Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 19

 

 

 

   2022          07           06                                    206/МА2022/00019

 

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2022/00315 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, *******, ******* баг , гудамжны 76 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо сум, баг тоотод түр оршин суух, овогт ийн *******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, сум, багт байрлах, ******* ******* ******* ******* /РД:/-д холбогдох,

 

“Орон сууц гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Миний бие нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн төлөөлөгч Б.*******тай Ховд аймгийн сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт орших Прогресс сургуулийн хажуу талд баригдах 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот 59,35 м.кв 2 өрөө байрыг нэгж талбайг 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 71,220,000 төгрөгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

1.2 Тус гэрээний 2.2-т зааснаар үнийн дүнгийн 30 хувь буюу 21,366,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70 хувь буюу 49,854,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр, гүйцэтгэгч байгууллага гэрээний 4.1.1-д зааснаар 2021 оны 4 дүгээр улиралд багтааж байрыг ашиглалтад оруулахаар гэрээнд тохиролцсон.

1.3 2022 оны 3 дугаар сарын эхээр ******* ******* ******* *******-ийн захирал Б.*******тай уулзахад танай байрыг өөр хүнд худалдсан, та нарын ипотекийн зээл бүтэхгүй байгаа шүү дээ гэж хэлсэн. ******* ******* ******* ******* орон сууц захиалах гэрээний 4.1.1-д заасан заалт, иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар гүйцэтгэгч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох байрыг захиалагчид хүлээлгэн өгснөөр /түүний өмчлөлд шилжүүлснээр/ тухайн байрны хөлс авах эрх гүйцэтгэгчид үүсэхээр заасан байхад орон сууц захиалагчийн байрыг бусдад худалдсан гэж захиалагчид байрыг хүлээлгэж өгөхгүй хохироож байгаа тул 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот 59,35 м.кв 2 өрөө байрыг надад олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1 Манай байгууллагын барьж байгаа орон сууцнаас 2 өрөө 59,35 м.кв байрыг худалдан авахаар захиалга өгч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ хийж байрны урьдчилгаа төлбөр 21,366,000,00 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан болно. Гэрээнд зааснаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөрөө төлөхөөр байгаа. Анх гэрээ хийхэд цалингийн зээлтэй байсан бөгөөд байрны төлбөрийн үлдэгдлийг хийхэд цалингийн зээлээ бүрэн төлж дуусна гэж хэлээд гэрээ хийсэн юм. Цалингийн зээл өдийг хүртэл төлөгдөөгүй байгаа.

2.2 Орон сууц ашиглалтанд орох хугацааг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар гэрээнд тусгасан боловч коронагийн нөхцөл байдлаас болж заримдаа үйл ажиллагааг зогсоож байсан, хил хаагдаж барилгын материал хугацаа хоцорч ирсэн зэргээс шалтгаалж 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр дуусч, 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 1/08 тоот албан бичгээр барилга хүлээж авах комисс томилох албан бичгийг хүргүүлсэн боловч хүлээн авахгүй байсаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын комисс ажиллаж дууссан.

2.3 Захиалагч Б.*******г 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ипотекийн зээлийн материалаа бүрдүүлж банктай уулзах санал тавьсан ба ХААН банкинд 2 удаа хамт очиж эдийн засагчтай нь уулзахад зээл гарах боломжгүй захиалагч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа авч байгаа тул зээл гарахгүй гэсэн хариу өгсөн.

 2.4 Захиалагчид таны гэрээг цуцлахгүй бүх боломжит хувилбараар гэж үзлээ таны ипотекийн зээл гарахгүй байгаа тул гэрээгээ цуцалж та мөнгөө ав гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч мөнгөө авахгүй байраа авна гэж хэлээд мөнгөө аваагүй болно. Захиалагч Б.******* жирэмсний амралттай ажиллахгүй байгаа, нөхөр н.Батбаяр нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгаа тул зээл гарах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн гэрээний 5.2.1 дэх заалтаар төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тул гэрээг цуцлахаас өөр арга байхгүй болсон юм.

2.5 Гэрээний 4.2.1 дэх заалтаар Гүйцэтгэгч нь захиалагчаас орон сууцны үнийг 100 хувь төлөх хүртэл орон сууцны өмчлөгч байна, 4.2.2 Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу энэхүү гэрээний 2.3-т заасан төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар цуцлах, 4.2.3 дах заалтаар Гэрээг цуцалсны дараа орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, барьцаалах, баталгаа гаргах зэрэг заалтуудыг хэрэгжүүлэн ажилласан болно. ...Захиалагчид боломж олгож өөрсдийнх нь санаачилж хүссэн болгоноор гэрээгээ өөрчилж, хугацаагаа сунгаж хүлээсэн гэж үзэж байна.

2.6 Захиалагч нь байраа олгож өгөх талаар нэхэмжлэлд хүссэн байгаа нь байрны төлбөрөө бүрэн барагдуулаагүй, дараагийн төлбөрөө төлөх эх үүсвэр байхгүй байгаа, гэрээний заалтуудаа биелүүлээгүй, Иргэний хуулийн 346 дүгээр зүйлийн 346.1 дэх заалт /346.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө./ гэж огт хамааралгүй ажлын хөлс төлөх заалт үндэслэн нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Мөн гэрээний 4.1.1 дэх заалт нь 15 хоногоор хоцорсон энэ нь цар тахлын нөхцөл байдал, байгалийн нөхцөл байдал үүссэнээс шалтгаалсан гэж үзэж байна.

Гэрээгээ цуцлахгүй байх бүх боломжийг үзэж байж болох хугацаанд хүлээсэн боловч байрны төлбөр төлөх эх үүсвэр байхгүй байгаа зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээгээ цуцалсан болохыг мэдэгдэж байна. Урьдчилгаа болгож төлсөн мөнгийг буцааж өгөхөд бэлэн байна гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2022/00315 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч ******* ******* ******* *******-иас Ховд аймаг, сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга:

 

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хариуцагчийн төлөөлөгч Б.*******ын гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

 

4.2 Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ******* ******* ******* хоёрын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нэхэмжлэгч урьдчилгаа болгон 21,336,000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хариуцагч Б.******* нь өөр хүнд байрыг худалдсан байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар   гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгчийн хариуцагч “******* ******* *******” *******-д холбогдуулан гаргасан “Ховд аймаг, сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байрыг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7.Нэхэмжлэгч Б.******* нь “2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “******* ******* *******” *******-ийн захирал Б.*******тай Ховд аймаг, сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 24 айлын орон сууцны 2 давхрын 13 тоот, 59.35 м.кв талбайтай, 2 өрөө байрыг нэгж талбайг 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 71,220,000 төгрөгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан гэрээний 4.1.1-д гүйцэтгэгч байгууллага 2021 оны 4-р улиралд багтааж байрыг ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Гэвч орон сууцыг ашиглалтад оруулсан гэх боловч улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Мөн уг байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан байна. Иймд гэрээний 4.1.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 346 дугаар зүйлд зааснаар орон сууцыг Б.******* надад олгуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

8. Хариуцагч нь “ Б.******* манай байгууллагын  барьж байгаа орон сууцнаас 2 өрөө 59.35 м.кв байрыг худалдан авахаар захиалга өгч, урьдчилгаа төлбөр 21,366,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гэрээнд зааснаар банкны зээлээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр гэрээлсэн болно. Захиалагч Б.*******тай хамт 2 удаа ХААН банкинд очиж уулзахад, зээл гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн түүний нөхөр П.Батбаяртай гэрээг шинэчлэн байгуулсан боловч 1 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан тул мөн зээл гарах боломжгүй болсон. Захиалагчид гэрээг цуцлахгүй байх бүх боломжит хувилбараар үзлээ, зээл гарах боломжгүй байгаа тул гэрээг цуцалж, мөнгөө ав гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч мөнгөө авахгүй байраа авна гэж байгаа. Гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3-т зааснаар гэрээг цуцалсан. Гэрээг цуцлахгүй байх бүх боломжийг үзэж, байж болох боломжит хугацаанд хүлээсэн боловч байрны төлбөр төлөх эх үүсвэр байхгүй нөхцөл байдал үүсэн тул гэрээг цуцалсан болно. Урьдчилгаа мөнгийг буцааж төлөхөд бэлэн байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

9. Хэргийн 9 дүгээр талд авагдсан “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр   худалдан авагч Б.******* нь худалдагч “******* ******* *******” *******-иас 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох  орон сууцнаас 59.35 м2 талбайтай, 2 өрөө байр захиалж, нийт үнийн дүн 71,220,000 төгрөг, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, харин үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тус тус харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.******* 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хувийн харилцах данснаас байрны урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатай 19,220,000 төгрөгийг “******* ******* *******” *******-д шилжүүлсэн  үйл баримт тогтоогдсон байна.

 

10. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Захиалагч нь орон сууцны төлбөр бүрэн төлж барагдуулсан тохиолдолд тухайн орон сууцанд амьдарч болно.”, 4.2.1-д “Гүйцэтгэгч нь захиалагчаас орон сууцны үнийг 100 хувь төлөх хүртэл орон сууцны өмчлөгч байна.”, 4.2.2-т “Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу энэхүү гэрээний 2.3-т заасан төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах”, 5.1.2-т “Гэрээний нэг тал гэрээгээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш нөгөө талдаа ажлын 30 хоногт багтаан хариу өгөөгүй бол гэрээ дуусгавар болно” гэж тус тус тусгажээ.

 

11. Талуудын тайлбараас үзвэл, худалдагч нь худалдан авагчид дээрх гэрээгээр тохиролцсон орон сууцыг худалдаж авах бүх боломжит нөхцөл байдлуудыг судалж, боломж олгосон боловч худалдан авагч Б.******* болон түүний нөхөр П.Батбаярт банкнаас зээл олгогдоогүйн улмаас худалдан авагч тал гэрээгээр тохирсон орон сууцны үлдэгдэл үнийг хугацаандаа төлөөгүй, энэхүү нөхцөл нь гэрээний 4.2.2-т зааснаар  гэрээг нэг талын буюу худалдагч талын санаачилгаар цуцлах бодит үндэслэл болсон байна.

 

12.Худалдан авагч тал нь  гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөх боломжгүй, гэрээний нөхцөл бүрэн биелэгдээгүй учир гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бүрдсэн байх бөгөөд гэрээний 4.2.1 дэх хэсэгт  “Гүйцэтгэгч нь захиалагчаас орон сууцны үнийг 100 хувь төлөх хүртэл орон сууцны өмчлөгч байна” гэж зааснаар хариуцагч талаас уг орон сууцыг бусдад худалдаж,  түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан  үйл баримтыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

13. Нэхэмжлэгч нь талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхгүй хэт нэг талыг барьж хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хариуцагч байрыг өөр хүнд худалдсан гэх агуулга бүхий давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

14. Хэргийн оролцогч талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  шүүхэд гаргаж өгсөн  нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

 

15. Түүнчлэн нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд “...Та жирэмсний амралтаа авч байгаа, байр тань ашиглалтанд орж ордер гаргаагүй учраас одоо шийдэгдэх боломжгүй ...2021 оны 12 сарын сүүлээр миний материалыг Б.******* судлуулаад жирэмсэн учраас ипотекийн зээлд та хамрагдах боломжгүй байна гэж хэлсэн...” гэх тайлбараас үзвэл түүнд гэрээг цуцлах эсэхийг хариуцагч тал мэдэгдсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2022/00315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

 

                              ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           С.ӨМИРБЕК

                                                                   

                               ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Н.ТУЯА