Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01585

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01585

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаа

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/01446 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Н ТБАГУТҮГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 137,008,113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, Т.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Нтай Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 40x40x40 см хэмжээтэй 296 ширхэг, 50x50x50 см хэмжээтэй 100 ширхэг, нийт 396 ширхэг саадыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн үйлдвэрлэж, зурагт заасны дагуу Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд байршуулсан. Гэтэл захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас чулуун саадыг өөр газарт нүүлгэн байршуулах үүрэг өгсний дагуу Нийслэлийн 15 байршилд тараан байршуулсан.

1.1 Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн боловч захиалагч ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, чулуун саадыг шилжүүлэн байршуулах байршлыг зааж өгөөгүй зэрэг шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.

1.2 Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 60,892,494 төгрөгийг хүлээн авсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар үлдэгдэл төлбөрийг ажлыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор төлнө.

1.3 Нэхэмжлэгч удаа дараа ажлын үр дүнг хүлээн авах, үлдэгдэл төлбөрийг төлөхийг хариуцагчаас хүссэн боловч санхүүжилт хийхэд гэрээний хугацааг зайлшгүй сунгах шаардлагатай гэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 07/07-01 дугаартай сунгалтын гэрээг байгуусан. Гэрээг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Гэтэл уг хугацаанд үлдэгдэл төлбөр 91,338,742 төгрөг төлөөгүй.

1.4 Гэрээний 6.1-д алдинги төлөхөөр тохиролцсон. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 528 хоногийн алданги 241,133,904 төгрөг. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул үлдэх төлбөр 91,338,742 төгрөгийн 50 хувь болох 45,669,371 төгрөгийн алданги болж байна.

1.5 Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 91,338,742 төгрөг, алданги 45,669,371 төгрөг, нийт 137,008,113 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ байгуулсан, ажил хийсэн талаар маргахгүй. Гэхдээ Засаг даргын захирамжаар Нт гэрээ байгуулах эрх олгоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ТБАГУТҮГ-аас 137,008,113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 842,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ТБАГУТҮГ-аас 842,991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зөрчсөн хариуцагчийг буруу тодорхойлон шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/914 дүгээр захирамжаар иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах баталгаажуулах зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын нэрэмжит талбайд чулуун хаалт хийх хөрөнгийг шийдвэрлэсэн захирамжийг баталсан тухайн хөрөнгийн эх үүсвэрийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг буруу тодорхойлон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татан шийдвэрлэсэн бөгөөд Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын ажлын алба юм.

4.1 Мөн захиалагч байгууллага нийт 396 ширхэг боржин чулууг манай байгууллагад хүлээлгэн өгөх ёстой байтал 46 ширхэг чулуун хаалтыг манайд хүлээлгэн өгөөгүй байхад нийт үнийн дүнг тооцож оруулан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Хариуцагчийг буруу тодорхойлоогүй. Гэрээний нэг тал буюу үүрэг гүйцэтгэгч нь Н мөн тул хариуцагчаар татсан. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, бүх чулууг тодорхой байршилд байршуулсан. Үлдэгдэл 46 ширхэг чулуун хаалтыг хүлээж авах үүргээ захиалагч буюу хариуцагч биелүүлэхгүй байгаа.

5.1 Чулуун хаалт нь нэхэмжлэгч байгууллагад хадгалагдаж байгаа, хэзээ ч очиж авах боломжтой. Хариуцагчид удаа дараа хаалтыг хүлээж авах талаар шаардлага тавьдаг боловч хүлээн авах үүргээ биелүүлэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н ТБАГУТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 91,338,742 төгрөг, алдангид 45,669,371 төгрөг, нийт 137,008,113 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 07/07 дугаартай,Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн баруун, зүүн, урд талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тусгай зориулалтын боржин чулуун бүтээц бүхий нийт 396 ширхэг саадыг Төрийн тусгай хамгаалалтын газраас баталсан даалгаврын дагуу үйлдвэрлэж, тээвэрлэн суурилуулах, хариуцагч нь төлбөрт 152,231,237 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна /хх.14-17/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.

4.1 Мөн талууд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний сунгалт-ын гэрээгээр гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгажээ. /хх.18/

5. Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40х40х40 см, 296 ширхэг, 50х50х50 см, 100 ширхэг тусгай зориулалтын боржин чулуун бүтэц бүхий саадыг үйлдвэрлэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд тээвэрлэн авчирч, уг чулуун саадыг баруун, зүүн урд талаар байршуулсан. Н ажлын хөлс 152,231,237 төгрөгөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 60,892,495 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг гэрээний нэг тал буюу захиалагч гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагчийг буруу тодорхойлсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

5.1 Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох нийт 396 ширхэг боржин чулуун бүтэц бүхий саадаас 350 ширхгийг нийслэлийн 6 дүүрэгт байршуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Уг ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар талууд баримт үйлдээгүй, 46 ширхэг тусгай зориулалтын боржин чулуун бүтэц бүхий саадыг хариуцагч хүлээн аваагүй байх боловч анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцсон нь үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2 Гэрээний 6.1-д талууд энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул анхан шатны шүүх гэрээний хариуцлага буюу алданги 45,669,371 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/01446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН