Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2022/01604

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

                                      2022       05          25

            182/ШШ2022/01604

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Н.Ц

 

Хариуцагч: “ТОСК” ХХК

 

Хариуцагч: Б.Л

 

Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, “Буянт ухаа 1” хороолол, дугаар байрны дэргэд 40 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б,

хариуцагч “ТОСК” ХХК-ийн төлөөлөгч Г.У, Б.Н,

хариуцагч Б.Л-ийн төлөөлөгч М.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “В” ХХК-ийн захирал Б.Лгээс Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт ухаа 1” хороолол, дугаар байрны дэргэд байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар 32,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус объект нь “ТОСК” ХХК-иас Буянт-Ухаа хорооллын оршин суугчдын ая тухтай байлгах зорилгоор хүнсний дэлгүүрийн зориулалтаар Б.Лтэй тохиролцон хамтын гэрээгээр баригдсан байсан. Худалдан авах үед Б.Л нь “ТОСК” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь удахгүй санаа зоволтгүй гэж хэлсэн учраас худалдаж авсан 40 м.кв объектоо хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаагаар явуулаад 4 жил өнгөрөөд байна. Гэтэл Б.Л болон “ТОСК” ХХК-иас одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, худалдан авсан объектоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй хохирсоор байна. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “ТОСК” ХХК-д худалдан авсан объектыг өмчлөх тухай хүсэлт гаргасан боловч “ТОСК” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр надад үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн. Н.Ц нь 2018 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хууль журмын дагуу хүнсний дэлгүүрийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд худалдан авсан объектын үнийг бүрэн төлж барагдуулсан. Тиймээс Н.Цийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Одоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардагдах баримт бичгийг өгөхийг хариуцагч нарт даалгах гэсэн шаардлага болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч “ТОСК” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТОСК” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Лтэй 2014/4-21 дугаар Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр манай компани нь Хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зорилгоор газар эзэмших эрхийг тухайн иргэнд шилжүүлэх үүргийг хүлээсэн. Гэвч иргэн Б.Л нь гэрээг байгуулснаас хойш тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг манай талаас гаргуулах хүсэлтийг нэг ч удаа ирүүлээгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй байхад гэрээний зүйлийг өөр иргэнд худалдан борлуулсан байсан. Дээрх гэрээний 3.7 дугаар зүйлд “...бусдад зарах тохиолдолд А талаас зөвшөөрөл авах” гэж заасан боловч тус газрыг худалдан борлуулах гэж буй тухайгаа “ТОСК” ХХК-д огт мэдэгдээгүй бөгөөд үүнээс үүдэн аливаа гэрээний харилцаа үүсээгүй иргэн Н.Ц нь хариуцагч талд өөрийн хүнсний дэлгүүрийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх тухай үндэслэлгүй шаардлагыг ирүүлээд байна. Гэсэн хэдий ч хууль болон гэрээнд заасны дагуу бид газар эзэмших эрхийг иргэн Б.Лд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд түүнээс газрыг худалдан авсан иргэн Н.Цэд энэхүү зохицуулалт нь мөн адил үйлчлэх тул хууль ёсны эзэмшигч шаардсан тохиолдолд хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг шилжүүлж авахтай холбоотой материалыг гаргаж өгөх үүрэгтэй. Харин үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбогдох асуудал нь хариуцагчтай хамааралгүй асуудал бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авсны дараа хариуцагч талаас үл хамааран өөрийн биеэр холбогдох баримт материалыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгч, өөрийн хүнсний дэлгүүрийн өмчлөх эрхийг баталгаажуулах ёстой юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Б.Лгийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас Ц болон ТОСК ХХК-тай гэрээ байгуулсан. Хамгийн анх ТОСК ХХК-тай 2014 онд гэрээ байгуулахдаа ТОСК ХХК-ийн газар дээр барилга барих, ТОСК газрын эзэмших эрхийг Лхагвацэрэнд шилжүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд 2018 онд Ц-тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Худалдагч биет байдлын болон эрхийн доголдолгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ёстой. ТОСК ХХК газрын гэрчилгээгээ бид нарт гаргаж өгөхөөр Ц-д тухайн үл хөдлөх хөрөнгийг өгнө гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэтэл бид  нар одоог хүртэл ТОСК ХХК-аас өөрсдөө газрын гэрчилгээгээ аваагүй учраас Ц-д тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна. Бид  нар энэ талаарх арга хэмжээ авахаар явж байгаа. Биднийг газар эзэмших эрхээ авсны дараагаас Ц шаардах эрхтэй. Харин бид нарын хооронд байгуулсан гэрээний дагуу Ц хохироод байгаа бол өгсөн авсан зүйлээ буцаахад ямар ч асуудал байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   4. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, өөрчилсөн шаардлага, “В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм, Хамтын ажиллагааны гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч болон хариуцагч Б.Лгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч “ТОСК” ХХК-иас ирүүлсэн хариу тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сангаас хэвлэн авсан баримт зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч “ТОСК” ХХК, Б.Л нарт холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардагдах баримт бичгийг өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч анх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

 

  1. “ТОСК” ХХК /А тал/ 2014 оны 11 дүгээр

сарын 04-ний өдөр иргэн Б.Лтэй /Б тал/ 2014/4-21 дугаар “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан бөгөөд

гэрээний 2.2-т А тал “Буянт-Ухаа 1” цогцолбор хороололд хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалттай 5 ширхэг, 4м х10м хэмжээтэй сандвичэн барилга барих газрыг Б талд хүлээлгэн өгөх

2.3-т Хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний байранд хамаарах газар эзэмших эрхийг үйлчилгээний байр барьж, ашиглалтанд оруулж, үйлчилгээ үзүүлэх иргэн хуулийн этгээдэд шилжүүлэх

3.3-т Б тал барьсан үйлчилгээний 5 барилгаа зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалтаар өмчилж, ашиглана

3.4-т Хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ явуулахдаа оршин суугчдын ая тухтай үйлчлүүлэх бүхий л нөхцөлийг хангаж ажиллана

3.7-д Бусдын газар дээр барьсан барилга байгууламжийг ... бусдад зарах тохиолдолд А талаас зөвшөөрөл авна

гэж тус тус зааж тохиролцжээ.

 

3. “В” ХХК 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Цтэй Худалдах худалдан авах гэрээ хийж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Буянт-Ухаа 1” хорооллын   дугаар байрны дэргэд 6 нэрийн хүнсний дэлгүүр бүхий 40 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 32,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг төлөн шилжүүлж авч үйл ажиллагаа явуулж байна. Гэрээний 5.2-т Худалдан авагч хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг хүлээн авсанд тооцно. Үүнд: иргэн Лхагвацэрэнгийн нэр дээр байдаг ТОСК хамтран ажиллах газрын гэрээг иргэн Н.Ц дээр шилжүүлж өгнө гэж заажээ. “В” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч нь ганц Б.Л болох нь компанийн гэрчилгээ, дүрмээс харагдаж байна.

 

4. ТОСК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны

зориулалтаар 46,300 м кв газар эзэмшдэг нь талуудын тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэргээр тогтоогдож байх ба энэ тал дээр талууд маргаагүй.

 

            5. Б.Л нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Буянт-Ухаа 1” хорооллын хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалттай 5 ширхэг, 4м х10м хэмжээтэй сандвичэн барилгыг барьж ашиглалтанд оруулсан боловч барилгын доорх газар эзэмших эрхийг гэрээний дагуу шилжүүлж аваагүй, ТОСК шилжүүлж өгөөгүйгээс хүнсний дэлгүүрийн зориулалтаар ажиллуулах барилгыг худалдан авсан Н.Ц барилгыг өмчилж чадахгүй байгаа байдал тогтоогдож байна.

           

6. Б.Л иргэнийхээ хувьд гэрээ хийж, барьсан барилгаа Н.Цэд  худалдах гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

“Хамтын ажиллагааны гэрээ”-ний А талын эрх үүргийн 2.3-т Хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний байранд хамаарах газар эзэмших эрхийг үйлчилгээний байр барьж, ашиглалтанд оруулж, үйлчилгээ үзүүлэх иргэн хуулийн этгээдэд шилжүүлэх, 3.4-т Хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ явуулахдаа оршин суугчдын ая тухтай үйлчлүүлэх бүхий л нөхцөлийг хангаж ажиллана, “Худалдах худалдан авах гэрээ”-ний “Хөрөнгө шилжих” гэсний 5.2-т ...иргэн Б.Лгийн нэр дээр байдаг ТОСК хамтран ажиллах газрын гэрээг иргэн Н.Ц дээр шилжүүлж өгнө гэж заасныг үндэслэн худалдан авсан барилгын доорх газар эзэмших эрх шууд Н.Ц рүү шилжих боломжтой гэж үзнэ. “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 3.7-д Бусдын газар дээр барьсан барилга байгууламжийг ... бусдад зарах тохиолдолд А талаас зөвшөөрөл авна гэж заасан байх бөгөөд үүний үндэслэлийг хариуцагч нар барилгыг оршин суугчдын ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг хангах үүднээс зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалтаар ашиглахтай холбон тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Н.Ц нь энэ шаардлагыг хангаж 4 жил барилгыг хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашиглаж, үйлчилж байгаа, түүнийг өөрийн өмчлөлийн болгоход А талын зүгээс зөвшөөрөл өгөхгүй байх үндэслэл алга байна. Н.Ц нь ашиглаж буй барилгаа өмчлөн авах хүсэлтээ ТОСК-ийн даргад 2021 онд гаргаж байжээ. “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.2-т А тал “Буянт-Ухаа 1” цогцолбор хороололд хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалттай 5 ширхэг, 4м х10м хэмжээтэй сандвичэн барилга барих газрыг Б талд хүлээлгэн өгнө гэснээс гадна дээрх 2.3 дахь заалтыг тусгасан нь Б.Л барьсан барилгаа бусдад худалдвал А тал газар эзэмших эрхийг барилга худалдан авсан этгээд рүү шилжүүлж болохыг зохицуулсан заалт гэж үзэхээр байна. Энэ талаар хариуцагч ТОСК шүүхэд ирүүлсэн тайлбартаа, газар эзэмших эрхийг Б.Лд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд түүнээс худалдан авсан Н.Цэд энэхүү зохицуулалт нь мөн адил үйлчлэх тул хууль ёсны эзэмшигч шаардсан тохиолдолд хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг шилжүүлж авахтай холбогдсон материалыг гаргаж өгөх үүрэгтэй юм гэжээ.

 

7. ТОСК нь өөрийн эзэмшлийн “Буянт-Ухаа 1” хорооллын газар дээр хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалттай барих барилгын зөвшөөрлийг иргэн Б.Лд өгсөн ба тэр барилгыг захиран зарцуулах эрхтэй, түүнчлэн барилгыг Н.Цэд худалдах гэрээг хийсэн “В” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч нь ганц Б.Л байх тул нэхэмжлэлийг Б.Лд холбогдуулж шийдвэрлэх боломжтой байна.

 

8. Иймд ТОСК, Б.Л нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, “Буянт ухаа 1” хороолол,   дугаар байрны дэргэд 40 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг Н.Цэд өгөхийг хариуцагч “ТОСК” ХХК, Б.Л нарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 317,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД