Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

 

Л.Д-, Т.Э-, А.Т- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                                                                      

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Л.Д- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д-, шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-гийн өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Д-, Т.Э-, А.Т- нарт холбогдох 2017 2501 0531 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Э- нь 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Б-г хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Л.Д-тэй бүлэглэн С.Б-гийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алсан гэмт хэрэгт,

Л.Д- нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Б-г хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүнийг зодож цохих, барьцалдан зууралдах зэргээр учрах саадыг арилгаж, Т.Э-ийг С.Б-гийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алахад нь дэмжлэг үзүүлж бүлэглэн хамтран оролцсон гэмт хэрэгт,

мөн А.Т-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А-гийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Самсунг-Эс4” загварын гар утас, гар утасны батерей, бэлэн 300 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт,

А.Т- нь Л.Д-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А-гийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Самсунг-Эс4” загварын гар утас, гар утасны батерей, бэлэн 300 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Э-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар,

Л.Д-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар,

А.Т-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос Т.Э-ийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилсэнийг, Лашидын Д-гийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-д зааснаар зүйлчилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос Т.Э-ийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, Л.Д-гийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15-д зааснаар, мөн бусдын эд зүйлийг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Т-ийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, Т.Э-ийг бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж пивоны шилээр цохих болон хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг гардан үйлдсэн гэм буруутайд, Л.Д-г бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, А.Т-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д зааснаар Түмэнжаргалын Э-ийг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Д-г 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, А.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Д-гийн хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн бүгд 14 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Д-гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 05 cap 27 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жил 5 cap 27 хоногийн ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-, Л.Д- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Э-, Л.Д- нарын цагдан хоригдсон нийт 202 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, А.Т- нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар Т.Э-өөс 2.125.182 төгрөгийг, Л.Д-гээс 2.125.182 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Цагаанбулагийн С-д /РД:ЖЭ 72060465/ олгохоор, хохирогч Ц.С- гэм хорын бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн пивоны шилний 19 ширхэг хагархай, хар өнгийн үстэй дотортой түрийтэй хос гутал, ногоон өнгийн өмд 1 ширхэг, талийгаач Ё.Б-гийн өмсөж явсан саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хар судалтай пүүзэн хос гутал, ягаан өнгийн хос оймс зэргийг устгуулахаар, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Си-диг хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар А.Т-ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Т.Э-, Л.Д- нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг, А.Т-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд цахимаар гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2017 оны 2 дугаар сарын 11-ний орой Шар хаданд байрлах “Өсөх-2” нэртэй бааранд Э-, Тулгаа гэх найзуудын хамт сууж байхад талийгаач Б- Э-тэй муудалцаад байсан. Тухайн үед хохирогч Б- Э- хоёрыг аль болох зодоонд хүргэхгүй байлгах үүднээс голоор нь орж эв зүйг нь олж салгаад баарнаас гарах гээд хувцас цүнхээ аваад гарах хаалга руу явж байхад хохирогч Б- намайг татан зүүн хацар луу шанаадаж унагаасаан. Тэгэхээр нь би барьж явсан хувцасаа хаяаад талийгаачтай зууралдаж байгаад доороос нь босох гээд ноцолдож байхад талийгаач гэнэт миний хажууд гулжигнаад унасан. Тэр үед яагаад унасныг  мэдээгүй, тухайн үеийн сэтгэл хөдлөл, уурандаа 3-4 удаа цохисон. Миний хувьд анхнаасаа талийгаачтай муудалцаж, цохиж зодох ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Болсон үйл явдлын дараа баарнаас гараад явж байхад Э- хохирогчийг ууж байсан шар айрагны шилээр толгойн тус газар араас нь цохиж унагаасныг мэдсэн. Энэ талаар хамт явсан найз Тулгаагаас юу болсныг сонсоод харьж унтах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Цагдаагийн газар очоод хохирогч нас барсан талаар мэдсэн. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан Э-ийн цохилтын улмаас болсон нь тодорхой байхад хамтатгаж шийтгэж байгаад маш их гомдолтой байна. Надад сонсгосон дээрмийн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний гаргасан гомдлыг нягтлан үзэж хэргийг тал бүрээс нь судлаж, залуу нас, групед байдаг эхтэйгээ амьдардаг, хэрэгт оролцсон оролцоо үйлдлийг харгалзан хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчиж, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

Учир нь шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэдгээ шүүх хуралдаанд ч хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч Т.Э- нь хүлээн зөвшөөрсөн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 169 дүгээр талд Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 392 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-д талийгаач нь баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн төвийн ба төвийн арын далан хамарсан няцралт, гэмтлийн улмаас нас барсан гэдгийг тогтоосон. Мөн хавтаст хэргийн 217-р талд авагдсан шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэгт “... баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн төвийн ба төвийн арын далан хамарсан няцарсан гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ” гэж хариулт өгсөн. Уг дүгнэлтэд амь нас аврагдах боломжтой байсан эсэх зэрэг тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл нэг удаагийн үйлдэл буюу Т.Э-ийн талийгаачийг цохисон үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэдэг нь хавтаст хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байхад Т.Э-ийн үйлдэлд шүүгдэгч Л.Д-г татан оролцуулж уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1-д Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна гэж тайлбарласан. Энэ нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 392 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-д үхлийн шалтгааныг /нас барсныг/ заасан ба гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хоорондох шалтгаант холбоо нь нотлогдоно.

Мөн шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлгээр гэмтлийг нэг удаагийн хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ гэж мэдүүлсэн нь: Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2-т амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ гэж тайлбарласнаас дүгнэн үзэхэд амь хохирогчийг нас барснаас хойшхи шүүгдэгч Л.Д-гийн үйлдлийг тус шүүх 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Т.Э-тэй хамтатгаж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн хавтаст хэргийн 110-р талд авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс: “00:14:43-д ширээ тойрч ирээд хохирогчийн өмнө очоод гартаа барьсан пивоны шил мэт зүйлээр далайж байгаад цохих гэтэл гарнаас мултарч хохирогчийг оносонгүй. Хохирогч босч ирээд баруун гараараа цээж хэсэгт нь цохиж Э-тэй барьцалдан авахад Д- дундуур нь орж салгав. Э- хохирогч руу дахин очиход бүсэндээ паск зүүсэн урт үстэй эмэгтэй, пелниктэй эмэгтэй хоёр хориглон зогсоов...” гэжээ. Өмгөөлөгч нь Т.Э-ийн эхний үйлдэл энэ цэгт ирээд төгссөн гэж үзэж байгаа бөгөөд харин бичлэгт авагдсан “...Яллагдагч Д- нь хохирогчийн хажуугаар хувцаснууд тэврэн гарах хаалга чиглэн явж байх үед 00:15:19-д хохирогч түүнийг хажуугаас нь гараараа толгойн хэсэгт зүүн талаас нь цохиж унагаахад...” гэжээ. Т.Э-тэй хохирогчтой маргалдсан үйлдэл төгссөн байхад хохирогч Д-г гарах гээд хувцаснуудыг тэврэн явахад хохирогч Д-г цохиж гэмт үйлдэлдээ шинээр татан оролцуулж дахин шинэ үйлдэл эхэлж байгаа гэж үзэж байна.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс “... Б- Д-г хөлнөөс тэврэн эргэн сандал дээр унагаан дээр нь гарсан байрлалтай барьцалдаж байв. Энэ үед 00:15:39-д Т.Э- баарны нөгөө талаас гартаа барьсан шилтэй зүйлээ ууж явангаа шууд хохирогч Б-г чиглэн ирээд баруун гартаа барьсан пивоны шилээрээ толгойн ар хэсэгт чиглүүлэн гараа далайж хүчтэй цохиход хохирогч Б- үхэт хийн ямарч эсэргүүцэлгүй болоход Т.Э- гэдрэг татан гараараа нэг удаа цээж хэсэг рүү нь цохиж хохирогч дээшээ харан шууд унахад...” энэ үеэс шүүх шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэргээс талийгаач Б- нь нас барсан гэж үзэж байна.

2. Үйлчлүүлэгч Т.Э-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэж зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг мөн түүний өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт хохирогчийн бусадтай зодолдох талаар гүйж, зодолдох байдлаар бэлтгэл авч, мөн Э-ийг цохиж, Д-гийн хөлөөр ороож дээр нь гарч байгаа бичлэгээс дүгнэн үзэхэд хохирогчийг хэн ч харсан илт хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй нь үгүйсгэгдэж, харин шүүгдэгч нар мэдэх боломжгүй, мэдээгүйд оршиж байна.

Анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор С.Б-г хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэж уг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шийтгэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч нар нь хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалах чадваргүй гэдгийг ухамсарлан ойлгоогүй. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14-р тогтоолын 5.16-д  “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ гэж тайлбарласан.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн, шүүгдэгч Д-гийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээч эмчийн асуусан   асуултад ... хүнд зэргийн согтолтой хүн тухайн хүнийхээ бие организмээс хамааран биеэ хамгаалах үйлдэл хийж болно ... зэрэг мэдүүлэг, хохирогчийн Д-г цохиж гэмт үйлдэлдээ татан оролцуулж байгаа үйлдэл, хохирогчийн Э-ийг цохиж байгаа үйлдэл, заал тойрон зодолдож бэлтгэл авч байгаа үйлдэл зэрэг талийгаачийн үйл хөдлөлөөс дүгнэн үзэхэд шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг ухамсарлан ойлгоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 1887 дугаар шинжээчийн дүгнэлтээр биеэ хамгаалж чадахгүй байсан болохыг тогтоосон гэж үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тус шинжээчийн дүгнэлтээр согтолтын зэргийг тогтоосон болохоос биш биеэ хамгаалах чадахгүй болохыг тогтоогоогүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

4. Анхан шатны шүүхийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор “...Э-ийг хохирогч Б-г пивоны шилээр ар дагз толгойн хэсэгт нэг удаа, нүүр хэсэгт нь 2 удаа цохиж газарт унагаагаад дээрээс нь зүүн хөлөөрөө 4 удаа, баруун хөлөөрөө нүүр толгойн хэсэг дэвсэж амь насыг хохироосон...” гэж үзсэн. Өөр хэлбэл газарт унасан байхад хохирогч нас барсан гэж шүүх дүгнэсэн. Мөн “...Л.Д- нь хохирогчийг зодуулаад газарт унасан байхад нь дээр нь гарч мордон зүүн гараараа заамдан нүүр шанаанд баруун гараараа цохиж зодсоны улмаас хохирогч газар дээрээ нас барсан үйл баримт болсон байна” гэж үзсэн. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч юу гэж үзэж байна гэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 392 тоот шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг хэзээ нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй нь талийгаач тус гэмтлийн улмаас үхэлд хүрсэн гэж өмгөөлөгч үзэж байгаа бөгөөд талийгаачийг Э- цохисноор гэмт хэрэг төгссөн. Мөн шинжээчийн 392 тоот дүгнэлтийн 1-д зааснаас үзвэл талийгаач ямар гэмтлийн улмаас нас барсан гэдгийг тодорхой заасан, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлгээр уг гэмтлэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ гэж мөн тодорхой зааснаас үзвэл тус хэрэгт шүүгдэгч Э-ийг Д-тэй бүлэглэн хүнийг алсан гэж хүндрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэм үзэж байна.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар завсарлага авч шүүх мөн зүйлийн 5-д зааснаар ажлын 5 хоногийн хугацааг тогтоосон. Ингээд завсарлагын хугацаа дуусч шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны зааланд шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч миний бие болон Т.Э-ийн ар гэр /түүний авга ах Даваа, Даваагийн эхнэр/-ийн хамт 2.500.000 төгрөгийг хохирогч болон түүний өмгөөлөгчийн хажууд шүүх хуралдаан эхлэхээс өмнө баримт үйлдэн хохирлын мөнгийг хүлээлгэн өгсөн ба хохирол хүлээлгэн өгсөн баримтаа тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Т.Э- Л.Д- нар нь гэм буруутай үйлдлийн улмаас нэг ч төгрөгийг нөхөн төлөөгүй тул хохирогч Ц.С-гийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хэмжээнд гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нийт хохиролд 4.250.364 төгрөгийг Т.Э- Л.Д- нарт хувь тэнцүүлэн хуваахад нэг хүнд 2.125.182 төгрөг оногдож байх тул Т.Э- Л.Д- нараас гаргуулан хохирогч Ц.С-д олгох үндэслэлтэй байна” гээд тогтоох хэсгийн 9-д зааснаар Т.Э-өөс 2.125.182 төгрөгийг гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих хууль ёсны зарчмыг зөрчсөн төдийгүй миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. /Жич-хохирогчид 2.500.000 төгрөгийг Т.Э-ийн зүгээс төлж хохирол төлбөр төлж барагдуулсан нь тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдоно/. Мөн анхан шатны шүүх тогтоол уншин сонсгохдоо Т.Э-ийн хохирол төлбөр төлөгдсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулан үзсэн гэж дүгнэсэн мөртлөө 480 дугаар тогтоол бичгийн хэлбэрээр гаргахдаа төлөгдөөгүй гэж 2 өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь эргэлзээг төрүүлж байгаад өмгөөлөгчийн хувьд харамсаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоолыг өөрчилж Л.Д-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож үйлчлүүлэгч Т.Э-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тогтоолд өөрчилж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-гийн өмгөөлөгч Г.Амгалансуурь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгчөөс дараах гомдлыг гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолын 11 дэх талд шүүх дүгнэж бичихдээ “Нийт хохиролд 4.250.364 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж, хохирогч Ц.С-д олгох үндэстэй” гэжээ.

Гэтэл хохирогч Ц.С- нь гэм буруутай хүмүүсээс хохирогчийн оршуулгатай холбогдон гарсан зардалд нийт 5.130.087, өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 18.000.000 төгрөг /сард 100.000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдийг нь 18 нас хүртэл/ нийт 24.130.087 төгрөг нэхэмжилсэн байхад ямар нотлох баримтуудыг үнэлээгүй, шаардлага хангахгүй гэж үзсэнээ болон төлөх үндэслэлгүй болохыг дүгнээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс цаашид хохирлын ямар хэсгийн нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь ойлгомжгүй байна.

2. Шүүх хохирлыг 4.250.364 төгрөг гэж дүгнэсэн нь шүүх хурлаар хэлэлцсэн хавтаст хэрэгт буй нотлох баримтуудаас зөрүүтэй байх ба дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Д-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ процессын зөрчил гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын үгийг огт хэлүүлээгүй таслан зогсоосон. Давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг анхан шатны шүүхэд хэлэлцэж дүгнэлт гаргах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх тийм бололцоо олгоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоогоогүй. Шүүх мэтгэлцээний зарчмыг хангалгүйгээр өмгөөлөгч нарын дүгнэлтийг сонсохгүйгээр шүүгдэгчийн эцсийн үгийг сонсоод гэм буруугийн шүүх хуралдааныг хийж шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг эдлүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох заалт байдаг ба шүүх гэм буруугийн асуудлаар маргаж байгаа эсэх өмгөөлөгчийн дүгнэлтийг сонсоогүй явсан. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан байхад анхан шатны шүүх нэг өмгөөлөгчийг яруулаад бусад өмгөөлөгч нарын дүгнэлтийг яриулаагүй. Өнөөдрийн давж заалдах шатны шүүхэд үүнийг тайлбарлах гэсэн юм. Үүнийг бодитой талаас нь харна уу гэв.

Шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд: Надад тайлбар байхгүй гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Т.Э-ийн хувьд бааранд буюу олон нийтийн газар иргэн Б-г шүүгдэгч Л.Д-тэй зууралдаж байхад нь толгойн тус газар нь пивоны шилээр цохиж унахад нь үргэлжлүүлээд шүүгдэгч Л.Д- гараараа цохих хөлөөрөө нүүр рүү нь цохиж зодсон нь үйл баримтаар, камерийн бичлэгт тодорхой харагддаг. Шүүгдэгч Т.Э- талийгаачийн толгойд шилээр цохиход Л.Д- таслан зогсоох ямар нэг арга хэмжээ аваагүй. Талийгаачийг унахад дээр нь гарч Т.Э-тэй зэрэгцээд зодож байгаа нь тодорхой харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх талаар тодорхой заасан ба Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолд “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж”  гэдгийг тодорхой тайлбарласан байдаг. Биеэ хамгаалах чадваргүй хүнийг согтуурсан, мансуурсан бусад шалтгаануудаар өөрийгөө хамгаалах чадваргүй этгээд хамаарна гэж заасан байдаг. Талийгаач Б- идэвхтэй үйлдэл хийж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн ходоодноос 5.8 хувийн промиль спиртийн агууламж илэрсэн буюу тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсоноор талийгаач өөрийгөө хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Л.Д-, Т.Э- нар бүлэглэж, бусдыг алсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шүүгдэгч нарын болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Т.Э-ийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-ад 2.500.000 төгрөг төлсөн. Гэтэл энэ талаар шийтгэх тогтоолд тусгагдаагүй орхигдуулсан учраас энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

1. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Л.Д- нь А.Т- нар нь хохирогч Д.А-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Самсунг Эс-4” загварын гар утас, гар утасны батерей, бэлнээр 300 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх Л.Д-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.” гэж дүгнэх үндэслэлд хүргэж байна.

2. Шүүгдэгч Л.Д- нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан дээрхи хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дууссан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-т: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 /арван дөрвөн/ жил, 5 /таван/ сар, 27 /хорин долоо/ хоногийн ялаар тогтоосугай.” гэж заасан нь ялтны эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх дүгнэлтэд хүргэв.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-, Л.Д- нарт холбогдох хүнийг санаатай алсан гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хэд хэдэн шинжүүдээс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон зарим шинжүүд /танхайн сэдэлт, давтан г.м/ -дэд хамаарах зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулгаар шийдвэрлэхийн оронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тогтоолын энэ талаарх заалт туйлын ойлгомжгүй бичигдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э-, Л.Д- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:” ... 3.2-т “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг заана.” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх ийнхүү гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал дүгнэхээр хуульчилсан байхад ялтан Л.Д-, Т.Э- нарт оногдуулсан хорих ялыг ямар үндэслэлээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон ойлгомжгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл болж байна. 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтад “...хяналтын камерын бичлэг бүхий 1ш Си-диг хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.” гэж заасан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-, Т.Э- нарыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хохирогч үхлийн цохилтыг чухам хэний, ямар үйлдлээс, хэдийд авсан, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын асуудлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Э-, Л.Д-, А.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, ялтан Т.Э-, Л.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Л.Д-, шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-гийн өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлээгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Ялтан Т.Э-, Л.Д-, А.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан атлаа яллагдагч нар нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу удаан хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эрүүгийн хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ялтан Л. Д-гийн  Б.Мөнхгэрэл, ялтан Т.Э-ийн өмгөөлөгч өмгөөлөгч Г.Батбаяр нарын удаа дараагийн хүсэлтээр үндэслэлгүйгээр олон удаа хойшлуулж ирснийг анхааруулан тэмдэглэж цаашид хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор хэрэг маргааныг шуурхай шийдвэрлэхийг онцгой анхаарч ажиллахыг энэхүү магадлал дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.