Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01320

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/01296 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “ГА” ХХК-д холбогдуулан гаргасан санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 20,989,218 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  Талууд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 58/15 тоот санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2017 онд санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч тал “ГА” ХХК нь захиалагч талын санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв хийж гүйцэтгэх, захиалагч тал нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх, тайланг үнэн зөв гаргахад шаардлагатай баримт материалаар хангах, зохих төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу байгууллагын санхүү, татвар, тайлангийн ажлыг “ГА” ХХК-д бүрэн хариуцуулсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нар 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 242017152 тоот, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 242018073 тоот шийтгэлийн хуудсаар 20,989,218 төгрөгийн торгууль оногдуулсан. Энэ талаар хоёр талын удирдлагууд уулзаж 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гар бичмэл үйлдсан ба “ГА” ХХК 12,000,000 төгрөг төлөх, 8,000,000 төгрөгийг Татварын газраар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Гэтэл уг тохиролцоогоо биелүүлээгүй. Гүйцэтгэгч нь эрх бүхий байгууллагад санхүүгийн үнэн зөв тайлан гаргаж, мэдүүлээгүй буруутай үйлдлийн улмаас татварын зөрчил үүсэж, шийтгэлийн хуудас ногдуулсан. Татварын албанаас тайланд залруулга хийж зөрчлөө арилгах талаар мэдэгдэл ирж “ГА” ХХК-д асуудлыг шийдвэрлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч үр дүн гараагүй. Талуудын байгуулсан гэрээний 6.1, 4.4-т заасны дагуу “ГА” ХХК учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн ч бодитоор төлөхгүй байсан тул өмнөөс нь уг торгуулийн мөнгөн дүнг төлж барагдуулсан. Хамгийн сүүлд 2021 онд албан бичиг хүргүүлсэн ба хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасны дагуу “ГА” ХХК-аас 20,989,218 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд санхүү, тайлан тооцооны ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай байгуулсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд захиалагчаас ирүүлсэн анхан шатны баримтад тулгуурлан Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу тайлан тооцоог нь гаргасан. Гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018 оны №242018073 тоот шийтгэх хуудсаар 21514659 тоот падаанаар хуурамч бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нийт 8,869,996.17 төгрөгийн төлбөр, №242017152 тоот шийтгэх хуудаст Нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нийт 12,119,221.90 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэлийг тус тус “С” ХХК-д ногдуулсан. Нягтлан бодогчийн алдаа биш, харин татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Мөн “С” ХХК нь уг шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тохиолдолд шүүхэд хандах эрхтэй байсан. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн З.Тамирын бичсэн, татварын өр төлөхийг зөвшөөрсөн бичвэрийг зөвшөөрөхгүй. З.Тамир нь тухайн үедээ байгууллагыг төлөөлөх эрхгүй байсан. Гэрээнд захиалагч тал гүйцэтгэгч талд ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай, үнэн зөв, хүчин төгөлдөр, баримт бичиг, бусад мэдээ мэдээллийг хүлээлгэн өгнө гэж заасан. “С” ХХК-ийн санхүү тайлан тооцоог гаргахдаа өөрсдийнх нь өгсөн анхан шатны баримт бүртгэлүүдийг ашигладаг. Хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой татвараа тухайн татвар төлөгч өөрөө төлөх ёстой. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан 2018 оны 02, 05 сараас хойш хохирол төлөхийг шаардаж байгаагүй, шаардаж байсан гэдгээ нотлоогүй. 2021 оны албан бичгийг хүлээн аваагүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “ГА” ХХК-аас 7,034,872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, 13,954,346 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “С” ХХК‑ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,897 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ГА” ХХК-аас 127,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх “талууд гэрээгээр торгууль алдангийг хохиролд тооцохоор тохиролцсон байх тул ... тоот шийтгэврийн хуудсаар ногдуулсан алданги торгуульд 7,034,872 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил өнгөрсний дараа шүүхэд хандсан гэж маргадаг. Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хэзээ үйлдэж, хэнд ямар байдлаар гардуулсан нь тодорхойгүй, үүрэг гүйцэтгэгч талд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй баримтыг ямар ч үндэслэлгүйгээр “хариуцагчийн тайлбараас илүүтэйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж өөр баримтаар нотлогдоогүй нэг талын баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэж үзэж байна. Уг хугацаанд үйлдэгдсэн гэх албан бичиг нь манайд ирээгүй, үүргийн гүйцэтгэл шаардаагүй байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Хариуцагч нь “С” ХХК-ийн гаргаж өгсөн анхан шатны баримтан дээр тулгуурлан тайлан тооцоог гаргаж, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнаар хянуулсны үндсэн дээр тайланг холбогдох газар нь явуулдаг. Тухайн хуурамч падааныг ашиглан татвар ногдох орлогоо нуун дарагдуулсныг шалгалтаар олж тогтоон түүнд тохирох алданги торгуулийг татвар төлөгч хариуцах ёстой. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч, зохих төлбөрийг төлсөн байсан буюу татвар төлөх орлогоо зориуд нуун дарагдуулж бага татвар төлөх гэсэн үйлдлээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргалгүй төлбөрөө төлсөн байсныг шүүх үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулагдсан. 2 компанийн гүйцэтгэх захирлууд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг барагдуулах тухай гар бичмэл үйлдсэн ба уг гар бичмэлд дурдагдсан мөнгийг төлж барагдуулах талаар хариуцагчид удаа дараа бичгээр болон амаар шаардсан. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох нөхцөл байдал үүссэн. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн шийтгэлийн хуудас нь татвар төлөгч “С” ХХК-нд оногдоно. Татварын эрх зүйн харилцаанд татвар төлөгч оролцох тул үүний цаана ямар компани санхүүгийн ажлыг гүйцэтгэж байгаа эсэх, тайлан тооцоог гаргаж байгаа эсэх талаар Татварын газар мэдэх боломжгүй. Татвар төлөгчийн хүрээнд “С” ХХК нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн. Учир нь дараагийн татварын тайлан илгээхэд алдаа заах, системд доголдол үүсэх эрсдэлтэй байсан тул даруй арга хэмжээ авч татварын төлбөр тооцоог төлж дуусгасан. Үүний дараа гэрээний 4.1, 6.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч компаниас хохирлыг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн нь гэрээний эрхээ хэрэгжүүлэх, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “С” ХХК санхүүгийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 20,989,218 төгрөг хариуцагч “ГА” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр санхүү, тайлан тооцооны ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх7-14, 66-74/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг “санхүүгийн үнэн зөв тайлан гаргаж мэдүүлээгүй буруутай, уг үйлдлийн улмаас татварын зөрчил үүсч, татварын байгууллагаас шийтгэлийн хуудас ногдуулсан тул учирсан хохирлоо гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

Хариуцагч нь “НӨАТ-ын тайлан гаргаж, бэлтгэх, цахим тайланд шивж илгээх, НӨАТ-ын падааныг цахим тайлангийн программаар шивж илгээх, НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж, хамгаалах, холбогдох баримт материал бүрдүүлж, цэгцлэн, үдэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг бэлтгэх, цахим тайлангийн системд шивэх, нийгмийн даатгалын албанд тушааж, хамгаалах, холбогдох баримт бичгийг бүрдүүлж цэгцлэн, үдэх .., “ ажил үүргийг хүлээсэн зохих ёсоор билүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх, тайланг үнэн зөв гаргахад шаардлагатай баримт материалаар хангах үүргийг тус тус хүлээжээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нь “С” ХХК-ийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудсаар “ИМЖ” ХХК-аас бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа худалдан авсан мэтээр тус компанийн нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт 81,700,049.10 төгрөгийг тусган албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 8,170,004.91 төгрөгийн нөхөн татвар, 2,451,001.47 төгрөгийн торгууль, 1,498,215.50 төгрөгийн алданги, нийт 12,119,221.90 төгрөгийн шийтгэл, /хх52-54/

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэлийн хуудсаар “ТӨК” ХХК-аас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 21514659 тоот падаанаар 57,843,400 төгрөгийн дүн бүхий хуурамч бичилт хийж, 2016 оны 02 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 8,784,340 төгрөгийн нөхөн татвар, 1,735,302 төгрөгийн торгууль, 1,350,354.17 төгрөгийн алданги, нийт 8,869,996.17 төгрөгийн шийтгэл тус тус оногдуулжээ. Дээрх төлбөрийг нэхэмжлэгч төлсөн байна. /хх18-20/

Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд хариуцагч нь “ .., захиалагчаас ирүүлсэн анхан шатны баримтад тулгуурлан тайлан тооцоог нь гаргасан тул хариуцлага хүлээхгүй .., ” гэх тайлбар гаргасан нь хуульд нийцэхгүй. 

Нягтлан болох бүртгэлийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 13.7, 15 дугаар зүйлийн 15.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.10 дахь хэсэгт зааснаас үзэхэд хариуцагч нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хүлээж авахдаа үнэн зөвийг шалгах, баримт мэдээллийг шаардан гаргуулах, анхан шатны баримтын бүрдэлгүй, ажил үйлчилгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахгүй байх, аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг залруулах боломжтой байсан байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 Талуудын байгуулсан гэрээний 4.4, 6.1-д гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирол, хариуцлагыг арилгуулахыг шаардах эрхийн талаар зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн 2 удаагийн шийтгэлийн хуудсаар татварын байгууллагад төлсөн алданги, торгуулийн нийт дүн 7,034,872 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.    

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан үзэж өөрийн дотоод итгэлийн үндсэн дээр үнэлэлт дүгнэлт өгөх журамтай тул анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар өгсөн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/01296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ