Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2022/01446

 

 

 

 

 

 

 

  2022         05         12                                             182/ШШ2022/01446

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗДТГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 137,008,113 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц,

Хариуцагчийн төлөөлөгч С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: БС ХХК нь 2019.09.16-ны өдөр НЗД-н Тамгын газартай Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 40x40x40 см хэмжээтэй 296 ширхэг, 50x50x50 см хэмжээтэй 100 ширхэг саадыг үйлдвэрлэж, бүрэн нийлүүлсэн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ, ажлын зурагт заасны дагуу нийт 396 ширхэг саадыг 2019.12.20-ны өдөр бүрэн үйлдвэрлэж, нийлүүлэхэд бэлэн болсон бөгөөд зурагт заагдсаны дагуу Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд байршуулсан. Гэтэл захиалагч буюу НЗД-н тамгын газраас чулуун саадыг өөр газарт нүүлгэн байршуулах чиг үүрэг өгсний дагуу Нийслэлийн 15 байршилд чулуун саадыг тараан байршуулсан. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн боловч захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, чулуун саадыг шилжүүлэн байршуулах байршлыг зааж өгөөгүй зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал, хүнд суртлын улмаас өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний үлдэгдэл санхүүжилтийг авч чадаагүй байна. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 60,892,494 төгрөгийг хүлээн авсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар үлдэгдэл төлбөрийг ажил үйлчилгээ бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор төлнө гэсэн байдаг.

 

Манай компанийн зүгээс удаа дараа ажлын үр дүнг хүлээн авах, үлдэгдэл санхүүжилтийг хийж өгөхийг захиалагч НЗД-н тамгын газраас хүссэн боловч санхүүжилт хийхэд гэрээний хугацааг зайлшгүй сунгах шаардлагатай байна гэсэн тул 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 07/07-01 тоот сунгалтын гэрээг байгуулж, гэрээг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл үлдэгдэл санхүүжилтийг уг сунгасан хугацааны дотор хийж барагдуулахаар тохиролцсон болно. Гэтэл уг хугацаанд үлдэгдэл санхүүжилт болох 91,338,742 төгрөг төлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөхөөр тохиролцсон байдаг. Уг заалтыг үндэслэн төлбөр төлөх ёстой байсан сүүлийн хугацаа болох 2020.05.08-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 528 хоног байх бөгөөд уг хоногоор алдангийг тооцож үзвэл 241,133,904 төгрөг байна. Алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтрэхгүй байх ёстой тул 91,338,742 төгрөгийн 50% буюу 45,669,371 төгрөгийг алдангид нэхэмжилж байна.

Манай компанийн зүгээс удаа дараа НЗД-н тамгын газарт хандан албан тоот өгч, үлдэгдэл санхүүжилтийг хийхийг хүссэн боловч 2019 оны төсөв татагдсан болохоор санхүүжилт хийх эх үүсвэр тодорхойгүй байна гэх үндэслэлээр одоог хүртэл үлдэгдэл хөлсийг төлөөгүй байна. Бид зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Шүүх өмнө нь энэ хэргийг Захиргааны гэрээ гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээн аваагүй тул бид Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс иргэний шүүхийн харьяалал гэж үзэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар харьяалал тогтоосон. Иймд хариуцагч НЗД-н тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 91,338,742 төгрөг, алданги 45,669,371 төгрөг, нийт 137,008,113 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗД-н 2019.09.06-ны өдрийн А/914 тоот “хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар Иргэдийн аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын нэрэмжит талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах байгууламжийг барих ажлыг зохион байгуулах, энэ ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг НХӨГ, үр дүнд нь бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт даалгаж, шаардлагатай хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулахаар тусгасан байдаг. Ер нь гэрээ байгуулсан, ажил хийсэн талаар маргахгүй. Гэхдээ Засаг даргын захирамжаар НЗД-н тамгын газарт гэрээ байгуулах эрх олгоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Тэгээд ч төсөвт мөнгө нь суухгүй байгаа учир төлөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2019.09.16-ны өдрийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.04.17-ны өдрийн гэрээний сунгалт, НЗД-н тамгын газрын 2020.05.08-ны өдрийн 05-01/2339 тоот хүсэлт шилжүүлэх тухай албан бичиг, 2020.01.09-ний өдрийн 03/132 тоот тохижилтын ажлын тухай албан бичиг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2020.01.23-ны өдрийн 2/183 тоот чиглэл авах тухай албан бичиг, ЗХТ, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2020.03.19-ний өдрийн 5/78 тоот албан бичиг, том жижиг чулуун хавтан байршуулсан байршил тоо хэмжээ, бүдүүвч зургууд, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2020.04.06-ны өдрийн 2/1118 тоот албан бичиг, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2020.04.13-ны өдрийн 3/773 тоот албан бичиг, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020.03.24-ний өдрийн 03/1053 тоот чулуун хаалт байршуулах тухай албан бичиг зэрэг хуулбар баримтууд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.01-ний өдрийн 341 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.31-ний өдрийн 590 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.02-ны өдрийн 8171 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021.10.08-ны өдрийн 189 дүгээр гомдол шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 8404 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Улсын дээд шүүхийн 2021.12.03-ны өдрийн 916 дугаар харьяалал тогтоох тухай тогтоол, 2020.07.31-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2021.10.18-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2021.11.10-ны өдрийн хэргийн харьяалал тогтоолгох тухай хүсэлт, Голомт банкны дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч тал, НЗД-н 2019.09.06-ны өдрийн А/914 тоот захирамж, түүний хавсралт, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2020.04.29-ний өдрийн 1/1528 тоот албан бичиг, БС ХХК-ийн 2020.05.01-ний өдрийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэж өгөх тухай албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу, НЗД-н ТГболон БС ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.09.16-ны өдрийн 07/07 дугаартай Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.04.17-ны өдрийн 07/07-01 дугаартай Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний сунгалт, НЗД-н Тамгын газрын 2020.05.08-ны өдрийн 05-01/2339 дугаар албан бичиг, 2020.01.09-ний өдрийн 03/132 дугаар албан бичиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2020.01.23-ны өдрийн 2/183 дугаар албан бичиг, 2020.04.06-ны өдрийн 2/1118 дугаар албан бичиг, ЗХТ, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2020.03.19-ний өдрийн 5/78 дугаар албан бичиг болон түүний хавсралт болох том, жижиг чулуун хаалт байршуулсан байршил тоо хэмжээ, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2020.04.13-ны өдрийн 3/773 дугаар албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020.03.24-ний өдрийн 03/1053 дугаар албан бичиг, НЗД-н 2020.12.04-ний өдрийн Б/225 тоот захирамж гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч БС ХХК нь хариуцагч НЗД-н ТГТБАГУТҮГ /цаашид НЗДТГ гэх/-т холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 91,338,742 төгрөг, алданги 45,669,371 төгрөг, нийт 137,008,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдоос гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хариуцагчаас урьдчилгаа 40%-ийн төлбөр авсан, үлдэгдэл 60%-ийн төлбөрөө авах үед санхүүжилт шаардлагатай гэж гэрээний хугацааг сунгасан боловч хариуцагч нь төлбөрийг төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн, иймд гэрээнд заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал гэрээ байгуулсан, ажил хийсэн талаар маргахгүй, Засаг даргын захирамжаар Тамгын газарт гэрээ байгуулах эрх олгоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, төсөвт мөнгө нь суухгүй байгаа учир төлөх боломжгүй гэж мэтгэлцсэн.

 

3.НЗД-н 2019.09.06-ны өдрийн “хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/914 дүгээр захирамжаар Иргэдийн аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын нэрэмжит талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах байгууламжийг барих ажлыг зохион байгуулах, энэ ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг НХӨГ, үр дүнд нь бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт даалгаж, шаардлагатай хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулахаар тусгаж, 2 дугаар хавсралтаар Сүхбаатарын нэрэмжит талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах тохижилтын ажлыг 2019 онд, 152,231,237 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэх, мөн ондоо санхүүжүүлэхээр баталсан.

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Засаг даргын ажлын алба нь ТГбайна. Энэхүү захирамжийн хүрээнд зохигчдын хооронд 2019.09.16-ны өдөр “Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ” шууд худалдан авалтын аргаар, Нийслэлийн хүн амын аюулгүй байдал, түүнд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор байгуулагдсан байх бөгөөд, гэрээний дагуу нэхэмжлэгч БС ХХК нь 152,231,237 төгрөгийн санхүүжилтийн хүрээнд, хариуцагч НЗДТГ-ын захиалгын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн баруун, зүүн, урд талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тусгай зориулалтын боржин чулуун бүтээц бүхий, 40х40х40 см, 296 ширхэг, 1 ширхэг нь 350.900 төгрөг, 50х50х50 см, 100 ширхэг, 1 ширхэг нь 453.750 төгрөг, нийт 396 ширхэг саадыг үйлдвэрлэх, тээвэрлэх, байрлуулах ажлыг 90 хоногийн дотор хийж гүйцэтгэх, хариуцагч НЗДТГ нь уг ажлыг санхүүжүүлэх, хяналт тавих, ажлын үр дүнг хүлээн авах, авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан 152,231,237 төгрөгийн хөлс төлөх, төлөөгүй тохиолдолд 0,5%-тай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Энэхүү гэрээнд талууд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Иргэний хуулийн 343 дугаар зүйл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус удирдлага болгосон байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй байна.

 

Түүнчлэн зохигчид 2020.04.17-ны өдөр 07/07-01 дугаартай Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний сунгалт гэсэн гэрээг байгуулсан, уг гэрээгээр зохигчид 2019.09.16-ны өдрийн 07/07 дугаар гэрээний салшгүй хэсэг болох, үндсэн гэрээ болон нэмэлт гэрээний заалтуудын утга зөрчилдөх тохиолдолд үндсэн гэрээг баримтлах, захиалагч нь боржин чулуун хашлагын тохижилтын ажлыг гүйцэтгэхэд үүссэн хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан үзсэний үндсэн дээр гэрээний хугацааг 2020.05.08-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцсон байна.

 

4.Дээрх гэрээний дагуу хариуцагч НЗДТГ нь ажлын хөлс болох 152,231,237 төгрөгөөс 2019.10.08-ны өдөр урьдчилгаанд 60,892,495 төгрөгийг нэхэмжлэгч БС ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд, нэхэмжлэгч БС ХХК нь 40х40х40 см, 296 ширхэг, 50х50х50 см, 100 ширхэг тусгай зориулалтын боржин чулуун бүтэц бүхий саадыг үйлдвэрлэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд тээвэрлэн авчирч, уг чулуун саадыг баруун, зүүн урд талаар байршуулах ажлыг 2019.12.20-ны өдөр хийж гүйцэтгэсэн.

 

Улмаар нэхэмжлэгч БС ХХК нь хариуцагч НЗДТГ-ын даалгасны дагуу Сүхбаатарын талбайд байршуулсан чулуун саадыг буцаан авч, тодорхойлсон байршлууд болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Монгол банкны хойд талд авто зогсоол, явган зам тусгаарлах хэсэгт 14 ширхэг, Төв шуудангийн явган хүний гарц, авто замыг тусгаарлах хэсэгт 3 ширхэг, 2 дугаар хороонд байлах Элба төвийн авто зогсоол, явган замыг тусгаарлах хэсэгт 40 ширхэг гэх мэтээр нийслэлийн 6 дүүрэгт байршуулсан байх бөгөөд эдгээр ажлуудыг хариуцагч НЗДТГ нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй, хэн аль нь ажлаа хүлээлцээгүй байх боловч шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар хариуцагч НЗДТГ-ыг ажлын үр дүнг хүлээн авсан гэж байна гэж дүгнэлээ.

 

5.Харин хариуцагч НЗДТГ нь гэрээний дагуу ажлыг хүлээн авсан талаар маргаагүй боловч төсөвт мөнгө суугдахгүй байгаа гэдэг шалтгаанаар үлдэгдэл хөлс болох 91,338,742 /152,231,237 төг - 60,892,495 төг/ төгрөгийг төлөхгүй байгаа, нэхэмжлэгч БС ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлүүлэх талаар хариуцагч НЗДТГ-аас удаа дараа шаардаж байсан.

 

Эдгээр үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй бөгөөд, шүүх зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцааг дурдсан үйл баримтууд, гэрээний агуулга, зохицуулалтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүх уг хэргийг өмнө нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын, захиргааны гэрээнээс үүдэлтэй захиргааны маргаан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан гэж үзэн хүлээн авахаас татгалзсан, энэ үндэслэлээр нэхэмжлэгч БС ХХК нь Улсын дээд шүүхэд харьяалал тогтоолгох хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, уг хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоосон байна.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”,  

350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”,  

351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заасан.  

 

7.Өөрөөр хэлбэл, зохигчид хуулийн дээрх зохицуулалтын дагуу хийх ажил, хөлс төлөх арга журам, хугацаа, гэрээгээр хүлээх эрх, үүргийг харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч БС ХХК нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.7, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар 40х40х40 см, 296 ширхэг, 50х50х50 см, 100 ширхэг тусгай зориулалтын, нийт 396 ширхэг боржин чулуун саадыг үйлдвэрлэж, тээвэрлэн, Сүхбаатарын талбайд байршуулсан байх боловч хариуцагч НЗДТГ болон түүний харьяа байгууллагууд болох НХӨГ, ӨМХГ, ХБХГ, ЗХТ, зохицуулалт, инженерчлэлийн газрын санал, чиглэл, зөвлөмжийн дагуу уг байршуулсан боржин чулуун саадыг буцаан авч, Нийслэлийн 6 дүүргийн зохих газарт байршуулах үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч НЗДТГ нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан үлдэгдэл төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

Улмаар нэхэмжлэгч БС ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 91,338,742 төгрөгийг, гэрээний хариуцлага болох нэмэлт үүрэг алдангид 45,669,371 /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 91,338,742 төгрөгийн 50%/ төгрөг, нийт 137,008,113 төгрөгийг хариуцагч НЗДТГ-аас шаардах эрхтэй бөгөөд энэхүү тооцоолол үндэслэл бүхий байх тул хариуцагч НЗДТГ нь гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг төлөх үүрэгтэй.

 

8.Тиймээс хариуцагч талын гаргасан “...Засаг даргын захирамжаар Тамгын газарт гэрээ байгуулах эрх олгоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, төсөвт мөнгө нь суухгүй байгаа учир төлөх боломжгүй...” гэх агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд уг тайлбараар төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Иймд хариуцагч НЗДТГ-аас хийсэн ажлын үлдэгдэл төлбөр 91,338,742 төгрөг, алданги 45,669,371 төгрөг, нийт 137,008,113 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БС ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

9.Нэхэмжлэгч БС ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 842,991 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НДЗТГ-аас 842,991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БС ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                               

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч НЗД-н ТГТБАГУТҮГ-аас 137,008,113 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БС ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч БС ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 842,991 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НЗД-н ТГТБАГУТҮГ-аас 842,991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БС ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА