Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01393

 

 

Ч.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01075 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.О-ийн хариуцагч Б.М-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 20,735,654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжпэгч Ч.О- нь хариуцагч Б.М-тэй 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,600 ам.долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн хариуцагч Б.М-ийн хүсэлтийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түүнтэй зээлийн гэрээ байгуулж 3,700,000 төгрөгийг хугацаагүй, хүүгүй зээлсэн. Хариуцагч Б.М- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч ам.доллар болон төгрөгийн төлөлтийг хийгээгүй. Б.М-тэй удаа дараа утсаар ярьж зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөхийг шаардахад удахгүй өгнө, одоо нэг ажил бүтэхээр төлбөрийг чинь төлнө гэж хэлдэг боловч төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар Б.М-ийн гэрээнд заасан хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахад Б.М- нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустай гудамж, 60 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15298 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.М-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03347 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан. Цагдаагийн хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр Б.М-ийг Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороолол, 3 дугаар хороо, 7а-33 тоотод оршин суудаг болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Гэтэл энэ хаяг дээр Б.М-ийн дүү Б.Эрдэнэцэцэг оршин суудаг бөгөөд Б.М- оршин суудаггүй байна. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр Б.М- нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороолол, 3 дугаар хороо 7а-33 тоотод оршин суудаггүй болохыг тодорхойлсон. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Б.М-ийн оршин суугаа хаягийн мэдээлэл авахаар хүсэлт гаргасан. Түүний хүсэлтэд иргэний бүртгэлийн мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна гэх хариуг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 5/4216 тоот албан бичгээр өгсөн байна. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч болох Б.М-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01714 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасан. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Б.М-ийг Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 10-81 тоотод оршин суудаг болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдсан. Б.М- нь 2012 оны 1, 2-р сард тус бүр 285,000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сард 570,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 19-нд 1,000,000 төгрөг, нийт 2,140,000 төгрөгийг төлсөн. 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.М-ээс 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 1,600 ам.долларыг, 36 сарын хүүгийн төлбөр 2,880 ам.доллар, алданги 800 ам.долларын хамт нийт 5,280 ам.долларын буюу 15,045,254 төгрөгийг /Монголбанкны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ханш 2849.48 төгрөг/, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөр 3,700,000 төгрөг, алданги 1,850,000 төгрөг буюу нийт 5,550,000 төгрөг, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс үүдэн гарсан зардал болох эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөгийг буюу нийт 20,735,654 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие зээлийн гэрээг хуурамч гэрээ гэж үзэж байна. Гэрээнд бичсэн миний нэр дээр байгаа хаяг нь тухайн үед огт байхгүй байсан хаяг байна. 2011 онд огт бүртгэлгүй байсан хаяг зээлийн гэрээнүүдэд бичигдсэн байна. Миний бие Ч.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын болон улсын бүртгэгчийн тодорхойлолтоос харахад Ч.О-ийн 2011 оны 01 дүгээр сарын 19 болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний хаяг 2011 онд огт байхгүй байсан хаяг гэдэг нь тодорхой байна. Б.М- нь манай гэр бүлийн хүн юм. Бид энэ Ч.О-тэй олон жилийн харилцаатай эгч дүүс шиг байсан, уг нь их сайн хүн байгаа юм. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр 1,600 ам.долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй авсан нь үнэн, энэ гэрээн дээр тухайн үед байгаагүй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ЯЦЦ-60 гэсэн хаягийг цэнхэр өнгийн балаар бичсэн байгаа болохоор эргэлзээд байгаа юм. Бас 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ эх хувиараа биш байгаад эргэлзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2.2-д заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс 12,287,211 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 6,308,443 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 211,545 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.О- нь гэрээ байгуулчихаад дараа нь хуурамчаар 3 жилийн гэрээ болгон өөрчилсөн. Хар, хөх хоёр өнгийн балаар засвар, нэмэлт оруулсан байна. Хариуцагч нь тухайн үед заасан хаягт байгаагүй. Гэрээнд буруу хаяг бичигдсэн нь гэрээнд засвар орсон гэдгийг нотолж байна. Мөн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийг гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус гэрээг эх хувь биш гэж үзэж байгааг шүүгч анхаараагүй. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж шүүхийн шийдвэрт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал хоёр гэрээг хүчин төгөлдөр биш гэж анхнаасаа маргасан. Иймд тус хоёр гэрээнд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүйд гомдолтой. 3 жилийн хугацаатай зээл аваагүй гэдгээ нотлуулах шаардлагатай, энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Шүүх хуралдааны бичлэгийг авах гэсэн боловч өгөөгүй. Шүүх Ч.О-ийн гаргаж өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн долларын ханшаар мөнгөний тооцооллыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч нэг талыг барьж өөрийнхөө дур зоргоор мөнгө завших боломж олгож байгаад гомдолтой. Нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцдог аргачлал аль хуульд байдаг вэ. Хариуцагчийн төлсөн 2,140,000 төгрөгийг яагаад үндсэн мөнгөнөөс хасаж тооцоогүй вэ. Миний бие анхан шатны шүүхээс шүүх хуралдааны бичлэгийг авахаар өргөдөл гаргасан боловч өгөөгүй. Үүнд шүүгч Ч.Ичинхорлоогийн оролцоо байсан гэж хардаж байна. Дээрх байдлаар миний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү. Шүүгч намайг гүжирдэж, гүтгэж хууль зөрчиж байж гаргасан шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж шийдвэр гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний дагуу төлбөр хүлээж авсан талаар хүлээн зөвшөөрсөн. 1600 ам доллараар 3,700,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг буцааж өгнө гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Хэргийн 76 болон 77 хуудсанд авагдсан тэмдэглэлд тусгагдсан. Мөнгийг авсан, Б.М-ийн гарын үсэг мөн байна, мөнгийг бүгдийн авсан, авсан мөнгөө эгүүлэн төлнө гэж тайлбарлаж байсан. Давж заалдах гомдолдоо бичсэн байгаа, өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар хэлсэн. Зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг 50 хувиар, алдангийг 85 хувиар бууруулж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хүлээж аваагүй, эрхийг зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг. Шинжээч томилуулах тухай хүсэлтийг анх 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүхэд гаргасан хүсэлт нь ойлгомжгүй, шинжээч томилуулах асуудал нь үндэслэлгүй хуульд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр татгалзсан. Үүнээс хойш сарын хугацаа өнгөрсөн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд дахин хүсэлт гаргасан. Хариуцагч талаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваад шүүхэд хууль нийцүүлэн хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эрх, үүргийг тайлбарласан, удаа дараа хэлсэн. Хариуцагч тал эрхээ хэрэгжүүлээгүй. Улсын бүртгэлийн мэргэжилтэн болон Засаг дарга тодорхойлолтоос харахад иргэн Б.М-ийг оршин сууж байсан хаягыг тусгасан. Гэрээнд дурдсан хаяг 2012 онд байсан гэдгийг тодорхойлсон тодорхойлолт байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хаягын бүртгэлд бүртгэгдсэн байгааг тодорхойлсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд 2013 оны дансны хуулга авах талаар хүсэлт гаргасан гэж хэлсэн. Энэ хүсэлтийг гаргаагүй. Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн Голомт банк ХХК-ийн дансны хуулгатай танилцлаа. Хуулган дээр 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлсөн гэж харагдахгүй байна. Ийм учраас дахин гаргуулах хүсэлтийг гаргасан. Эх хувиар нь гаргаж өгсөн орлогын баримтын гүйлгээ нь дансны хуулгаар тодорхойлогдсон байна. Тухайлбал дансны хуулгын хэд хэддэх хуудсанд байгааг хэлээд шүүх хуульд заасны эрхийнхээ хүрээнд хүсэлтийг хангахаас татгалзсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан гэж тайлбарлах үндэслэлгүй. Давж заалдах гомдолдоо ханшийн талаар бичсэн. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдөр Монгол банк ХХК-аас гаргасан ханшийг удирдлага болгосон байдаг. Хэргийн материалд төлбөр төлсөн өдүүдийн ханшны лавлагаа байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч Б.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 20,735,654 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.а.Нэхэмжлэгч Ч.О- нь хэргийн 6-7 дугаар талд авагдсан зээлийн гэрээнүүдийг үндэслэл болгон хариуцагч Б.М-ээс зээлийн гэрээний үүрэг шаардсан. Хэргийн 6 дугаар талд авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд 1,600 ам.долларыг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй гэх зэргээр хар болон хөх өнгийн балаар хольж бичсэн байх бөгөөд хариуцагч тал тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 63-64-р тал/

3.б.Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дах хэсэгт Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасан. Гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү, хугацаа зэргийг хоёр өөр өнгийн балаар гэрээнд бичсэн байхаас гадна хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж шинжээч томилуулах хүсэлт гаргасан байхад түүний хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх буюу гэрээнд зурсан гарын үсэг хариуцагчийн гарын үсэг мөн эсэх талаар тодруулахгүйгээр шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна. /хх-ийн 29, 54-55, 63-64-р тал/

3.в.Түүнчлэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Голомт банк ХХК-ийн зарим гүйлгээ дутуу байна, 1 жилийн хугацаатай 6 сараас 3, 4 сар хүртэлх дансны хуулга авъя гэсэн боловч ирээгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. /хх-ийн 75-р тал/ гэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд 2013 оныг дуусталх хугацааны дансны хуулгыг гаргуулах шаардлагатай байсан, учир нь тус онд мөнгө төлсөн байх магадлалтай гэх агуулгатай тодруулсан тайлбарыг гаргасан.

3.г.Анхан шатны шүүх дансны хуулга дутуу байгаатай холбоотой дээрх хүсэлтийг тодруулаагүй, мөн уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

3.д.Нотлох баримт бүрдүүлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй тул дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул анхан шатны шүүхийн зээл, хүүгийн тооцооллын талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн нийт 211,745 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Г.ДАВААДОРЖ