Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0364

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Э.Гэрэлмаа

шүүгдэгчийн    өмгөөлөгч:  Н.Ганбат

шүүгдэгч: Э.Бямба-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Эрдэнэцогтын Бямба-Эрдэнэд  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010046  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Эрдэнэцогтын Бямба-Эрдэнэ, 1996  оны  3 дугаар сарын 30-ны өдөр Булган  аймгийн Баян-Агт   суманд төрсөн, 21 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, алт мөнгөний дархан ажилтай,  ам бүл 4 ,ээж, эгч, дүү нарын   хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 99 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ГА96033018,

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Бямба-Эрдэнэ нь А.Чингүүнтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 33 дугаар сургуулийн үүдэнд 12 настай Б.Хонгорзулын  I phone5 маркийн гар утсыг хулгайлан авч 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:    

        Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Э.Бямба-Эрдэнэ  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг нэмж өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

         Шүүгдэгч Э.Бямба-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би өнөөдөр найзынхаа ах эгч 2-оос утсыг нь авах гээд явж байгаад Чингүүнтэй тааралдсан. Би Чингүүнтэй 1 жилийн өмнө барилга дээр ажил хийж байгаад танилцсан. Тэрнээс хойш тааралдаагүй явж байгаад өнөөдөр тааралдсан. Надад Чингүүнээ Сансар ороод манай найз охинтой уулзаад бас найзын охины найзуудыг дуудуулья гэж хэлэхээр нь дагаж яваад сансарт байдаг 33 дугаар сургуулийн урд талд ирсэн. Ирчихээд намайг наад сургуульруугаа орж бай гэж хэлээд би орох гээд уг сургуулийн хаалгыг татах гээд зогсож байхад миний хойно нэг охин зогсож байсан юм байна лээ. Би сургуулийн үүдрүү ороод эргээд харахад гадаа дуун хадаад байсан. Гараад ирсэн чинь нөгөө охин таныг авсаныг мэдсэн ш дээ гэж хэлсэн. Ингээд би буцаад гарах гэтэл нэг эгч  энэ цуг явж байсан хүүхэд гээд бариад авсан. Ингээд бид 2-ыг захирлын өрөө рүү авч ороод камер шүүж үзэхэд Чингүүний авсан аваагүй нь тодорхой харагдаагүй. Тэгээд цагдаа нар дагуулж гараад хэсэг дээр ирээд Чингүүнээс асуухад аваагүй гэж байгаад сүүлдээ үнэнээ хэлсэн. Уг утсыг барилгын хашаа давуулан шидсэн байсан. Чингүүн надад хэлэхдээ чи надад тус болоод наад охиныхоо урд ороод наад сургуульруугаа ороодох гэж хэлсэн. Тэгж гуйхаар нь би зөвшөөрөөд тэр охины урд нь ороод сургууль руу нь орчихоод  хаалга татаж байхад Чингүүн араас нь утсыг нь авсан юм шиг байна лээ. Чингүүн надад хэлэхдээ миний 3 дүү гэртээ хоолгүй байгаа гэсэн юм гэжээ. /хх-ийн 10/

         Насанд хүрээгүй хохирогч Б.Хонгорзул  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Миний бие тэр өдөр буюу 2015 оны  12 дугаар сарын 21-ний өдөр хичээлээ тарчихаад  нэг найзтайгаа уулзах гээд сургууль руу орох гээд явж байсан чинь миний утас хийсэн кармаа хөнгөрөөд явчихсан. Би гараа халаасандаа хийтэл миний утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь хажууд зогсож байсан хар өнгийн куртиктэй ахыг хараад та миний утсыг өгөөч гэсэн чинь нөгөө ах би чиний утсыг аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь би тэр ахыг дагуулаад сургууль руу орох гэсэн чинь орохгүй гээд уурлаад байхаар нь би хажууд нь зогсож байсан нэг эгчийг эгчээ энэ ах миний утсыг авчихлаа та сургуульруу оруулаад өгөөч гэж хэлсэн. Нөгөө эгч тэр ахыг дагуулаад сургууль руу орж хяналтын камерыг шүүсэн. Гэтэл нөгөө ах миний утсыг авч байгаа бичлэг нь үлдсэн байсан. Тэгээд цагдаад хандсан. Би утсаа 2015 онд 800.000 төгрөгөөр авч байсан юм. Миний утсыг авсан хүмүүс 2-уулаа байсан. Нэг нь миний урд талд байсан. Нөгөө нь миний ард талд явж байгаад утсыг маань хулгайлсан байсан. Тэр хоёр цагдаад баригдсаныхаа дараа миний утсыг цагдаагийн хэлтсийн хажууд байрлах хашааг давуулж шидсэн байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ.  /хх-н 14-18

        Б.Баянжаргал, Э.Бямба-Эрдэнэ, А.Чингүүн нараас асууж авсан тайлбарууд /хх-н 9-11/

Гэрч А.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би Бямба-Эрдэнийн найз нь байгаа юм. Бямба-Эрдэнэ бид хоёр 10 гаран жил найзалж байгаа юм. Бямба-Эрдэнэ янз бүрийн муу зангүй, ээж аавдаа тус болоод л явж байдаг юм. Надад хэргийн талаар мэдсэн юм ерөөсөө байхгүй. Архи дарс уугаад байдаггүй юм. Амьдрал нь боломж муутай болохоор нэг их архи дарс уугаад байдаггүй юм. Би өмнө нь зодооны хэргээр шалгагдаж байсан юм гэнэ гэж сонсож байсан  гэжээ. /хх-ийн 19-21/

         Гэрч Б.Халиунаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би сэжигтэн Э.Бямба-Эрдэнийн багых нь найз байгаа юм. Бямба-Эрдэнэ бид хоёр 5 жил гаран найзалж нөхөрлөж байгаа юм. Бямба-Эрдэнэ бол даруу төлөв зантай гэр бүлээ гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм. Хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Э.Бямба-Эрдэнэ архи дарс уугаад байдаггүй юм. Э.Бямба-Эрдэнийн ээж нь ааваас нь салаад удаж байгаа юм. Бямба-Эрдэнэ одоо хөгшин настай аав, дүү хоёртойгоо амьдардаг юм. Тэр хоёрыгоо тэжээдэг юм гэжээ.  /хх-н 22-23/

Гэрч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүлэхдээ: Намайг ажил дээрээ байхад захирал дуудсан. Намайг захирлын өрөөнд ороход 20-25 орчим насны хоёр залуу байж байсан. Энэ хоёр залуу хүүхдийн утас хулгайлсан байна гэсэн. Би хяналтын камер шүүж үзэхэд уг хоёр залуугийн нэг нь шахаад нэг нь яг манай сургуулийн сурагчийн халааснаас гар утсыг нь хулгайлан авч байгаа бичлэг тодорхой үлдсэн байсан. Тэгээд нөгөө 2 залууг хорооны цагдаа нар ирээд аваад явсан гэжээ./хх-н 26-27/

Гэрч Н.Отгонсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тус өдөр миний бие ажил дээрээ байж байтал жижүүрээс над руу залгаад сургуулийн үүдэнд хулгай гарсан байна. Хулгай хийсэн залуус нь баригдаж байна гэсэн. Би тухайн 2 залууг дагуулж ороод захирлын туслах буюу нарийн бичгийн өрөөнд ороод камерын бичлэгийг шүүж үзэхэд сургуулийн үүдэнд 2 залуу зогсчихсон байсан. Тэгээд нөгөө хоёр залуу  нэг охины хоёр талаас нь шахаад халаас руу нь гараа хийж байгаа бичлэг бичигдэж үлдсэн байсан. Уг хоёр залуу баригдсаныхаа дараа бие биенээ танихгүй гээд гүрийгээд байсан. Тэгээд байхаар нь цагдаад дуудлага өгөөд тэдгээрийг цагдаад хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-н 28-29/        

Э.Бямба-Эрдэнийг гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/хх-н 30-33/

Эд зүйлийн үнэлгээ: 800.000 төгрөгөөр гар утсыг үнэдсэн байна. Хохирогчийн гар утсаа бүрэн хүлээж авсан,  бүрэн авсан гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 68/        

Э.Бямба-Эрдэнийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 38-41, 46-49/,/хх-н 98-99/

Э.Бямба-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 55 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:56/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 59-62/  зэрэг болно.

          Э.Бямба-Эрдэнэ нь  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 33 дугаар сургуулийн үүдэнд 12 настай Б.Хонгорзулын  I phone 5 маркийн гар утсыг хулгайлан авч 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Насанд хүрээгүй Хохирогч Б.Хонгорзулын өгсөн … сургууль руу орох гээд явж байсан чинь миний утас хийсэн кармаа хөнгөрөөд явчихсан. Би гараа халаасандаа хийтэл миний утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь хажууд зогсож байсан хар өнгийн куртиктэй ахыг хараад та миний утсыг өгөөч гэсэн чинь нөгөө ах би чиний утсыг аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь би тэр ахыг дагуулаад сургууль руу орох гэсэн чинь орохгүй гээд уурлаад байхаар нь би хажууд нь зогсож байсан нэг эгчийг эгчээ энэ ах миний утсыг авчихлаа та сургуульруу оруулаад өгөөч гэж хэлсэн. Нөгөө эгч тэр ахыг дагуулаад сургууль руу орж хяналтын камерыг шүүсэн. Гэтэл нөгөө ах миний утсыг авч байгаа бичлэг нь үлдсэн байсан. Тэгээд цагдаад хандсан. Би утсаа 2015 онд 800.000 төгрөгөөр авч байсан юм. Миний утсыг авсан хүмүүс 2-уулаа байсан. Нэг нь миний урд талд байсан. Нөгөө нь миний ард талд явж байгаад утсыг маань хулгайлсан байсан гэсэн мэдүүлэг

Гэрч Б.Лхагвасүрэнгийн  мөрдөн байцаалтад өгсөн … Би хяналтын камер шүүж үзэхэд уг хоёр залуугийн нэг нь шахаад нэг нь яг манай сургуулийн сурагчийн халааснаас гар утсыг нь хулгайлан авч байгаа бичлэг тодорхой үлдсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/

Гэрч Н.Отгонсүрэнгийн  мөрдөн байцаалтад өгсөн …. Би тухайн 2 залууг дагуулж ороод захирлын туслах буюу нарийн бичгийн өрөөнд ороод камерын бичлэгийг шүүж үзэхэд сургуулийн үүдэнд 2 залуу зогсчихсон байсан. Тэгээд нөгөө хоёр залуу  нэг охины хоёр талаас нь шахаад халаас руу нь гараа хийж байгаа бичлэг бичигдэж үлдсэн байсан. Уг хоёр залуу баригдсаныхаа дараа бие биенээ танихгүй гээд гүрийгээд байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 28-29/   

          Шүүгдэгч Э.Бямба-Эрдэнийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.   

        Э.Бямба-Эрдэнэ нь А.Чингүүнийг бусдын гар утас авах үйлдэл  хийхэд нь зориуд урд нь зогсож саад хийн хулгайлгайлах боломж олгосон хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон байх ба түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  400 цаг нийтэд тустай ажил хйилгэх  ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Э.Бямба-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус  дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлээс  36.10 дах хэсэгт заасан зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Эрдэнэцогтын Бямба-Эрдэнэд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн  ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон  өөрчилсүгэй.

2.Боржигон овогт Эрдэнэцогтын Бямба-Эрдэнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. 2017 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бямба-Эрдэнийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бямба-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бямба-Эрдэнэд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Э.Бямба-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус  дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН