Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01358

 

 

....-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01604 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..... ХХК, .....-нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичгийг өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болор-Эрдэнэ, хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уянгаа, Б.Номун-Эрдэнэ, хариуцагч Б.Лхагвацэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....- нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Вэрту-Энфэрмайшин ХХК-ийн захирал Б.Лхагвацэрэнгээс Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 1 хороолол, 710 дугаар байрны дэргэд байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар 32,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус объектын газрыг ..... ХХК нь Б.Лхагвацэрэнтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулж Буянт-Ухаа хороололд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах газрыг өгөхөөр тохиролцсон. Худалдан авах үед .....-нь ..... ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь удахгүй гарна гэсэн учраас худалдаж авсан. Гэтэл .....-болон ..... ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул худалдан авсан объектоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. ....- нь 2018 оноос хойш 4 жилийн хугацаанд хууль журмын дагуу хүнсний дэлгүүрийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд худалдан авсан объектын үнийг бүрэн төлж барагдуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

..... ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Лхагвацэрэнтэй 2014/4-21 дугаар хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр манай компани нь хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зорилгоор газар эзэмших эрхийг тухайн иргэнд шилжүүлэх үүргийг хүлээсэн. Гэвч .....-нь гэрээг байгуулснаас хойш тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг манай талаас гаргуулах хүсэлтийг ирүүлээгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй байхад гэрээний зүйлийг өөр иргэнд худалдан борлуулсан байсан. Гэрээний гол нөхцөл хүнсний дэлгүүр болон эмийн сангийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Лхагвацэрэнд гаргаж өгөх үүрэгтэй. Харин ....- нарын хооронд гэрээний болон хуулиар үүрэг үүсээгүй. ....- болон .....-нарын хооронд үүрэг үүссэн. Харин үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой асуудал нь хариуцагчтай хамааралгүй асуудал бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авсны дараа хариуцагч талаас үл хамааран өөрийн биеэр холбогдох баримт материалыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгч, өөрийн хүнсний дэлгүүрийн өмчлөх эрхийг баталгаажуулах ёстой юм. Хамтран ажиллах гэрээний 3.7-д Бусдын газар дээр барьсан барилга байгууламж дээр бусдад худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд А талд тэргүүн ээлжинд санал болгох, бусдад зарах тохиолдолд А талаас зөвшөөрөл авна гэж заасныг .....-зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Лхагвацэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Төрийн орон сууцны коропораци ХХК болон .....-нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Төрийн орон сууцны коропораци ХХК нь газрын эзэмших эрхийг Б.Лхагвацэрэнд шилжүүлэх үүрэг хүлээсэн. .....-нь ....-тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдагч биет байдлын болон эрхийн доголдолгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ёстой. Төрийн орон сууцны коропораци ХХК газрын гэрчилгээг гаргаж өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэтэл Төрийн орон сууцны коропораци ХХК нь газрын гэрчилгээг .....-аваагүй учраас ....-эд тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна. .....-газар эзэмших эрхээ авсны дараа ....- шаардах эрхтэй. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу ....- хохирч байгаа бол өгсөн авсан зүйлээ буцаах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 1 хороолол, 710 дугаар байрны дэргэд 40 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг ....-эд өгөхийг хариуцагч ..... ХХК, .....-нарт даалгаж, нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 317,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....-эд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэринй тодорхойлох хэсэгт Гэрээний харилцаа үүсээгүй ....- нь хариуцагч талд өөрийн хүнсний дэлгүүрийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай үндэслэлгүй шаардлагыг ирүүлээд байна. Гэсэн хэдий ч хууль болон гэрээнд заасны дагуу газар эзэмших эрхийг Б.Лхагвацэрэнд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд түүнээс газрыг худалдан авсан ....-эд энэхүү зохицуулалт нь мөн адил үйлчлэх тул хууль ёсны эзэмшигч шаардсан тохиолдолд хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг шилжүүлж авахтай холбоотой материалыг гаргаж өгөх үүрэгтэй гэсэн хариуцагчийн тайлбарыг дурдсан. Харин хариуцагч нь бичгээр гаргасан уг тайлбартаа шүүхийн шатанд тодруулга хийж, ....-эд энэхүү зохицуулалт мөн адил үйлчилнэ гэх утга бүхий хэсгийг залруулсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд дараах байдлаар тусгагдсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд Төрийн орон сууцны коропораци ХХК нь ....-эд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэггүй, манай компани анх Б.Лхагвацэрэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл хүнсний дэлгүүр болон эмийн сангийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Лхагвацэрэнд гаргаж өгөх үүрэгтэй гэж тайлбарласан нь тусгагдсаныг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдаагүй бөгөөд дүгнэлт хийгээгүй. Харин зөвхөн нэхэмжлэгч талын эрх зүйн байдалд ашигтайгаар нөлөөлж болох агуулгыг тусгасан.

Мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ... хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, өөрчилсөн шаардлага, ..... ХХК-аас ирүүлсэн тайлбар зэрэг баримтуудыг шинжлэн судлав, үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч анх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэжээ. Үүнээс харахад шүүх нь мөн адил хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартаа шүүхийн шатанд хийсэн тодруулгыг шинжлэн судлаагүй боловч нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тайлбарт дүгнэлт хийж, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Мөн хариуцагчийн зүгээс Б.Лхагвацэрэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний 3.7 дугаар зүйлийг бүхэлд нь шинжлэн судлуулсан бөгөөд энэ нь мөн адил шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч шүүх 3.7-д бусдын газар дээр барьсан барилга байгууламжийг...бусдад зарах тохиолдолд А талаас зөвшөөрөл авна гэж нэхэмжлэгчид ашигтайгаар дүгнэсэн. Тодруулбал, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд талууд харилцан үүргийн зөрчилгүй буюу Б талын үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд А тал гэрчилгээг гаргахтай холбоотой материалыг гаргаж өгөх үүргийг зайлшгүй биелүүлэх байсан бөгөөд энэхүү нөхцөл зөрчигдсөн нь шүүх хурлын явцад тогтоогдож, шүүх хурлын тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт мөн адил тодорхой туссан. Гэтэл шүүх уг гэрээний 3.7-ын ...бусдын газар дээр барьсан барилга байгууламжийг бусдад худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд А талд тэргүүн ээлжинд санал болгох... гэх хэсгийг орхигдуулсан нь хариуцагч .....-буюу дээрх гэрээний Б тал нь уг үүргээ зөрчиж, ....-ид энэхүү үйлчилгээний зориулалттай барилгыг хариу төлбөртэйгөөр худалдсан борлуулсан үйлдэлд санаатайгаар хайхрамжгүй хандсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Лхагвацэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хамтын ажиллагааны гэрээний 3.7-т зааснаар тус үл хөдлөх эд хөрөнгийг хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалтаар ашиглахад хяналт тавихаар бусад этгээдүүдэд худалдах, худалдан авах гэрээг байгуудахад зөвшөөрөл олгох, агуулгатай. Нэхэмжлэгч нь хүнсний дэлгүүрийг зориулалтын дагуу ашиглаж байгаа учраас ..... ХХК-ийн зүгээс гомдол гаргах шаардлагагүй. Анхнаасаа газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохиролцсон атлаа шүүх хуралдааны өмнө тайлбараа өөрчилсөн. .....-өөрийн нэр дээр авах хүсэлт гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээний 3.7-т заасан хэсгийг баримталсан. Б.Лхагвацэрэнгийн зүгээс нэхэмжлэгчид гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч ..... ХХК болон .....-нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 710 дугаар байрны дэргэд 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. ..... ХХК болон .....-нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр ..... ХХК нь Буянт-Ухаа 1 хороололд хүнсний дэлгүүр, эмийн сангийн зориулалттай 5 ширхэг 4м х 10 м харьцаатай барилга барих газрыг Б.Лхагвацэрэнд олгох, .....-нь хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний барилгыг барьж, барьсан үйлчилгээний 5 ширхэг барилгаа зөвхөн хүнсний дэлгүүр, эмчийн сангийн зориулалтаар өмчилж, ашиглахаар тохиролцсон байна. (хх-ийн 7-8)

 

Дээрх гэрээний дагуу .....-нь хүнсний дэлгүүр болон эмийн сангийн үйл ажиллагааны зориулалт бүхий барилгыг барьсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

1.в. Хариуцагч .....-болон нэхэмжлэгч ....- нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч .....-нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 710 дугаар байрны дэргэд 40 м.кв 6 нэрийн хүнсний дэлгүүр түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ....- нь 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 32,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон зэргээс дүгнэвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. (хх-ийн 9-10)

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

1.г. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч .....-нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 32,000,000 төгрөг төлсөн, хариуцагч нь гэрээний 2.2-т Гэрээний салшгүй хэсэг болох газрын гэрээ баримт бичгийг худалдан авагчид шилжүүлж өгнө гэж тохиролцсон үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр боловч ..... ХХК болон .....-нарын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заасан Б.Лхагвацэрэнгийн шаардах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ....-эд шилжсэн гэж үзнэ.

 

Учир нь .....-болон ....- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5.2-т Б.Лхагвацэрэнгийн нэр дээр байдаг ТОСК хамтран ажиллах газрын гэрээг ....-ийн нэр дээр шилжүүлж өгнө заасан байна.

 

1.д. Хариуцагч нь ...Хамтран ажиллах гэрээний 3.7-д Бусдын газар дээр барьсан барилга байгууламж дээр бусдад худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд А талд тэргүүн ээлжинд санал болгох, бусдад зарах тохиолдолд А талаас зөвшөөрөл авна гэж заасныг .....-зөрчсөн... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ..... ХХК-ийн эрх, хууль ёсны ямар ашиг сонирхол хөндөгдсөн болохыг нотолж чадаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэл, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Шаардах эрх эзэмшигч Б.Лхагвацэрэн, шаардах эрхийг шилжүүлэн авсан ....- нар гэрээний 2.3, 3.3-т тус тус заасан хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ явуулахдаа оршин суугчдын аятай тухтай үйлчлүүлэх бүхий л нөхцөлийг хангаж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

1.д.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй байх тул хариуцагч ..... ХХК болон .....-нар Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 1 хороолол, 710 дугаар байрны дэргэд 40 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг ....-эд өгөхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болон өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч .....-давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх нь зүйтэй.

 

2.Давж заалдах гомдлын талаар

 

2.а. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт талуудын талуудын тайлбарын агуулгыг тусгах бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд үгчлэн тусгадаг тул түүнийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт заавал тусгах шаардлагагүй юм. Харин шүүх шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч ..... ХХК-ийн ... .....-нь эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй байхад гэрээний зүйлийг бусдад худалдсан... бусдад худалдах талаар зөвшөөрөл аваагүй... гэх татгалзлын агуулгыг тусгасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

2.б...... ХХК болон .....-нарын хороонд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний 3.7-д зааснаар хариуцагч .....-нь нэхэмжлэгч ....-эд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа ..... ХХК-аас зөвшөөрөл аваагүй нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Харин анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотой дүгнэлт хийгээгүй, зөвхөн шүүхэд гаргасан тайлбарыг иш татаж дүгнэсэн байгааг дээрх байдлаар залруулан дүгнэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01604 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..... ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ