Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 25

 

 

 

   2022          08           08                                    206/МА2022/00025

 

 

 

******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2022/00311 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ад холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 /далан дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

 

1.1  Иргэн Н.******* нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг богино хугацаатай зээлэх хүсэлт гаргасныг ******* Групп ХХК нь хүлээн авч, мөн өдрөө 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэй зээлж, зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дуусахад нэг дор төлөхөөр тохирч, зээлдэгч нь хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохирч 007 тоот гэрээг байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1 ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* надад холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү тайлбарыг гаргаж байна.

2.2 2017 оны 12 дугаар сард Н.******* би Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Цагаан эрэг гэх газарт вольфром олборлосон газрыг нөхөн сэргээх тендер авсан компанитай ажил гүйцэтгэх гэрээг байгуулахын тулд энэ мөнгийг авсан. ...Тухайн үед зээлийн гэрээ байгуулахад С.Балжинням гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар хүү, алдангийн тухай огт тохиролцоогүй зээлийн гэрээг нэг хувь үйлдээд өөртөө авч үлдсэн. Зээлийн гэрээнд заасан шиг хавсралт, зээлийн хуваарь энэ тэр хийгээгүй. Надад мөнгөний хэрэг их байсан тул энэ гэрээний загвар дээр гарын үсгээ зурчих гэхээр нь сайн анзаарч уншилгүй гарын үсгээ зурсан. Тэр өдрөөс хойш дахин нэхэмжлэгчтэй уулзалдаж холбогдоогүй. Гэтэл гэнэт шүүхэд ийм их хэмжээний мөнгийг хүү алдангийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2022/00311 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Нью прогресс ******* ХХК-ийн хариуцагч Н.*******аас Үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 24,800,000 төгрөг, нийт 74,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,         

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

4.3 Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

5.1 Хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулсан болон мөнгийг хүлээн авсан дээрээ маргадаггүй. Харин талуудаас 2 зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийн зээлийг эргэн төлөх хугацаа болон хүү, алдангийн хувьд зөрүүтэй байдал үүссэн. Үүнийг тодруулахын тулд анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШЗ2021/02462 дугаар захирамжаар шинжээч томилж шийдвэрлэсэн.

5.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 2 зээлийн гэрээ нь бичвэрийн агуулга зөрүүтэй гэсэн шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн. Бичвэрийн агуулга зөрүүтэй гэдэг нь юуг илэрхийлж байгаа нь эргэлзээтэй, тодорхой бус байна.

5.3 Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх шийдвэрийн гол үндэслэлээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийгэж болно гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй, тодорхой бус байдлыг анзаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуульд заасан хийх ёстой ажиллагаагаа дутуу хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

5.5 Иймд дээр дурдсан үндэслэлээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2022/00311 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Нью прогресс Групп” ХХК нь хариуцагч Н.*******ад холбогдуулан үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 24,800,000 төгрөг нийт 74,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

8. Нэхэмжлэгч “Нью прогресс Групп” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0007 дугаартай 3 хуудас зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Н.*******ын гадаад паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийн “зарлагын маягт”-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдөр хариуцагч Н.*******ын  “Нью прогресс Групп” ХХК-иас 40,000,000 төгрөгийн “бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Нью прогресс Групп” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  №0000982 дугаартай “кассын зарлагын баримт”-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн бөгөөд уг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...хариуцагч уг зээлийн гэрээг мөнгө өгсөн баримт гэж ойлгож, 3 жил гаруй болсон. 3 жилийн хугацаанд мөнгө төлөх талаар ямар нэг мэдэгдэх хуудас, шаардах хуудас өгөөгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан” гэжээ.

10. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлох зорилгоор 3 хуудас зээлийн гэрээг эх хуваарь нь шүүхэд гарган өгсөн, энэхүү нотлох баримт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

11. Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

12. Тухайлбал хариуцагч талаас зээлийн гэрээний хугацаа 3 сар гэж, нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний хугацаа 12 сар гэж маргасан ба хариуцагч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний эхний хуудаст зээлийн гэрээний хугацааг 3 сар гэж, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний эхний хуудаст зээлийн гэрээний хугацааг 12 гэж тус тус бичсэн байна.

13. Энэ тохиолдолд шүүх хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж, хариуцагч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний эхний хуудсыг “үнэн зөв, эргэлзээгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн ба шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байна.

14. Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт нь талуудын маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх ба харин уг шинжээчийн дүгнэлт нь “эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй” гэж үзэх, шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна. 

15. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

16. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2022/00311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,950  төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР