Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01497

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01497

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01077 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.О 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б-956/20 дугаар тушаалаар Б ХХК-ийн уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтнаар ажиллаж эхэлсэн. 20 хоног ажиллаж, 10 хоног амрах ээлжийн хуваарьтай, нэг сарын 1,600,000 төгрөгийн цалинтай байсан. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

1.2 Миний бие 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2 ширхэг хоосон архины шил олж, устгуулахаар н.Аийн өрөөнд оруулж өгснийг нарийн бичиг нь намайг н.Атой хамт архи уусан байх гэж н.С даргад хэлсэн. Би н.Атой архи уугаагүй, ажил дээр архи ууж байсан удаагүй. Учир нь тэр шөнө би уурхайн бүсээр эргүүл хийж, дуудлага хүлээн авч ажилласан.

1.3 Надаас бусад ажилчид архи уусан болохоо хүлээн зөвшөөрсөн, харин би тэр шөнө ажилтай байсан учир хүлээн зөвшөөрөхгүй. Намайг ажлын байранд архи ууж, ноцтой зөрчил гаргасныг нотлох камерын бичлэг, драгераар үлээлгэсэн баримтгүй бөгөөд албаныхан бүгд архи уусан гэдэгт хамаатуулан, нийтээр нь ажлаас халсан. Мөн миний цалин, хөлсийг үндэслэлгүйгээр хааж хойшлуулсан, тушаалыг өгөхгүй удаасан, одоо болтол ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгоогүй.

1.4 Д.О 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаад, 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаас халагдах талаар огт мэдээгүй, өөрийн эд зүйлсээ үлдээгээд, ростерын амралтаа эдлэхээр явсан. Гэтэл Улаанбаатар хотод ирсний дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халж байгааг утсаар мэдэгдсэн. Уурхай дээр үйлдэгддэг Сахилгын шийтгэл гэх баримт дээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байх боломжгүй. Д.Оыг архи уусан гэх тайлбар гаргасан 2 ажилтны хувьд анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд халагдсаныхаа дараа Д.Оыг архи уусан гэх тайлбар бичиж өгч, одоо хоёулаа эргээд ажилдаа орсон. Д.О нь үргэлж 20-с илүү хоног ажилладаг тул илүү ажилласан хоногт нь дүйцэх амралтыг нэмж тооцоод, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр гэрээ цуцалсан.

1.5 Би 20 хоног ажиллаж 10 хоног амрах ээлжээр ажиллаж байсан бөгөөд 1 өдрийн ажлын цаг нь 10 цаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.3 дугаар зүйлүүдэд заасны дагуу 1 өдрийн ажлын цаг 8 цаг хүртэл, 7 хоногийн ажлын цаг 40 цаг хүртэл, ажлын 2 өдрийн хоорондох амралтын хугацаа 12 цагаас дээш байх ёстой. Иймд өдөр бүр 2 цаг илүү ажиллаж байсан. Мөн ажлын 20 хоног тасралтгүй өдрийн 10 цагаар ажиллаж байхад нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдрүүдийг нөхөж амраагаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл хөлс олгох ёстой байсан.

1.6 Б ХХК-аас ажил амралтын хоногуудыг тодорхойлдог амралтын хуудсыг олгодог бөгөөд нийтээр амрах баярын өдөр болон 7 хоногийн амралтын өдрөөр ажиллаж байсан, нөхөж амраагүй. Б ХХК нь 20/10 ээлжийн системээр ажилладаг ба ажлын цаг нь уурхайн цаг буюу өдөрт 10 цагаар ажилладаг боловч дотоод хяналтын албаныхан шөнө дуудлаганд явах зэргээр өдөр бүр 10 цагаас илүү ажилладаг байсан. Д.О миний бие ажиллаж байх хугацаанд наадмын 5 хоногт ажиллаж таарсныг нөхөж амраагаагүй, нэмэгдэл хөлсийг олгоогүй тул нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн.

1.7 Иймд Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг буюу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэгдэх өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-г нөхөн төлүүлэх, ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан хяналтын ажилтан Д.О нь компанийн дотоод журам зөрчиж кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг нь цуцалж үүрэгт ажлаас чалөөсөн.

2.1 Д.О нь уурхайн бүсэд архи уусан зөрчлөө хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл хүлээх хуудас дээр гарын үсгээ зурсан. Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Ж.С уг зөрчлийг илрүүлж тогтоосон, хамт ажилладаг гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотолж, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дотоод журмын 10.1, 10.2.18, 10.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уурхайн бүсэд ажилллаж буй ажиллагсдын хувьд 20 хоног ажиллаж 10 хоног амрах ээлжтэй. Нэхэмжлэгч өдөрт 10 цаг ажилладаг учраас илүү цаг 2 цаг ажилласан гэж дурдсан. Өдрийн ажиллах 10 цагийн 8 цаг нь ажлын цаг бөгөөд 1 цаг нь цайны цаг. Гэвч манай байгууллагын зүгээс амралтын 10 хоногийн хугацаанд нь тухайн цагийг илүү 2 цаг ажилласанаар тооцож цалин олгодог.

2.2 Д.Отой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 17.18, 19.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.2, 10.2.18, 10.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн. Д.О нь компанийн ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлийн журмын 1.3.9-д заасны дагуу уурхайд 20/10 ээлжийн хуваариар ажиллахдаа 7 хоногийн амралтын өдрүүдэд үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Ажил, амралтын цагийг нь Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан ажлын цагийг нэгтгэн бодох журмын 2-т заасны дагуу тооцож илүү цагийг нөхөж амраах, нөхөж амраагаагүй тохиолдолд илүү цагаар тооцож цалин хөлсийг тухай бүрт нь олгож байсан тул цалин дутуу олгосон асуудал байхгүй.

2.3 Манай байгууллага согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахдаа драгер ашиглаж зураг авч баримтжуулдаг. Харин Д.Оын хувьд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ архи уусан нь сүүлд буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гарснаас хойш мэдэгдсэн. Энэ тохиолдолд драгер үлээлгэж баталгаажуулах боломжгүй. Гэхдээ шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж Д.Оод танилцуулж сахилгын шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсны үндсэн дээр ажлаас халах тушаалыг гаргасан бөгөөд Сонор харуул ХХК-ийн хэлтсийн захирал Ж.Сын тодорхойлолтыг үндэслэж гаргаагүй. Сахилгын шийтгэл ногдуулах хуудсыг уурхайгаас Улаанбаатарын Төв оффис руу скайнердаж ирүүлсэн. Энэхүү хуудсыг хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Улаанбаатар хотод Д.Оод танилцуулсан.

2.4 Д.О нь ээлжийн хуваарийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уурхайгаас явсан. Ажлаас чөлөөлөх огноог 20/10 ээлжийн хуваариар ажиллаж байх хугацаанд хуримтлагдсан хоногийг нэмж гаргасан. Учир нь амралтын хугацаанд нь цалин олгогддог тул энэхүү хугацаа нь ажлын цагийн фондод орж байгаа юм. Иймд энэхүү хугацаа нь дууссаны дараа тушаалыг гаргасан нь хуулийн дагуу гэж үзэж байна.

2.5 Компанийн ажилтнууд 20/10 ээлжийн хуваариар уурхайд байхдаа 7 хоногийн амралтын өдөр болон тухайн үед нь нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдолд ажилладаг. Мөн Хөдөлмөрийн хуульд заасан 8 цагаас илүү цагаар ажиллана. Д.О энэ хуваариар ажилладаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Оыг Б ХХК-ийн уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин олговорт 30,145,876 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Д.Оод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308,679 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Д.О бусадтай хамтран согтууруулах ундаа хэрэглэснийг үйлдэл дээр нь биш, харин холбогдох мэдээллийн дагуу сүүлд илрүүлсэн тул баталж баримтжуулж авсан фото зураг, бичлэг, драгер үлээлгэсэн баримт байхгүй боловч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан.

4.1 Хариуцагчийн зүгээс Сонор харуул ХХК-ийн аюулгүй байдлын хэлтсийн захирал Ж.Сын Дотоод хяналт шалгалтын хэлтэст бичсэн тодорхойлолт, ажилтан М.Мөнхбаяр, З.Болдбаатар нарын тайлбар, ажилтан Д.Оод сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг танилцуулж гарын үсэг зуруулсан зэрэг баримтаар Д.О кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан болохыг нотолсон. Гэвч хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримт болох З.Болдбаатарын тайлбар болон бусад баримтуудыг шүүх үнэлээгүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2.4-т Энэ зүйлд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчил-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан гэж заасан. Д.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 17.18-д согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэн ажлаас халах тухай тодорхой заасан. Гэрээг талууд харилцан тохиролцон хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул ажил олгогч, ажилтан тус тус өөрийн эрх үүргийг биелүүлж, хариуцлагыг хүлээх ёстой. Харин шүүхийн шийдвэрт дурьдсан ...хамт хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл гэх мэт баримтууд-ыг заавал бүрдүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хууль болон Дээд шүүхийн тайлбарын аль, алинд дурдаагүй байна.

4.2 Ажил олгогчийн зүгээс Д.О ноцтой зөрчил гаргасныг түүнд танилцуулж Сахилгын шийтгэл-ийн хуудсанд гарын үсэг зуруулсан, хамт зөрчил гаргасан ажилтнуудаас тайлбар авсан, сахилгын шийтгэлийн хуудсыг Д.Оод танилцуулж гарын үсэг зуруулсан зэргээр ноцтой зөрчил гаргасан болохыг хангалттай нотолсон боловч шүүх үнэлээгүй. Б ХХК нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Сахилгын шийтгэл-ийн хуудсыг үйлдэж, зөрчил гаргасан ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулдаг журамтай. Энэ талаар ч компанийн Дотоод журмын 9.1-д тодорхой заасан. Гарын үсэг зурснаа сүүлд нь үл зөвшөөрч шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжийн дагуу шинжээч дүгнэлт гаргаж Д.Оын гарын үсэг мөн болохыг баталсан боловч уг дүгнэлтийг үнэлээгүй. Мөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа танилцуулж, ажилтан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зурдаг сахилгын шийтгэлийн хуудсыг шүүх сахилгын шийтгэл ногдуулсныг танилцуулсан баримт гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.

4.3 Д.О ажлаас халагдсанаас хойш өөр ажил эрхэлж байсан эсэхийг тодруулж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа болон албан бичгийг Д.Ооос, мөн түүний ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа компаниас гаргуулж авсан. Эдгээр компаниуд нь Д.Оод Б ХХК-иас олгож байснаас өндөр цалин олгож байсан нь лавлагаа болон албан бичгээс харагдаж байна. Иймд шүүх Д.Оыг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн дээрх хэсгийг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин 30,145,876 төгрөг олгох шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Харин ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гаргасан тохиолдолд ажиллаагүй хугацааны цалин хөлс олгохгүй талаар тусгах нь хууль зүйн үндэстэй гэж үзэж байгаа юм. Иймд Д.Оыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажиллаагүй хугацааны олговор 30,145,876 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Д.Оод олгох, ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж бичилт хийх гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Б ХХК-ийн зүгээс Д.Оыг хэзээ, хэнтэй, хаана согтууруулах ундаа уусан талаар тогтоож чадаагүй. Мөн компанийн 2 ажилтнаас бичгээр тайлбар авч, ажилд нь эгүүлэн томилсон. Уг тайлбарыг 2 ажилтан бичсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд Д.Отой архи уусан гэж бичсэн. Мөн тусдаа Сонор харуул ХХК-ийн хэлтсийн дарга н.С нь Д.О архи уусан нь үнэн гэж тодорхойлолт бичсэн. Уг тодорхойлолд үндэслэн Б ХХК-аас сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд өөр баримт байдаггүй. Мөн Д.Оыг 08 дугаар сарын 27-ны өдөр 10 хоногийн амралтаа авч Улаанбаатар хот руу явсан үед ажлаас халагдсан талаар утсаар мэдэгдсэн. Д.О нь дотоод хяналт шалгалт гэсэн албаны цахим руу эс зөвшөөрч өргөдөл бичиж явуулсныг анхан шатны шүүх үзлэг хийж, бэхжүүлсэн. Хэрэгт Д.Оын сахилгын шийтгэлийг эс зөвшөөрсөн агуулгатай 2 өргөдөл авагдсан. Өргөдлийг Б ХХК хүлээн авч хэлэлцээгүй атлаа 3 хүний тайлбарт үндэслэн ажлаас халах тушаал гаргасан. Мөн ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой. Ноцтой зөрчил үүсгэсэн гэж ажлаас халж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээний ямар хэсгийг баримталсан талаар дурдах зүйтэй. Гэтэл Б ХХК нь дотоод журмыг баримталж ажлаас халаах тушаал гаргасан. Хэрэгт дотоод журмыг танилцуулсан тухай баримт авагдаагүй.

5.1. Мөн хариуцагч тал манай компаниас өндөр цалин авдаг байсан тул нөхөн олговор олгохгүй гэж тайлбарладаг. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг буруу тайлбарласан. 20 хоног ажил гүйцэтгэж байхад бямба, ням гарагийг амралтын өдөр болгож хассан бөгөөд 10 цаг ажилсан атал 8 цагаар цалинг бодсон. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

3. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацаанд нийтээр амрах баярын өдөр болон 7 хоногийн амралтын өдөр илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4.1. Д.О нь Б ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сонор хариуцсан дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 тоот тушаалаар чөлөөлөгдсөн байна.

4.2. Нэхэмжлэгч Д.О нь Б ХХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 тоот тушаал гарсан өдрөөс хойш 1 сарын дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

4.3. Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б-3811/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.18, 10.4, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг баримтлан ХАБЭА, Сонор хариуцсан хяналтын ажилтан албан тушаалтай О.Оыг компанийн дотоод журам зөрчиж кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан гэх үндэслэл заан 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 7/

5. Талууд нэхэмжлэгчийг кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтын талаар маргаж байна.

5.1. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 17.18-д ажилтан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ болон кемпийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэсэн бол сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох талаар харилцан тохиролцсон, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.18-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах талаар зохицуулсан байна. /хх 4-6, 139-143/

5.2. Хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхаар зохицуулсан бол ажил олгогч нь ажилтны гаргасан уг зөрчлийг тогтоох ажиллагааг явуулсан байх учиртай.

Хариуцагч байгууллага нь ажилтан Д.Оыг уурхайн бүсэд архи уусан зөрчлийг Сонор харуул, хамгаалалтын хэлтсийн захирал Ж.Сын Дотоод хяналтын хэлтэст бичсэн тодорхойлолт, ажилтан М.Мөнхбаяр, З.Болдтөмөр нарын тайлбар болон Д.Оод сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг танилцуулж гарын үсэг зуруулсан баримтаар тогтоосон гэх тайлбар гарган маргасан.

5.3. Хариуцагчийн татгалзлаа үндэслэж буй Ж.Сын тодорхойлолт, М.Мөнхбаяр, З.Болдтөмөр нарын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Хэргийн 76 дугаар талд авагдсан сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсанд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байна. Уг баримтын агуулгаас үзвэл сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдсэн байх тул зөрчлийг тогтоосон баримт гэж үзэхгүй.

5.4. Ч.Ганчимэг шүүхэд өдрийг санахгүй байна, 08 сарын сүүл 09 сарын эх байсан, манай компаний Централ таурын төв оффисын 12 давхарт хүний нөөц сургалт хөгжлийн өрөөнд орж гарын үсэг зурсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн нь нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдлыг нотлоогүй байна.

5.5. Иймд ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогчоос тогтоосон гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

6. Нэхэмжлэгч Д.О нь ажиллах хугацааны нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Д.О нь Б ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажилд орж, мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор гаргах байжээ.

Нэхэмжлэгч нь энэ талаарх шаардлагаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байх тул түүнийг 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Харин 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй байна. Гэвч Д.О нь тус хугацаанд нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр болон илүү цагаар ажилласантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилласан хугацааны нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 30,145,876 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан хугацаанд өөр байгууллагад ажиллаж тухайн байгууллагаас өндөр цалин авч байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохгүй байх үндэслэл болохгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 308,679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН