Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2022/00315

 

 

 

 

 

 

2022 05 18 153/ШШ2022/00315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, *******, 5-р баг *******, ******* гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* сум, ******* баг ******* тоотод түр оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, багт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

Орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн төлөөлөгч Б.тай Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт орших Прогресс сургуулийн хажуу талд баригдах 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот 59,35 м.кв 2 өрөө байрыг нэгж талбайг 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 71,220,000 төгрөгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т зааснаар үнийн дүнгийн 30 хувь буюу 21,366,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70 хувь буюу 49,854,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр, гүйцэтгэгч байгууллага гэрээний 4.1.1-д зааснаар 2021 оны 4 дүгээр улиралд багтааж байрыг ашиглалтад оруулахаар гэрээнд тохиролцсон.

2022 оны 3 дугаар сарын эхээр ХХК-ийн захирал Б.тай уулзахад танай байрыг өөр хүнд худалдсан, та нарын ипотекийн зээл бүтэхгүй байгаа шүү дээ гэж хэлсэн. ХХК орон сууц захиалах гэрээий 4.1.1-д заасан заалт, иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар гүйцэтгэгч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох байрыг захиалагчид хүлээлгэн өгснөөр /түүний өмчлөлд шилжүүлснээр/ тухайн байрны хөлс авах эрх гүйцэтгэгчид үүсэхээр заасан байхад орон сууц захиалагчийн байрыг бусдад худалдсан гэж захиалагчид байрыг хүлээлгэж өгөхгүй хохироож байгаа тул 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот 59,35 м.кв 2 өрөө байрыг надад олгуулж өгнө үү. ХХК нь байраа хугацаандаа бид нарт хүлээлгэж өгөөгүй учраас шүүхэд хандсан. Би захиалсан орон сууцаа авах гэж нэхэмжлэл гаргасан... гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай байгууллагын барьж байгаа орон сууцнаас 2 өрөө 59,35 м.кв байрыг худалдан авахаар захиалга өгч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ хийж байрны урьдчилгаа төлбөр 21,366,000,00 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан болно. Гэрээнд зааснаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөрөө төлөхөөр байгаа. Анх гэрээ хийхэд цалингийн зээлтэй байсан бөгөөд байрны төлбөрийн үлдэгдлийг хийхэд цалингийн зээлээ бүрэн төлж дуусна гэж хэлээд гэрээ хийсэн юм. Цалингийн зээл өдийг хүртэл төлөгдөөгүй байгаа.

Орон сууц ашиглалтанд орох хугацааг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар гэрээнд тусгасан боловч коронагийн нөхцөл байдлаас болж заримдаа үйл ажиллагааг зогсоож байсан, хил хаагдаж барилгын материал хугацаа хоцорч ирсэн зэргээс шалтгаалж 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр дуусч, 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 1/08 тоот албан бичгээр барилга хүлээж авах комисс томилох албан бичгийг хүргүүлсэн боловч хүлээн авахгүй байсаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын комисс ажиллаж дууссан.

Захиалагч Б.*******г 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ипотекийн зээлийн материалаа бүрдүүлж банктай уулзах санал тавьсан ба ХААН банкинд 2 удаа хамт очиж эдийн засагчтай нь уулзахад зээл гарах боломжгүй захиалагч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа авч байгаа тул зээл гарахгүй гэсэн хариу өгсөн. ...Захиалагчид таны гэрээг цуцлахгүй бүх боломжит хувилбараар гэж үзлээ таны ипотекийн зээл гарахгүй байгаа тул гэрээгээ цуцалж та мөнгөө ав гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч мөнгөө авахгүй байраа авна гэж хэлээд мөнгөө аваагүй болно. Захиалагч Б.******* жирэмсний амралттай ажиллахгүй байгаа, нөхөр н. нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгаа тул зээл гарах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн гэрээний 5.2.1 дэх заалтаар төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тул гэрээг цуцлахаас өөр арга байхгүй болсон юм.

Гэрээний 4.2.1 дэх заалтаар Гүйцэтгэгч нь захиалагчаас орон сууцны үнийг 100 хувь төлөх хүртэл орон сууцны өмчлөгч байна, 4.2.2 Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу энэхүү гэрээний 2.3-т заасан төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилагаар цуцлах, 4.2.3 дах заалтаар Гэрээг цуцалсны дараа орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, барьцаалах, баталгаа гаргах зэрэг заалтуудыг хэрэгжүүлэн ажилласан болно. ...Захиалагчид боломж олгож өөрсдийнх нь санаачилж хүссэн болгоноор гэрээгээ өөрчилж, хугацаагаа сунгаж хүлээсэн гэж үзэж байна.

...Захиалагч нь байраа олгож өгөх талаар нэхэмжлэлд хүссэн байгаа нь байрны төлбөрөө бүрэн барагдуулаагүй, дараагийн төлбөрөө төлөх эх үүсвэр байхгүй байгаа, гэрээний заалтуудаа биелүүлээгүй, Иргэний хуулийн 346 дүгээр зүйлийн 346.1 дэх заалт /346.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө./ гэж огт хамааралгүй ажлын хөлс төлөх заалт үндэслэн нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Мөн гэрээний 4.1.1 дэх заалт нь 15 хоногоор хоцорсон энэ нь цар тахлын нөхцөл байдал, байгалийн нөхцөл байдал үүссэнээс шалтгаалсан гэж үзэж байна.

Гэрээгээ цуцлахгүй байх бүх боломжийг үзэж байж болох хугацаанд хүлээсэн боловч байрны төлбөр төлөх эх үүсвэр байхгүй байгаа зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээгээ цуцалсан болохыг мэдэгдэж байна. Урьдчилгаа болгож төлсөн мөнгийг буцааж өгөхөд бэлэн байна..... гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас *******ийн *******гийн нэр дээрх Монгол Улсын иргэний гадаад паспортны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэн ийн ын иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай ХХК болон Б.******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, *******ийн *******гийн нэр дээрх ХААН банк ХХК дахь 5862088092 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.*******гийн нэр дээрх Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа зэргийг,

Хариуцагч талаас ийн ын нэр дээрх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/08 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ББКД/05/2022 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

5. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр иргэн П.аас асууж авсан гэрчийн мэдүүлгийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч иноваци ХХК-д холбогдуулан гаргасан Ховд аймаг, ******* сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байрыг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иноваци ХХК-ийн захирал Б.тай Ховд аймаг, ******* сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байрыг нэгж талбайг 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 71,220,000 төгрөгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэрээний 4.1.1-д гүйцэтгэгч байгууллага 2021 оны 4-р улиралд багтааж байрыг ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэвч орон сууцыг ашиглалтад оруулсан гэх боловч улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Мөн уг байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан байна. Иймд гэрээний 4.1.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 346 дугаар зүйлд зааснаар орон сууцыг Б.******* надад олгуулж өгнө үү... гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Манай компанийн орон сууцнаас 2 өрөө 59.35 м.кв байрыг худалдан авахаар захиалга өгч, урьдчилгаа төлбөр 21,366,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гэрээнд зааснаар банкны зээлээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр гэрээлсэн. Захиалагч Б.*******тай хамт 2 удаа ХААН банкинд очиж уулзахад, зээл гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн түүний нөхөр П.тай гэрээг шинэчлэн байгуулсан боловч 1 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан тул мөн зээл гарах боломжгүй болсон. Захиалагчид гэрээг цуцлахгүй байх бүх боломжит хувилбараар үзлээ, зээл гарах боломжгүй байгаа тул гэрээг цуцалж, мөнгөө ав гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч мөнгөө авахгүй байраа авна гэж байгаа. Гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3-т зааснаар гэрээг цуцалсан. Гэрээг цуцлахгүй байх бүх боломжийг үзэж, байж болох хугацаанд хүлээсэн боловч байрны төлбөр төлөх эх үүсвэр байхгүй нөхцөл байдал үүсэн тул гэрээг цуцалсан болно. Урьдчилгаа мөнгийг буцааж төлөхөд бэлэн байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.******* болон иноваци ХХК-ийн захирал Б. нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах 13 дугаартай гэрээний эх хувь, нэхэмжлэгч Б.*******гийн 2021 оны 06 дугаар сарын 01-нээс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох ХААН банкны хувийн харилцах дансны хуулга, иноваци ХХК-ийн регистрийн болон 1611011129 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар батлуулсан хуулбар, П.ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж гэрээнд захиалагчийг төлөөлж Б.*******, гүйцэтгэгчийг төлөөлж иноваци ХХК-ийн захирал Б. нар гарын үсэг зурсан, 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад орох орон сууцнаас нэхэмжлэгч Б.******* 59.35 м2 талбайтай, 2 өрөө байр захиалж, нийт үнийн дүн 71,220,000 төгрөг төлөхөөр байх ба урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, харин үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тус тус тохиролцож, нэхэмжлэгч Б.******* 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хувийн харилцах данснаас байрны урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатай 19,220,000 төгрөгийг иноваци ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдож байна. Мөн тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б. болох нь иноваци ХХК-ийн регистрийн болон 1611011129 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс тайлбарлахдаа ...байрыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүйн улмаас зээл гараагүй. Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ юм.. гэж, хариуцагч талаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ...байрны үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, мөн банкны өндөр зээл авсан, ажлаа хурдан дуусгах зэргээс үүдэлтэй гэрээг цуцлах шалтгаан нөхцөл бий болсон, найдвартай зээл гарах боломжтой захиалагчийг сонгон ажиллахаас өөр арга байгаагүй... гэжээ.

5.1. Харин маргаан бүхий байр нь Ховд аймаг, ******* сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байр гэх талаар, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлөгдсөн, мөн үлдэгдэл төлбөр 49,854,000 төгрөг төлөгдөөгүй талаар талууд маргаагүй.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6.1. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч иноваци ХХК-ийн хооронд дээрх байдлаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Б.******* нь нийт 71,220,000 төгрөг төлөх ёстойгоос урьдчилгаа төлбөр 21,366,000 төгрөг төлж, үлдэгдэл 49,854,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байх учир нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч иноваци ХХК-иас Ховд аймаг, ******* сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байрыг гаргуулахыг шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

6.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой.

Зохигчийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.2-т ...үлдэгдэл 70 хувь буюу 49,854,000 төгрөгийг банкны зээлээр шийдүүлнэ., 2.3-т Захиалагч нь орон сууцны төлбөрийг дараах хуваарийн дагуу гүйцэтгэгч Б.ын ...дансанд тушаана гээд, хүснэгтийн хугацаа гэх хэсэгт 2021.12.31 гэж, 3.1.5-д Захиалагч нь орон сууцны төлбөр бүрэн төлж барагдуулсан тохиолдолд тухайн орон сууцанд амьдарч болно., 4.2.1-д Гүйцэтгэгч нь захиалагчаас орон сууцны үнийг 100 хувь төлөх хүртэл орон сууцны өмчлөгч байна., 4.2.2-т Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу энэхүү гэрээний 2.3-т заасан төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, 5.1.2-т Гэрээний нэг тал гэрээгээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш нөгөө талдаа ажлын 30 хоногт багтаан хариу өгөөгүй бол гэрээ дуусгавар болно гэж тус тус тусгагджээ.

Талуудын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, мөн гэрээнд зааснаас үзэхэд, захиалагч тал үлдэгдэл төлбөр буюу 49,854,000 төгрөгийг банкны зээлээр шийдүүлж, төлбөрөө барагдуулах ёстой боловч захиалагч Б.*******д ипотекийн зээл гарах боломжгүйн улмаас зээл шийдэгдээгүй бөгөөд захиалагч үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул хариуцагч талаас гэрээний 4.2.2-т зааснаар гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй юм.

Захиалагч Б.******* шүүх хуралдаанд ...2021 оны 12 сарын сүүлээр миний материалыг Б. судлуулаад жирэмсэн учраас ипотекийн зээлд та хамрагдах боломжгүй байна гэж хэлсэн... гэх тайлбарын дагуу гүйцэтгэгчээс гэрээг цуцлах эсэхийг мэдэгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, захиалагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлөх боломжгүй, гэрээний нөхцөл бүрэн биелэгдэх боломжгүй учир гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бүрдсэн байх бөгөөд гэрээний 4.2.1-д Гүйцэтгэгч нь захиалагчаас орон сууцны үнийг 100 хувь төлөх хүртэл орон сууцны өмчлөгч байна гэж зааснаар хариуцагч талаас уг орон сууцыг бусдад худалдах, нэхэмжлэгчид олгохгүй байгаа үйл баримтыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч талаас Б.******* надад зээл гарах боломжгүй болсон учир нөхөр П. дахин гэрээ байгуулсан гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, 2 дахь гэрээ буюу шинэчлэн байгуулсан гэрээний талаар талууд маргаагүй, мөн нэхэмжлэгчээс анх байгуулсан гэрээний хүрээнд маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэдгээ илэрхийлсэн учир шүүхээс П.тай холбоотой гэрээнд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд, дээрх үндэслэлээр буюу нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цаашид биелэгдэх боломжгүй, гүйцэтгэгч талаас гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгчийн хариуцагч иноваци ХХК-иас орон сууц гаргуулах нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7. Хавтаст хэрэгт хэрэгт авагдсан флаш төхөөрөмжид бичигдсэн дууны бичлэг нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдвал зохино.

8. Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

9. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Шүүх тус хүсэлтийг хэлэлцээд, шүүх хуралдааны мэтгэлцээнээс өмнө хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлт нь үндэслэлгүй, мөн нотлох баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч иноваци ХХК-иас Ховд аймаг, ******* сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН