Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/01261

   2022         04         28                                        182/ШШ2022/01261

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТОСК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Н, И.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би ТОСКд тасралтгүй 14 жил орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020.10.16-ны өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 684 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.10-ны өдрийн 1120 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар миний бие ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2021.08.16-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилогдож, 17-ны өдрөөс эхлэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Ингэж байтал 2021.10.04-ний өдрийн Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.10.01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор компанийн бүтцийг өөрчилж, орон тоог хасаж бууруулсан үндэслэлээр намайг ажлаас дахин чөлөөлөх мэдэгдлийг 2021.10.04-ний өдөр өгч, гүйцэтгэх захирлын 2021.11.19-ний өдрийн Б/99 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Харин миний бие ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.19-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тухай Б/99 тоот тушаалыг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгаа.

Тушаалын үндэслэлд ТОСК ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.10.01-ний өдрийн 14 дүгээр тогтоол болон бусад холбогдох баримтыг үндэслэл болгож “Орон сууц ашиглалтын хэлтэс татан буугдаж, Маркетинг, борлуулалтын мэргэжилтний орон тоо хасагдсан” гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-р зүйлд заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино”, энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална”, 15.1.2-т "орон тоо цөөрүүлэх" гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байдаг. Гэвч уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд Орон сууц ашиглалтын хэлтсийн зөвхөн нэршил өөрчлөгдөж, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэс болж, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлыг У.Насанчимэг гэх хүн хийж гүйцэтгэж байгаа буюу нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж харагдана. Тухайн үед надтай хамт У.Насанчимэг гэх мэргэжилтэн ажиллаж байсан. Гэтэл түүнийг үлдээчихээд намайг орон тоо байхгүй болсон гэж, мөн байгууллагын даргатайгаа муудалцсан, Авлигатай тэмцэх газарт хандсан зэргээс нь шалтгаалан халсан.

Хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад компанийн зорилт, үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд орон сууц, авто зогсоол хариуцсан ажилтан зайлшгүй шаардлагатай ба уг ажил үүргийг хэн нэгэн зайлшгүй гүйцэтгэхээр байгаа, уг ажлын байр нь бодит байдал дээр үгүй болсон байх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч байгууллагын хувьд бүтэц зохион байгуулалт хийх болсон шаардлага, нэхэмжлэгчийн ажлын байр, орон тоог хасах болсон үндэслэл, шалтгаан нь тодорхойгүй байна. Тухайлбал ямар шалтгааны улмаас Орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгах болсон уг ажлын байрыг байгууллагын бүтцээс хасах болсон шалтгаан нь юу гэдгийг тодорхойлоогүй. ТОСК ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хэлэлцэх асуудалд бүтцийн өөрчлөлт хийх тухай гэж дурдсан байгаа боловч яг ямар шалтгааны улмаас бүтцийн өөрчлөлт хийх болсон нь байхгүй байсан. Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021.10.01-ний өдрийн "Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 14 дүгээр тогтоолоор Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг тавьж, хэлтэс, нэгжийн нэршлийг өөрчилж, өөрөөр хэлбэл “Орон сууц ашиглалтын хэлтэс”-ийг “Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар” болгон өөрчилсөн бөгөөд орон тооны хязгаарыг 50 гэж тодорхойлсныг харах юм бол бүтэц, орон тоо хасагдаагүй цөөрөөгүй байна гэдэг нь харагддаг. Мөн Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын 2021.02.26-ны өдрийн албан даалгавраас үзвэл шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх зэрэг бусад асуудлын талаар хэмнэлт хийх чиг үүрэг өгсөн болохоос биш бүтцийн өөрчлөлт хийгээд, орон тоо хас гэж хэлээгүй байхад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Хэдийгээр надад өөр ажил санал болгосон боловч мэргэжлийн бус ажил байсан учир хүлээн авах боломжгүй байна. Иймд намайг Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч тал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2021.10.01-ний өдөр 14 тоот Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай, 2021.10.29-ний өдрийн гүйцэтгэх захирлын А/59 тоот ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал тус тус гарсан бөгөөд үүний хэрэгжилтийн дагуу компанид бүтцийн өөрчлөлт орж, зарим газар, хэлтэс, ажлын байрыг татан буулгаж, орон тоог хассан байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газар нь манай байгууллагын төрийн өмчийн том хувьцаа эзэмшигч байдаг бөгөөд  2021.02.26-ны өдөр манай байгууллагад албан даалгавар ирүүлсэн байдаг. Энэхүү албан даалгавраас үзвэл шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх зэрэг бусад асуудлын талаар хэмнэлт хийх чиг үүрэг өгснөөс гадна зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх зэрэг асуудлын талаар мөн чиглэл өгсөн байдаг. Тодруулбал энэ албан даалгавар, ТУЗ-ын тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирал эрх хэмжээний хүрээнд байгууллагын бүтэц зохион байгуулалтыг хийж, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын харьяа Орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгасан, үүнтэй холбоотойгоор борлуулалтын мэргэжилтэн гэсэн албан тушаал байхгүй болсон. Энэ талаар бид хуульд заасны дагуу Ж.Аод мэдэгдэх ажиллагааг явуулсан. ТУЗ-ийн 14 тоот тушаалд үндсэн ажилтан 35, гэрээт ажилтан 15 байна гэж тусгасан нь заавал 50 ажилтан байх ёстой гэх ойлголт бус ТУЗ нь уг орон тоонд багтаан ажлын байрны тоог тогтоож болох эрхийг гүйцэтгэх захиралд олгож буй явдал.

Нэхэмжлэгчийн нэршил өөрчлөгдсөн гэж тодотгоод буй Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар нь газрын дарга, стратегийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, санхүүгийн шинжээч, эдийн засагч, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гэх 5 албан тушаалаас бүрдэж байна. Эдгээр албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтод борлуулалтын мэргэжилтний гүйцэтгэх ажил, үүрэг огт байхгүй буюу дурдаагүй, энэхүү албан тушаал нь уг газартай чиг үүргийн хувьд огт холбоогүй, шинээр байгуулагдсан газар тул нэршил өөрчлөгдсөн гэж үзэх боломжгүй. У.Насанчимэгийн хувьд одоо ажиллаж байгаа түрээсийн мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллах шаардлагыг хангасан, санхүү, нягтлан бодогчийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн байсан. Харин Ж.Аын хувьд эзэмшсэн мэргэжил нь түрээсийн мэргэжилтэн гэх албан тушаалын шаардлагыг хангахгүй байгаа. Мөн түрээсийн мэргэжилтэн гэдэг ажлын байрны тодорхойлолтод борлуулалтын мэргэжилтний борлуулалт хийх, авлага цуглуулах чиг үүрэг үлдсэн байдаг. Ж.А тухайн үедээ Буянт-Ухаа 1, 2 орон сууцны хорооллын борлуулалт хариуцаж байсан. Харин эдгээр орон сууцууд зарагдаад дууссан, хэдэн ширхэг авто зогсоол үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл борлуулалт тодорхой хэмжээгээр буурч байгаа учир бидний хувьд борлуулалтын мэргэжилтэн гэх орон тооны ажлын байр байлгаж алдагдал хүлээх шаардлагагүй гэж үзэн чадах чинээгээрээ үйл ажиллагаагаа хумьж, Ж.Аын хийж байсан ажлыг нь түрээсийн мэргэжилтэндээ даалгая гэж шийдвэрлэсэн байдаг. Цаашид байгууллагын үйл ажиллагаанд түрээсийн үйл ажиллагаа чухал болж байгаа. Өөрөөр хэлбэл борлуулалтын мэргэжилтэн, түрээсийн мэргэжилтэн хоёрыг өр цуглуулах чиг үүрэг давхцдаг, харин борлуулах гэсэн ганц чиг үүрэг л түрээсийн мэргэжилтэнд шилжсэн байдаг. Үүнийг борлуулалтын мэргэжилтний ажлын байр байгаа гэж үзэхгүй юм. Байгууллага мөн ажилтнаа бодож тухайн үед ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө хийхгүй гэсэн байгаа. Иймд байгууллага хууль ёсны дагуу, эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, энэ хүрээнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс татан буугдаж, ажлын байр нь байхгүй болсон бөгөөд үүнд байгууллагын удирдлагын зүгээс ямар нэгэн субъектив хандлага гаргаагүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч тал, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ, 2021.11.19-ний өдрийн Б/99 тоот тушаал, 2021 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Компьютерийн техникийн “Цахим” дээд сургуулийн бакалаврын диплом, Монгол улсын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын диплом, Удирдлагын академи Төрийн алба, удирдлагын сургуулийн төрийн захиргааны менежментийн мэргэшлийн диплом, Монгол улсын их сургуулийн 2022.04.27-ны өдрийн тодорхойлолт, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022.04.27-ны өдрийн 6/1962 дугаар тодорхойлолт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014.03.13-ны өдрийн А/78 дугаар тушаал, тушаалын хавсралт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

4.Хариуцагч тал, ТУЗ-ийн 2021.10.01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, тогтоолын хавсралт, ТУЗ-ийн 2019.11.01-ний өдрийн 05 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, гүйцэтгэх захирлын 2019.12.27-ны өдрийн А/97 дугаар тушаал, тушаалын хавсралт, гүйцэтгэх захирлын 2021.10.29-ний өдрийн А/59 дүгээр тушаал, тушаалын хавсралт, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, санхүүгийн шинжээч, эдийн засагч, борлуулалтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтууд, сонсгох ажиллагааны тэмдэглэл, мэдэгдэх хуудас, ТУЗ-ийн 2020.12.15-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.12.17-ны өдрийн 683 дугаар тогтоол, байгууллагын дүрэм, тэтгэмж олгосон тухай 2021.11.23-ны өдрийн төлбөрийн даалгавар, Хөдөлмөрийн дотоод журам, 2020.02.13-ны өдрийн хамтын гэрээ, Ж.Аыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл, У.Насанчимэгийн Хөдөө аж, ахуйн их сургуулийн бакалаврын диплом, нягтлан бодогчийн мэргэжлийн үнэмлэх, ТУЗ-ийн 2020.12.18-ны өдрийн 22 дугаар тогтоол гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

5.Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр ТОСК ХХК-ийн бүтцийн өөрчлөлт хийхээс өмнө /2021.10.04-ний өдрийг хүртэл/ болон хийсний дараах /2021.11.01-ний өдрөөс хойшхи/ тус байгууллагын ажилтан У.Насанчимэгийн ажилд авсан тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолтууд, Орон сууц ашиглалтын хэлтсийн 2021 оны 3 дугаар улирлын тайлан, төлөвлөгөө, Түрээсийн хэлтсийн 2021 оны 04 дүгээр улирал, 2022 оны 1 дүгээр улирлын тайлан, төлөвлөгөө, Буянт-Ухаа хорооллын Авто зогсоолын 2021.11.19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Ж.Аын 2021 оны 10 сард байгуулсан Буянт-Ухаа 1 хорооллын авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ,

Тус шүүхийн 2022.04.14-ний өдрийн 4748 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 684 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.21-ний 1120 дугаар магадлал, Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын 2021.02.26-ны өдрийн А-1/354 тоот албан даалгавар хүргүүлэх тухай албан бичиг, гүйцэтгэх захирлын 2021.08.16-ны өдрийн Б/50 дугаар ажилд эгүүлэн томилсон тушаал зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч ТОСК ХХК /цаашид ТОСК ХХК гэх/-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлаас халсан хариуцагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй, ямар шалтгаанаар орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгаж, маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажлын байрыг байхгүй болгосон нь ойлгомжгүй, хариуцагч байгууллага нь хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байхад миний ажлын байр байхгүй болох боломжгүй, эрх бүхий этгээдийн албан бичиг, тогтоолоор орон тоог хас, цөөрүүл гэж хэлээгүй, харин шинээр орон тоо нэмэхгүй, бий болгохгүй байхыг зөвлөсөн, гэтэл У.Насанчимэгийг түрээсийн мэргэжилтнээр ажилд авч үлдсэн, намайг ажлын байр нь байхгүй болсон гээд ажлаас халсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

             Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд байгууллагын хувьцаа эзэмшигч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичиг, ТУЗ-ийн тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирал эрх хэмжээний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг хийсэн нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл орон сууцны борлуулалт байхгүй болж, цаашид түрээсийн үйл ажиллагаа голлох чиг үүрэгтэй болж байгаа учир орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгасан, үүнтэй холбоотой маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажлын байр байхгүй болсон, энэ ажлын чиг үүргээс өр цуглуулах чиг үүрэг нь түрээсийн мэргэжилтний чиг үүрэгтэй давхцаж байгаа, харин борлуулах гэсэн ганц чиг үүрэг л түрээсийн мэргэжилтэнд шилжсэн байгаа, үүнийг борлуулалтын мэргэжилтний ажлын байр байгаа гэж үзэхгүй, ажлаас халсан тушаал хуульд нийцсэн гэж мэтгэлцсэн.

             3.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 684 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэгч Ж.А нь гэрээ, хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй, байгууллагын нэр хүндэд хохирол учруулсан, учруулахаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн талаарх үндэслэлийг заагаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг дүгнэж” Ж.Аыг ТОСК ХХК-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,347,984 төгрөг гаргуулж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ТОСК ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.21-ний өдрийн 1120 дугаар магадлалаар хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон. Энэ үйл баримтын талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

            Хариуцагч ТОСК ХХК нь дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Аыг 2021.08.16-ны өдрийн Б/50 тоот тушаалаар урьд эрхэлж байсан Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтнээр эгүүлэн авч, 2021.08.17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 2021.12.31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд талууд хугацааны талаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

            4.Ийнхүү нэхэмжлэгч Ж.А нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орж, ажлын байрны тодорхойлолтод зааснаар төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд баригдсан орон сууцны барилгад иргэдээс захиалга авч, худалдан борлуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байжээ. Харин хариуцагч ТОСК ХХК-иас 2021.10.05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Аод “...компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан ТУЗ-ийн 2021.10.01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор компанийн бүтцийг өөрчилж, орон тоог бууруулж, хасаж баталсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар мэдэгдлийг гардуулснаас хойш 45 хоног өнгөрмөгц хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэе...” гэсэн агуулга бүхий ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг танилцуулсан байна.

             Улмаар хариуцагч ТОСК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.19-ний өдрийн Б/99 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, байгууллагын дүрмийн 10.10.8, ТУЗ-ийн 2021.10.01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, 2020.02.13-ны өдрийн А/1 тоот хамтын гэрээний 2.5.1 дах заалтуудыг тус тус удирдлага болгон “...компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан бөгөөд Орон сууц ашиглалтын хэлтэс татан буугдаж, Маркетинг, борлуулалтын мэргэжилтний орон тоо хасагдсан...” гэх үндэслэлээр 2021.11.19-ний өдрөөр тасалбар болгож, нэхэмжлэгч Ж.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

             Хариуцагч ТОСК ХК нь дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 42 дугаар зүйлийн 42.1‑д зааснаар нэхэмжлэгч Ж.Аод 2021.11.19-ний  өдөр гардуулан өгч, түүнд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 7,800,000 төгрөгийг 2021.11.23‑ны өдөр олгосон байна.

             5.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.1-д “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ”,

            42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1, 6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”,

            Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10‑д “гүйцэтгэх захирал дор дурдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ”, 10.10.8‑д “Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх,

          2020.02.13‑ны өдрийн А/1 тоот хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5‑д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3‑т заасан үндэслэлээр ажлаас халагдаж байгаа ажилтанд дараах тэтгэмж олгоно”, 2.5.1‑д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар ажлаас чөлөөлөгдөх ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж тус тус зохицуулсан.

            6.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.3, 10 дугаар зүйлийн 10.10.4, 10.10.8‑д зааснаар “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан” үндэслэлээр бие даан гаргах эрхтэй.

             Ийнхүү ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг баримтлах учиртай, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан 5 үндэслэлийн аль нэг шалтгаанаар хуулийн этгээд татан буугддаг бөгөөд ажил олгогч бүхэлдээ бус түүний зохих салбар, буюу бүтцийн нэгж /газар, хэлтэс, цех, тасаг/ татан буугдах үед зөвхөн тухайн салбар буюу нэгжид ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагддаг онцлогтой.

            Харин “орон тоо хасагдах” гэдэгт аж ахуй нэгж, байгууллагын дүрэмд тодорхойлсон үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй, тийм ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах явдлыг ойлгох ба, орон тоо нь тодорхой нэг албан тушаалаар нэрлэгдэн заах хэлбэрээр хасагдаж болдог онцлогтой, ажил олгогчийн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

            7.Хариуцагч ТОСК ХХК‑ийн ТУЗ‑ийн 2019.11.01‑ний өдрийн 05 тоот тогтоолоор компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан байх бөгөөд, орон тооны дээд хязгаарыг 50 ажилтан, үүнээс удирдах албан тушаалтан 8 байхаар, бүтцийн хувьд дэд захирал, захиргаа удирдлагын газар, төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар /төслийн хяналт, зохицуулалтын хэлтэс/ гэрээ хөрөнгийн удирдлагын газар /орон сууц ашиглалтын хэлтэс/‑тай байхаар, тогтоолын хавсралтаар бүтцийн схемийг тодорхойлж, нийт 50 орон тоотой байхаас гадна, ажлын зайлшгүй шаардлагаар ажиллуулах гэрээт ажилтны тоо 10‑аас хэтрэхгүй байхаар тусгаж, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан үйл ажиллагаа, менежментийг боловсронгуй болгож ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан байна.

             Ийнхүү гүйцэтгэх захирлын 2019.12.27‑ны өдрийн А/97 тоот “ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал гарсан байх бөгөөд, хавсралтад зааснаар Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын Орон сууц ашиглалтын хэлтэст маркетинг, борлуулалтын мэргэжилтэн 2 байх ба, энэхүү орон тоонд нэхэмжлэгч Ж.А, У.Насанчимэг хоёр ажиллаж байжээ.

             8.Хариуцагч ТОСК ХХК‑ийн ТУЗ‑ийн 2020.12.15‑ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлээр компанийн бүтэц, орон тооны талаар болон бусад асуудлын талаар хэлэлцсэн байх ба, 2020.12.18‑ны өдрийн 22 дугаар тогтоолоор компанийн дүрэмд өөрчлөлт орж, чиг үүрэг цөөрсөнтэй холбоотой компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагаа, менежментийг боловсронгуй болгох саналыг боловсруулж, батлуулахыг гүйцэтгэх захиралд даалгасан байхаас гадна, Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын 2021.02.26‑ны өдрийн А-1/354 дүгээр албан бичгээр “...шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй байх, орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ...зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо чиг үүргийн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх...” зэрэг нийт 9 арга хэмжээний хүрээнд хариуцагч ТОСК ХХК-нд албан даалгавар хүргүүлсэн байна.

            Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дээрх албан бичиг нь Засгийн газраас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Корона вируст халдвар цар тахлын үед төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, зардлыг бууруулах, хэмнэхэд чиглэсэн ажлын хүрээнд холбогдох арга хэмжээ авах зорилгыг агуулжээ.

             9.Энэхүү албан даалгавар, ТУЗ‑ийн тэмдэглэл, тогтоолын дагуу ТУЗ‑ийн 2021.10.01‑ний өдрийн 14 дүгээр тогтоол гарч, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг дахин өөрчилсөн байх бөгөөд, компани нь бүтцийн хувьд гүйцэтгэх захирал, дэд захирал, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /төслийн хэлтэс/, тамгын газар /санхүүгийн хэлтэс, түрээсийн хэлтэс/‑тай, орон тооны дээд хязгаарыг үндсэн ажилтан 35, гэрээт ажилтан 15 байхаар тогтоож, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан үйл ажиллагаа, менежментийг боловсронгуй болгож ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгаж, ТУЗ‑ийн 2019.11.01‑ний өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, бүтцийн схемийг хавсралтаар баталсан байх ба, энэ тогтоолоор Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын Орон сууц ашиглалтын хэлтэс байхгүй болсон байна.

             ТУЗ‑ийн дээрх тогтоолын дагуу гүйцэтгэх захирал Л.Батжаргал нь компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.4, 10.10.8‑д заасан эрх хэмжээний хүрээнд 2021.10.29‑ний өдөр А/59 дүгээр “ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалыг гаргасан байх бөгөөд, хавсралтад зааснаар маркетинг, борлуулалтын мэргэжилтэн байхгүй болж, түрээсийн мэргэжилтэн 4 болж нэмэгдсэн, тушаалын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг тус тус баталжээ.

            Ингээд хариуцагч ТОСК ХХК нь Буянт-Ухаа 1, 2 орон сууцны хорооллын борлуулах байр үгүй болж, цөөн тооны автомашины зогсоол үлдсэн, цаашид байгууллагын үйл ажиллагаанд борлуулах чиг үүргээс илүүтэйгээр түрээсийн чиг үүрэг хэрэгжүүлэх шаардлага бий болсон гэж үзэн, дээр дурдсан эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын Орон сууц ашиглалтын хэлтэс, маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажлын байрыг байхгүй болгож, оронд нь У.Насанчимэгийн боловсролын байдал, баримт бичгийг үндэслэн болзол, шаардлага хангасан буюу тухайн байгууллагад нэхэмжлэгч Ж.Аоос илүү олон жил ажилласан, нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй гэж үзэн шинээр бий болсон тамгын газрын түрээсийн хэлтэст мэргэжилтнээр ажиллуулсан байна.

             10.Улмаар түрээсийн мэргэжилтэн нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар түрээсийн болон өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн орлогыг цаг хугацаанд нь төвлөрүүлэх, бүртгэх, тооцоо нийлэх, орлогын төлөвлөгөө болон тайлан мэдээг тогтоосон хугацаанд гарган удирдлага, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, төсөл хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууц, орон сууцны зоорийн давхар, авто зогсоол, барилгын суурийг худалдах, борлуулалтын төлбөрийн үлдэгдэл, өглөг, авлагын тайлан тооцоо гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах ёстой байна.

            Хариуцагч ТОСК ХХК-ийн 2019 оны үйл ажиллагааны биелэлт, 2021 оны орон сууц ашиглалтын хэлтсийн төлөвлөгөө, 2021 оны түрээсийн хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлт, авто зогсоол худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл нэхэмжлэгч Ж.А нь Буянт-Ухаа хорооллын авто зогсоолыг борлуулж байсан, өр авлага цуглуулж байсан байдал, мөн орон сууц ашиглалтын хэлтэс, түрээсийн хэлтэс нь үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хариуцах хүмүүсийн нэрсийг ард нь бичиж, тухай бүр төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж байсан байдал харагдана.

            11.Энэ талаар 2022.04.14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Нарангоо “...би амаржсаны амралттай байж байгаад ажилдаа буцан орсон, 2021.09.01-ний өдрөөс 2021 оны 11 сар хүртэл 2 сарын хугацаанд борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажилласан, Ж.А нь Улаанбаатарын борлуулалт, У.Насанчимэг нь хөдөө орон нутгийн борлуулалт хариуцаж байсан, шинээр барилга баригдаагүй учир борлуулах объект багассан, борлуулалтын авлага 4 тэрбум орчим байсан, ...У.Насанчимэг, Ж.А хоёрын хувьд Ж.А илүү сайн ажилладаг гэж би хувьдаа боддог, ...байгууллагад санхүүгийн хүндрэлтэй байдлаас болоод зардал, цалин мөнгө хэмнэх зорилготой бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орох талаар 2020 оны 12 сарын сүүлээр бидэнд мэдэгдэж байсан...” гэдгийг хэлсэн.

            Нэхэмжлэгч Ж.Аын боловсролын баримт бичгээс үзвэл компьютерийн техникээр мэргэшсэн бизнесийн удирдлагын үндсэн мэргэжил, мэргэшилтэй байх бөгөөд хариуцагч ТОСК ХХК нь нэхэмжлэгч Ж.А, У.Насанчимэг нарын боловсролын байдал, ажлын туршлага зэргийг харгалзан шинээр бий болсон түрээсийн мэргэжилтний ажилд У.Насанчимэгийг ажиллуулсан явдлыг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч ТОСК ХХК-иас нэхэмжлэгч Ж.Аод санал болгосон Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний ажлыг хийх боломжгүй гэж татгалзсан байна.

            12.Гэвч нэхэмжлэгч Ж.А нь “...миний ажлын байр байгаа, нэршил нь өөрчлөгдөөд У.Насанчимэг ажиллаж байгаа, би У.Насанчимэгийн боловсрол, ажлын туршлагатай адил байхад намайг ажлаас халж, У.Насанчимэгийг авч үлдсэн...” гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байгаа үндэслэл нь “...хэлтэс татан буугдаж, орон тоо хасагдсан...” гэх ажлаас халсан тушаалын үндэслэлд бус харин ажилтаны аль чадвартай, мэргэжилдээ илүү сайныг үлдээх зарчмаар хэрэгжүүлдэг “ажилтны тоо цөөрүүлсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул энэхүү тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

            Харин хариуцагч талын гаргасан “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичиг, ТУЗ-ийн тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирал эрх хэмжээний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг хийсэн нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл орон сууцны борлуулалт байхгүй болж, цаашид түрээсийн үйл ажиллагаа голлох чиг үүрэгтэй болж байгаа учир орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгасан, үүнтэй холбоотой маркетинг, борлуулалтын мэргэжилний ажлын байр байхгүй болсон, энэ ажлын чиг үүргээс өр цуглуулах чиг үүрэг нь түрээсийн мэргэжилтний чиг үүрэгтэй давхцаж байгаа, харин борлуулах гэсэн ганц чиг үүрэг л түрээсийн мэргэжилтэнд шилжсэн байгаа, үүнийг борлуулалтын мэргэжилтний ажлын байр байгаа гэж үзэхгүй...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэл бүхий байна гэж үзлээ.

            13.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч ТОСК ХХК‑ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1‑д зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх захирал нь компанийн удирдлагын бүтцэд хамаарч байх ба, 9 дүгээр зүйлийн 9.1‑д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдын хурлын чөлөө цагт компанийн эрх барих дээд байгууллага, 10 дугаар зүйлийн 10.1, 10.4‑т зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг этгээд байна.

             Тодруулбал, хариуцагч ТОСК ХХК-нд ковидын нөхцөл байдал, Буянт-Ухаа 1, 2 орон сууцны хорооллын шинээр борлуулагдах орон сууц байхгүй болж, цөөн тооны автомашины зогсоол үлдсэн, борлуулалтын үйл ажиллагаанаас илүү түрээсийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлага бий болсон зэрэг бусад шалтгааны улмаас 2020 оны 12 сарын сүүлээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх талаар яригдаж, ажилтнуудад мэдэгдсэн, хариуцагч ТОСК ХХК нь маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажлын байрыг байгууллагад онцын шаардлагагүй гэж үзэн нэр заан хассан гэхээс илүүтэйгээр тухайн маркетинг, борлуулалтын мэргэжилтнийг харьяалж байсан, газар, хэлтэс татан буугдсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

            14.Хариуцагч ТОСК ХХК-ийн ТУЗ нь Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.3‑т зааснаар компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах бүрэн эрхтэй, гүйцэтгэх захирал нь дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.4‑т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын болон ТУЗ‑ийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах, 10.10.8‑д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх эрхтэй байхаар зохицуулагджээ.

            Тиймээс хариуцагч ТОСК ХХК-ийн эрх бүхий этгээд болох ТУЗ-ийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаалаар, Компанийн дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан даалгаврын үндсэн дээр байгууллагын бүтэц, зохион байгуулалтаас Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын Орон сууц ашиглалтын хэлтэс байхгүй болгосон, үүнийг дагаад Маркетинг, борлуулалтын мэргэжилтэн гэх ажлын байр үгүй болсон, хариуцагч ТОСК ХХК нь нэхэмжлэгч Ж.Аод ажлаас халах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө өгсөн, түүнчлэн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5.1-д зааснаар түүнд зохих тэтгэмжийг олгосон явдал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэлээ.

          15.Иймд нэхэмжлэгч Ж.Аын гаргасан “...ямар шалтгаанаар орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгаж, борлуулалтын мэргэжилтний ажлын байрыг байхгүй болгосон нь ойлгомжгүй, хариуцагч байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүргээр борлуулалтын мэргэжилтний ажлын байр байхгүй болох боломжгүй, эрх бүхий этгээдийн албан бичиг, тогтоолоор орон тоог хас, цөөрүүл гэж хэлээгүй, харин шинээр орон тоо нэмэхгүй, бий болгохгүй байхыг зөвлөсөн байхад борлуулалтын мэргэжилтний ажлын байрыг байхгүй болгож, түрээсийн мэргэжилтэн У.Насанчимэгээр ажлыг нь гүйцэтгүүлж байгаа, У.Насанчимэгийг түрээсийн мэргэжилтнээр авч үлдсэнийг зөвшөөрөхгүй...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.  

             Тиймээс хариуцагч ТОСК ХХК‑ийн гүйцэтгэх захирлын 2021.11.19‑ний өдрийн Б/99 дүгээр “Ж.Аыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтад нийцсэн, тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул Ж.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             16.Ж.Аын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

             2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх боловч энэхүү маргаан нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар ТОСК ХХК‑нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ж.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ                                   Т.ЭНХТУЯА