Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/01296

 

 

 

 

 

 

 

 2022         05         03                                            182/ШШ2022/01296

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГА ХХК‑нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 20,989,218 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А,

Хариуцагчийн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “ГА” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 58/15 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Мөн 2017 онд Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч тал болох “ГА” ХХК нь захиалагч талын захиалгаар санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв хийж гүйцэтгэх, захиалагч тал нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх, тайланг үнэн зөв гаргахад шаардлагатай баримт материалаар хангах, зохих төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу байгууллагын санхүү, татвар, тайлангийн ажлыг хариуцагч “ГА” ХХК-д бүрэн хариуцуулсан байсан. Энэхүү гэрээг ГА ХХК-ийн тухайн үеийн захирал З.Тамиртай байгуулсан, гэрээ байгуулсан, гэрээний дагуу хийгдсэн ажлын талаар болон хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй гэдгээ хариуцагч хэлчихлээ. Энэхүү гэрээний харилцааг бид ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн байгаа.

 Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нар 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 242017152 тоот, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 242018073 тоот шийтгэлийн хуудсаар албан татвар ногдох орлогоос хасч, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан, хуурамч бичилт хийж тайланд тусгасан гэж үзэн, нийт 20,989,218 төгрөгийн торгуулийг манайд оногдуулсан. Өөрөөр хэлбэл, хохирол болох 20,989,218 төгрөг нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018.02.07-ны өдрийн 242017152 дугаар шийтгэлийн хуудсаар 8,170,004 төгрөгийн нөхөн татвар, 2,451,001 төгрөгийн торгууль, 1,498,215 төгрөгийн алданги, нийт 12,119,221 төгрөг, 2018.05.08-ны өдрийн 242018073 дугаар шийтгэлийн хуудсаар 5,784,340 төгрөгийн нөхөн татвар, 1,732,302 төгрөгийн торгууль, 1,350,354 төгрөгийн алданги, нийт 8,869,996 төгрөг гэж задарч байгаа. Энэ талаар ГА ХХК-ийн захирал З.Тамиртай манай байгууллагын захирал Д.Баярсайхан нар уулзалдаж, 2018.06.29-ний өдөр гар бичмэл үйлдэж, ГА ХХК нь 12 сая төгрөгийг нь төлнө, 8 сая төгрөгийг Татварын газраар 2018.08.15-ны дотор шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон байдаг. Гэтэл энэ тохиролцоогоо мөн биелүүлээгүй.

Гүйцэтгэгч тал нь эрх бүхий байгууллагад санхүүгийн үнэн зөв тайлан гаргаж, мэдүүлээгүй буруутай үйлдлийн улмаас татварын зөрчил үүсэж, манай байгууллагад шийтгэлийн хуудас оногдуулсан. Татварын албанаас тайланд залруулга хийж зөрчлөө арилгах талаар манай компанид мэдэгдэл ирүүлсэнтэй холбоотойгоор бид “ГА” ХХК-д асуудлыг шийдвэрлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан ч үр дүн гараагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “гүйцэтгэгч тал нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас санхүүгийн тайлан, тэнцлийг хуулиар тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөлгүй, хугацаа хэтрүүлсэн, захиалагч талын хүлээлгэн өгсөн баримт материалд тулгуурлан гүйцэтгэсэн тайлан, мэдээг алдаатай буюу буруу гүйцэтгэсэн, шивсний улмаас захиалагчид учирсан аливаа хохирол /торгууль, алданги/-ыг бүрэн хариуцахаар, мөн гэрээний 4.4-д “гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан аливаа хохирол болон гуравдагч этгээдийн өмнө үүссэн аливаа хариуцлагыг шалгуулах, арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Гэрээний дээрх заалтын дагуу ГА ХХК учирсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн ч бодитоор төлөхгүй байсан тул тэдгээрийн өмнөөс бид дээрх торгуулийн мөнгөн дүнг төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч компани нь өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй байгаа. Бид төлөхийг удаа дараа амаар шаардсан, хамгийн сүүлд 2021 онд албан бичгээр хүргүүлсэн, нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаан дотроо шүүхэд гаргасан байгаа. Иймд Иргэний хуулийн 219.1, 227.5-д заасны дагуу ГА ХХК-иас 20,989,218 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид нь “Санхүү, тайлан тооцооны ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний зорилго нь ГА ХХК нь С ХХК-ийн захиалагч талын захиалгаар түүний санхүү, нягтлан бодох, бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв хийн гүйцэтгэх, захиалагч тал тайланг үнэн зөв гаргахад шаардлагатай баримт материалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулах байсан. Хариуцагч талын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд захиалагч тал буюу С ХХК-иас ирүүлсэн анхан шатны баримтад тулгуурлан Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу тайлан тооцоог нь гаргаж өгсөн. Гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар манайх маргахгүй, зөвшөөрч байгаа.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018 оны №242018073 тоот шийтгэх хуудаст: “21514659 тоот падаанаар хуурамч бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган Албан татвар ногдох орлогоос хасч НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нийт 8.869.996.17 төгрөгийн төлбөр”, №242017152 тоот шийтгэх хуудаст мөн ижил агуулгатай ба Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нийт 12.119.221,90 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэлийг тус тус С ХХК-д ногдуулсан байдаг. Гол шалтгаан нь нягтлан бодогчийн алдаа биш, харин татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэжээ. Нөгөөтэйгүүр С ХХК нь дээрх шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тохиолдолд Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийтгэх хуудсыг зохих журмын дагуу шүүхэд хандах эрхтэй ч хандалгүй хүчин төгөлдөр болсон байна.

2018.06.29-ний өдрийн З.Тамирын бичсэн, татварын өрийг төлөхийг зөвшөөрсөн бичвэрийг зөвшөөрөхгүй байна. З.Тамир тухайн үедээ манай байгууллагыг төлөөлөх эрхгүй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний Захиалагч талын үүргийг “Гүйцэтгэгч талд ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай, үнэн зөв, хүчин төгөлдөр, баримт бичиг, бусад мэдээ мэдээллийг хүлээлгэн өгөх” гэж тодорхойлсон ба бидний зүгээс С ХХК-ийн санхүү тайлан тооцоог гаргахдаа тэдний зүгээс өгсөн анхан шатны баримт бүртгэлүүдийг ашиглаж тайлан гаргадаг. Иймд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой татвараа тухайн татвар төлөгч өөрөө төлөх ёстой. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан хугацаа 2018 оны 02, 05 сар байгаа. Үүнээс хойш манай байгууллагаас хохирол төлөхийг огт шаардаж байгаагүй, шаардаж байсан гэдгээ нотлоогүй. 2021 оны албан бичгийг манай байгууллага хүлээн аваагүй, мэдэхгүй юм. Иймд С ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар болох 20,989,218 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018 оны №242018073, №242017152 тоот шийтгэлийн хуудсууд, 2021.01.29‑ний өдрийн ГА ХХК‑нд хүргүүлсэн албан бичиг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2022.01.04‑ний өдрийн тодорхойлолт, 2018 оны хяналт шалгалтын актаар тавигдсан нөхөн татвар, татварын торгууль, алданги төлсөн тооцоолол, 2018.08.15‑ны өдрийн гар бичвэр, 2017 оны Санхүү, тайлан тооцооны ажил гүйцэтгэх гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.06.08‑ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэсэн баримтуудыг шүүхэд өгчээ.

 

5.Хариуцагч талын хүсэлтээр ТӨК ХХК‑ийн 2016.01.15‑ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, 2016.02.29, 2016.07.31, 2016.04.30‑ны өдрийн төлбөрийн баримтууд, 2016.03.10‑ны өдрийн НӨАТ‑ын сарын тайлангийн худалдан авалтын дэвтэр гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч ГА ХХК‑нд холбогдуулж санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 20,989,218 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч ГА ХХК‑нд гэрээний дагуу манай байгууллагын санхүү, тайлан, татварын асуудлыг хариуцаж байхдаа үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 2 удаагийн хяналт, шалгалтаар манай байгууллагыг албан татвар ногдох орлогоос хасч, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан, хуурамч бичилт хийж тайланд тусгасан гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан, үүнд хариуцагч гэм буруутай байсан учир тухайн үеийн захирал Б.Т төлөхийг зөвшөөрч гараар бичиж өгсөн байдаг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөх талаар амаар болон бичгээр шаардаж ирсэн, иймд шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018 оны хоёр шийтгэлийн хуудсанд хуурамч бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан болохыг тогтоосон, үүнд манай байгууллагын алдаа байхгүй, харин татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн, нөгөө талаас нэхэмжлэгч нь шийтгэх хуудсуудыг зөвшөөрөхгүй байсан бол шүүхэд хандах боломжтой байсан, хандаагүй, шийтгэлийн хуудсууд хүчин төгөлдөр болсон, тэгээд ч тайлан тооцоог байгууллагын гарган өгсөн анхан шатны баримтуудад үндэслэдэг, З.Тамирын бичсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед манай байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд байсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Татварын хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгчийн өөрийн төлөх ёстой татварыг бид төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

                               

3.Зохигчдын хооронд 2015.09.14‑ний өдөр Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ 2016.09.14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, 2017.04.01‑ний өдөр санхүү, тайлан тооцооны ажил гүйцэтгэх гэрээ 2018.04.30‑ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тус тус байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

 

Энэхүү гэрээнүүдээр хариуцагч ГА ХХК нь нэхэмжлэгч С ХХК‑ийн санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч С ХХК нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх, тайланг үнэн зөв гаргахад шаардлагатай баримт материалаар хангах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

4.Хариуцагч ГА ХХК нь дээрх гэрээнүүдийн 5 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, гэрээний хавсралтад зааснаар сар бүр НӨАТ-ын тайлан гаргаж, бэлтгэх, цахим тайланд шивж илгээх, НӨАТ-ын падааныг цахим тайлангийн программаар шивж илгээх, НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж хамгаалах, холбогдох баримт материал бүрдүүлж, цэгцлэн үдэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг бэлтгэх, улирал бүрт аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тайланг бэлтгэх, цахим тайланд шивэх, татварын албанд тушаах, хамгаалах, холбогдох баримт бичгийг бүрдүүлж, цэгцлэн үдэх гэх мэт нийт 24 төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

Харин нэхэмжлэгч С ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд ажил үүрэг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үнэн, зөв, хүчин төгөлдөр баримт бичиг, бусад мэдээ, мэдээллийг хариуцагч ГА ХХК-нд хүлээлгэн өгч, сар бүр 200,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд энэхүү үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлэн гэрээний хугацаа нь 2018.04.30-ны өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

 

5.Иймд шүүх, гэрээний зүйл тогтмол шинжтэй ажил үйлчилгээ байгаа байдал, энэхүү ажил, үйлчилгээг хариуцагч ГА ХХК нь биечлэн, хөдөлмөрөө дайчлан гүйцэтгэсэн байдал, нэхэмжлэгч С ХХК нь ажиллах нөхцөл, тайлан тооцоо гаргахад шаардлагатай мэдээлэл, баримтуудыг гарган өгсөн байдал зэргийг харьцуулан үзэж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэхээс илүүтэйгээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ. Тийм учраас зохигчдын гаргасан “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан...” гэх тайлбар няцаагдаж байна.

                                                  

Онолын хувьд, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ажлын эцсийн үр дүн, түүнээс бий болох эрсдлийг захиалагчийн өмнө хариуцахаар амлаж байдаг бол хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь ажлын эцсийн үр дүнд хүрэхийн төлөө чармайж ажиллах, хувь нэмрээ зүй зохистойгоор оруулахыг ажиллуулагчийн өмнө амлаж байдгаараа өөр хоорондоо ялгаатай гэж үздэг байна.

 

6.Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс, бусдаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн, хяналт, шалгалтын газрын даргын баталсан Татварын хяналт, шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу нэхэмжлэгч С ХХК-ийн 2016.01.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн талаар 2 удаагийн хэсэгчилсэн хяналт, шалгалт явуулж, зөрчил, дутагдлыг илрүүлэн С ХХК-нд Зөрчийн тухай хуулиар зохих арга хэмжээ авчээ.

 

6.1.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018.02.07-ны өдрийн 242017152 дугаар шийтгэлийн хуудсаар ИМЖХХК-ийн 2016.04.30-ны өдрийн 23401475 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 54,545,454 төгрөгийн, 2016.06.16-ны өдрийн 54539180 дугаарын нэмэгдсэн өртгийн падаанаар 19,545,454 төгрөгийн, 2016.07.31-ний өдрийн 286048295 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 7,609,140 төгрөгийн, нийт 81,700,049 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр хуурамч бичилт хийлгэн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, 81,700,049 төгрөгийн зөрчилд 8,170,004 төгрөгийн нөхөн татвар, 2,451,001 төгрөгийн торгууль, 1,498,215 төгрөгийн алданги, нийт 12,119,221 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулжээ.

 

6.2.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018.05.08-ны өдрийн 242018073 дугаар шийтгэлийн хуудсаар С ХХК нь ТӨК ХХК-иас 2016.02.29-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 21514659 дугаарын падаанаар 57,843,400 төгрөгийн дүн бүхий хуурамч бичилт хийж, 2016 оны 02 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, 57,843,400 төгрөгийн зөрчилд 5,784,340 төгрөгийн нөхөн татвар, 1,732,302 төгрөгийн торгууль, 1,350,354 төгрөгийн алданги, нийт 8,869,996 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулсан байна.

 

6.3.Энэхүү хоёр шийтгэлийн хуудсанд нэхэмжлэгч С ХХК ямар нэгэн гомдол гаргаагүй байх бөгөөд хүчин төгөлдөр болсон, тэрээр уг хоёр шийтгэлийн хуудасны дагуу нөхөн татвар, торгууль, алдангид нийт 20,989,218 /12,119,221+8,869,996/ төгрөг төлсөн болох нь тогтоогдсон.

 

7.Ийнхүү нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Д.Б нь гэрээний тал болох хариуцагч ГА ХХК-ийг тухайн үед төлөөлж байсан З.Тамиртай уулзаж, дээр дурдсан татварын шийтгэл, өр төлбөрийн талаар ярилцсан байх бөгөөд тэдний хооронд үйлдэгдсэн 2018.06.29-ний өдрийн гар бичмэлээр хариуцагч ГА ХХК нь 12,119,221 төгрөгийг мөнгөөр, 8,869,996 төгрөгийг Татварын ерөнхий газраар 2018.06.29-ний дотор шийдүүлнэ гэж тохиролцон гарын үсгээ зурж, 2018.08.15 гэсэн огноо тавьжээ. Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч тал З.Тамир тухайн үед байгууллагыг төлөөлөх эрхгүй байсан, тэр хүн юу гэж хэлсэн нь хамаагүй, өнөөдөр бид төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарласан.

 

Хариуцагч ГА ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчийн тайлбараас үзвэл, З.Тамир нь 2012-2014 оны хооронд ГА ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, 2014.09.11-ний өдрөөс П.Эрдэнэчимэг захирал болсон нь харагдана.

 

8.Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан 2015.09.14‑ний өдрийн Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2017.04.01‑ний өдрийн Санхүү, тайлан тооцооны ажил гүйцэтгэх гэрээнүүдэд хариуцагч ГА ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал З.Тамир гарын үсэг зурсан байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй, хэрэгжилтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн атлаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн оногдуулсан шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч С ХХК-нд оногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн З.Т-рын үйлдэл буюу гар бичмэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тайлбарууд логикийн хувьд хоорондоо зөрчилтэй байна.

 

Харин шүүх 2018.06.29-ний өдрийн гар бичмэл, нэхэмжлэгч талын тайлбараар хариуцагч ГА ХХК нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч С ХХК-нд учруулсан татварын өрийг төлөхийг тухайн үедээ зөвшөөрч байжээ гэж дүгнэлээ.

 

9.Иймд хариуцагч ГА ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний явцад нэхэмжлэгч С ХХК-ийн 2016 оны татварын тайлан тооцоог гаргаж, Татварын албанд илгээхдээ НӨАТ-ын падаануудад хуурамч бичилт хийж, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн шийтгэлийн хуудсуудаар тогтоогдсон бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 20,989,218 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги төлж, өөрөөсөө зардал гарган хохирсон байх ба, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж үзлээ.

 

Энэхүү 20,989,218 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч ГА ХХК-иас төлөхийг амаар болон бичгээр шаардаж байсан, төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй учир шүүхэд хандсан, хамгийн сүүлд 2021.01.29-ний өдөр албан бичиг хүргүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд манай байгууллага энэ албан бичгийг хүлээн аваагүй, биднээс энэ төлбөрийг төлөхийг өмнө нь шаардаж байгаагүй, нэхэмжлэгч өөрөө татварын өр, төлбөрөө төлөөд дуусчихлаа гэж ойлгоод өнөөдрийг хүрсэн учир нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

Харин шүүх хариуцагч талын гаргасан тайлбараас илүүтэйгээр нэхэмжлэгчийн гаргасан дээр дурдсан тайлбарыг үндэслэл бүхий гэж үзсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдсон гэж дүгнэлээ.

 

10.Зохигчдын хооронд байгуулагдсан 2015.09.14‑ний өдрийн Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2017.04.01‑ний өдрийн Санхүү, тайлан тооцооны ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн захиалагч талын эрх, үүрэг гэсэн хэсгийн  4.4-т “гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан аливаа хохирол болон гуравдагч этгээдийн өмнө үүссэн аливаа хариуцлагыг шалгуулах, арилгуулахаар шаардах эрхтэй”,

6 дугаар зүйлийн талуудын хариуцлага гэсэн хэсгийн 6.1-д “гүйцэтгэгч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас санхүүгийн тайлан, тэнцлийг хуулиар тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтрүүлсэн, захиалагч талын хүлээлгэн өгсөн баримт материалд тулгуурлан гүйцэтгэсэн тайлан, мэдээг алдаатай буюу буруу гүйцэтгэсэн, шивсний улмаас захиалагч талд учирсан аливаа хохирол /торгууль, алданги/-ыг бүрэн хариуцна,

    

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Тиймээс нэхэмжлэгч С ХХК нь гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.4, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол шаардах эрхтэй, хариуцагч ГА ХХК нь мөн хуулийн заалт болоод гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хохирлыг төлөх үүрэгтэй байна.

 

11.Нэхэмжлэгч тал 20,989,218 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018.02.07-ны өдрийн 242017152 дугаар шийтгэлийн хуудсаар 8,170,004 төгрөгийн нөхөн татвар, 2,451,001 төгрөгийн торгууль, 1,498,215 төгрөгийн алданги, нийт 12,119,221 төгрөг, 2018.05.08-ны өдрийн 242018073 дугаар шийтгэлийн хуудсаар 5,784,340 төгрөгийн нөхөн татвар, 1,732,302 төгрөгийн торгууль, 1,350,354 төгрөгийн алданги, нийт 8,869,996 төгрөг гэж задлан тайлбарласан.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр торгууль, алдангийг хохиролд тооцохоор тохиролцсон байх тул шүүх энэхүү тохиролцоог харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018.02.07-ны өдрийн 242017152 дугаар шийтгэлийн хуудсаар 2,451,001 төгрөгийн торгууль, 1,498,215 төгрөгийн алданги, 2018.05.08-ны өдрийн 242018073 дугаар шийтгэлийн хуудсаар 1,732,302 төгрөгийн торгууль, 1,350,354 төгрөгийн алданги, нийт 7,034,872 төгрөгийг хариуцагч ГА ХХК нь нэхэмжлэгч С ХХК-нд төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч С ХХК нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018.02.07-ны өдрийн 242017152 дугаар шийтгэлийн хуудсаар 8,170,004 төгрөгийн нөхөн татвар, 2018.05.08-ны өдрийн 242018073 дугаар шийтгэлийн хуудсаар 5,784,340 төгрөгийн нөхөн татварыг өөрөө хариуцах нь Татварын хууль тогтоомжид нийцэх бөгөөд тэрээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар татварын тайланг үнэн зөв үйлдэж, зохих ёсоор тушаах үүрэгтэй бөгөөд үүнийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр хариуцагч ГА ХХК хариуцсан байх боловч нэхэмжлэгч С ХХК хяналт тавих үүрэгтэй, нэхэмжлэгч С ХХК-ийн тайлан гэж Татварын байгууллагад илгээгдэх тул энэхүү эрсдэл буюу нөхөн татвар нэхэмжлэгч С ХХК-нд хамаарна гэж дүгнэлээ.

 

12.Иймд хариуцагч ГА ХХК-ийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар үндэслэлгүй байх тул түүнээс 7,034,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,954,346 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 262,897 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГА ХХК-иас 127,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ГА ХХК-иас 7,034,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,954,346 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 262,897 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГА ХХК-иас 127,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА