Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/01518

 

 

 

 

 

                                         2022           05            05

                 184/ШШ2022/01518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, “Х” ХХК /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ..  дүгээр хороо, ... дүгээр гудамж, ... тоот хаягт бүртгэлтэй, эрэгтэй, А овогт Э-ны Х /регистрийн дугаар:....3/-т холбогдох

 

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 12,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.А, гэрч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Э.Х-т холбогдуулан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж 12.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Э.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тухайн өдрөө “Х” ХХК-ийн захирлын ... дугаартай тушаалаар авто засварчнаар ажилд орсон. Э.Х нь тус компанийн автокэйр сүлжээ сервист авто засварчнаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн ..-... УББ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины тосыг сольж байхдаа цаасан маслын шүүрнийхээ тогтоогч гол төмрийг унагасныг анзаарахгүй боосноос машин асахад маслын шүүр лүү нь өндөр даралт өгөөд цаасан маслын шүүр нь мушгирч масло нь эргэх боломжгүй болоод үйлчлүүлэгчийн мотор нь эвдэрч ашиглах боломжгүй болсон тул мотор худалдан авч сольж өгөхөөс өөр аргагүй болсон. Улмаар ажилтан Э.Х-н буруугаас үйлчлүүлэгчийн автомашинд учирсан хохирлыг арилгахаар “Х” ХХК нь иргэн Г.Х гэх хүнээс 14,000,000 төгрөгөөр мотор худалдан авч, бусад сэлбэг хэрэгслийг байгууллагаас гаргаж, хоёр хүнд 3,000,000 төгрөгийн хөлс төлж засварлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай компани Э.Х-тай хохирол барагдуулах тухай баримт үйлдэж 14,500,000 төгрөгийн хохирлыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 29 сарын хугацаатай сар бүр 500,000 төгрөг төлж байхаар тохиролцсон, хохирол барагдуулах хугацаанд Э.Х өөрийн нэр дээрх автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ш.Е-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Төлбөр төлөлтийн 5 дахь сараас эхлэн цалингийн зээл авах эрх үүсэх боломжтой болсон тохиолдолд цалингийн зээлээр барагдуулж болно гэсэн баримт үйлдсэн. Гэвч Э.Х нь тохиролцсон ёсоор өөрийн нэр дээрх автомашинаа захирал Ш.Е-ийн нэр дээр шилжүүлээгүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 2,400,000 төгрөг цалингаасаа суутгуулаад 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс нь ажлаа хаяаад алга болсон. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг төлөөд үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Э.Х нь хөдөлмөрийн гэрээ байгуулан “Х” ХХК-д ажиллаж байхдаа ажлын алдаа дутагдал гаргаж байгууллагадаа 12,050,000 төгрөгийг хохирол учруулсан.” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ: “Э.Х нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр н.Б гэдэг хүний моторын тосыг сольсон. Анх моторын тосыг сольж байхдаа голын төмөр байхгүй байна гэж н.Б гэх хүнд хэлсэн. Үүнээс хойш н.Б гэдэг хүн хөдөөгөөр явж байгаад 3 хоногийн дараа миний машин эвдэрчихлээ гэж хэлсэн. Эвдрэл гэмтэл гарсныг н.Б нь өөрийн найз болох Н.Б-д хэлсэн. Тухайн үед машинд ямар учраас эвдрэл гарсныг Э.Х-т огт хэлээгүй. Хариуцагчид өнөөдрийн байдлаар буруугүй гэдэг нотлох баримт байхгүй. Мөн Э.Х-ыг байхгүй байхад өөр сервис дээр очиж машинаа засуулсан. Чиний буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэж хэлээгүй, мөн ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байж Э.Х-ыг чи төл гэж хэлсэн. Тийм учраас ямар ч эрх зүйн мэдлэггүй хүн сандарсандаа миний буруу юм байх даа гэж бодоод гарын үсэг зурчихсан. Ахлах Н.Б, үйлчлүүлэгч н.Б, мотор зарсан Г.Х гэх хүмүүс хоорондоо танилууд гэдэг. Эдгээр хүмүүс хоорондоо ярилцаж байгаад нэгнийхээ машиныг зассан асуудал болохоос биш Э.Х-ын буруутай үйл ажиллагаанаас болж, Э.Х энэ төлбөрийг төлөх ёстойг баталсан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Х” ХХК болон Э.Х нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, Авто засварчны ажлын байрны тодорхойлолт, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаал, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “Хохирол барагдуулах  тухай” баримт, тооцооны хавсралт, С.Д-д олгосон нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл, Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Ш.Е-ийн Хаан банк дахь .... дугаартай дансны хуулга, “Х” ХХК-ийн 2019 оны 04, 05, 06 сарын цалингийн суутгал “Өр” дансны тооцоо гэх баримт, “Х” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хариу тайлбар.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: гэрч Н.Б, Э.Т нараас мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч Э.Х-т холбогдуулан, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж 12.050.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Засварчин Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлчлүүлэгч н.Б-ын өмчлөлийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины хөдөлгүүрийн тосыг солих ажлыг хийж гүйцэтгэсэн. Тосны шүүрийг солихдоо тогтоогч гол төмрийг орхигдуулснаас үйлчлүүлэгч н.Б-ын автомашины хөдөлгүүр эвдэрч /мотор цохих/ түүнийг солиход байгууллагаас 14.500.000 төгрөгийн зардал гаргасан. Энэ зардлыг ажил үүрэгтээ хайнга хандсан засварчин Э.Х хариуцах ёстой.” гэж үзсэн.

Хариуцагч Э.Х ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа дутагдал гаргаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “Үйлчлүүлэгч н.Б-ын автомашины хөдөлгүүрийн тосны шүүрийг бүрэн гүйцэд угсарсан, тогтоогч гол төмрийг орхигдуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй, ажил олгогчийн тулган шаардалтаар хохирлын зарим хэсгийг барагдуулж байсан” гэж тодорхойлсон. 

2. Хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанид авто засварчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/

Хариуцагч Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлчлүүлэгч н.Б-ын өмчлөлийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины хөдөлгүүрийн тос, шүүрийг сольсон талаар мөн маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хэргийн оролцогч нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй, зөвшөөрсөн бол уг үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

3. Хариуцагч Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлчлүүлэгч Б-ын өмчлөлийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины хөдөлгүүрийн тос, шүүрийг солихдоо алдаа гаргасан эсэх, түүний улмаас хөдөлгүүр гэмтсэн эсэх, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг барагдуулахад байгууллагаас хэдэн төгрөгийн зардал гарсан эсэх, уг зардлыг байгууллага шаардах эрхтэй эсэх, зардлыг ажилтан бүрэн хэмжээгээр хариуцах үндэслэлтэй эсэхийг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

4. Хариуцагч Э.Х 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б-ын өмчлөлийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины хөдөлгүүрийн тос, шүүрийг солихдоо тогтоогч гол төмрийг орхигдуулснаас автомашины хөдөлгүүрийн доод эд анги эвдэрсэн болох нь дор дурдсан баримтаар тогтоогдож байна.

Үүнд: гэрч Н.Б-ын: “...манай найз н.Б манайд ирж надаар машиныхаа тосыг солиулах үйлчилгээ авахаар ирсэн. Миний бие өөрөө завгүй байсан учраас Э.Х-аар хөдөлгүүрийн тосыг солиулж, 2 машины дунд ажиллаж байсан. Хөдөлгүүрийн тосны шүүрийг солих үед голыг хийлгүй мартаж, улмаар шөнө 12 цагийн үед манай найз над руу хэлсэн ... маргааш машинаа авч ирэх үед шалгаж үзэхэд хөдөлгүүрийн тосны шүүрийн гол байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Т-ийн: “...хөдөлгүүр эвдэрсэн шалтгаан нь тосны шүүр тогтоогч трубаг хийгээгүй байсан. Манай инженер Н.Б гэх хүн орой нь эвдэрчихсэн гэж байсан. Маргааш өглөө нь машиныг авчраад Их засаг дээр очиж задалсан. Задлаад оношилтол яах аргагүй хөдөлгүүрийг солихоос өөр аргагүй байсан... хоёр зуугийн саван доторх хогоо үзтэл хуучин труба дотор нь байсан, мөн шүүр нь байсан. Түүнийг нь хийх ёстой байснаас хийгээгүй тул мотор эвдэрсэн ...” гэх мэдүүлэг,

хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, түүнийг барагдуулахаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүсэл зоригоо илэрхийлсэн Э.Х-ын гарын үсэг бүхий бичмэл баримт зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

5. Гэрч, Э.Т болон Н.Б нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан Э.Х-ын гарын үсэг бүхий бичмэл нотлох баримтаар давхар тогтоогдож байна. Хариуцагч тал уг бичмэл баримтыг үйлдэхдээ эрх зүйн ач холбогдлыг ойлгоогүй, төөрөгдөж гарын үсэг зурсан, тулган шаардаж гарын үсэг зуруулсан гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй байдаг.

Түүнчлэн, хариуцагч Э.Хэрлэнбаяр нь дээрх бичмэл баримтад гарын үсэг зурахдаа төөрөгдсөн, ойлгоогүй, тулган шаардсан гэх боловч тэрээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг зэргээр нийт 2.450.000 төгрөгийг нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК-д төлж барагдуулжээ. Энэ нь бичмэл баримтад гарын үсэг зурах үедээ төөрөгдсөн, эрх зүйн ач холбогдлыг ойлгоогүй, тулган шаардсан гэх хариуцагчийн тайлбарыг няцааж байна.  

6. Хариуцагч Э.Х-ын хайхрамжгүй үйлдлийн улмаас түүний ажил олгогч болох “Х” ХХК-д 14.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь гэрч Э.Т-ийн: “...хөдөлгүүр солиход 19 сая төгрөг болж байсан. Тэгэхэд Э.Х ч өөрөө 6 буудалд очиж үзсэн.  Эвдэрсэн моторын доод эд ангийг нь солих байсан. Оронд нь дээд эд ангийг нь задлахгүйгээр хийчихье гэж ярьж байсан. Тэгээд хуучин моторыг 5 саяд тооцон 14 сая төгрөгөөр ямар ч асуудалгүй мотор авах болсон” гэх мэдүүлэг,  хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг” баримт, уг баримтад бичигдсэн: “...2008 оныг 2013 мотороор сольсон мөнгө...” гэх гараар бичсэн бичвэр, Э.Х-ын гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бичмэл баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Х” ХХК нь хөдөлгүүрийг солих ажлын хөлс 3.000.000 төгрөг болсон талаар тайлбарлаж, улмаар уг хөлснөөс нийт 500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар шүүхэд мэдүүлсэн. Харин хөдөлгүүрийг солих ажлын хөлс 500.000 төгрөг болсон болох нь Э.Х-ын гарын үсэг бүхий 14.500.000 төгрөгийн хохирол барагдуулах тухай бичмэл баримтаар тогтоогдож байна. Иймд Э.Х-ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-д нийт 14.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Дээрх хохирол нь  байгууллагад учирсан бодит хохирол тул энэ хэмжээгээр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасантай нийцэж байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т зааснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан, хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр талууд тусгайлан тохирсон бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй талаар заажээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Э.Х нар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахдаа уг гэрээний Наймдугаар зүйл, 8.3.2-т ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол ажилтан хариуцлага хүлээхээр харилцан тохиролцсон байна. Хууль болон гэрээнд заасан энэ үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Э.Х-аас байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. /нэхэмжлэгч “Х” ХХК анх 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан/

8. Ажил олгогч дээрх хохирлыг бүхэлд нь хариуцагч Э.Х-аас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбоотой гэрээний нэг тусгай төрөлд хамаарна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэлд заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулах боломжтой.

Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэлд хамаарах 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж болох талаар заажээ.

Хариуцагч Э.Х нь: “... ахлах механик Н.Б-ын сайн найз н.Б нь өдөр ирээд ажил ихтэй байхад хүлээж байгаад орой ээлж буухаар надаар солиулсан... ” гэх тайлбарыг, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд: “...хөдөлгүүрийн тосыг орой солиулсан...” гэх тайлбарыг тус тус гаргасан. Мөн гэрч Н.Б: “...миний бие өөрөө завгүй байсан учраас Э.Х-т хэлж, хөдөлгүүрийн тосыг солиулж 2 машины дунд ажиллаж байсан...” гэх мэдүүлгийг  өгсөн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн дээрх тайлбарыг няцаагаагүй, дэмжсэн ба энэ тайлбар нь гэрч Н.Б-ын мэдүүлгээр давхар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон “Х” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д зааснаас тус тус үзвэл, ажилтан Э.Х нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, 09.00 цагаас эхэлж 18.00 цагт ажил хөдөлмөр эрхлэхээр заажээ.

Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн цагийн хуваарийг зөрчиж орой ээлж буусны дараа ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, мөн анхаарал болгоомж шаардсан ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ ажлын ачааллыг зохих байдлаар тооцоогүй гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд учирсан хохирлын тал хувийг ажил олгогчид хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

9. Хариуцагч Э.Х нь учирсан хохирлоос 2.450.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Иймд тэрээр дээрх үндэслэлээр “Х” ХХК-д учирсан 14.500.000 төгрөгийн тал хувь болох 7.250.000 төгрөгийг хариуцах үүрэгтэй байна. Хариуцагч Э.Х нь 7.250.000 төгрөгөөс 2.450.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх хэсэг болох 4.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 207.750 төгрөгийг төлсөн нь зөв байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжийг талуудад нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцуулдаг тул хариуцагчаас 4.800.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 91.750 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т заасныг тус тус баримтлан Э.Х-аас 4.800.000 төгрөгийг гаргуулан “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7.250.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х-аас 91.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР