Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00663

 

 

 

Н.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Мы нэхэмжлэлтэй хариуцагч “ШӨТ” ХХК, “ЭТЭ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн төлөөлөгч Г.Тэмүүл, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга болон сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга: Н.М миний бие “ШӨТ” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа “ШӨТ” ХХК, “ЭТЭ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн АГГ-... дугаар бүхий заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн ХХХ дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ хотхоны 136 айлын орон сууцны Б блокийн 2 дугаар орцны 65 тоот 46,10 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,518,438 төгрөгөөр тооцож, нийт 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Миний бие гэрээний дагуу уг орон сууцын төлбөр болох 70,000,000 төгрөгийг “ШӨТ” ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Гэтэл уг орон сууц нь өөр хүнд шилжсэн болохыг “ЭТЭ” ХХК-аас олж мэдсэн. Ингээд “ШӨТ” ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээнд заасан нийт үнийн дүнд тооцон тус орон сууцны 54,98 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Н.Мд шилжүүлэхээр тохиролцсон. “ЭТЭ” ХХК-д энэ талаар мэдэгдэж, уг компаниас хүлээн зөвшөөрч, уг орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч ч уг орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл “ШӨТ” ХХК болон “ЭТЭ" ХХК-ийн хоорондын өр, авлага байгаа гэх асуудлаас болж уг орон сууцны гэрчилгээг өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлж өгөхгүй байна. Иймд ХХХ дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” хотхоны Б блок 2 дугаар орц, 1 давхарт байрлах 00 тоот, 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.

         Н.М би “ЭТЭ” ХХК, “ШӨТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр ХХХ дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ хотхоны 136 айлын орон сууцны Б блокийн 2 дугаар орцны 65 тоот 46,10 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,518,438 төгрөгөөр тооцож, нийт 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар “ШӨТ” ХХК-тай гэрээ худалдан авахаар тохиролцсон. Гэтэл “ШӨТ” ХХК-аас 65 тоотын 46,10 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй болсон тул тухайн байрны 00 тоотын 54,98 талбайтай орон сууцыг 70,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцон авах санал гаргасныг бид хүлээн зөвшөөрч нэмэлт гэрээ байгуулсан. Ингээд байрны төлбөр бүрэн төлөгдсөн тул шилжүүлж өгөхийг “ЭТЭ” ХХК-д мэдэгдсэний дагуу тухайн орон сууцанд нүүж орсон. Гэтэл одоо м.кв талбайн зөрүү гэж 13,483,729 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. “ШӨТ” ХХК-аас “...төлбөр бүрэн төлөгдсөн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ХХХ, 000дүгээр байр, 00 тоот орон сууцыг Н.Мд шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичгийг “ЭТЭ” ХХК-д хүргүүлсний дагуу Н.Мд уг орон сууцыг “ЭТЭ” ХХК-аас хүлээлгэн өгсөн. Хэрэв төлбөрийн үлдэгдэлтэй, уг орон сууцыг “ШӨТ” ХХК-аас Н.Мд шилжүүлэх эрхгүй байсан бол тухайн үед “ЭТЭ” ХХК-аас Н.Мд мэдэгдэх ёстой байсан.  Тухайн үед “ЭТЭ” ХХК нь уг орон сууцыг “ШӨТ” ХХК-аас Н.Мд худалдаж байгааг мэдэж байсан атлаа “ШӨТ” ХХК нь уг орон сууцыг захиран зарцуулах, худалдах эрхгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

          2. Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “ЭТЭ” ХХК-тай ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу уг компаниас 120,956,000 төгрөгийн ажлын хөлсийг эд хөрөнгө буюу бартераар авахаар болсон. “ШӨТ“ ХХК-аас уг бартерын орон сууцыг зарж борлуулах шаардлагын үүднээс Н.Мтай гэрээ байгуулж, ХХХ дүүргийн 0 дүгээр хороо, ХХХ төслийн барилгын В блокийн  2 дугаар орцны 65 тоот 46,10 м.кв талбайтай орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, 70,000,000 төгрөгийг авсан. Харин ажлын гүйцэтгэлээс хамаарч 65 тоот орон сууцыг өгөх боломжгүй болсон тул уг орон сууцны 00 тоот 54,98 м.кв талбайтай байрыг өгөхөөр талууд 2020 оны 4 дүгээр сард тохиролцсон. “ЭТЭ” ХХК-ийн хувьд уг орон сууцыг манай компанийн ажлын гүйцэтгэлд авах ёстой бартерын байр гэдгийг мэдэж байгаа ба Н.М тухайн байранд жил гаруй амьдарч байгааг ч тодорхой мэдэж байна. Н.Мы уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг зөвшөөрч байна.

          “ЭТЭ” ХХК, “ШӨТ” ХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19/09 дугаар заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн Н.М нь “ШӨТ” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр ХХХ дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ хотхоны 136 айлын орон сууцны Б блокийн 2 дугаар орцны 65 тоот 46,10 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,518,438 төгрөгөөр тооцож, нийт 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэтэл тухайн орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй болсон тул энэ талаар Н.Мд мэдэгдэж, тухайн байрны 00 тоот, 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохирч, нэмэлт гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгийг төлсөн тул талбайн зөрүү болох 8,88 м.кв талбайг 1,518,438 төгрөгөөр тооцож 13,483,729 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          3. Хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.М нь уг орон сууцны өмчлөх эрх олж аваагүй этгээдтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсанд “ЭТЭ” ХХК-д хамааралгүй. “ШӨТ” ХХК нь “ЭТЭ” ХХК-ийн өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 00 тоот орон сууцыг Н.Мд шилжүүлж өгөх боломжгүй. “ШӨТ” ХХК-ийн 2020 он 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/07 дугаар албан бичгийг үндэслэн Н.М 00 тоот 54,98 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          “ЭТЭ” ХХК, “ШӨТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/09 дүгээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу “ШӨТ” ХХК нь 44,669,200 төгрөгийн үнэ бүхий элс, тоосго нийлүүлэх, “ЭТЭ” ХХК нь төлбөрт нь 120,956,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ХХХ, 000дүгээр байр, 00 тоотод байрлах, 54,98 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэх, орон сууцны зөрүү төлбөр 76,286,800 төгрөгийг “ШӨТ” ХХК нь графикийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлнө” гэж тохирсон. Гэтэл “ШӨТ” ХХК нь уг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болно. Мөн уг орон сууцны өмчлөх эрх нь “ЭТЭ” ХХК-д байхад “ШӨТ” ХХК нь уг орон сууцыг бусдад худалдсан. “ЭТЭ” ХХК, Н.Мы хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаагүй тул Н.Мы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ХХХ, 000дүгээр байр, 00 тоотод байрлах, 54,98 м.кв талбайтай орон сууцыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан ХХХ дүүрэг, 0 дүгээр хороо, ХХХ, ХХХ гудамж, 000 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 54,98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч “ЭТЭ” ХХК-д даалгаж, хариуцагч Хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийг, Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн “орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Маас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 578,150 төгрөгийг, хариуцагч “ЭТЭ” ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 762,730 төгрөгийг, хариуцагч “ШӨТ” ХХК-иас 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 225,369 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ШӨТ” ХХК, “ЭТЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 578,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                                                                                                                 

          5. Хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг бодитоор тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, холбогдох эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэглэснээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Улмаар хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч нарын гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт цугларсан баримттай харьцуулан бодитоор үнэлж, дүгнээгүй, зөвхөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт тулгуурлан илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар 00 тоот орон сууцыг шилжүүлэхтэй холбоотойгоор хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ хэлцэл анхнаасаа хийгдээгүй байхад хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт №19/07-10-01 гэсэн баримтыг шүүх үнэлж, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргасан. Талуудын хооронд 00 тоот орон сууцыг худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа огт үүсээгүй, баримтаар нотлогдоогүй байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн мэтээр хийсвэр дүгнэлт хийж, орон сууцны өмчлөгчөөр өмчлөгч бус этгээдийг тогтоосон. Мөн “ШӨТ” ХХК нь “ЭТЭ” ХХК-ийн өмчлөлийн 00 тоот орон сууцыг дур мэдэн бусдад шилжүүлэх агуулга бүхий албан бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар сарын 56.1.8-д заасан хуулиар тогтоосон буюу мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан /нотариатаар батлуулах/ хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхад түүнийг хүчин төгөлдөр мэтээр дүгнэж, Н.Мтай ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй “ЭТЭ” ХХК-ийн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр даалгасан нь илт үндэслэлгүй байна. Шүүхээс түлхүүр олгох зөвшөөрлийн хуудсыг дүгнэхээсээ илүүтэйгээр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх асуудал нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх ёстой байсан. Түүнчлэн зөвхөн түлхүүр шилжүүлсэн актаар “ЭТЭ” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Н.Мд шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

          Хан-Уул дүүргийн 4 хороо, ХХХ хотхоны 46,10 м.кв, 00 тоот орон сууцыг хууль ёсны дагуу хэн нэгэн этгээдэд шилжүүлээгүй тохиолдолд уг орон сууцыг барьж байгуулсан “ЭТЭ” ХХК өмчлөгч нь юм. Гэтэл хууль ёсны өмчлөгч нь өмчлөх эрхийг шилжүүлэх аливаа хэлцэл хийгээгүй байхад өмчлөх эрхийг олж аваагүй этгээд “ШӨТ” ХХК нь өөрийн дур зоргоор бусдад шилжүүлсэн асуудлыг шүүх үндэслэлгүйгээр зөвтгөсөн нь жинхэнэ өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. “ШӨТ” ХХК нь “ЭТЭ” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэг буюу үлдэгдэл төлбөрт 78,330,000 төгрөгийг төлөх ёстой. Энэ үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээний 2.10-т заасны дагуу 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг “ШӨТ” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл “ЭТЭ" ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор шилжүүлж аваагүй атлаа “ШӨТ” ХХК нь тухайн орон сууцыг барьж байгуулсан гүйцэтгэгч тал нь болсон мэтээр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг Н.Мтай давхар байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 00 тоот орон сууцны өмчлөх эрх “ШӨТ” ХХК-д шилжээгүй байсныг мэдсээр байж Н.М нь гэрээ хийсэн нь илэрхий байхад түүний өмнө үүрэг хүлээгээгүй “ЭТЭ” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж байгаа нь үндэслэлгүй.

          “ШӨТ” ХХК-аас “ЭТЭ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул энэхүү үүргийг дуусгавар болгосны дараа 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг Н.Мд шилжүүлж болох тухай агуулга бүрэн туссан байхад анхан шатны шүүх бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний холбогдох заалт болон дээрх баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, хэрэгт цугларсан баримттай харьцуулан үнэлж, дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн. “ЭТЭ” ХХК нь нэхэмжлэгч Н.Мтай аливаа эрх зүйн харилцаагаар холбогдоогүй, тэдгээрийн хооронд ямар нэгэн үүрэг хүлээлгэсэн хэлцэл хийгдээгүй байхад “ЭТЭ” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, улмаар “ШӨТ” ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гаргасан зөрчлийг “ЭТЭ” ХХК-д шууд хариуцуулсан нь шударга ёсонд нийцэхгүй. “ЭТЭ” ХХК “ШӨТ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн харилцаа дуусгавар болоогүй байхад гуравдагч этгээд болох Н.Мд 120,956,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нь “ЭТЭ” ХХК, “ШӨТ” ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгтэй харшлах нь илт байхад энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй. Н.М нь бодит байдалд “ШӨТ” ХХК-тай 70,000,000 төгрөгийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл “ЭТЭ” ХХК-ийн 120,956,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ямар ч гэрээ хэлцэлгүйгээр өөртөө шилжүүлж авах нөхцөл байдал үүсч байгаа талаар шүүх харьцуулан дүгнэж, үнэлэлт дүгнэлт хийгээгүй. “ЭТЭ” ХХК “ШӨТ” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн харилцаа дуусгавар болоогүй буюу 78,330,000 төгрөгийн өр төлбөрийн асуудлыг төлж барагдуулаагүй тохиолдолд 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсэхгүй. Гэтэл шүүх Н.М болон “ШӨТ” ХХК-ийн хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй.

          Шүүх 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг Н.Мд шилжүүлэхийг хариуцагч “ЭТЭ” ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ уг үүрэг нь хэрхэн, ямар учраас үүссэн талаар огт тайлбар хийгээгүй, “ЭТЭ” ХХК нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч атлаа эрх зүйн харилцаанд оролцоогүй Н.Мд өмчлөх эрхийг шууд шилжүүлэх ёстой болсон талаарх хууль зүйн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоон, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг “ЭТЭ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн болох нь дээрх байдлаар нотлогдож байна.

          Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Н.М, “ШӨТ” ХХК-ийн хооронд бий болсон ойлгомжгүй асуудлаас болж “ЭТЭ” ХХК нь 78,330,000 төгрөгийн хохирлыг хэн хэрхэн барагдуулах, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “ШӨТ” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийг хэрхэн дүгнэх нь талаар тодорхойгүй байдал үүсч байна. Энэ гэрээний үүргийг “ШӨТ” биелүүлснээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний нөхцөл нь өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байхад үүнийг шүүхээс үл хайхран өмчлөх эрхийг ямар ч хамааралгүй гуравдагч этгээдэд шууд шилжүүлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагад нийцсэнгүй. “ШӨТ” ХХК нь “ЭТЭ” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ шударгаар гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийсэн атлаа орон сууцыг бусдад хууль бусаар худалдаж, өөртөө давхар ашиг орлого олох замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, улмаар хариуцлагыг бусдад үүрүүлэх замаар ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа асуудлыг шүүх анхаараагүй. Хэрэв иймэрхүү байдлаар хууль бус үйлдлийг илтэд дэмжсэн шийдвэрийг шүүхээс зөвтгөсөн тохиолдолд цаашид олон гэмгүй этгээд хохирч буруу жишиг тогтох эрсдэлтэй гэж үзэж байна. Н.М нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээрх шаардлагын алиныг “ЭТЭ” ХХК, “ШӨТ” ХХК-аас шаардаж байгаа талаар тодорхойлж, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй. Гэтэл шүүх энэ байдлыг тодруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь маргаантай асуудалд гол буруутай “ШӨТ” ХХК нь ямар ч хариуцлага хүлээгээгүй болох нь тодорхой байна. Н.М нь 00 тоот орон сууцыг хуулийн дагуу өмчлөх эрхгүй болох нь тодорхой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу орон сууцны өмчлөгч “ЭТЭ” ХХК нь Н.Мы хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх үндэслэлтэй байна. Иймд Н.Мы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн гаргасан “хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндэслэлгүйгээр татагдсан хариуцагчийн зөрчигдсөн эрх ашгийг хангаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Н.М нь гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. ШӨТ ХХК-аас авах төлбөрийн үлдэгдлийг далимдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан нь буруу учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн шаардлага нь үндэслэлгүй. ШӨТ ХХК-аас ЭТЭ ХХК-д 42,927,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байдаг. ШӨТ ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхөд бол татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Тухайн компаниас шаардах эрх нь нээлттэй. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

          6. Хариуцагч “ШӨТ” ХХК-аас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2.Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “ШӨТ” ХХК, “ЭТЭ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Н.М, хариуцагч “ШӨТ” ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “ШӨТ” ХХК нь “ЭТЭ ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, заслын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгөх ХХХ дүүргийн 0 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам, ХХХ төслийн Б блок, 2 дугаар орцны 65 тоот 46,10 м.кв талбайтай орон сууцыг 70,000,000 төгрөгөөр Н.Мд худалдахаар тохиролцжээ. Гэтэл “ШӨТ” ХХК нь дээрх орон сууцыг шилжүүлэх боломжгүй болсон тул ХХХ дүүрэг, 0 дүгээр хороо, ХХХ, ХХХ гудамж, 000 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 54,98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар солихоор тохиролцсон байна. /хх-5-6, 10-19 дэх тал/

 

3.а. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 24-27 дахь талд авагдсан Голомт банкны төлбөрийн баримт, ХХХ болон ХХХ банкны дансны хуулгаар тогтоогджээ. Гэрээний үүргийг шаардахад тухай үүргийг гүйцэтгэх боломжтой байх ёстой.

 

3.б. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэж заасан ба Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын Зам гудамж, 000 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 54,98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь “ЭТЭ” ХХК болох нь хэргийн 100 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Н.М нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үнэ 70,000,000 төгрөгийг төлсөн тул ХХХ дүүрэг, 0 дүгээр хороо, ХХХ, ХХХ гудамж, 000 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 54,98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, дээрх орон сууцны өмчлөх эрхийг Н.Мд шилжүүлэхийг хариуцагч “ЭТЭ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4.а. Учир нь нэхэмжлэгч Н.М, хариуцагч “ЭТЭ ХХК-ийн хооронд аливаа гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид “ЭТЭ ХХК-аас хөдлөх эд хөрөнгийн эзэмшихийг шаардах эдийн баялагийн эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.М нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. /5/  

 

Энэ шийдвэр цаашид гэрээний үүргийг биелүүлэхэд саад болохгүй бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн биелэлтийн талаар аливаа шүүхийн шийдвэр гараагүй гэж үзнэ.

 

5. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч Н.Мы хувьд “ЭТЭ ХХК-ийн “ШӨТ ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн орон сууцны эзэмшлийг шударгаар олж авсан этгээд гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 

5.а. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч Н.М нь орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр “ШӨТ ХХК-аас эзэмшилдээ шилжүүлж авсантай холбоотой тодорхой хэмжээний төлбөр төлсөн тул эд хөрөнгийг шударгаар эзэмшилдээ олж авсан этгээдийн хувьд өөрийн шаардлагыг хангагдах хүртэл тухайн эд зүйлийг өгөхгүй байх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Н.Мы орон сууцны эзэмшил Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус болохыг хариуцагч “ЭТЭ ХХК нь нотолж чадаагүй, харин нэхэмжлэгч гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авснаа нотолсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Мд холбогдох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ХХХ /00/, ХХХ гудамж, 000 дүгээр байр, 00 тоот орон сууцыг Н.Мы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч “ЭТЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагч “ЭТЭ ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /5/

 

6. Анхан шатны шүүх орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай “ШӨТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг маргаан бүхий орон сууцны 8,88 м.кв талбайн зөрүүг 1 м.кв талбайг 1,518,438 төгрөгөөр тооцож 13,483,729 төгрөгийг Н.М төлөх талаар тохиролцсон болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар хариуцагч “ШӨТ” ХХК-аас давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “ШӨТ” ХХК, “ЭТЭ” ХХК-д тус тус холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч Н.Мд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай “ШӨТ” ХХК-ийн сөрөг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00121 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “ШӨТ” ХХК, “ЭТЭ” ХХК-д тус тус холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч Н.Мд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч “ЭТЭ” ХХК-ийн, орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай “ШӨТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЭТЭ” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ