Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00196

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00488 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 881 дүгээр магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох  

Хохиролд 12,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Зохигчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* ХХК нь *******т холбогдуулан хохиролд 12,050,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00488 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 12,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207,750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 881 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 4,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 87,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалын хянавал хэсэгт ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд ажил олгогч нь ажилтны хийж гүйцэтгэж буй ажлын үр дүнг шалгах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Энэ нь үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсанд нөлөөлсөн байх тул 14,000,000 төгрөгийг ажил олгогч, ажилтан нар хамтран хариуцах нь хэргийн үйл баримтад нийцэх бөгөөд талуудад ногдох хэсгийг тус бүр 7,000,000 төгрөг гэж тооцно. Үүнээс хариуцагч ******* нь хохирол барагдуулах баримтын дагуу 2,450,000 төгрөгийг төлсөн тул дээрх үнийн дүнгээс хасч үлдэх 4,550,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ямар үндэслэлээр ажил олгогч Үйлдвэрлэл урлалын сургуульд 2 жил суралцаж 2010 онд төгсч Автозасварчин II мэргэжлийн диплом авсан, ******* ХХК-д сүүлд ажилд орохоос өмнө нь тус компанид орж гарч хэдэн жил ажилласан, сургууль төгссөнөөс хойш нийт 8 жилийн ажлын туршлагатай *******ын ажилд хяналт тавих ёстой юм бэ, ******* нь ажлын хариуцлага алдаж, үйлчлүүлэгчийн автомашинд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, ажил олгогчоос үйлчлүүлэгчид төлж барагдуулсан хохирлыг төлөхөө илэрхийлж баримт үйлдэж, 2,450,000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан юм. *******ын хувьд өмнө ажиллаж байхдаа 2 удаа ажлаа хаяж явсан, буцаж орсон ба сүүлд ажиллаж байгаад мөн 2019 оны 07 сарын эхээр ажлаа хаяад алга болсон юм.Тухайн ажлыг олон жил хийсэн ажлын туршлагатай, хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолттой танилцаж би чадна гэж гарын үсэг зурсан хүний хариуцлагад ажил олгогч итгэхээс биш тусад нь давхар хяналт тавих хүн нэмж цалинжуулж ажиллуулах шаардлагагүй юм. Автомашины тос солих бол Автозасварчин II зэрэгтэй, туршлагатай хүний хувьд маш хялбар ажил юм. Үүнийг ******* нь өөрөө хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч, хохирол барагдуулж байснаар бүрэн нотолно. Тиймээс давж заалдах шатны шүүх нь хохирлыг ажилтан, ажил олгогч хоёр хуваан хариуцна гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад үндэслээгүй буюу ажил олгогч ажилтан нарын тохиролцоо түүний хэрэгжсэн байдалд хөндлөнгөөс оролцож дүгнэлт хийснээр диспозитив зарчмыг зөрчсөн байна. Үүндээ хууль зүйн үндэслэлтэй тайлбар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1. 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 4,550,000 төгрөг гаргуулан гэснийг "12,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.  

5. Хариуцагчийн өмгөөлөгч О.Аззаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын үндэслэлд хэрэгт авагдсан 2019.12.04-ний өдрийн *******, нэхэмжлэгч байгууллагын ерөнхий захирал Ш.Есөн-Эрдэнэ нарын үйлдсэн хохирол барагдуулах тухай баримтад дурдсан хохирлыг хариуцагч төлөх талаар хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлгүй. ******* нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэжээ. Гэтэл 2019.12.04-ний өдрийн *******, нэхэмжлэгч байгууллагын ерөнхий захирал Ш.Есөн-Эрдэнэ нарын үйлдсэн хохирол барагдуулах тухай баримтад хэзээ, хэний үйлдлийн улмаас хэнд ямар хохирол учирсан, гэм хор учрах болсон шалтгаан, гэм хор нь ажилтны ямар буруутай үйлдлийн улмаас болсон зэрэг асуудлыг огт тусгаагүй, өөрөөр хэлбэл болсон үйл баримтыг огт тусгаагүй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Энэхүү хохирлын баримт гэх бичигт хариуцагч ******* нь аргагүйн эрхэнд цалингаа авахын тулд гарын үсэг зурсан, төлбөрийг цалингаас шууд суутгаж авдаг талаар тайлбарладаг бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. Мөн давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлдээ ...гэрч Н.Батболд, Э.Төр нарын мэдүүлгээр үйлчлүүлэгчийн машины мотор цохисон болон хариуцагч уг засвар үйлчилгээг хийсэн үйл баримт тогтоогджээ гэж дүгнэжээ. Энэ нь гэм хорыг хэн учруулсан бэ гэдгийг нотлох баримт биш. Хариуцагч нь үйчлүүлэгчийн машинд үйлчилгээ хийснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү хэний буруутай үйл ажиллагааны улмаас машины мотор цохисон бэ гэх асуудлыг тогтоогоогүй байж үйлчилгээ үзүүлснээр нь *******ыг шууд буруутгаж байгаад маргадаг. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *******т та үйлчилгээ үзүүлэхдээ ийм алдаа гаргаж, ийм буруутай үйл ажиллагаа явуулсны улмаас манай компаниар үйлчилгээ хийлгэсэн энэ машины ийм эд анги нь эвдэрч гэмтсэн, энэ нь ийм байдлаар тогтоогдож байна гэх зэрэг мэдээллийг огт өгөөгүйгээр барахгүй хариуцагчаас тухайн үед яаж ажилласан, таны буруутай үйл ажиллагаа байна уу, энэ үйлчлүүлэгч үнэн зөв ярьж байна уу гэх мэт зүйлийг огт асууж тодруулаагүй, өөрөөр хэлбэл ажилтны эрх ашгийг хамгаалах үүргээ огт биелүүлээгүй.

Мөн магадлалд ******* ХХК нь иргэн Г.Хишигнямд моторын төлбөрт 14,000,000 төгрөгийг шилжүүлж, тухайн эд зүйлийг худалдан авсны улмаас үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулсан нь нотлогдож байна гэжээ. Гэтэл энэхүү баримт нь ******* ХХК-аас төлсөн бус Ш.Есөн-Эрдэнэ гэж иргэнээс төлсөн моторын үнэ гэх баримт байхад үүнийг давж заалдах шатны шүүхээс ******* ХХК нь ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн гэж үнэлж дүгнэсэн нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Хэргийн материалаас үзэхэд ******* ХХК нь өөрийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учирсан хохирлыг арилгасан баримт байхгүй байна. Иймд хариуцагч ******* хариуцлага хүлээх үндэслэлгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

7. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн /ажилтны/ буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үйлчлүүлэгчийн 19-70 УББ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашины мотор цохисон, моторыг солиход гарсан зардлыг төлүүлнэ... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч ******* ...миний буруугаас болсон нь тогтоогдоогүй байхад шууд тулгаж цалингаас 2,400,000 төгрөг суутгасан тул зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцжээ. 

Зохигч нэхэмжлэлд дурдсан 19-70 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ үзүүлсэн, мотор сольсон талаар маргаагүй бөгөөд байгууллагад учирсан хохирлыг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

9. Хэрэгт авагдсан хариуцагч *******, ******* ХХК-ийн ерөнхий захирал Ш.Есөн-Эрдэнэ нарын үйлдсэн Хохирол барагдуулах тухай баримтад 14,500,000 төгрөгийн хохирлыг 2018.12.05-ны өдрөөс эхлэн 29 сарын хугацаатай сар бүр 500,000 төгрөгийг Хаан банкны 5027543893 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  

Хэдийгээр Хохирол барагдуулах тухай баримтад зохигч хэн аль нь гарын үсгээ зурж баталгаажуулсан хэдий ч ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, уг хохирлыг ажилтнаар төлүүлэх тохиолдолд учирсан хохирлын хэмжээ, бодитоор зайлшгүй тогтоогддог учиртай. 

10. Хоёр шатны шүүх ******* ХХК-аас үйлчлүүлэгч Г.Хишигнямын Тоёота Ланд круйзер 200 маркийн 19-70 УББ улсын дугаартай автомашины моторыг бүрэн сольсон эсэх, моторын бүрдэл эд ангийг дахин ашиглах, худалдан борлуулах боломжтой эсэх, тэдгээрийн үнэ хохирлоос хасагдах боломжтой талаар талуудыг мэтгэлцүүлээгүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.  

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж нэхэмжлэлд дурдсан хохирлын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00488 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 881 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлсөн 134,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 87,750 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД              Г.БАНЗРАГЧ 

                                                                               П.ЗОЛЗАЯА 

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Д.ЦОЛМОН