд нүүж орсон. Гэтэл одоо м.кв талбайн зөрүү гэж 13.483.729 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, тодорхойлолт, хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны хувийн хэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Морон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Н.М, ШӨТ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03/05 дугаар “Гэрээний нэмэлт хавсралт”, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 19/07-10-01 дүгээр “Гэрээний нэмэлт өөрчлөлт”, “Шинэ өнгө төрх”-ийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/07 дугаар “Тодорхойлолт гаргах тухай”, ЭТЭ ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр “Түлхүүр олгох зөвшөөрлийн хуудас” гэсэн нотлох баримтыг үндэслэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах.

 

Хариуцагч “Шинэ өнгө төрх”-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу ЭТЭ ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй ба уг орон сууц нь ЭТЭ ХХК-ийн өмчлөлд байдаг тул бид уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэв.

 

Хариуцагч ЭТЭ ХХК-иас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Н.Мнь уг орон сууцны өмчлөх эрх олж аваагүй этгээд болох ШӨТ ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь байгуулсанд ЭТЭ ХХК-д хамааралгүй. ШӨТ ХХК нь ЭТЭ ХХК-ийн өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 63 тоот орон сууцыг Н.Мд шилжүүлж өгөх боломжгүй гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н.М, ШӨТ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03/05 дугаар “Гэрээний нэмэлт хавсралт”, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 19/07-10-01 дүгээр “Гэрээний нэмэлт өөрчлөлт”, “Шинэ өнгө төрх”-ийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/07 дугаар “Тодорхойлолт гаргах тухай”, ЭТЭ ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр “Түлхүүр олгох зөвшөөрлийн хуудас”, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08/08 дугаар “Тодорхойлолт гаргах тухай”, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/01 дүгээр “Хүсэлт хүргүүлэх тухай”, Голомт банкны Төлбөрийн баримт, Дансны хуулга, ШӨТ ХХК нь ЭТЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны гэрчилгээ, хувийн хэрэг, тодорхойлолт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Н.М, ШӨТ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч ШӨТ ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй буюу ЭТЭ ХХКтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжих Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам, Богд вилла төслийн Б блок, 2 дугаар орцны 65 тоот 46.10 м.кв талбайтай орон сууцыг 70.000.000 төгрөгөөр худалдан авагч Н.Мд худалдахаар тохиролцсон. Гэтэл худалдагч ШӨТ ХХК нь тухай орон сууцыг шилжүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар тухайн орон сууцыг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар солихоор тохиролцсон байна.

 

ШӨТ ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/07 дугаар “...бартерын байр болох 63 тоот 54.98 м.кв талбайтай 2 өрөө байрны төлбөрийг Н.Мнь 100 хувь төлж барагдуулсан тул гэрээний дагуу Шинэ өнгө төрх ХХК-ийн ажлын гүйцэтгэлээр уг байрны төлбөр тооцоо дууссаны дараа Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Н.Мнэр дээр гаргаж өгч болохыг тодорхойлж байна” гэсэн тодорхойлолтыг ЭТЭ ХХКд хүргүүлсний дагуу ЭТЭ ХХКиас уг орон сууцыг биет байдлаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Н.Мд хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасны дагуу гэрээний зүйл болох уг орон сууцыг эрхийн доголгүй гэж дүгнэв.

 

Иймд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт худалдан авагч Н.Мнь хэлэлцсэн тохиролцсон үнэ 70.000.000 төгрөгийг төлсөн тул Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоох нь зүйтэй байна.

 

Уг орон сууц нь хариуцагч ЭТЭ ХХКийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдсон тул Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н.Мд шилжүүлэхийг хариуцагч ЭТЭ ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Хариуцагч ЭТЭ ХХК-ийн “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Н.Мнь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч ШӨТ ХХК-ийн “орон сууцны талбайн зөрүү үнэ 13.483.729 төгрөг гаргуулах тухай” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Н.М, ШӨТ ХХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 792 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03/05 дугаар Гэрээний нэмэлт хавсралт, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 19/07-10-01 дүгээр “Гэрээний нэмэлт өөрчлөлт”, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/07 дугаар Тодорхойлолтоор 70.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам, Богд вилла төслийн Б блок, 2 дугаар орцны 65 тоот 46.10 м.кв талбайтай орон сууцыг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар солихоор тохиролцсон байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 8.88 м.кв талбайн зөрүүг 1 м.кв талбайг 1.518.438 төгрөгөөр тооцож 13.483.729 төгрөгийг Н.Мтөлөх талаар тохиролцсон болох нь нотлогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Маас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 578.150 төгрөгийг, хариуцагч ЭТЭ ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 762.730 төгрөгийг, хариуцагч ШӨТ ХХК-иас 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 225.369 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ШӨТ ХХК, ЭТЭ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 578.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1., 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч ЭТЭ ХХК-д даалгаж, хариуцагч Хариуцагч ЭТЭ ХХК-ийн “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийг, Хариуцагч ШӨТ ХХК-ийн “орон сууцны талбайн зөрүү үнэ 13.483.729 төгрөг гаргуулах тухай” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Маас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 578.150 төгрөгийг, хариуцагч ЭТЭ ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 762.730 төгрөгийг, хариуцагч ШӨТ ХХК-иас 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 225.369 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ШӨТ ХХК, ЭТЭ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 578.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД