Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01075

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01075

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохиролд 20.735.654 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжпэгч Ч.О нь хариуцагч Б.М тэй 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 1.600 ам.долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлсэн. Мөн хариуцагч Б.М ийн хүсэлтийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түүнтэй Зээлийн гэрээ байгуулж 3,700,000 төгрөгийг хугацаагүй, хүүгүй зээлсэн.

Хариуцагч Б.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч ам.доллар болон төгрөгийн төлөлтийг хийгээгүй. Б.М тэй удаа дараа утсаар ярьж зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөхийг шаардахад удахгүй өгнө, одоо нэг ажил бүтэхээр төлбөрийг чинь төлнө гэж хэлдэг боловч төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар Б.М ийн гэрээнд заасан хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахад Б.М нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустай ЯЦЦ гудамж 60 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 15298 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.М ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.

Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03347 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан.

Цагдаагийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр Б.М ийг Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороолол, 3 дугаар хороо 7а-33 тоотод оршин суудаг болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.

Гэтэл энэ хаяг дээр Б.М ийн дүү Б.Эрдэнэцэцэг оршин суудаг бөгөөд Б.М оршин суудаггүй байна. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр Б.М нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороолол, 3 дугаар хороо 7а-33 тоотод оршин суудаггүй болохыг тодорхойлсон. Өмгөөлөгч Ч.Отгонбаатар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Б.М ийн оршин суугаа хаягийн мэдээлэл авахаар хүсэлт гаргасан.

Түүний хүсэлтэд Иргэний бүртгэлийн мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна гэх хариуг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 5/4216 тоот албан бичгээр өгсөн байна. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч болох Б.М ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01714 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасан. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Б.М ийг Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 10-81 тоотод оршин суудаг болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргаснаар тасалдсан.

Мөнхцэцэг нь 2012 оны 1,2-р сард тус бүр 285.000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сард 570.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 19-нд 1.000.000 төгрөг, нийт 2.140.000 төгрөгийг төлсөн.

2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасан үндэслэлээр хариуцагч Б.М ээс:

1. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 1,600 ам.долларыг, 36 сарын хүүгийн төлбөр 2,880 ам.доллар, алданги 800 ам.долларын хамт нийт 5280 ам.долларын буюу 15,045,254 төгрөгийг /Монголбанкны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ханш 2849.48 төгрөг/,

2. 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний төлбөр 3,700,000 төгрөг, алданги 1,850,000 төгрөг буюу нийт 5,550,000 төгрөгийг,

3. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс үүдэн гарсан зардал болох эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөгийг буюу нийт 20,735,654 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

Миний бие зээлийн гэрээг хуурамч гэрээ гэж үзэж байна. Гэрээнд бичсэн миний нэр дээр байгаа хаяг нь тухайн үед огт байхгүй байсан хаяг байна. 2011 онд огт бүртгэлгүй байсан хаяг зээлийн гэрээнүүдэд бичигдсэн байна. Миний бие Ч.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын болон улсын бүртгэгчийн тодорхойлолтоос харахад Ч.О ийн 2011 оны 1 дүгээр сарын 19 болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний хаяг 2011 онд огт байхгүй байсан хаяг гэдэг нь тодорхой байна.

Мөнхцэцэг нь манай гэр бүлийн хүн юмаа. Бид энэ Ч.О тэй олон жилийн харилцаатай эгч дүүс шиг байсан, уг нь их сайн хүн байгаа юм. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр 1600 ам долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй авсан нь үнэн, энэ гэрээн дээр тухайн үед байгаагүй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ЯЦЦ-60 гэсэн хаягийг цэнхэр өнгийн балаар бичсэн байгаа болохоор эргэлзээд байгаа юм.

Бас 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 3.700.000 төгрөгийг хүүгүй зээлж авсан нь үнэн ч энэ гэрээ эх хувиараа биш байгаад эргэлзэж байна. Б.М ийн зүгээс 2012 оны 1,2-р сард тус бүр 285.000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сард 570.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 19-нд 1.000.000 төгрөг, нийт 2.140.000 төгрөгийг төлсөн талаар маргах зүйлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар:

Иргэний үнэмлэхний хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 05-ны зээлийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03347 дугаартай шийдвэр, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01714 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15298 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хаяг тодорхойлсон албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны Монгол банкны ханшийн лавлагаа зэргийг ирүүлсэн.

Хариуцагч нотлох баримтаар: 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкны ханшийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны засаг даргад гаргасан хүсэлт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн.

Шүүхийн журмаар: Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ч.О ийн дансны 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуулгыг авсан болно.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20.735.654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Ч.О нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Б.М т 1600ам долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлж,

2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.700.000 төгрөгийг хүүгүй, хугацаагүй зээлдүүлж Зээлийн гэрээг тус тус байгуулжээ / хх-ийн 6, 7-р хуудас/

НЭГ. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээний талаар:

Уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Ч.О нь хариуцагч /зээлдэгч/ Б.М т 1600ам долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлж, зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцож 1600 ам долларыг Б.М т шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Хариуцагч дээрх зээлийн гэрээний үнийн дүн болон гэрээний хүчин төгөлдөр эсэхтэй маргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд Б.М ийн оршин оршин суух хаягийг тухайн үед оршин сууж байгаагүй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ЯЦЦ-60 гэсэн хаягийг цэнхэр өнгийн балаар бичсэн гэж маргаж байна.

1.1. Ч.О нь Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.657.542 төгрөгийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад Б.М ийг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустай ЯЦЦ гудамжны 60 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15298 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх-ийн 10-р хуудас/

1.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03347 дугаартай захирамжаар Б.М ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоохыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8, 9-р хуудас/

1.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01714 дугаартай захирамжаар Б.М ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоохыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11, 12-р хуудас/

1.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01714 дугаартай захирамжийн дагуу Б.М ийг эрэн сурвалжилж түүний оршин сууж буй хаягыг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10-81 тоотод түр оршин сууж буй болохыг тогтоож эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ. /хх-ийн 13-р хуудас/

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.М ийг эрэн сурвалжилж тогтоосон хаяг болох дээрх хаягийн дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.735.654 төгрөгийг нэхэмжилж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1,18-р хуудас/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэлийн хувь гардуулахад хариуцагч өөрийн оршин сууж буй хаягаа Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ЯЦЦ-60 гэж тодорхойлж, уг хаягийн дагуу Ч.О ийн нэхэмжлэлтэй хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн байна./хх-ийн 27, 28, 31-р хуудас

Иймд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд Б.М ийн оршин суух хаягийг тухайн үед оршин сууж байгаагүй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ЯЦЦ-60 гэсэн хаягийг цэнхэр өнгийн балаар бичсэн хуурамч гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлдэгч Б.М дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгчид зээл 4.655.961,68 төгрөг, зээлийн хүү 4.103.251,2 төгрөг, алданги 1.967.998 төгрөг, нийт 14.427.211 төгрөг төлөх үүрэгтэй байна.

/1600 ам доллар х 2849,48 төгрөг =4.655.961,68 төгрөг, хүү 2880 ам доллар : 2=1440 ам доллар, 1440 ам доллар х 2849,48 төгрөг =4.103.251,2 төгрөг, алданги 800 ам доллар : 86% =691 ам доллар, 691 ам доллар х 2849,48 төгрөг =1.967.998 төгрөг, 4.655.961,68 төгрөг+4.103.251,2 төгрөг+1.967.998 төгрөг+ 3.700.000 төгрөг =14.427.211 төгрөг/

ХОЁР. 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний тухайд:

Хариуцагч /зээлдэгч/ Б.М нь 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг эх хувь биш гэж марган, нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Ч.О ээс 3.700.000 төгрөгийг хүүгүй, хугацаагүй авсан талаар маргаагүй тул тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. Иймд зээлдэгч нь уг зээлийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Ч.О т 3.700.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Б.М нь зээлдүүлэгч Ч.О т 2012 оны 1 дүгээр сард 285.000 төгрөг, 2 дугаар сард 285.000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сард 570.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 19-нд 1.000.000 төгрөг, нийт 2.140.000 төгрөгийг төлсөн талаар гэрээний талууд маргаагүй болно.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.Анз /торгууль алданги/-ын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул цаг үеийн асуудал болон нийгэм эдийн засгийн байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас хүүг 50%-иар, алдангийг 85 %-иар багасгах нь зүйтэй гэж үзсэн болно.

ГУРАВ. Хариуцагчийн эрэн сурвалжилахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.000 төгрөгийн тухайд:

Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагчийн хаягийг тодорхойлон шүүхэд хандах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө /мөнгөнөөсөө/ гаргаж буй зардал тул гэрээний талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн гэх 140.000 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт хариуцагч /зээлдэгч/ Б.М ээс 12.287.211 төгрөг /14.427.211 төгрөг- 2.140.000 төгрөг =12.287.211 төгрөг/- ийг гаргуулж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Ч.О т олгон, үлдэх 6.308.443 төгрөг /20.735.654 төгрөг- 12.287.211 төгрөг =6.308.443 төгрөг/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгэсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2.2-д заасныг баримтлан хариуцагч Б.М ээс 12.287.211 /арван хоёр сая хоёр зуун наян долоон мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 6.308.443 /зургаан сая гурван зуун найман мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 211.545 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО