Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0759

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “Х” -ны нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Д.Д-д холбогдох,  

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,513,827.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Цогтжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Д, нарийн бичгийн дарга Ш.Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2013 оны 3 сард С-ны холбооны гүйцэтгэх захирлаар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг анх ажил авахад оршин суугчдын 50 хувь нь төлбөр төлдөггүй, өрөнд баригдсан байсан. Одоо бол төлбөр төлөлт 99 хувьтай явж байгаа. Миний өмнөх С-ны гүйцэтгэх удирдлагууд нь төлбөрөө авч чаддаггүй байсан юм билээ.

Д.Д нь 2015 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр огт төлөөгүй. Би оршин суугч бүрт тайлангаа хувилж тараадаг, хурал товлоход огт ирдэггүй, зав чөлөөгүй болсон юм шиг байна билээ. 2018 оныг хүртэл санхүүгийн тайландаа хөндлөнгийн аудит оруулж дүгнэлтээ гаргуулсан. Бид зохих журмын дагуу ажиллаж байгаа. Хариуцагч төлбөрөө төлөхгүй байх шалтаг л хайдаг.

С-ны Дээд зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний 06 тоот тогтоолоор батлагдсан тарифын дагуу айл өрхөөс засвар үйлчилгээний зардлыг 1 м.кв-ыг 200-300 төгрөг гэж тогтоосон байхад бид 120 төгрөгөөр, цэвэрлэгээг 1,500-10,000 төгрөг гэсэн бид 5,000 төгрөгөөр, харуул хамгаалалтын хөлсийг 5,000-10,000 төгрөг байгааг манайх 5,000 төгрөг авч байгаа. Д.Даас цэвэрлэгээ 5,000 төгрөг, жижүүрийн 3,000 төгрөг, 2 зогсоолын 40,000 төгрөг, баримтын 150 төгрөг, засвар үйлчилгээний хөлс 6,867.60 /57.23х120/ төгрөг буюу 55,017.6 төгрөгийг 2015 оны 4 сараас 2019 оны 3 сарыг дуусталх 48 сарын төлбөр 2,513,827.20 төгрөгийг шаардана. Энэ төлбөр нь 2016 оны 4 сарыг хүртэл 52,017.6 төгрөг байсан гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2004 онд байр ашиглалтад орсон. Би 2012 оныг хүртэл төлбөрөө бүрэн төлж явсан. Маргаан бол анх машинаас үүдэн гарсан байдаг. Машин маань харуултай хашаанд байрлаж байхдаа гэмтсэн учир С-д хандсан байдаг. Энэ асуудлын дараах нь Ц.Цогтжаргал гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Энэ асуудал нь өмнөх шүүх хуралдааны үеэр шийдвэрлэгдсэн байгаа. Цагдаагийн байгууллага шалгаад хохирлын хэмжээг тогтоосон байсан учир тухайн шүүх хуралдаанд дээр хохирлын төлбөрийг хасаад тохирсон байгаа.

Гараашийн төлбөрийг нэмэх эсэх асуудал нь бүх гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэгдэх учиртай юм билээ. Удирдах зөвлөлийн эсхүл хяналтын зөвлөлийн гишүүд гараашаас 20,000 төгрөг авна гэж шийдэх эрхгүй. Дээд зөвлөл бол зөвлөмж л өгч байгаа болохоос С-ны бүх гишүүдийн хурал нь тэр хэмжээний дотор өөрсдийн тохирох зардлаа тооцож, тэр хэмжээгээрээ зардлаа хуваарилах юм билээ.

Гэтэл С нь хаанаасаа юунаасаа гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй, мөнгө нэхдэг. Би хуульд заасан журмын дагуу л бүх зүйл явагдах ёстой гэж үзэж байна. Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, зардлаа өндөр тогтоосон байгаа юм. Дээр нь төсвөө хэрхэн зарцуулсан талаар сууц өмчлөгч нарт, мөн хяналтын зөвлөлд улиралд нэг удаа танилцуулах ёстой байтал энэ ажиллагаа огт хийгддэггүй.

Урьд гараашийн зогсоол 5,000 төгрөг байсан нь 20,000 төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл манайх 2 гарааштай, нийт төлбөрийн 80 хувь маань гараашийн төлбөр болдог. Гэтэл энэ төлбөрийг баталсан эрх зүйн акт нь хуульд нийцэхгүй байгаа. Магадгүй бүх гишүүдийн хурлаар хэлэлцээд энэ хэмжээний төлбөр тогтоогдвол бид төлбөрөө төлөөд л явна. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгосон л гэнэ. Яагаад манайхыг оруулахгүй тойроод байдаг юм бэ? Хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй баахан гарын үсэг аваад ирсэн байгаа юм. 2013 оны дүрэм нь ч хэрэгт огт байхгүй. Удирдах зөвлөлийн ганц даргын гарын үсгээр төлбөрийн хэмжээг тогтоодоггүй.

Манай С 37, 38 сая төгрөгийн төсвийг дотоодоос, гаднаас 10 гаран сая төгрөгийн төсөв бүрдүүлдэг гэхээр жилдээ 47-48 сая төгрөгийн төсөв бүрдүүлдэг. Үүнийгээ яагаад оршин суугч нарт танилцуулдаггүй юм бэ? үзүүлдэггүй болохыг ганцаараа би хэлээд байгаа юм биш. Юмаа танилцуулахгүй болохоор бид юу хийж, яаж зарцуулалт хийж байгааг бид яаж мэдэх юм бэ?

Гүйцэтгэх удирдлагыг удирдах зөвлөл сонгох ёстой. Гэтэл Ц.Цогтжаргалыг хэн томилсон нь тогтоогдоогүй. Хэдэн хүн гишүүн байдаг нь мэдэгдэхгүй байгаа. Бусад засвар үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, хуульд нийцэхгүй байгаа. С-ны үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус явагдаж байгаа юм билээ. Бүх гишүүдийн хурлын талаарх танилцуулга, шийдвэр огт байхгүй.

Иймд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд ирсэн нэхэмжлэлийн сар бүрээс 30,000 төгрөгийг хасаж тооцох ёстой гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” С нь хариуцагч Д.Дд холбогдуулан 2015 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,513,827.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргав.

 

Хэрэгт “Х” С-ны холбооны гүйцэтгэх захирлаар Ц.Цогтжаргалыг томилсон Удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоол авагдсан байх бөгөөд түүнд удирдах зөвлөлийн дарга Г.Аюушжав гарын үсэг зурж баталгаажуулсан, үүнийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасан холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд гарсан уг тогтоолд үндэслэн шүүх тус С-г төлөөлж Ц.Цогтжаргалын гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэл гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Д.Д нь Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо, 19а дугаар байрны 33 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, “Х” С нь тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг болох нь 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 89 тоот гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтад маргаагүй.

 

Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.Д нь 2015 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон бөгөөд шалтгаанаа бүх гишүүдийн хурал хийдэггүй, тавьсан шаардлага биелүүлдэггүй, шүүмжлэл хүлээн авдаггүй, үндэслэлгүйгээр зардлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж тус тус тайлбарласан.

 

С-ны дотоод асуудал шүүхийн маргаанд хамаарахгүй тул шүүх дээрх тайлбараас зардлын хэмжээг үндэслэлгүйгээр нэмж, өндөр дүнгээр хариуцагчаас шаардаж байгаа эсэхээс бусад хэсгийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 сараас 2017 оны 3 сарыг дуустал засвар үйлчилгээний хөлс 6,867.60 төгрөг, цэвэрлэгээ 1,000 төгрөг, жижүүр 3,000 төгрөг, орцын гэрэлтүүлэг 1,000 төгрөг, гараашийн хөлс 40,000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг буюу сард нийт 52,017.60 төгрөг, 2017 оны 4 сараас 2019 оны 3 сарыг дуустал засвар үйлчилгээний хөлс 6,867.60 төгрөг, цэвэрлэгээ 5,000 төгрөг, жижүүр 3,000 төгрөг, гараашийн хөлс 40,000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг буюу сард нийт 55,017.60 төгрөг, бүгд 2,513,827.20 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь сарын 5,000 төгрөгийн гараашийн хөлсийг 20,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь хууль бус гэж маргасан ба бусад зардлын хэмжээнд маргаагүй, тэдгээр нь С-ны Дээд зөвлөлийн жишиг үнийн дотор багтсан тул үндэслэлтэй гэж үзнэ.

 

2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Х” С-ны Удирдах зөвлөлийн хурлаар гараашийн төлбөрийг 20,000 төгрөг байхаар тогтоосон 4 тоот шийдвэрийг гарсан байх боловч энэ өдөр бүх гишүүдийн хурал хийлгүйгээр зардлын хэмжээг ийнхүү өөрчилж шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй байна.

 

Ийнхүү зардал нэмэгдэж байгаа нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Иймд нэмэгдүүлсэн дүнгээр бус өмнө байсан дүнгээр гараашийн хөлсийг тооцох үндэслэлтэй тул нийт төлбөр төлөгдөөгүй 48 сарын зардлаас сар бүрийн 2 гараашийн хөлс 30,000 төгрөг /(20,000-5,000)х2/-ийн зөрүү буюу 1,440,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,073,827.20 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д зааснаар Д.Даас 1,073,827.20 төгрөгийг гаргуулан “Х” С-д олгож, “Х” С-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,440,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” С-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,087.8 төгрөгөөс 65,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 8,593.8 төгрөгийг, хариуцагч Д.Даас 30,322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА