Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2022/00311

 

 

 

 

 

 

2022 05 18 153/ШШ2022/00311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, Толгойт ХД59 тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко 1-7 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ад холбогдох,

Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 /далан дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Ерөнхийлөгч С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.******* нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг богино хугацаатай зээлэх хүсэлт гаргасныг ******* Групп ХХК нь хүлээн авч, мөн өдрөө 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэй зээлж, зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дуусахад нэг дор төлөхөөр тохирч, зээлдэгч нь хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохирч 007 тоот гэрээг байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Иргэн Н.******* нь Нью прогресс ******* ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаагаар зээлж авсан. Уг зээлийг хариуцагч хувийн гэрээгээр зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 40,000,000 төгрөгийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. Хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа би уг мөнгийг хүүтэй аваагүй, ганц хувь гэрээнд гарын үсэг зураад гэрээг надад өгөөгүй, би өндөр хүү, алдангитай гэрээнд гарын үсэг зурснаа мэдэхгүй байна гэсэн тайлбар өгсөн. Мөн хариуцагч байхгүй, аваагүй гэх гэрээг дараа нь гаргаж ирсэн бөгөөд уг гэрээнд хугацаа зөрсний улмаас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Гэрээний нөхцөлийн дагуу хүү алданги тооцогдоод 74,400,000 төгрөг болсон. Хариуцагч уг мөнгийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлээ тайлбарлахдаа миний бие цагдаа дээр шалгагдаж байна. Уг мөнгийг төлөх боломжгүй байна гэсэн хариу тайлбарыг гаргадаг. Хариуцагчийн тайлбар нь зээлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд тухайн хөрөнгийг шилжүүлснээр буюу тухайн хүнд захиран зарцуулах эрхийг нь олгосноор зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Бид нарын зүгээс хариуцагчид тухайн мөнгийг зээлсэн. Хариуцагч уг мөнгийг юунд, хэрхэн зарцуулах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... Хариуцагч зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлт нотолгооны ач холбогдолгүй байгааг дурдах нь зүйтэй... гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* надад холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү тайлбарыг гаргаж байна.

2017 оны 12 дугаар сард Н.******* би Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Цагаан эрэг гэх газарт вольфром олборлосон газрыг нөхөн сэргээх тендер авсан компанитай ажил гүйцэтгэх гэрээг байгуулахын тулд энэ мөнгийг авсан. ...Тухайн үед зээлийн гэрээ байгуулахад С. гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар хүү, алдангийн тухай огт тохиролцоогүй зээлийн гэрээг нэг хувь үйлдээд өөртөө авч үлдсэн. Зээлийн гэрээнд заасан шиг хавсралт, зээлийн хуваарь энэ тэр хийгээгүй. Надад мөнгөний хэрэг их байсан тул энэ гэрээний загвар дээр гарын үсгээ зурчих гэхээр нь сайн анзаарч уншилгүй гарын үсгээ зурсан. Тэр өдрөөс хойш дахин нэхэмжлэгчтэй уулзалдаж холбогдоогүй. Гэтэл гэнэт шүүхэд ийм их хэмжээний мөнгийг хүү алдангийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...

...Тухайн үед Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Цагаан эрэг гэх газарт вольфрам буюу өнгөт металл гарч байсан. Аймгийн Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр нутгийн иргэд болон аж ахуй нэгж, компаниуд хоорондоо хамтарч үйл ажиллагаа явуулж байсан. Хариуцагч Н.******* тухайн газарт хөрөнгө оруулахын тулд санхүүгийн асуудал гарсан тул Улсын Их Хурлын гишүүн Н.оос тусламж хүсэхэд, Нью прогресс Групп ХХК-ийн захирал С.тай уулзаад мөнгө авчих гэсэн байдаг. Тухайн өдөр хариуцагч хэлсэн хүнтэй нь очиж уулзахад танд мөнгө өгөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээ байгуулъя гэхэд нь тайлбар хэлж чадалгүй зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагчийн зүгээс маргаагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нэг хувийг нь өөрөө авч, нэг хувь нь компанид үлдсэн. Хариуцагч уг зээлийн гэрээг мөнгө өгсөн баримт гэж ойлгож, 3 жил гаруй болсон. 3 жилийн хугацаанд зээлсэн мөнгө төлөх талаар ямар нэгэн мэдэгдэх хуудас болон шаардах хуудас өгөөгүй. ...Н.*******ын хувьд уг мөнгийг анх авсан зорилго нь зээл биш тусламж дэмжлэг хэлбэрээр авсан гэж ойлгож байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Уг зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Хуульд зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна... гэв.

4. Нэхэмжлэгч талаас ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК болон Н.******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 007 дугаартай Зээлийн хэмжээ: 40,000,000 /дөчин сая төгрөг/, Зээлийн хүү/өдөр, сар/: 2.0 хувь, Зээлийн хугацаа: 12 сар /365 хоног/, Зээл авах хэлбэр Дансаар /бэлнээр/ гэх бичвэртэй зээлийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******гийн *******ын нэр дээрх Монгол Улсын иргэний гадаад паспортны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хас банк ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зарлагын маягтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №0000982 дугаартай кассын зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/21-81 дугаартай албан бичгээр иргэн Т.*******д олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК болон Н.******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 007 дугаартай Зээлийн хэмжээ: 40,000,000 /дөчин сая төгрөг/, Зээлийн хүү/өдөр, сар/: 2.0 хувь, Зээлийн хугацаа: 12 сар /365 хоног/, Зээл авах хэлбэр Дансаар /бэлнээр/ гэх бичвэртэй Зээлийн гэрээ-ний эх хувь,

Хариуцагч талаас ******* ******* ХХК болон Н.******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 007 дугаартай Зээлийн хэмжээ: 40,000,000 /дөчин сая төгрөг/, Зээлийн хүү/өдөр, сар/: 2.0 хувь, Зээлийн хугацаа: 3 сар /90 хоног/, Зээл авах хэлбэр Дансаар /бэлнээр/ гэх бичвэртэй Зээлийн гэрээ-ний эх хувь зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

5. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ******* ХХК болон Н.******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 007 дугаартай Зээлийн хэмжээ: 40,000,000 /дөчин сая төгрөг/, Зээлийн хүү/өдөр, сар/: 2.0 хувь, Зээлийн хугацаа: 12 сар /365 хоног/, Зээл авах хэлбэр Дансаар /бэлнээр/ гэх бичвэртэй Зээлийн гэрээ, хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ******* ХХК болон Н.******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 007 дугаартай Зээлийн хэмжээ: 40,000,000 /дөчин сая төгрөг/, Зээлийн хүү/өдөр, сар/: 2.0 хувь, Зээлийн хугацаа: 3 сар /90 хоног/, Зээл авах хэлбэр Дансаар /бэлнээр/ гэх бичвэртэй Зээлийн гэрээ-нүүдэд шинжээч томилж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Нью прогресс Групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох Үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Иргэн Н.******* нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг богино хугацаатай зээлэх хүсэлт гаргасныг Нью прогресс Групп ХХК нь хүлээн авч, мөн өдрөө 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилж байна...

...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хугацаандаа ирүүлэх үүрэг хүлээдэг. Шинжээчийн дүгнэлт хугацаандаа ирээгүй тул нотолгооны үнэ цэнэ алдагддаг. Хариуцагч зээлийн гэрээ байхгүй гэсэн тайлбар гаргаж байгаад сүүлд гэрээг гаргаж өгөхдөө бичвэрийн зөрүүтэй гэрээ гаргаж өгсөн. Мөн шинжээч бичвэрийн агуулга зөрүүтэй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Бичвэрийн агуулга гэдэг юуг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Тухайн гэрээнд юуг, ямар агуулгаар оруулсныг шинжээч тогтоох боломжгүй. Нью прогресс Групп ХХК сүлжээний түвшинд ажилладаг учир ямар ч принтерээр хэвлэх боломжтой. Энэ нь зээлийн гэрээний үндсэн нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй... гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Би эрүүгийн хэргээр одоо болтол шалгагдаж байгаа болохоор ажил хөдөлмөр эрхлээгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги болсон тул төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үед зээлийн гэрээ байгуулахад С. гэх хүнтэй ямар нэгэн байдлаар хүү, алдангийн тухай огт тохиролцоогүй, зээлийн гэрээг нэг хувь үйлдээд өөртөө авч үлдсэн. Надад мөнгөний хэрэг их байсан тул гэрээг сайн уншилгүй гарын үсэг зурсан. Тэр өдрөөс хойш дахин холбогдоогүй... ...Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нэг хувийг нь өөрөө авч, нэг хувь нь компанид үлдсэн. Хариуцагч уг зээлийн гэрээг мөнгө өгсөн баримт гэж ойлгож, 3 жил гаруй болсон. 3 жилийн хугацаанд зээлсэн мөнгө төлөх талаар ямар нэгэн мэдэгдэх хуудас болон шаардах хуудас өгөөгүй...

...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Уг зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Хуульд зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрнө.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...нэхэмжлэгч Нью прогресс Групп ХХК-иас гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, иргэн Н.*******тай байгуулсан зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар болон эх хувь, Хас банкны зарлагын маягт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зарлагын баримтуудын нотариатаар батлуулсан хуулбар, хариуцагч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний эх хувь, мөн хариуцагч талын хүсэлтээр шүүхээс томилсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.ын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С. болох нь Нью прогресс ******* ХХК-ийн ******* регистрийн болон 9011073060 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 2-р хуудас/

4.2. Иргэн Н.Эхнмандах нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нью прогресс ******* ХХК-иас 40,000,000 төгрөгийн зээл хүссэнээр Зохигчийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 007 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээнд зээлдэгчийг төлөөлж Нью прогресс ******* ХХК-ийн Ерөнхийлөгч С., зээлдэгчийг төлөөлж *******гийн ******* нар гарын үсэг зурсан, үндсэн зээл 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2 хувийн хүүтэйгээр тохиролцож, зээлсэн болох нь хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 007 тоот зээлийн гэрээний эх хувь болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бэлэн мөнгө олгохыг хүссэн иргэн Н.*******ын өргөдөл, Хас банкны зарлагын маягт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8-10, 51-53-р хуудас/

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс тайлбарлахдаа ...Манай зээлийн гэрээ журмын дагуу 12 сараар байгуулагдаж, хадгалагддаг. Хариуцагч анх хариу тайлбар гаргахдаа надад зээлийн гэрээ байхгүй гэж тайлбарлаж байснаа сүүлд зээлийн гэрээг гаргаж өгдөг. Хариуцагч тухайн мөнгийг авснаа үгүйсгэдэггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч талаас холбоо бариагүй гэж магадгүй худал хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээний бүх хуудсанд миний гарын үсэг зурагдаж, тамга, тэмдэг дарагддаг. Хариуцагч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээнд миний гарын үсэг болон тэмдэг байхгүй. Шинжээчийн дүгнэлт хугацаандаа ирээгүй тул нотолгооны үнэ цэнэ алдагддаг, нотолгооны ач холбогдолгүй дурдаж ярихгүй... гэж,

хариуцагч талаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Уг зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Хуульд зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна... ...нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 3 хуудас зээлийн гэрээний эхний хуудас нь хариуцагчийн гаргаж өгсөн гэрээний эх хувийн эхний хуудастай таарахгүй, өөр хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн... гэж маргана.

5.1. Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 007 тоот гэрээ байгуулагдаж, 40,000,000 төгрөгийг зээлсэн, уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6.1. Нэхэмжлэгч Нью прогресс ******* ХХК болон хариуцагч Н.******* нарын хооронд дээрх байдлаар Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлөөгүй байх учир зээлдүүлэгч зээлдэгчээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү алдангийг тус тус шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.

Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...нэхэмжлэгчийн гарган өгсөн зээлийн гэрээний сүүлийн 2 хуудас буюу Н.*******ын гарын үсэгтэй гэрээ нь, хариуцагчийн гарган өгсөн зээлийн гэрээний эх хувьтай бичвэр болоод үсэг, фондын, захын зай, мөрийн зай, хэвлэх төхөөрөмжийн ямар нэгэн зөрүү байхгүй. Өөрөөр хэлбэл, 2 талаас гаргаж өгсөн 3, 3 хуудас бүхий 6 хуудас гэрээний 5 хуудас нь зөрүүгүй. Ганцхан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээний эхний хуудас нь хэвлэх төхөөрөмжийн зөрүүтэй байгаа... гэж тайлбарлана.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.ын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсгийн 2 дахь заалтад ...Шинжилгээнд ирүүлсэн 2017.12.26 гэсэн огноотой, Дугаар 007, Зээлийн гэрээ гэсэн 3 хуудас баримтуудын 1 дэх хуудсанд хэвлэгдсэн бичвэрүүд нь шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, харин 2, 3 дахь хуудас, харьцуулах загвараар ирүүлсэн 2017.12.26 гэсэн огноотой, Дугаар 007, зээлийн гэрээ гэсэн 3 хуудас баримтуудад хэвлэгдсэн бичвэрүүд нь нунтаг хортой хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна... гэж, 3 дахь заалтад ...Шинжилгээнд ирүүлсэн 2017.12.26 гэсэн огноотой, Дугаар 007, Зээлийн гэрээ гэсэн 3 хуудас баримтуудын 1 дэх хуудсанд хэвлэгдсэн бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн 2017.12.26 гэсэн огноотой, Дугаар 007, зээлийн гэрээ гэсэн 3 хуудас баримтуудын 1 дэх хуудсанд хэвлэгдсэн бичвэрүүдтэй бичвэрийн утга болон цаасны дээд захын хэмжээс зэргээрээ тохирохгүй байна... гэх дүгнэлтээр тогтоогдож байна хэмээн шүүхээс дүгнэв.

6.2. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хугацаандаа иүүлэх үүрэгтэй бөгөөд шинжээч дүгнэлтээ хугацаандаа ирүүлээгүй тул нотолгооны ач холбогдолгүй. Мөн шинжээч бичвэрийн агуулга зөрүүтэй гэсэн дүгнэлт гаргасан боловч бичвэрийн агуулга гэдэг юуг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Тухайн гэрээнд юуг, ямар агуулгаар оруулсныг шинжээч тогтоох боломжгүй. Нью прогресс Групп ХХК сүлжээний түвшинд ажилладаг учир ямар ч принтерээр хэвлэх боломжтой. Энэ нь зээлийн гэрээний үндсэн нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй... гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар нэхэмжлэгч Нью прогресс ******* ХХК нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс гэрээний хугацаа 3 сар өнгөрсний дараа 3 жилийн хугацаанд, өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эрх, хууль ёсны сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хандах эрхтэй байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...миний бие 2019, 2020 онд Н.*******тай өөрийн биеэр очиж уулзаж зээл төлөх талаар ярьж байсан... гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж шүүхээс үзэх боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Нью прогресс ******* ХХК-ийн хариуцагч Н.*******аас Үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН