Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01077

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01077

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б ХХК -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Д.О миний бие 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б-956/20 тоот тушаалаар Б ХХК-ийн уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтнаар ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх хугацаандаа 20 хоног ажиллаж, 10 хоног амрах ээлжийн графиктай байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон цалин хөлс 1 сарын 1,600,000 төгрөг байсан. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

 

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13743 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр гарсан даруйд гардаж авсан.

1. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухайд:

Миний бие 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би 2 ширхэг хоосон архины шил олсныгоо устгуулахаар Алтантовч даргын өрөөнд оруулж өгснийг өрөөнд нь хамт суудаг нарийн бичиг нь харсан. Ингээд нарийн бичиг нь намайг Алтантовч даргатай хамт архи уусан байх гэж Мөнхжаргал даргад хэлснээр Мөнхжаргал дарга намайг дуудсан бөгөөд дотоод хяналтын албаны дарга н.Алтантовчтой хамт ажил дээр архи уусан эсэхийг асуусан.

Би н.Алтантовч даргатай огт архи уугаагүй, ажил дээр архи ууж байсан удаа байхгүй гэдгээ хэлэхэд н.Алтантовчийн албан тушаал надад хэрэгтэй байна, тэр хүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл хэрэгтэй байна гэж надад хэлж байсан. н.Алтантовч дарга манай албаныхантай архи уусан байсныг би сүүлд мэдсэн. Учир нь тэр шөнө би уурхайн бүсээр эргүүл хийж, дуудлага хүлээн авч ажиллаж байсан.

Надаас бусад ажилчид архи уусан болохоо хүлээн зөвшөөрсөн, харин би тэр шөнө ажилтай байсан учир хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр тайлбар гарган мэдэгдсэн. Намайг ажлын байранд архи ууж, ноцтой зөрчил гаргасныг нотлох аливаа баримт камерын бичлэг, драгераар үлээлгэсэн баримт зэрэг ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд албаныхан бүгд архи уусан гэдэгт хамаатуулан, нийтээр нь ажлаас халж, намайг зөвхөн нарийн бичгийн үгээр намайг дуудаж уулзахад нь би уугаагүй гэдгээ хэлээд гарсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 27-нд ажлаасаа бууж, 10 хоног амрахаар Улаанбаатар хот руу явсан.

Мөн би архи уусан гэх шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир миний цалин, хөлсийг үндэслэлгүйгээр хааж хойшлуулсан, тушаалыг өгөхгүй удаасан, одоо болтол ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорыг олгоогүй байгаа. Мөн халагдсан бусад ажилчдаар намайг хамт архи уусан болгож тайлбар бичүүлж авсан байсан. Архи уугаагүй гэж тайлбар өгсөөр байтал ямар ч нотлох баримтгүй гүтгэж ажлаас халчихаад араас нь баримтуудаа бүрдүүлсэн байсан.

Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхаар тайлбарласан байдаг. Мөн ноцтой зөрчил үйлдсэн болох нь баримтаар нотлогдсон байхыг шаардана.

Д.О нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаад, 8 дугаар сарын 27-нд Улаанбаатар хот руу гарсан. Ингэхдээ ажлаас халагдах талаар огт мэдээгүй, өөрийн эд зүйлсээ үлдээгээд, ростерын амралтаа эдлэхээр явсан. Гэтэл Улаанбаатар хотод ирсний дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халж байгааг утсаар мэдэгдсэн учир тэр өдөртөө Д.О архи уугаагүй, Ж.Мөнхжаргал дарга дуудаж уулзаад асуусан, би уугаагүй гэдгээ хэлсэн гэх тайлбараа гараар бичээд Дотоод хяналт шалгалтын хэлтсийн групп чат руу явуулсан байдаг.

Гэтэл уурхай дээр үйлдэгддэг Сахилгын шийтгэл гэх баримт дээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байх боломжгүй юм. Д.О нь анхнаасаа архи уусан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарласан бөгөөд, сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн баримт дээр гарын үсэг зураагүй гэдгээ баттай мэдэж байсан учир шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

Д.О ыг архи уусан гэх тайлбар гаргасан 2 ажилтны хувьд анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд халагдсаныхаа дараа Д.О ыг архи уусан гэх тайлбар бичиж өгч, одоо хоёулаа эргээд ажилдаа орсон байгаа.

Д.О нь үргэлж 20-с илүү хоног ажилладаг учир илүү ажилласан хоногт нь дүйцэх амралтыг нэмж тооцоод 2020 оны 9 дүгээр сарын12-ны өдрөөр гэрээ цуцалсан байгаа юм.

2. Нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласаны нэмэгдэл хөлс гаргуулах тухайд:

Би 20 хоног ажиллаж 10 хоног амрах ээлжээр ажиллаж байсан бөгөөд 1 өдрийн ажлын цаг нь 10 цаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.3 дугаар зүйлүүдэд заасны дагуу 1 өдрийн ажлын цаг 8 цаг хүртэл, 7 хоногийн ажлын цаг 40 цаг хүртэл, ажлын 2 өдрийн хоорондох амралтын хугацаа 12 цагаас дээш байх ёстой.

Иймд өдөр бүр 2 цаг илүү ажиллаж байсан. Мөн ажлын 20 хоног тасралтгүй өдрийн 10 цагаар ажиллаж байхад нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдрүүдийг нөхөж амраагаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53.1 дэх зүйлүүдэд зааснаар нэмэгдэл хөлс олгох ёстой байсан.

Б ХХК-аас ажил амралтын хоногуудыг тодорхойлдог амралтын хуудсыг олгодог бөгөөд нийтээр амрах баярын өдөр болон 7 хоногийн амралтын өдрөөр ажиллаж байсан, нөхөж амраагүй болно. Б ХХК нь 20/10 ээлжийн системээр ажилладаг ба ажлын цаг нь уурхайн цаг буюу өдөрт 10 цагаар ажилладаг байсан. Гэхдээ дотоод хяналтын албаныхан шөнө дуудлаганд явах зэргээр өдөр бүр 10 цагаас илүү ажилладаг байсан. Д.О миний бие ажиллаж байх хугацаанд наадмын 5 хоногт ажиллаж таарсан боловч мөн л нөхөж амраагаагүй, нэмэгдэл хөлсийг олгоогүй тул нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн.

Иймд Б ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэгдэх өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-г нөхөн төлүүлэх, ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан хяналтын ажилтан Д.О нь компанийн дотоод журам зөрчиж кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг нь цуцалж үүрэгт ажлаас чалөөсөн.

Д.О нь уурхайн бүсэд архи уусан зөрчлөө хүлээн зөвшөөрч сахилгын шийтгэл хүлээх хуудас дээр гарын үсгээ зурсан бөгөөд Сонор харуул хамгаалалтын хэлтсийн дарга Ж.Мөнхжаргал уг зөрчлийг илрүүлж тогтоосон байдал, хамт ажилладаг гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотолж Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дотоод журмын 10.1, 10.2.18, 10.4 -д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уурхайн бүсэд ажилллаж буй ажиллагсдын хувьд 20 хоног ажиллаж 10 хоног амрах ээлжтэй байдаг. Нэхэмжлэгч өдөрт 10 цаг ажилладаг учраас илүү цаг 2 цаг ажилласан гэж дурдсан. Өдрийн ажиллах 10 цагийн 8 цаг нь ажлын цаг бөгөөд 1 цаг нь цайны цаг юм. Гэсэн хэдий ч манай байгууллагын зүгээс амралтын 10 хоногийн хугацаанд нь тухайн цагийг илүү 2 цаг ажилласанаар тооцож цалин олгодог болно.

Д.О той байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 17.18-д Ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ болон кемпийн бүсэд, амрах байранд, компанийн болон бусад тээврийн хэрэгсэл болон гэрээт байгууллагын нисэх онгоцоор ажлын байранд ирэх, буцахдаа болон албан томилолтын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хэрэглэсэн, эсвэл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын талбай, ажлын байр, кемпийн бүс, амрах байр, компанийн болон бусад тээврийн хэрэгсэл болон гэрээт байгууллагын нисэх онгоцонд нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан бол ноцтой зөрчил гэж үзэн ажлаас халах тухай, 19.1 -д Ажил олгогч нь Монгол Улсын хууль тогтоомж, компанийн холбогдох дүрэм, журам хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зөрчсөн ажилтанд тухайн ажилтны гэм буруугийн хэр хэмжээ, шинж байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журамд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан.

Хөдөлмөрийн дотоод журмын 10.1-д Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ, дотоод дүрэм, журам, зааврыг зорчсөн үйлдэл, биелүүлээгүй явдлыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ. 10.2-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж байдлаас хамааруулан дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно, 10.2.18-д Ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэх үедээ болон кемпийн бүсэд, амрах байранд, компанийн болон бусад тээврийн хэрэгсэл болон гэрээт байгууллагын нисэх онгоцоор ажлын байранд ирэх, буцахдаа болон албан томилолтын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, эсвэл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын талбай, ажлын байр, кемпийн бүс, амрах байр, компанийн болон бусад тээврийн хэрэгсэл болон гэрээт байгууллагын нисэх онгоцонд нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан, 10.4-т Ноцтой зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тус тус заасан.

Д.О нь компанийн Ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлийн журмын 1.3.9-д Ажлын өдөр гэж Улаанбаатар хотод ажиллаж буй ажилтны хувьд долоо хоногийн Даваагаас Баасан гаригийг, Үйлдвэрлэлийн нэгжид ажиллаж буй ажилтны хувьд ростерийн хуваарийн дагуу ажиллах Даваагаас Ням гаригийг ойлгоно гэж заасны дагуу уурхайд 20/10 ээлжийн хуваариар ажиллахдаа 7 хоногийн амралтын өдрүүдэд үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан.

Ажил, амралтын цагийг нь Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан ажлын цагийг нэгтгэн бодох журмын 2-т заасны дагуу тооцож илүү цагийг нөхөж амраах, нөхөж амраагаагүй тохиолдолд илүү цагаар тооцож цалин хөлсийг тухай бүрт нь олгож байсан тул цалин дутуу олгосон асуудал байхгүй тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай байгууллага согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахдаа драгер ашиглаж зураг авч баримтжуулдаг. Харин Д.О ын хувьд 2020 оны 8 дугаар сарын 13-нд хамт ажилладаг хүмүүстэйгээ архи уусан нь сүүлд буюу 2020 оны 8 дугаар сарын 20-нд гарснаас хойш мэдэгдсэн. Энэ тохиолдолд драгер үлээлгэж баталгаажуулах боломжгүй. Гэхдээ шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж Д.О од танилцуулж сахилгын шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсны үндсэн дээр ажлаас халах тушаалыг гаргасан бөгөөд Сонор харуул ХХК-ийн хэлтсийн захирал Ж.Мөнхжаргалын тодорхойлолтыг үндэслэж гаргаагүй.

Сахилгын шийтгэл ногдуулах хуудсыг уурхайгаас Улаанбаатарын Төв оффис руу скайнердаж ирүүлсэн. Энэхүү хуудсыг хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Улаанбаатар хотод Д.О од танилцуулсан.

Д.О нь ээлжийн хуваарийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уурхайгаас явсан. Ажлаас чөлөөлөх огноог 20/10 ээлжийн хуваариар ажиллаж байх хугацаанд хуримтлагдсан хоногийг нэмж гаргасан. Учир нь вахтын амралтын хугацаанд нь цалин олгогддог тул энэхүү хугацаа нь ажлын цагийн фондод орж байгаа юм. Иймд энэхүү хугацаа нь дууссаны дараа тушаалыг гаргасан нь хуулийн дагуу гэж үзэж байна.

Д.О өөрийн гар утсан дээрх зургийг илүү цагаар 7 хоногийн амралтын өдөр болон наадмын өдрүүдэд ажилласныг нотлох баримтаар гаргаж үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Компанийн ажилтнууд 20/10 ээлжийн хуваариар уурхайд байхдаа 7 хоногийн амралтын өдөр болон тухайн үед нь нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдолд ажилладаг. Мөн Хөдөлмөрийн хуульд заасан 8 цагаас илүү цагаар ажиллана. Д.О ялгаагүй энэ хуваарь зарчмын дагуу ажилладаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар:

Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13743 дугаартай шүүгчийн захирамж, уг нэхэмжлэлийг шууданд хийсэн дугтуй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ДХШД-д Д.О ын бичсэн тайлбар, 2020 оны нийгмийн даатглын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрэл зургууд, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нотлох баримтаар:

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны Б-3811/20 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Сонор харуул ХХК-ийн Аюулгүй байдлын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны 14 дугаартай Дотоод хяналт шалгалтын хэлтэст хүргүүлсэн албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн М.Мөнхбаярын тайлбар бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/12/17 дугаартай Дотоор журам шинэчлэн батлах тухай захирлын тушаал, Эко алтан заамар ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-57/20 дугаартай Журам шинэчлэн батлах тухай захирлын тушаал, Ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлийн тухай журам, Эко алтан заамар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр, Цаг бүртгэл, илүү цагийн тооцоолол, цалин бодолт, илүү цагийн нэмэгдэл хөлсний тооцоолол

Шүүхийн журмаар :

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1429 дугаартай дүгнэлт, гэрч Ч.Г-ийн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.О ын П ХХК-д ажиллаж байсан эсэх талаалх тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын12-ны Б/185 дугаартай туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 015 дугаартай Ажлаас чөлөөлсөн тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 0001/066 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 001/067 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, П ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын лавлагаа, Д.О ын 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг бүрүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.О нь Б ХХК- д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Б ХХК-ийн уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байсан ажилтан Д.О ыг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б-3811/20 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 7,8, 22-44-р хуудас/

Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан Д.О ыг компанийн дотоод журам зөрчиж кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Д.О нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2020 оны 9 дүгээр сарын18-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хүргүүлэхээр шууданд хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасантай нийцэж байна. /хх-ийн 15-р хуудас/

Дээрх нэхэмжлэлийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13743 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 13, 14-р хуудас/

Ажил олгогч нь ажилтан Д.О той 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 4-5-р хуудас/

Дээрх хөдөлмөрийн гэрээнд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ажилтны нэг сарын үндсэн цалин 1.600.000 төгрөг байна, ажилтан ажлын цагийн хуваарийн дагуу уурхайд 20 хоног ажиллаж, 10 хоног амрах ростерийн хуваариар ажиллана. Ажилтны ажилласан цагийг уурхайн цагаар тооцно. Ажилтны ажилдаа ирэх болон буцахад зарцуулсан хугацаа нь амралтын хугацаанд багтана гэсэн нэмэлтийг оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 6-р хуудас/

Хариуцагч /ажил олгогч/ Б ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №А-12/17 дугаартай тушаалаар тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баталжээ. /хх-ийн 139-143-р хуудас/

Тус дотоод журмын 10.2.-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж байдлаас хамааруулан дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно.

10.2.18. Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ болон кемпийн бүсэд, амрах байранд, компанийн болон бусад тээврийн хэрэгсэл болон гэрээт байгууллагын нисэх онгоцоор ажлын байранд ирэх, буцахдаа болон албан томилолтын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, эсвэл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын талбай, ажлын байр, кемпийн бүс, амрах байр, компанийн болон бусад тээврийн хэрэгсэл болон гэрээт байгуллагын нисэх онгоцонд нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан гэж, /хх-ийн 143-р хуудас/

Нэхэмжлэгч /ажилтан/, хариуцагч /ажил олгогч/ нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 17.-д Ноцтой зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэл болох бөгөөд ажилтны дараах үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд хамааруулна. Үүнд:

17.18. Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ болон кемпийн бүсэд, амрах байранд, компанийн болон бусад тээврийн хэрэгсэл болон гэрээт байгууллагын нисэх онгоцоор ажлын байранд ирэх, буцахдаа болон албан томилолтын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, эсвэл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн ... гэж тус тус тусгажээ. /хх-ийн 143-р хуудас/

Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ болон кемпийн бүсэд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцно гэж тохиролцсон байна.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа ажилтан Д.О ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт гэрээнд нэрлэн заасан зөрчлийг гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил тогтоогдсон байх шаардлагатай юм.

Ажилтан Д.О ын гаргасан зөрчлийг илрүүлсэн баримт, уг зөрчлийг ажилтанд танилцуулж тайлбар авч, хамт олны хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл гэх мэт баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно. Тодруулбал: хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1.,38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй болно.

Хариуцагчаас ирүүлсэн Сонор харуул ХХК-ийн аюулгүй байдлын хэлтсийн захирал Ж.Мөнхжаргалын Дотоод хяналт шалгалтын хэлтэст бичсэн тодорхойлолт, ажилтан М.Мөнхбаярын тайлбар, гэрч Ч.Ганчимэгийн мэдүүлэг гэсэн баримтуудаар ажилтан Д.О кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан болох нь хангалттай нотлогдохгүй байна. /110, 111, 172, 173-р хуудас/

Тодруулбал ажилтан Д.О ыг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцсэн эсэх, уг асуудлыг ажилтанд танилцуулсан эсэх, согтолтыг тогтоосон баримтууд гэх мэт кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоосон талаарх баримтыг ирүүлээгүй.

Хариуцагч /ажил олгогч/ нь ажилтан Д.О ыг Сахилгын шийтгэл гэх баримтад гарын үсэг зурж уурхайн бүсэд архи уусаныгаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг баримт нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсныг танилцуулсан баримт гэж үзэхээр байна. /хх-ийн 64-76-р хуудас/

Иргэн З.Болдбаатарын тайлбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй, П ХХК-иас ирүүлсэн Д.О ыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэрэг баримтууд нь Д.О ын нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно./хх-ийн 41, 188-202-р хуудас/

Хариуцагч /ажил олгогч/ Б ХХК нь нэхэмжлэгч /ажилтан/ Д.О ыг компанийн дотоод журам зөрчиж кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан атлаа 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул ажилтныг ажлаас чөлөөлсөн өдрийг 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэж үзсэн болно.

Иймд Д.О ыг Б ХХК-ийн уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа болох 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 5 дугаар 10-ны өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 30.145.876 төгрөгийг олгож, уг цалин олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

/1.454.545+1.400.000+1.600.000=4.454.545/,/4.454.545:3=1.484.848,1.484.848: 21,5=69.063/,/1.484.848х19сар=28.212.112,28хоногх69.063=1.933.764,28.212.112+1.933.764=30.145.876 төгрөг/

-ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухайд:

Нэхэмжлэгч /ажилтан/ Д.О нь ажиллаж байх хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр илүү цагаар ажилласны хөлсийг хариуцагч /ажил олгогч/-аас шаардаж, хариуцагч тухай бүрд нь олгож байсан тул олгохгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн дээрх шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал: ажилтан ажилд орсон 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нэмэгдэл хөлс олгохгүй байгаа тухай гомдол гаргаж байсан тухай баримтыг ирүүлээгүй болно.

Хариуцагч /ажил олгогч/ Б ХХК, нэхэмжлэгч /ажилтан/ Д.О нар нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу Д.О нь тус байгууллагын уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтаны үүргийг гүйцэтгэж цалин авч байсан болох нь зохигчийн тайлбар Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-ийн 4-6-р хуудас/

Нэхэмжлэгч Д.О нь дээрх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нийтээр амрах баярын өдрүүд, 7 хоногийн амралтын өдрүүдэд илүү цагаар ажилласан гэж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу ажилтан ростерийн хуваарийн дагуу ажилласан эсэх, ажилтны ажилласан цагийг уурхайн цагаар бодсон эсэх, цагийн бүртгэл, вахт амралтыг хэрхэн тооцдог тухай гэх мэт баримтуудыг ирүүлээгүй тул ажилтан Д.О ын ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг тооцоолох боломжгүй байна.

Иймд ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Д.О ыг Б ХХК-ийн уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин олговорт 30.145.876 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Д.О од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308.679 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

.

 

                        ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО