Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн 181/ШШ2019/00759 дүгээр шийдвэртэй, “Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 513 827.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Х” СӨХ-ны төлөөлөгч Ц.Цогтжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 3 сард СӨХ-ны холбооны гүйцэтгэх захирлаар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. СӨХ-ны Дээд зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний 06 тоот тогтоолоор батлагдсан тарифын дагуу айл өрхөөс засвар үйлчилгээний зардлыг 1 м.кв нь 120 төгрөг, цэвэрлэгээг 5 000 төгрөг, харуул хамгаалалтын хөлсийг 5 000 төгрөг байдаг.

2018 оныг хүртэл санхүүгийн тайландаа хөндлөнгийн аудит оруулж дүгнэлтээ гаргуулсан бөнөөд Д.Б нь 2015 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр огт төлөөгүй.

Иймд Д.Баас цэвэрлэгээ 5 000 төгрөг, жижүүрийн 3 000 төгрөг, 2 зогсоолын 40 000 төгрөг, баримтын 150 төгрөг, засвар үйлчилгээний хөлс 6 867.60 /57.23х120/ төгрөг буюу 55 017.6 төгрөгийг 2015 оны 4 сараас 2019 оны 3 сарыг дуустал 48 сарын төлбөр 2 513 827.20 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2004 онд байр ашиглалтад орсон бөгөөд би 2012 оныг хүртэл төлбөрөө бүрэн төлсөн. Миний автомашин харуул, хамгаалалттай хашаанд байрлаж байх үед гэмтсэн тул өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж, хохирлыг төлбөрөөс хасахаар тохирсон байдаг.

Дээд зөвлөлийн зөвлөмжөөс үүдэн бүх гишүүдийн хуралдаанаар гараашийн төлбөрийг нэмэх эсэх асуудлыг шийдвэрлэгдсэний дараа тогтоох учиртай. Удирдах зөвлөлийн эсхүл хяналтын зөвлөлийн гишүүд гараашаас 20 000 төгрөгийг тогтоох эрхгүй. Энэ төлбөрийг баталсан эрх зүйн акт нь хуульд нийцэхгүй байна. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгоход манайх оролцоогүй.

Түүнчлэн, төсвөө хэрхэн зарцуулсан талаар сууц өмчлөгч нарт, мөн хяналтын зөвлөлд улиралд нэг удаа танилцуулах ёстой байтал энэ ажиллагаа огт хийгддэггүй.

Гүйцэтгэх удирдлага Ц.Цогтжаргалыг хэн томилсон нь тогтоогдоогүй, бусад засвар үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй бөгөөд хуульд нийцэхгүй тул шүүхэд ирсэн нэхэмжлэлийн сар бүрээс 30 000 төгрөгийг хасч тооцон, төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, тооцох ёстой гэв.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д зааснаар Д.Баас 1 073 827.20 төгрөгийг гаргуулан “Х” СӨХ-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 440 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 087.8 төгрөгөөс 65 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 8 593.8 төгрөгийг, хариуцагч Д.Баас 30 322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” СӨХ-д олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо: Би 2004 онд өөрийн байрыг худалдан авч, өнөөдрийг хүртэл холбогдох хууль, дүрэм журамд СӨХ-ны бүх гишүүдийн хурал хийгдэж байсныг хараагүй. Энэ талаар мэдээлэл авахыг хүсэхэд өгч байгаагүй, нуудаг байсан. Дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхэд 2 удаа хүсэлт гаргаж байсан.

Нэхэмжлэгч талаас шүүхэд “Х” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэр, мөн сарын 11-ний өдрийн батлагдсан дүрмийг ирүүлсэн байх ба энэ дүрэм нь Ц.Цогтжаргалыг гүйцэтгэх захирлаар томилсон гэх үйлдэлд огт хамааралгүй дүрэм байсан. Түүнчлэн, бүх гишүүдийн хурлын шийдвэр хавсаргагдаагүй болно. Эдгээр баримтуудаар хэзээ, хаана, хэрхэн бүх гишүүдийг хурал зарлагдаж, ямар шийдвэрээр хэдэн хүнийг удирдах зөвлөлийн гишүүн, даргаар сонгосон үйл баримт тодорхойгүй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 7/273 албан бичгээр тус СӨХ-ны дүрэм болон холбогдох бичиг баримт архивт хадгалагдаагүй гэсэн хариуг өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэн гэж заасан байхад нэхэмжлэгч тал шүүхээс шаардсан эрх зүйн баримтыг ирүүлээгүй байхад Ц.Цогтжаргалыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч “Х” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1, 148.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.Баас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 513 827 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, удирдах зөвлөлийн даргын гарын үсгээр төлбөрийн хэмжээг тогтоохгүй, засвар үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй  гэх үндэслэл заан маргажээ.

Хариуцагч Д.Б дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй гэдгээ зөвшөөрдөг, харин уг зардлыг хуульд заасны дагуу тогтоосон эсэх асуудлаар талууд маргаж байна. Энэ тохиолдолд шүүхээс маргааны зүйл болж буй үйл баримтыг тодруулах нь хараат бус, хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулсан.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Х” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг хэрхэн тогтоосон нөхцөл байдал тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус зудирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00759 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 332 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                                Ч.ЦЭНД