Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 915

 

                                                 

 

 

 

 

 

 

 

                                                 Т.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00389 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Уын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.М, Ю.А нарт холбогдох

 

Б.М, Ю.А нарын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцацрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, Д.Цацрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М бид 2 2007 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2 хүүхэдтэй болсон. Улмаар Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас хамтран амьдрах боломжгүй болж, би 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдарч эхэлсэн болно. Б.М нь 2013 оны 02 дугаар сараас “би та гурвыг байртай болгоно” гэж хэлсэн бөгөөд энэ хугацаанд түрээсийн болон хүүхэд халамжлах талаар мөнгөн тусламж үзүүлж байгаагүй.

Бид гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгийн маргааны талаар тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Б.М нь өөрийн ээж Ю.Ад бэлэглэлийн гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 58-95 тоот, 2 өрөө бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсан байна.

Уг орон сууцыг бид 2010 оны 11 дүгээр сард “Голомт банк” ХХК-иас зээл авч худалдан авч 1 жил хамт амьдарсан бөгөөд би хамтран зээлдэгчээр орсон байдаг. Байрны зээлийг Б.М төлж, би нялх хүүхдээ асарч байсан тул ямар нэгэн төлбөр төлсөн зүйл байхгүй. Энэ орон сууц нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө тул ээжийнхээ нэрийг оруулсныг би хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авахгүйгээр бусдад өмчлөх эрх олгон бэлэглэлийн гэрээ байгуулсан учир энэ нь 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байдаг. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн байна. Иймд Б.М, Ю.А нарын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хамт амьдарч байх хугацаанд буюу 2011 оны 11 дүгээр сард “Голомт банк” ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл авч, маргаан бүхий орон сууцыг худалдан авсан бөгөөд өмчлөгчөөр зөвхөн миний нэр бүртгэлтэй байдаг. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Т.У гарын үсэг зурсан талаар маргаан байхгүй. Тус зээлийн төлбөрийг бид хоёр төлөөгүй, миний ээж Ю.А нь 58 296 270 төгрөгийг зээлд бүрэн төлж дуусгасан.

Би ээжийн төлсөн дээрх зээлийг буцаан өгөх боломжгүй тул байрны өмчлөгчөөр Ю.Аг бүртгүүлэх нь зүйтэй гэж үзэн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн бүртгэл нь улсын бүртгэлээр хүчинтэй болдог тул өөрийн эрхийн дагуу Ю.Аг өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн нь ямар нэг хууль бус үйлдэл биш юм. Уг орон сууц нь Б.М, Ю.А нарын өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн гэрлэгчид орон сууцны зээлд хамрагдан маргаан бүхий орон сууцад амьдарч эхэлсэн. Нийт зээл, хүүгийн хамт 58 296 270 төгрөг болсон бөгөөд энэ зээлээс гэрлэгчид төлөлт хийгээгүй.

Би 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр 507 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 12 199 137 төгрөгийг төлж зээлийг бүрэн хаасан. Иймд тухайн байрны өмчлөгчөөс намайг хасах үндэслэлгүй бөгөөд байрны зээлийг бүрэн төлсөн нь өмчлөгч гэх нотлох баримт болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Б.М болон Ю.А нарын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016666 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 95 тоот, 58.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хариуцагч Ю.Агийн нэрийг хасч бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 144 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Ю.А нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12б-38 тоот орон сууцыг зарж уг маргаан бүхий орон сууцны зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан байдаг. Гэрлэгчид төлбөрийг төлнө гэдэг боловч одоог хүртэл төлөлт хийгээгүй тул Б.М нь дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр Ю.Аг бүртгүүлсэн.

Т.У нь байрны төлбөрийг төлж дуусмагц нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус үйлдэл юм. Ю.А нь байрны төлбөрийг бүрэн төлж дуусгасан байх тул түүнийг өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцнэ. Хариуцагчийн 7 жилийн турш зээл төлж байсан баримтыг үнэлээгүй байгаа нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цацрал давж заалдах гомдолдоо:  Ю.А нь уг маргаан бүхий байрны зээлийг бүхэлд нь төлж дуусгасан тул Б.Мын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Анхан шатны шүүх Ю.Агийн зээл төлж байсан баримтыг үнэлээгүй бөгөөд М.Магнайбаярыг зээлийн төлбөрийг төлж байсан мэтээр шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан нь нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй гэдгийг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Б.М, Ю.А нарт холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Б.М, Т.У нар 2007 онд гэрлэлтээ эрх бүхий газарт бүртгүүлэн гэр бүл болж, хамт амьдарч байх хугацаандаа 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Голомт банк” ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл авч, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 58 дугаар байрны 96 тоот орон сууцыг худалдан авч, өмчлөгчөөр Б.Мыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. /хх 68-155 дахь тал/ Энэ үйл баримтад талуудын хэн аль нь маргаангүй. Харин Б.М нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээ” нэртэй гэрээгээр өөрийн өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/, Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 95 тоот 58.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 25 000 000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох хэсгээ 12 500 000 төгрөгөөр тодорхойлон өөрийн эх Ю.Ад бэлэглэж, улмаар улсын бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэний /хх 34, 35, 37 дахь тал/ улмаас талуудын хооронд маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.М нарын худалдан авсан орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн гэрлэснээс хойш бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзнэ. Хариуцагч Б.М уг хөрөнгийн өмчлөх эрхийн 50 хувийг гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрөл авахгүйгээр хариуцагч Ю.Ад бэлэглэж, түүнийг өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлсэн болох нь бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. Дээрх бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байх тул мөн зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ю.А нь “орон сууцны зээлийг төлсөн, миний өмч” гэх тайлбар нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 500 /144 750+144 750/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

           

                                            ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД