Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М, Ю.А нарт холбогдох,

Б.М болон Ю.А нарын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай иргэний хэргийг  2018 оны 12 дугаар сарын 05-нд хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцацрал, хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагч Ю.А-гийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов. 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.М-тай анх 2007 онд гэр бүл болсон, 2 хүүхэд төрүүлсэн. 2010 оны 11 сард бид хоёр “Голомт банк” ХХК-иас зээл авч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 58 дугаар байрны 95 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан.

Ингээд хамт амьдарч байх хугацаанд Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, намайг зэрлэгээр зодсон учраас хамтран амьдрах боломжгүй болсон. Салаад би 2 хүүхэдтэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд Б.М “та 3 хүлээж бай, би ямар ч байсан та гурвыг байртай болгож өгнө” гэж 2013 оны 02 дугаар сараас хойш хэлсэн. Үүнээс хойш Б.Маас түрээсийн мөнгө болон хүүхдээ халамжлах тал дээр надад нэг ч төгрөгийн тусламж үзүүлж байгаагүй.  Тэгээд 2018 оны 07 дугаар сард гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс заавал эвлэрүүлэн зуучлалд хандах ёстой гээд нэхэмжлэлийг буцаасан. Тэгээд дахиад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байх үеэр Б.М, ээжтэйгээ бэлэглэлийн гэрээ байгуулаад орон сууцны гэрчилгээнд ээжийнхээ нэрийг нь оруулсан байсан. Энэ орон сууц нь бидний  гэр бүлийн дундын эд хөрөнгө тул  түүнд ээжийнхээ нэрийг оруулсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар Б.М нь надад хэлээгүй.

Миний нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ингэж тооцуулснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өмчлөгч гэсэн Ю.А-гийннэрийг гэрчилгээнэс хасч бүртгэхийг даалгаж, гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна.

Энэ орон сууцны зээлийн гэрээнд би хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийг Б.М төлж байсан нь үнэн. Би энэ төлбөрөөс төлсөн зүйл байхгүй. Нялх хүүхдүүдээ асрамжилж байсан учир төлөх боломжгүй байсан. Дээрх орон сууцанд бид 1 жил гаруйн хугацаанд хамт амьдарсан.Бид нарыг салснаас хойш хариуцагч Б.М амьдарч байгаа. Би гэр бүл цуцлуулах, дундын эд хөрөнгө хувааж оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Ингэж эд хөрөнгийг хуваарилах үед гэр бүлийн өмч болох 2 өрөө орон сууцнаас оногдох хэсгийг гаргуулахад хариуцагч Ю.Аавах эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хамтын өмчийг 4 хуваах уу, 5 хуваах уу гэсэн асуудал  гарч ирсэн учраас нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т зааснаар гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авахгүйгээр бусдад өмчлөх эрх олгон бэлэглэлийн гэрээ байгуулсан учир энэ нь 128 дугаар зүйлийн 128.3.-т зааснаар хүчин төгөлдөр бус  хэлцэл байдаг. Гэр бүлийн гишүүн биш хүнийг гэрчилгээнд оруулсан нь үнэдслэлгүй.  Хуулийн шаардлаагыг хангаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг зөрчсөн байна.

Иймээс Б.М, Ю.Анарын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М-аас шүүхэд гаргасан болон түүний төлөөлөгч Г.Намуунаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь нэхэмжлэгч Т.Утай 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2 хүүхэдтэй болсон. Ингээд хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2012 оноос эхэлж тусдаа амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа Б.М нь  2011 оны 11 дүгээр сард “Голомт банк” ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл авч маргаан бүхий орон сууцыг худалдан авсан. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Т.У гарын үсэг зурсан талаар маргаан байхгүй. Өмчлөгчөөр зөвхөн Б.М бүртгэлтэй байсан. Тус зээлийн төлбөрөөс Т.У, Б.М нар нэг ч төгрөг төлөөгүй, Б.М-ын ээж Ю.Ань нийт 58 296 270 төгрөгийн төлбөрийг  зээлд бүрэн төлсөн.

Б.М, Т.У нар энэ бүх хугацаанд тогтсон ажил эрхэлж байгаагүй, зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан. Иймээс энэ зээлийг төлж дуусгасны дараа төлбөрийг ээждээ өгнө гэсэн боловч төлөөгүй юм. Б.М-т ээжийнхээ зээлийг төлөх боломж байхгүй тул ээжийгээ байрныхаа өмчлөгчөөр бүртгүүлэх нь зүйтэй юм байна гэж үзээд Ю.А-н хүсэлт, шаардлагын дагуу энэ байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч нь 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаад энэ байрны зээл төлөлтөд нэг ч төгрөгийг төлөөгүй атлаа 2017 оны 07 дугаар сард байрны зээлийг Ю.А төлж дуусангуут буюу өөрөөр хэлбэл энэ байрны зээлийг төлж дуусахыг хүлээж байгаад нэхэмжлэл гаргасан мэт байдаг. Ямар нэг зүйлийг өмчлөхийн тулд худалдан авсан зүйлийнхээ үнийг төлөх шаардлага байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь ямар нэг төлөлт хийгээгүй. Ю.Агээс орон сууцны зээлийг төлж байсан гэдгийг мэдэж байсан.  Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн бүртгэл нь улсын бүртгэлээр хүчинтэй болдог тул өмчлөгч Б.М өөрийн эрхийн дагуу Ю.А-г өмчлөгчөөр нэмж  бүртгүүлсэн. Үүнд ямар нэг хууль бус үйлдэл байхгүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д тодорхой заасан. Т.У-ын хувьд ямар нэг байдлаар өмнө нь гэр бүлийн дундын өмч, энэ байрыг би өмчлөх эрхтэй гээд шүүхэд өмчлөгчөөр бүртгүүлэх тухай шаардлага гаргаж байгаагүй, иймд нэгэнт Б.М-ын өмчлөлийн байр тул гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д хүчин төгөлдөр бусад тооцож болох, анх байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэг зохицуулалт байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм уу, хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Одоо Б.М нь ээждээ зээлийн төлбөртэй үлдэж байгаа. Уг орон сууц нь Б.М, Ю.А нарын өмч мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч Ю.А-гээс шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цацралаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М, Т.У нар нь 2007 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2 хүүхэдтэй болсон том хүүхэд нь 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бага хүү нь төрсөн. Тэгээд Чингэлтэй дүүрэг,  6 дугаар хороо, 58 дугаар байрны 95 тоотод 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс амьдарч эхэлсэн ба ингэхдээ “Голомт банк” ХХК-иас 30 000 000 төгрөг зээлсэн буюу орон сууцны зээлд хамрагдсан. Нийт зээлийн төлбөр нь хүүгийн хамт 58 296 270 төгрөг болсон бөгөөд энэ мөнгөнөөс Т.У, Б.М нар  нэг ч төгрөг төлөөгүй.

Хариуцагч Ю.А нь 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр 507 000 төгрөгийг төлж байсан. Сүүлд Ю.Ань  зээлийн үлдэгдэл 12 199 137 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлж зээлийг бүрэн хаасан.

Ю.А-г тухайн байрны улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1., 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Ю.А-г  хамтран өмчлөгч биш гэж үзэхгүй  бөгөөд 100 хувь энэ байрны үнийг төлсөн нь түүнийг өмчлөгч гэх  нотлох баримт болж байгаа юм. Нэхэмжлэгч уг байранд амьдарч байх хугацаанд нэг сарын ч гэсэн төлбөр төлөх боломж байхад нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл хариуцагч  Ю.А-г орон сууцны зээлийг төлөөд дуусангуут нь гэнэт байрны гэрчилгээнээс Ю.А-ннэрийг хасуулъя гэж байгаа нь ёс зүйгүй гэж үзэж байна. Хэрэв Т.У нэг удаа ч болов төлөлт хийсэн бол энэ талаар ярихад үгүйсгэхгүй байх байсан. Гэтэл ямар ч мөнгө өгөөгүй байж ийм шаардлага гаргаж байгаа нь буруу гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсхэгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.У  нь хариуцагч Б.М, Ю.А нарт  холбогдуулан тэдний хооронд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Б.М, Ю.А нар үл зөвшөөрч, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.М нь Голомт банктай  ЗГ/1815002241 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг зээлж аван маргаан бүхий орон сууцыг худалдан авсан, уг орон сууцны зээлийн төлбөрт нийт 58 296 270 төгрөгийг  хариуцагч Ю.А төлж дуусгасан тул тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргасан.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.М нар нь 2007 оны 07 дугаар сарын 25-нд гэр бүл болсон гэрлэгчид байх бөгөөд  энэ хугацаанд  охин М.Үүрийнцолмон  2007 оны 11 дүгээр сарын 11-нд, хүү М.Энх-Амгалан 2011 оны 05 дугаар сарын 29-нд тус тус  төрсөн байна.

Хэрэгт Чингэлтэй дүүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 95 тоот,  58,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь  хариуцагч Б.М-ын өмчлөлд хэрхэн шилжсэн талаар баримт байхгүй боловч нэхэмжлэгчтэй  хамтран амьдарч байх хугацаандаа  2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дээрх орон сууцыг  хариуцагч Б.М-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016666 дугаарт бүртгүүлж, Б.М, Т.У нар нь уг орон сууцанд 2012 он хүртэл хамт амьдарч байсан үйл баримт Г-1350 тоот гэрлэгчдийн гэрчилгээ, Г-3228, Г-1638 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 113 тоот лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогджээ.

Түүнчлэн уг орон сууцны үнийг төлөхөөр гэрлэгчид 2010 оны 11 дүгээр сарын 18-нд “Голомт банк” ХХК-иас 30 000 000 төгрөгийг зээлсэн, уг зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ю.А, Б.М нар төлж барагдуулан биелүүлсэн талаар зохигчид маргаагүй байна.

 Хариуцагч Б.М нь өөрийн нэр дээр бүртгэлтэй дээрх 2 өрөө орон сууцыг нийт 25 000 000 төгрөгөөр үнэлэн, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр  зарим хэсгийг хариуцагч Ю.Ад шилжүүлэн 12 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий бэлэглэлийн гэрээг байгуулж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 05-нд 000123223 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Ю.А-г өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн болох нь хариуцагч нарын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээ”, 000123223 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдсон.

 Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т зааснаар “гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлэх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах тул нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.М нарын гэрлэснээс хойш буюу 2010 оны 11 дүгээр сарын 10-нд Б.М-ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016666 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн  м.кв талбайтай, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 95 тоот, 58,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь  гэрлэгч Т.У, Б.М нар болон  гэр бүлийн гишүүд болох тэдний хүүхдүүдийн  хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болно.

 Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж, 128.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2.-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.М нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг бусдад шилжүүлэн бэлэглэхдээ нэхэмжлэгч Т.У-ын бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна... 56.1.1.-д “ хууль зөрчсөн...хэлцэл,  56.1.8.-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл...” гэж тус тус заасны дагуу хариуцагч нарын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Ю.А, Б.М нар нь маргаан бүхий орон сууцны үнийг төлөхөөр Голомт банкаас авсан 30 000 000 төгрөгийн зээл, түүний хүүд нийт 58 296 270 төгрөг төлж барагдуулсан гэж тайлбарлан, Голомт банк дахь хариуцагч Б.Мын харилцах болон зээлийн дансны хуулгууд,  2010 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацааны орлогын мэдүүлгүүд, төлбөрийн баримтууд, Ю.Агээс иргэн У.Галтад эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009430 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12б байрны 38 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдсан тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсныг тодотгох, хүчин төгөлдөр болохыг нотолсон тухай хэлцэл”,  уг орон сууцыг У.Галтын нэр дээр бүртгэсэн 000660024 тоот гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцсэн.

Хэдийгээр, тухайн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр  хариуцагч Б.М  бүртгүүлж, орон сууцны үнийг хариуцагч нар төлж барагдуулсан байх боловч энэ нь  гэр бүлийн гишүүн  биш Ю.А-г орон сууцны зарим хэсгийг өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд маргаан бүхий  орон сууцыг гэрлэгчдийн гэр бүл болсонтой холбоотойгоор тэдний хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангаж амьдрах зорилгоор гэрлэгчид  худалдан авсан байна. 

Иймд нэхэмжлэгч Т.У нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 56.5.-д заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зөрчигдсөн, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн хариуцагч нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, хариуцагч Ю.А-н нэрийг хасч бүртгүүлэхээр шаардах эрхтэй болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хариуцагч Ю.А-н нэрийг хасч бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 144 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг баримтлан хариуцагч   Б.М болон Ю.А нарын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасныг баримтлан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  Ү-2202016666 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 95 тоот, 58,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хариуцагч Ю.А-гийн нэрийг хасч бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 144 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

         

 

                                     ДАРГАЛАГЧ                            Ж.БАЙГАЛМАА